Дайчин вангийн Дандар Агримба

Дандар агримба – Магад гарах сэтгэлийн магтаал

“Энэ хорвоо бол зовлонгийн үндсээр бүтсэн юм. Түүнээс гарах арга нь орчлонгийн мөн чанарыг танихыг эрмэлзсэн магад гарахын сэтгэл болой” Дандар агримба
Магад гарах сэтгэлийн (Эйнжүнгийн) магтаал.
Алимад нэгнийг сэтгэлдээ бясалгаснаар орчлонгийн шуналын шижмийг таслаад нирвааний үүдийг нээгч, орчлонгоос магад гарахын сэтгэлд мөргөе. Бурхны шашны дээд доод хөлгөнөөр зорчигчдын орох орц, зорчих ганц зам магад гарахад нирвааныг хүсэгчид шамдваас зохино. Энэ насны үзэгдэл, шуналын эрхээр бологчид мөргөл тахил, өглөг тэргүүтэн юу үйлдэвч өтөл өчүүхэн орчлонд хүлэгдэх болно. Хурьцал шуналын үйл нь гилбилгээн бүжиг мэт. Гэнэт хувирдаг жам ёсыг мэдээд анхнаас нь буцаахын оюун төрвөөс энэ хойтын сайн үйлийг бүтээх болно. Тиймээс нирваанийг хүсэгч оюутан увидас алин нь гүнзгий гэгдэх аахар шаахар бүхнийг цааш тавиад магад гарахын сэтгэлийг эрэх нь чухал. Магад гарахын сэтгэлээр эзлэгдвээс буян юуг үйлдсэн ч нирвааны угт эрхгүй одох тул хэрэг тус үгүй үе хаанаас байх вэ ? Шуналыг буцаахыг эс санаваас орчлонгийн баялагт дурлах бөгөөд хэн нэгэн хүн юунд дурлана, түүнийгээ олохыг чармайдаг нь жам юм. Тиймээс аж төрөл, амь зуулга, арилжаа зэргээс авшиг хүртэх, ном номлохыг хүртэл башир хуурмаг, хүсэл тачаал, уур, элдэв ёсоор хилэнцтэй холбон үйлдсэнээр амгаланг эс бүтээнэ. Хилэнцээс зовлон төрөхийн учир муу заяанд хүргэнэ. Хилэнц нь сэтгэл лүгээ зохилдож төрөл төрөлдөө гардаг учир орчлонгийн эргүүлэгт тасралтгүй эргэнэ. Шуналыг буцааж магад гарахыг бясалган үйлдвээс зовлонг амгаланд барин амирлуулж орчлонгийн амгаланд сэтгэлийг буцааваас юунд ч үл тачаах амгалан төрдөг. Магад гарахын сэтгэлгүй бол орчлонгийн хотол их чуулганыг чухалчилдаг муу оюунт нисваанис үнэхээр дэлгэрч муу гэм бүхэн арвижих болно. Жаргал, зовлон, хоол хувцасны тухай бусдыг элэглэх, үл элэглэх хийгээд эс хайхран их бага болох зэрэг горил сэжиг бүхэн угаасаа буцах учиртай. Өглөг өгөх, мөргөл тахил, бясалгал хийгээд ном номлох хэлэлцэхийг үйлдээд үүний дараа өргөл хүндлэл, алдар нэр ирнэ гэх тэргүүт муу оюун бүгд аяндаа буцна. Орчлонгийн шуналын эрхэнд орвоос орчлонг гэмтэйд үл үзэх тул зүрхнээсээ дээдийн ном үйлдэх цаг хэзээ ч түүнд олдохгүй. Зовлонд нэрвэгдсэн амьтанд нигүүлсэхүй өчүүхэн. Түүгээр татагдсан бодь сэтгэл үг төдий одно. Эрдэм чадал бүхэн нь нэрийн төдий болно. Тэнгэрийн орны хотол чуулган ч үл барагдах тамын гал лугаа адил гэж үзээд сэтгэл гансарсан мэргэн хүнд эрдэм бүхэн гарын үзүүрт ирнэ. Эрдэм бүхний суурь болсон авралыг одуулах баттай төрөвч муу заяа ба сайн төрлийн гэмэнд сэтгэл гарах нь баттай хойноос дагана. Магад гарахаар эзлэгдвээс тэнгэрийн цог учрал, зуун тансаг амтат идээ, буман лан алтны хувцсыг эдлэвч өөр бусдын чуулганыг төгсгөхийн арга болдог. Хүслийг нэн их арвижуулан үйлдэгч, орчлонгийн баялаг даяар ч мөнх бусын гэмийг