Гавж, хамба лам Самаагийн Гомбожав

Номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав

С.Гомбожав нь Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошууны нутагт 1902 онд мэндэлжээ. Энэ нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг юм. 1913 онд Их хүрээний буддын гүн ухаан судалдаг Идгаачойнзинлин дацанд ирж сууж буддын гүн ухааны номонд суралцаж эхэлсэн юм.
Идгаачойнзинлин дацанд чойрын гүн ухааны номуудыг Гадин засгийн хошууны анги Цэрэндорж, Түшээт хан аймгийн Далай гүний хошууны харъяат Их хүрээний Идгаачойнзинлин дацангийн шунлайв Раднаа нарын зэрэг эрдэмтэн мэргэд нараар заалгаж буддын гүн ухааны таван ботийн номыг судлаад 1935 онд гавжийн дамжаа барьжээ.
Идгаачойнзинлин дацанд сууж ном үзэж байхдаа зиндаанийхаа жорван байсан учир Гомбажав жорван гэж алдаршжээ. Түүнийг 1930-аад оны үед Идгаачойнзинлин дацангаас доод зиндаануудад ном заах багшаар томилсон юм. Энэ үедээ Чойрын ном үзэж байгаа багачууд хүүхдүүдэд дүйраны номоос эхлэн заадаг байв. Идгаачойнзинлин дацанд чойрын гүн ухааны ном үзэж байсан Цэрэндэмчэг гуай ярихдаа: “Би жорвон багшаар дүйраанаас эхлээд лориг хүртэл хөтлүүлж байсан гэж яриж байв”. Энэ Цэрэндэмчэг гуай 1990 оны эхээр Идгаачойнзинлин дацанг дахин сэргээхэд хуралд хурж унзад байсан юм. Гомбожав хамба Идгаачойнзинлин дацангийн багачууд шавь нарт буддын гүн ухааны номыг заахдаа ухаарахад ойлгомжтой сайхан заадаг байсныг Цэрэндэмчэг нарын зэрэг шавь нар нь магтдаг байв.
Түүний багшлах, ном заах эрдэм энэ үеээс эхэлсэн байна. Гомбожав хамба 1935 онд гавж болсны дараагаар Эрдэнэпэл, Загд, Ренчэнхорлоо, Шадав, нарын зэрэг лам нартай хамтран “Лам нарын сэтгүүл”-ийг гаргах тухай Засгийн Газарт өргөдөл гаргаж байв. 1936 оны зургаа дугаар сард хэвлэгдэн гарсан “Лам нарын сэтгүүл”-ийн анхны дугаарт “1936 оны дөрөв дүгээр сарын хорины өдөр Ардын Сайд Нарын Зөвлөлийн Ерөнхий Сайдаас гаргасан 51-р тушаалаар Улаанбаатар хотын Гандан хүрээний Загд, Эрдэнэпэл, Шадав нарын зэрэг 26 лам нар гарын үсэг зурж Засгийн Газарт оруулсан өргөдлийг анхааран үзэж Лам нарын сэтгүүлийг гаргах болсон байна.
Гомбожав хамба “Лам нарын сэтгүүл”-ийг анх гаргаж эхэлсэн 1936 оноос идвэхтэй оролцож зарим нэг дугааруудад өгүүлэл бичиж байв. 1950-аад оны дундуур Судар бичигийг хүрээлэнгийн номын санд ажиллаж байхдаа МУИСургуульд нээгдсэн түвд хэлний ангид шашны гүн ухааны тухай, монгол хэлний ангид хичээл зааж багшладаг байсан юм. Энэ тухай ардын уран зохиолч Ш.Сүрэнжав ярихдаа: “Манай ангид Гомбожав хамба хааяа хааяа номын сангаас ирж хичээл зааж байхдаа бидэнд Жанлавцогзол”, “Хийморийн сан” зааж сургаж байсан” гэж яриж байсан. 1970 онд Гандантэгчэнлин хийдийг түшиглэн Оросын Холбооны Улсын Буриад, Монголоос оюутнуудыг элсүүлэн сургаж шашны дээд боловсрол олгох ШДС-ийг байгуулахад Гомбожав хамбын хичээл зүтгэл үлэмж их болсныг тэмдэглүүштэй юм.
