Цахар гэвш Лувсанчүлтэм

Цахар гэвш Лувсанчүлтэм

Цагаан уулын гэвш хэмээн олноо алдаршсан Лувсанчүлтэм бол бурхны шашны судар тарнийн ёсонд боловсорсон, шашин номын зүтгэлтэн, гарамгай орчуулагч, дорнын ухааны мэдлэг эзэмшин, гүн ухаан, анагаах ухаан, зурхай, хэл шинжлэл, яруу найргийн холбогдол бүхий ном зохиол туурвин бүтээсэн монголын соёлын нэрт төлөөлөгчийн нэг, бичгийн их хүн байжээ. Тиймээс ч шавь нар нь Очир дара богд гэвш хэмээн өргөн хүндэлж, олны дотор богд гэгээнтэн хэмээх хүндэтгэлийн нэрээр алдаршжээ.

Цахар гэвш Лувсанчүлтэмийн намтрыг түүний шавь Лувсансанровням 1817 онд “Гэтэлгэгч дээд палам айлтгал үгүй ачит богд сумади шилабадрагийн гэгээний намтрыг товчийн төдий өгүүлсэн сүсгийн лянхуаг мөшөөлгөгч нарны гэрэл дээд мөрийг гийгүүлэн үйлдэгч оршив” нэртэйгээр бичиж, 1818 онд төвд, монгол эхээр хэвлүүлжээ. Энэхүү намтар ёсоор цахар гэвш Лувсанчүлтэм 12 дугаар жарны төмөр бичин жил Цахарын Хөвөөт цагаан хошууны Сайхан хэмээх нуурын баруун хөвөөнд төржээ. Цахар гэвш хэмээхийн Цахар гэдэг нь түүний төрсөн нутаг буюу өвөрлөгчийн 49 хошууны доторх цахарын найман хошууны нэр, гэвш хэмээх нь дорнын гүн ухаанд мэргэшсэн хүний эрдмийн цол байв. Энэхүү нэрээрээ олон зохиол туурвижээ. Эцэг Цэгонжал нь төрөлхийн шударга зантай, хянуур чадамгай, олны дотор нэр хүндтэй нэгэн бөгөөд эх нь Намбаржалжид хэмээх ба гурван эрдэнэд сүсэглэгч, нигүүлсэнгүй сэтгэлт нэгэн байсан гэх бөгөөд найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Эднийхэн уг нь Ордос долоон хошуунаас дээр үед Цахар нутагт нүүж ирсэн, Уйгуд овгийн хүмүүс ажээ.

Цахар гэвшийн амьдарч байсан үе бол бурхны шашин төвт дорнын соёл иргэншил төвдөөр дамжин монгол оронд нэвтэрч, түүний соёлын нөлөө өргөн дэлгэрэх үндэс тавигдсан үе билээ. Үүний улмаас монголчуудын дунд бурхан шашны сургаал нэвтрэн, шашны боловсрол өргөн олныг хамарч, үүнийг эзэмшигч лам эрдэмтэд олноор төрж, ном зохиол орчуулах, тайлбарлах, барлан хэвлэх явдал дэлгэрч тэр нь тухайн үеийн монголын түүхийн нэгэн үзүүлэлт болж байлаа. Лувсанчүлтэмд авга ах нь монгол бичиг заан сургасан гэх бөгөөд долоон настайдаа буяны садан хэмээгдэх чайв хутагт Эрдэнэлувсанпэрэнлэй гэгээнээс уваш санваар гэвч, Лувсанчүлтэм хэмээх сахилын нэр хүртжээ. Тэрбээр бага наснаасаа сэргэлэн цовоо, сурах эрдэмд шамдалтай, номын бясалгалд үнэн сүжигтэй нэгэн байсан тул 15 настайдаа ачит номун хан Лувсанданзангаас гэцэлийн санваар, 16 настайдаа Бодьтэв сүмийн ширээт лам Лувсандамбийнямаас гэлэн санваар хүртжээ. Цахар гэвш уран зохиолд авьяастай, түүхийн ба гүн ухааны өргөн мэдлэгтэй, дорны ухаанд мэргэшсэн, бурханы шашны чин үнэнч шавийн хувьд шашны үйлст чармайн зүтгэж, үзэл санааг нь тууштай баримтлагч байв. Ийнхүү тэрбээр өөрийн авьяас билгээ шашны ёсны ном сургаалыг эзэмшихэд зориулж, Цахарын Хөвөөт цагаан хошууны Бодь тив сүм, Цагаан уулын сүмд шавилан сууж, бясалгал үйлдэн, бурханы ташны ном зохиолыг судлаж, шашны их онолын олон бүтээл туурвих болжээ.

