Дугар зайсан

Дугар зайсан

Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ. Далай багшаас лүндэн хүртсэн бадарчин гэлин их говийг арайхийн туулж, айл амьтны бараа харан явсаар Халхын Түшээт гүний нутагт орж нэгэн айлд саатжээ. Гэрийн эзэн хувраг хүн хараад буян номыг санаж ном айлдаад гарахыг хүсч, хоол цай тавин хөл болжээ. Гэлин хавчиг үүргэвчнээсээ улаан баринтагтай (Түвдээр түм) судраа задлахад гэрийн эзний харц ширүүсч, нүүр нь улааж гэнэ. Учир нь тэр үед улааны (Нигма) шашны ёсонд улаанаар судар баринтагладаг байсан гэнэ. Баринтагийн тайлахад мөн улаан баринтаг гарч гэрийн эзэн бүүр уурсан босоод иржээ. Эмээж дальдарсан гэлин дахин баринтагийг нь тайлтал шар баринтаг гарч дээ. Ийнхүү гэрийн эзэн Дугар зайсан учрыг ухан мэдэв.
Шарын шашин улааныханд хавчигдах болсныг дээрх тэмдгээр олж мэдсэн Дугар зайсан хавчаахай нумаа үүрэн хамгийн сайн тэмээгээ унаж Түвдийг төвшитгөхөөр мордох болов гэнэ. Айл амьтан ахан дүүс нь бүгд бужигнан сандарч хүлээзнэж байгаад тухтай бэлтгээд аянд мордохыг түүнээс хүсчээ. Тэр үгийг сонсолгүй Дугар зайсан цагаан атаа унаж сарын газрыг долоо хоног туулаад Лхасад ойртож ирсэн байна.
Халхаас бэрх хүн ирэхийг мэргэ төлгөндөө буулгаж мэдсэн улааны шашны лам нар гурилаар арслан бүтээгээд, хараалын хар тунараа хийж, шидээр амилуулсан арслангаа Дугар зайсангийн өмнөөс тавьжээ. Дугар зайсан арсланг дийлж номхруулаад цагаан аттайгаа хамт хөтлөн Лхасад бууж гэнэ. Сүрд дарагдсан улааны шашны лам нарын хэлийг нь шалгаж хар хэлтэй болгоныг нь хороогоод бурхны шашныг төвхнүүлэн мандуулжээ. Шарын шашныхан түүнийг нь хүндэтгэн Лхасагийн сүмдүүдийн зарим хаалган дээр саадаг агсаж цаст уулын хөх зогдорт арслан, атан цагаан тэмээ хөтөлсөн Дугар зайсангийн зургийг зурсан нь одоогоор ч хадгалагдан байдаг гэнэ.
Домгийг үнэн гэж мэдэхгүй ч, лав үнэнд дүйцсэн олны яриа юм даа гэж үзэж болно. Нүүдэлчин өвөг дээдэс маань дуулсан мэдсэнээ аман хэлбэрээр ийнхүү бидэндээ дамжуулж ирсэн уламжлалтай билээ.