Баруун гар талаас Орхоны Маам багштан буюу Суварганы хувилгаан лам Сундуйжав. Дундах нь зуугийн ламтан Гончигжанцан, Жүд дацангийн Ловон лам Гомбо

Орхоны Маам багш буюу Суварганы хувилгаан лам Сундуйжав, зуугийн ламтан Гончигжанцан, Жүд дацангийн Ловон лам Гомбо

Зураг дээр баруун гар талаас Орхоны Маам багштан буюу Суварганы хувилгаан лам Сундуйжав. Дундах нь зуугийн ламтан Гончигжанцан, Жүд дацангийн Ловон лам Гомбо нарын зураг.
1932 онд лам нарын баривчилгаанаар энэ гурван лам нэг машин дээр сууж явжээ. Машин Орхон гарахаар яваад усанд суусныг ашиглан Хувилгаан Гончигжанцан нь Маам багшид одоо ус руу ор. Би чамайг харагдуулахгүй гээд ус уруу үсрүүлжээ. Маргааш нь машин дээр суусан лам нараас нэг нь алга болж гээд ногоон малгайтнууд сүйд болж дээ. Машин арайхийж уснаас гараад Мойлтын амны өөд мацаж явахад нь “Зуугийн сүмийн үүднээс нэгэн лам орхимжоороо даллан гүйгээд байж. Ногоон малгайтнууд нөгөө оргосон этгээд байна гээд машинаа зогсоожээ. Лам уйлчихсан гүйж ирээд: Миний сайхан багш нар минь шамбалын орон уруу явж байхад заяа муутай би л ганцаараа үлдэх нь та нар аваад яваач хэмээн гуйхад ногоон малгайтнууд оргодол ламынхаа тоог төвөггүй бөглөж машинд суулгасан ажээ. Тэдний хувь заяа Архангайн Цагаан давааны ард тун хялбархан шийдэгдсэн гэдэг. Орхоны маам багштан Сөрт, Шивэртийн модонд оргоо Гомбо гэгч сайн эртэй хэдэн жил болж байгаад сүүлд цагаатагдсан. Шавь нар нь үргэлж эргэж тойрдог байсан гэдэг. Оргоо Гомбын ярьснаар галаа түлээд хоолоо хийж байтал Маам багш болохоо болилоо галаа унтраа гээд дүрвэн мод уруу орсны дараахан ногоон малгайтнууд ирээд “Нурам халуунаараа байна энүүхэнд бий” гэж хайж байгаад явдаг. Шавийндаа ном уншаад сууж байтал нь ногоон малгайтнууд гэрийг бүслэн орж ирэхэд маам багш хонх дамраа дуугарган номоо хүнгэнэтэл уншиж гарчээ. Ногоон малгайтнууд Сандуй гэлэн танайд л байх ёстой гээд нэгжээд ололгүй гарч явсан гэдэг. Шавь нь “Та яасан зүрхтэй юм бэ? Тэдэнд таны хонх дамрын дуу сонсогдоггүй юм байх даа. Бидний үмхэлцэг хагарах шахлаа” гэхэд нь дуугүй л мэшээж суусан гэдэг. Хожим манай Орхоноос 1939-1945 онуудад дайнд явсан шавь нартаа бүгдэд нь зүү залигуулж явуулсан гэдэг. Тэд цөм эсэн мэнд ирцгээж байжээ. Маам багшийн ид шид их бий. Манай нэг эмгэн хүүхэд нь зүү залгиад маам багшид хэлэхэд нь улаан утастай зүү өгөөд үүнийг залигуулчих гэжээ. Эмгэн “Буруу дуулав уу зүү залгисан хүүхдэд дахиад зүү залигуулах гэж юу байх вэ ?” гээд нэг хүн явуулжээ. “Тийм” гэнээ. Зүү залигуулаад хоёр хоног баасыг нь ажигла гэж багш айлдлаа гэжээ. Нөгөөдөр нь нөгөө учигтай зүүний утас залгисан зүүг сүвлээд хоёулаа гарсан байдаг. Энэ мэт олон зүйл нуршихаа цэглэн Маам багшийг нас барахад нь адуу манаж явсан хүн Маамын гэрээс нэг их гэрэл тэнгэрээд цоролзож байхыг хараад гэр нь шатаж орхив уу хэмээн давхиж ирсэн нь Маам өөд болсон байжээ. Өндөр сант хайрханд зул сад шавь нар нь оршуулахаар явж байхад Сант хайрхны оройд солонго татаад байсныг олон хүн ярьдаг даа. Зуугийн багш Гончигжанцан хувилгаан бас л шидтэй хүн байсан гэдэг. Манай Орхоны Уньтын аманд нэг сайн эр, Сайртын дэнжид байдаг нэг найзтайгаа хойт зүг хотгойд уруу явж хэдэн сайхан морьд авчирчээ. Гэтэл тэр хоёр хоёулаа гэдэс нь дүүрээд үхэх шахам болж дуу тавьцгаан ёолж эхлэхэд ар гэрийнхэн нь арга буюу Зуугийн багш Гончигжанцан уруу очжээ. Хувилгаан арц утлага элс, тэргүүтэн өгч ”Одоо маш яаралтай давхи, өглөө нарнаас өмнө өрсөж очиж чадвал амь нас нь аврагдана гэжээ. Тэд хос морьтой давхисаар үүр гэгээрч байхад Сайртын Дэнжид хүрч нэг хулгайчид нь юмыг өгч цааш давхисаар Майханы уруу тойрч нөгөө хулгайчийн бараг гадаа ирэхэд нар мандаж гэрт хулгайч тарчилан