Дашдоо гүний Дандончоймзад лам

Дашдоо гүний Дандончоймзад лам

Номч дүр хэмээх Дандончоймзад Манжийн тэнгэр тэтгэсэн хааны 12-р онд /1748/ Хөх нуур Цайдамын монголчуудын Алаша хошууны албат ард Галсанцэвээний гэрт мэндэлжээ. Усан тахиа жилийн намар 4-р Бачин эрдэнээс түүнд Номч мэргэн хамба, Дээд Чоймзад цол алдар, хиур, морин чимэг хошоодыг үүрд хэрэглүүлэх болгожээ. Номч дүр Дандончоймзад шашин соёлын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан нэрт их эрдэмтэн хүн байлаа. Тэрбээр МЭӨ 2-3 дугаар зууны үеийн Энэтхэгийн агуу их сэтгэгч Нагаржунай, Асанга болон Егнэн, Данди, Банина, Бадмасамбуу нарын бүтээлийг судлан шинжилж, Додүдэв зэрэг хөлгөн судруудад нэмэлт тайлбар хийх орчуулах зэргээр эрдмийн их ажил хийж байсан юм. Дандончоймзад лам Баянхонгор хайрхны сан тахилга, судар тарнийн тайлбар зэрэг олон ном Түвд хэлээр бичсэн нь даруй таван боть туурвил болно.
Дандончоймзад ламтан нь Түвдийн газар эрдэм номд суралцаж, сурлага боловсролоо дээшлүүлж судар тарнийн болон чойрын ном үзэж ихэд мэргэшсэн гэнэ. Чоймзад лам ном хаялцах /дагсалцах/-д хэнд ч дийлддэггүй байсан учир Довдог цоохор нэртэй байв. Эрдэм чадалдаа эрдэж заримдаа хурал номоо орхиод Түвдийн уулын зэрлэг хүмүүстэй нийлээд явчихдаг байв. Ингээд явчихсан нэгэн үед Чоймзад ламын байсан хийдэд өөр нэг газраас их эрдэмтэн нэгэн лам ирж хийдийн лам нартай ном хаялцахад түүнийг дийлэх нэг ч хүн гарсангүй. Баруун зуугийн лам нарыг авчирсан ч түүнийг дийлэхгүй байв. Тэгээд хийдийн хамба лам /багш нь/ Довдог цоохорыг олж ир гэж хойноос нь хүн явуулжээ. Чоймзад ламыг олж авчирч учрыг хэлж тэр ламтай ном хаялцуулах болжээ. Чоймзад лам өөрийнхөө эрдэм чадалд эрдэж:
– Чамтай ном хаялцахад гурван дагсал давж гурван ойнгол өгч чадвал чиний шаахайнаас би адис авна. Хэрэв чадахгүй бол би чамд адис өгнө гэж хэлжээ. Тэгээд ном хаялцаж эхлэхэд багш нь байж сууж чадахаа байгаад сүмээс гарч нар зөв тойрч алхаж гэнэ. Сүмийн баруун талд очиход нэг дагсал давж нэг ойнгол өгч, хойт талд очиход нэг дагсал давж нэг ойнгол өгч, зүүн талд очиход нэг дагсал давж нэг ойнгол өгч байгаа нь сонсогдохоор нь түргэн гүйгээд сүмд ороод ирсэн чинь Чоймзад лам шаахайгаа тайлаад зогсож байжээ. Багш нь Чоймзад ламаас гуйж байж арайхийж адис өгүүлсэнгүй хөтөлж гараад:
– Чи одоо энд байж болохгүй маргааш гэхэд нутаг буцах хэрэгтэй гэж ууттай бор гурил дотор 50 лангийн ембүү хийж өгсөн гэнэ. Чоймзад шөнө унтахдаа шуудайнд элс хийж орон дээрээ хана түшүүлж тавиад орны урдуур унтаад өгч гэнэ. Өглөө босоход өөрийнх нь орны харалдаах гэрийн туургыг жадаар сийчээд хаячихсан, орон дээрх шуудайтай элс асгараад дуусчихсан байжээ. Тэгээд өглөө эрт аянчин дагаад нутгийн зүг явсан боловч хойноос нь олон хүмүүс ирж Чоймзад ламыг зодож, ууттай бор гурилыг нь асгаж арай л алчихаагүй орхисон юм байж. Харин газар асгасан бор гурил дотор багшийн нь өгсөн 50 лангийн ембүү нуугдаж хоцорсон байсан гэдэг.
Чоймзад лам энэ нутагт ирээд сүм хийдээ байгуулан Түвдийн газар сурсан эрдмээ лам хуврагууддаа зааж ном эрдмийн далайд Сайшаалт ерөөлтийн 13-р онд /1820/ жанч халжээ.