Ялангуяа ШДС-ийн хичээл сургалтын хөтөлбөрыг боловсруулахад эрдэмтэн багш нартай хамт гардан оролцдог байжээ. ШДС-ийн эхний гурван зиндааны оюутнуудад бурхны шашны түүхийн хичээлийг заадаг байсан чингэхдээ “Хорчойнжүн” хэмээх номын дагуу хичээлээ заадаг байсан юм. Гомбожав хамба 1960-аад оны эхээр Дармадалайн “Хорчойнжүн” гэж алдаршсан Монголын бурхны шашны түүх “Цагаан лянхуан эрих” хэмээх номыг түвд хэлнээс орчуулж ШУА-ын Түүхийн Хүрээлэнгийн эрдэмтэн доктор Гонгороор хянуулаад Гандантэгчэнлин хийдийн номын гэрийн эрхлэгч, гавж багш Данзан-Одсэр, гэвш Иштавхай, анги гэвш Лхамаажав нараар уншуулж байжээ. Энэхүү Гомбожав хамбын Хорчойнжүнгийн орчуулгыг хамба ламын архиваас хамба лам Д.Чойжамц бидэнд гарган өгч 1995 онд олны хүртээл болгон нийтлүүлсэн билээ. ШДС-д Гомбожав хамба Шашны түүхийн хичээлээ заахдаа Монголын гүн ухаантан, түүхч Зава Дамдин гавжийн “Хорчойнжүн”-гийн дагуу яруу сайхнаар олон түүхийн мэдээнүүдийг иш татаж заадаг байв. Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг ерөнхийд нь гурван үечлэлд хуваан авч үзсэнийг дэлгэрэнгүй сайхнаар зааж байсан юм.
Ялангуяа Монголд бурхны шашин дэлгэрсэн түрүү үеийн дэлгэрлт буюу нэгдүгээр үеийн дэлгэрэлтийг ярихдаа: Түвдийн шашны түүхийг Гой лозова Шонубалын “Дэвтэр онбо” буюу “Хөх товхимол” хэмээх номоос иш татаж ярьдаг байсан юм. Монголд бурхны шашин дэлгэрсэн гурав дугаар үеийн дэлгэрэлтийн тухай хэсэгт Монголын богдуудын тухай дурдахдаа Зава Дамдин гавж Монголын анхдугаар богд Жэвзүн Дамба хутагтаас V богд Жэвзүн Дамба хутагтыг хүртлэх товч намтрыг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж Гомбожав хамба ярихдаа Монголын VI, VII, VIII дугаар богдуудын намтрыг олж үзэх хэрэгтэй, Говь мэргэн вангийн хошууны Баян овоогийн хийдийн шар цорж гэж алдаршсан Дагважалцангийн “Найман богдын намтар”-ыг олж үзээрэй гэж бидэнд захидаг байв. Мөн шашныг баригч хутагт хувилгаадын тухай ярихдаа Дилова хутагтын талаар Дилова багшийг гаргаж өгсөн гэж дурсаж байсан.
Энэ нь зөвхөн сэжүүрийг нь цухуйлгаад хэлсэн хэрэг байв. Сүүлд нь судалж үзэхэд Дилова хутагт Жамсранжавтай дотно харилцаатай байсан нь мэдэгдэж байна. Бүр 1960-аад оны эхээр Дилова хутагт АНУ-д байхдаа хамба лам Гомбожавд захиа ирүүлж байв. Номч мэргэн гавж хамба Гомбожав нь цэл залуу хорь гаруй наснаасаа буддын гүн ухааны номыг дацангийн шавь нарт зааж байсны дээр идэр дунд насандаа МУИС-ийн оюутнуудад бурхны шашны тухай хичээл заадаг байв. Гандантэгчэнлин хийдийн хамба лам байхдаа 1970-аад оноос эхэлж ШДС-ийн лам оюутнуудад Шашны түүхийн хичээл зааж байснаас үзэхэд нэгэн насныхаа залуу үе, идэр дунд насны үе, өтөл өвгөн болсон, эдгээр гурван үеийн турш багшлаж байсныг үзэхэд сурган хүмүүжүүлэгч багш байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Мэргэн ухаант Гомбожав хамбын номын шавь нарын үйлс улам дэлгэрэх болтугай.