Энэхүү хичээнгүй зүтгэлээ “Тэр цагуудад би бээр сургуулилан үйлдэхдээ, шамдах сэтгэл гүн их тул шөнийг дуустал судар номоо үзэх, бодох, цээжлэхийг үйлдсээр үүр цайж одох олонтой байсан” гэж дурьдсан байна. Тэрбээр 1691 оны үеэс дорнод монголын шашны томоохон төв болж ирсэн Долоон нуурын хийдэд судар тарнийн ухаанд гүнзгий суралцаж, улмаар 1702 оны үеэс Юнхэ гүний сүмийн цанид дацанд хурж, тухайн үедээ ихэд нэрд гарсан мэргэн гүүш Агваанренчин, мянган Равжамба, цорж Донров, агжаа хутагт Лувсандамбийжалцан, жанжаа хутагт Ролбийдорж нараар ном заалгаж, тэдэнд ихэд тоогдох болсон байна. Тухайлбал агжаа хутагтын толгойлж байсан орчуулгын хэсэгт гишүүнээр орсон төдийгүй 28 насандаа түүний бүрэн ботийг хэвлэлд бэлтгэх үүрэг хүлээн авчээ.

Энэ үеэс тэрбээр шүлэг зохиол бичих, ном судар орчуулах зэргээр уран бүтээлийн ажлаа эхэлсэн байна. Цахар гэвш бол дундад зууны үеийн монголын бусад орчуулагчдын нэгэн адил шашны зан, гүн ухааныг хөлгөн судрын ном голлон орчуулж байсангүй, эртний хос ёсны сургаал, түүний тайлбар, намтар цадиг тэргүүтэн уран зохиолын дурсгалыг орчуулж байснаараа өвөрмөц юм. 31 настайдаа Долоон нуураас өөрийн хошуундаа ирж, бясалгал үйлдэх, шүтээний ёсыг сахих зэргээр номын ёсонд оролцохын хамт Зонховын зохиол бүтээлтэй танилцсан байна. 32 наснаасаа эхлэн шашны ном зохиол орчуулах, тайлбарлах, зохиох ажилд шамдан гүйцэтгэсэн бөгөөд түүний гүйцэтгэсэн хөдөлмөрийг хүндэтгэн өндөр цол, хэргэм зэрэг, эрх тушаал байгаагүйг дурьдсан байх ба түүний гүн мэдлэг, өргөн их бүтээлийг хүндэтгэн, гэвш мэргэн хамбатан хэмээн хүндэтгэн дууддаг байжээ.

Цахар гэвш зохиох, орчуулах, тайлбарлах гурвыг зэрэг гүйцэтгэж байсан нь түүний соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үндсийг илэрхийлдэг болно. Тухайлбал, Ганжуурын Эрдэнэ давхарласан аймгийн гарчиг зохиож, энэтхэгийн эрдэмтэн, гүн ухаантан Нагаржунайн “Ардыг тэжээхүй рашааны дусал” зохиолыг орчуулахын хамт дорны их таван ухааны /дотоод ухаан, учиг шалтгааны, хэл шинжлэлийн, урлахуйн, анагаах ухааны/ хүрээгээр зохиол бүтээл тайлбарлах, туурвих ажлыг гүйцэтгэсэн нь түүний нэр алдрыг олны дунд алдаршуулж байсан юм. Тэгээд ч түүний сууж байсан Цагаан уулын сүм бол ном судар хэвлэдэг монголын соёлын чухал төв газрын нэг байв.

Тэрбээр Цагаан уулын сүмдээ их дуганыг бариулж, зун цагт монгол ном уншиж чадах харцуулыг цуглуулж ном уншуулах, бусад газраас уран дархан, барчингуудыг авчирж, өөрийн бичсэн зохиолыг хэвлүүлдэг байв. Түүний намтарт бичигдсэн нэгэн зүйл бол 38 насандаа өөрийн хийдийн зарим уншлагыг монгол хэлээр уншуулах ажлыг удирдан гүйцэтгэж байжээ. 47 нас сүүдрийнхээ улаан морин жил “Богд Зонховын гэгээний их намтар сайн амгалан бүхний гарах орон” хэмээх бүтээлийг туурвиж эхлэн, 51 сүүдэр зооглосон цагаан нохой жил уг намтрын сүүлчийг бичиж дуусгажээ. Энэ бол түүний бүтээлийн оргил нь гэж хэлж болох бөгөөд учир нь Зонховын төрсөн нутаг Гүмбом хийдийн ба Лхасын гурван хийдиин эрдэмтэд ч хамжаад гүйцэтгэж амжаагүй үед уул намтрыг монгол, төвд хэлээр зохион, барласан байна. Цахар гэвш “Богд Зонховын намтар”, “Богд Зонховын залбирал”, “Зонховын намтрын тусгаар чимэг” зэрэг бүтээлээр шарын шашин үүсэж хөгжсөн түүхийг бие хүний үйл ажиллагаагаар дамжуулан гаргасан нь, шашны түүх бичлэгийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг байна.