дурдахуйд магад гарах сэтгэлийг ихэд арвижуулах уг болдог ажээ. Магад гарах сэтгэлийг бясалгаснаар гурван санваарын сургаал төрдөг. Түүнийг ёсчлон сахиваас алмайрал үгүй самади /дияан/ гарна. Түүнд түшиглэн гурван хөлгөний эрдэм төрдөг. Тийм учраас уйтгар, шуналын их багаар үзэгдэл шуналын хүчийг сулруулаад бурхны дотоод их бага эрдэм төрнө. Орчлонгийн түр зуурын амгалан сайханд шунасан оюунаар эцэсгүй энэ амьдралд дахин дахин төөрнө. Шуналыг буцаахгүй бол, амгалан нирвааны сал онгоцыг явуулавч түүнд хол. Магад гарахын эрхэнд орсон мэргэнд тоолшгүй урт галавт сонсохуйяа бэрх, ханьцашгүй амгаланг хайрлагч нирвааны балгад хөлийн дэргэд байх болно. Орчлонгийн хотол чуулганыг зэгс мэт үзэх сэтгэлийн гансрал хүчтэй болбоос хүсэл далд алинд ч эс шунах тул юу үйлдсэн ч нирвааны угт одно. Орчлонгийн цог жавхланд шунагчид сансрын үзүүрийн орон хүртэл одовч, хүч барагдаад дахин буурах нь асар ариун магад гарах сэтгэл үгүйнх болой. Эвдрэх тухай, зовлон, мөнх бусын тухай, бусдын тухайд ч түүнчлэн санаад сэтгэл гансрах нь бурхны шашны онцлог мөн. Бурхан багш ч хаан төрийг тэвчин магад гарахын чухлыг үзүүлсэн. Мэргэн шидтэн бүгд бээр олонтоо сайшаасан. Буяны номын тоо томьёо олон боловч алинд сэтгэлийг гаргаж амссанаар нирвааны хөрөнгийг талбин чадах магад гарах мэтийн их хүчтэн чухал. Дур зоргоороо орчлонд хаядаг цувиралттай бие хэлний үйлс ч магад гарахын аргаар эзлэгдвээс нирвааний хувь зохилдсон буяны үндэс болно. Их хөлгөнд ч магад гаргагчаар шалтгаалан нигүүлсэхүй бодь сэтгэл төрнө. Бурхан хэмээхүйн их дуун ч магад гарах сэтгэлийг дагадаг мөн. Орчлонгоос гарах мэдэл ухамсар нь хатуужлыг шүтэгч бүхний туйл, эрдэм бүхний үндсийг байгуулдаг. Түүнд тэвчих онохын эрдэм гарахын учир бүрдсэн тул газар ба бодь мөрийн эрдэм бүхэн түүний угт төвөггүй хурна. Магад гарахыг ухамсарын чимгээр хээлвээс навсархай муу хувцастай ч тэнгэрийн охидын үзэсгэлэн лүгээ юуг ч жиших аргагүй. Тэр адил мөн чанарын чимэг төгсвөөс бүхнээр үзсэн төдийгөөс дээдэд сүжгээр мөргөн тахина. Өргөл хүндлэлээр сэтгэлийг залхааж яаж ямар мэт тэвчсэнчлэн амьтан бүхний оройн дээд чимэг болсон түүнд мөргөнө. Нийтийн зовлон ба ялангуяа муу заяаны зовлонд тэсэхийн арга үгүй учир магад гарах тэр буян найруулгын анхны сануулга мөн. Энэ хойчийн үзэгдэл шуналын эрх, хилэнцийн үйлд орогчид түүнээс аврагч магад гарахын сэтгэлд итгэх ёстой. Орчлонгийн зовлонт далайгаас олныг баттай гаргаад нирвааний амгаланд учруулан зохиодог магад гарахын сэтгэлээр авран соёрх. Зүрхний угаас амгаланг хүсэгчид, ертөнцийг шимтэн шунахыг тэвчдэг замын дээд магад гарахын сэтгэлийг шүтээрэй ! Үүнд шамдах гэрлээр энэ насны шунал бодлоор нүд нь бүрэлзэгсэд орчлонгийн үзэгдэл, хүсэл шуналыг арилгаад шуналгүй номд орох болтугай. Орчлонд тэнэсэн амьтан бүхэн орчлонгоос магад гарахын уйтгараар орчлонд гансрах, уйтгар хориг бүхнийг мэдээд орчлонгийн хязгаараас тонилох болтугай.