зовж хавирганы бураа нь бүд, бүд хийн мултарсаар амь тавьсан гэдэг. Нөгөө хулгайч нь нар битүү арц элс авснаар амь гарчээ. Энэ тухай манай Орхоны өвгөчүүд үлгэр юм шиг ярьдаг байлаа. Хамт оргож явсан Оргоо Гомбо нь Дэвсэн гэдэг айлд очоод бие нь гэнэт муудаад үхжээ. Тэд уулын ширэнгэнд байгаа маам багшид дуулгахад Гомбын үхэх хугацаа болоогүй л баймаар би ямарч гэсэн очьё гээд явжээ. Маам талийгаачийн толгойн тушаа сууж “Чи намайг хаяад явчих санаатай юу. Бос хөө ! Хурдхан цай уучихаад хоёулаа харья” гээд аягатай цай бариад өгөхөд нь талийгаач гэнэт нүдээ нээн “Би яасан их унтаа вэ ?” гээд босож ирээд цай ууж зүгээр болсон гэдэг. Хожим Оргоо Гомбо нь “Би дотоодыг хамгаалахын нэг ногоон малгайтад хөөгдөөд давхиж явтал морьтойгоо Орхон түшээ гүний эргүүлэгт орчихоод гарч чаддаггүй… Гэтэл гэнэт нэг улаан хүрэн дээлтэй хүн морьтой минь уснаас суга татаж гаргаад давхиад явчихсан …Би зүүдэлж байна даа л гэж бодож байлаа” гэж өгүүлсэн байдаг. Маам багш залуухан банди байхдаа лам найзтайгаа замын танихгүй айлд ортол тогоотой сүү нь дэвэрчээ. Эмгэн “Хүүе хүү минь ! Тогоотой сүүг тавиур дээр тавиад өгөөч” гэжээ. Маам багш сүү нь улам дэврэхэд сандран бариул хайгаад олсонгүйд өрөмнийх нь голоос бариад тогоог тавиур дээр тавьсанд эмгэн “Би их алдас хийлээ. Ламтан минь аварч өршөө” гэж мөргөж байсан гэж хожим найз лам нь хүмүүст ярьсан байдаг. Өөрөөс нь энэ тухай шавь нар нь асуухад их сандарсан үед “Гурван эрдэнэ л тусалсан байхгүй юу …” гэж хэлдэг байжээ. Орхоны маам багш нэг удаа шавь нартаа манайхан их азгүй улсдаа Өндөр гэгээнийхээ Алтан зуу бурхныг Өөлдүүдэд алдчихсан юм. Бурхныг Өөлдүүд тэмээнийхээ бөхийг зүсэж дотор нь хийгээд Өгий нуурт байсан Галдан бошигтод өгсөн гэж манай дээдэс ярьдаг байсан. Тэр амилсан Алтан зуу бурхан зүрх нь цохилж, нүд нь хөдөлдөг хосгүй сайхан бурхан байсан гэдэг. Гэгээн мань ийм нэг бурхан хийж манжийн хааны ээж Тайху хатанд өргөсөн гэж Зуун дамжсан их нүүдэл номд байдаг. Энэ тухай хөгшид өгүүлдэгсэн шүү дээ гэжээ. Манжийн хааны хүргэн Эфү Цэдэн гэгч манж гүнж аваад иртэл Орхон савнаасаа гарч оволзож байжээ. Цэдэн уурлаж гурав хоногийн дотор үерийг намдаа би яаруу ажилтай явна гэж Ловон лам Гомбо гуайд иш лүндэн буулгасан гэдэг. Гомбо ловон хэсэг лам нартаа Түшээ гүний хөвөөнд гурав хоног ном айлдаад ус их татарч гарч болохоор болж Эфу Цэдэн хатнаа дамнуурган дээр суулган гарч явтал усанд хатны хормой норжээ. Эфу Цэдэн маш их уурлаж Түшээ гүний усыг сэлмээрээ цавчин “Чи муу нэг муу гүн цолтой байж чин ван цолтой миний хатны хормойг норголоо” гэж их аашилсан гэдэг. Дараа нь манжийн хаанд гомдол мэдүүлснээр Орхон түшээ гүн цолыг нь Орхон мөрнөөс хасаж жил бүр тавин лангийн юмбүүгээр тахидаг тахилгаа зогсоосон гэдэг. Энэ манжууд бас их дураараа дургиж байсан улс шүү. Манжийн амбан Богд уулын Цээ гүний тахилгад оролцохоор явж байгаад цасан шуурганд төөрч амь алдахаа шахам буцаж ирсний дараа Цэцээ гүний оргилын овоон дээр модон гав тавиулж түүнийг гавалсан болгож Богд ууланд өргөсөн 2000 шахам адууг манж уруу туулгасан гэсэн домог бий. Ер нь уул усны лус савдаг харийнханд бас сайнгүй ханддаг байсны жишээ байх гэж мөхөс би боддог юм. Маам багш минь 1962 онд нас барсан билээ. Түүнийг маналай заан Долгорсүрэн нас бардагийн намар номхон бор мориндоо дүүрээд Сайхан булаг дээр хүргэж өгч маам багш минь сан тавьж тахиж байсан. Ер нь маам багшийн минь хамгийн сүүлд морь унаж явсан нь надаар дүүрүүлж явах учир байсан юм даа гэж манлай заан номондоо бичсэн байдаг. Орхоны Маам багш гэж эгэлгүй нэгэн хувилгаан багш минь биднийгээ тэнгэрийн орноос хамгаалсаар явдаг даа гэж өчүүхэн шавь нь энэхүү бяцхан хөрөг таталбараа дуусгалаа…