Түүнчлэн дорнын соёл иргэншлийн төрөл ухаанд мэргэжсэн гүн ухааны өргөн мэдлэгтээ тулгуурлан, чойрын гүн ухааны холбогдол бүхий олон тооны ном зохиол орчуулах, тайлбарлах, туурвин бичсэн нь монголын гүн ухааны соёлын санд чухал хувь нэмэр болсоноос гадна монгол, төвд хэлний өндөр боловсролдоо тулгуурлан судар тарнийн хийгээд гүн ухааны эх зохиолыг чадамгай сайн орчуулахын зэрэгцээ гүн ухааны утга гүн, хэллэг нарийн ойлголтуудыг задлан тайлбарласан байна. Монголын сэтгэлгээнд орж ирсэн буддын гүн ухааны уламжлалд, төв үзлийн ёс хүндтэй байр эзэлдэг зарчмыг дагаж, утга санааг нь задлан тайлах ажлыг эрхэмлэж байв. Цахар гэвш Лувсанчүлтэм ийнхүү буддын гүн ухааны онолын асуудлыг хөндсөн Ил онолын чимэгийн тайлбар”, “Орчлонгийн сав шимийн дуулал”, “Бодь мөрийн зэргийн 4 их тийн агуулал оньсны утгыг гийгүүлэгч”, “Махбод эа махбодоос болсон ойлголтыг тайлахуй”, “Сэтгэл үүсэхийн шинжлэл” зэрэг олон бүтээл туурвисан ба нийт зохиол нь 10 боть 215 зохиол байдаг байна. Тэрбээр шашны ухааны ном орчуулах зохиохын зэрэгцээ, хэл шинжлэл, одон орон, урлахуй, тэжээхүй ухаанаар олон бүтээл туурвисан байна.
Түүний бүтээлд шашны зан үйлтэй холбогдсон зохиол, яруу найраг нилээд байдаг. Тухайлбал, “Гал тахих зан үйл, баясгалангийн гарах орон хэмээх оршив” зохиолдоо гал тахих ёс мөргөлийн горим дэглэмийг нарийн тодорхой үзүүлжээ. Мөн түүний зохиол бүтээлд шашны агуулгатай яруу найргийн олон төрөл байхын хамт басхүү иргэний чиглэлтэй зохиолуудыг ч олноор бичсэн байна. Энэ нь монголын уран зохиолын баялаг өв бөгөөд түүний үзэл санааны дэвшилт чанарыг илэрхийлдэг ажээ. Энэхүү шинж чанар нь хүн ардыг ятган сургах, засан сайжруулах, соён гэгээрүүлэхэд чиглэж байснаар илэрдэг ажгуу.

Гэвч цахар гэвшийн гүйцэтгэсэн үйлийг үл хайхран, ил далд хавчих, зориуд тахилга хараал хийлгэх, өөрийн хүндэтгэдэг Бодтив сүмийн хуралд түүний нэрийг дуудан хатуу үгээр донгодох зэргээр эрх тушаал хөөцөлдөгч зэрэг хэргэмтний дотор гаргасан нь шударга журмыг сахигч, номтон хүний нэр төрд халдсан бусармаг үйл болж байв. Цахар гэвш үүний эсрэг шууд сөрөн тэмцэлгүй, хүлцэнгүй байдлаар зохицуулах хандлагыг баримтлан, бичиг номын ажлыг түвшин тодоор гүйцэтгэсэн ажээ.

Энэ үеэс насан өөд болтлоо туурвих бүтээхийн их үйлийг гүйцэтгэсэн бөгөөд намтарт нь энэ талаар тодорхой дурьдсан байдаг. Ийнхүү тэрбээр насан туршдаа шашны үнэн сүсэгтний хувьд бурхны номд сэтгэлд шулуудсанаас гадна уран зохиол орчуулга, анагаах ухаан, бар хэвлэлийн үйлсэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа шавхаж, монголын соёлын үйлст хувь нэмрээ оруулсан ажгуу. 71 настай байх үед нь цахар гэвш Лувсанчүлтэмийн эрдэм ном, төгс чадлыг үнэлж, богд Жавзандамба зарлигийн бичиг гаргаж, “шидтэний эрхт цахар гэвш” хэмээн өргөмжилсөн байна.