Чин сүжигт номун хан Лувсанноровшийрав

Чин сүжигт номун хан Лувсанноровшийрав

Монголын бурхны шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүр дууллын нууцын увдист Чин сүжигт номун хан Лувсанноровшийрав бол 12 дугаар жарны “Сүргийн манлай” хэмээх цагаагчин могой жил, манж чин улсын Энх-Амгалангийн ширээнд суусны 40 дүгээр онд Сайн ноён хан аймгийн Шар илдэн засаг, Самар хатан хоёрт мэндэлсэн нь эдүгээгийн нийтийн тооллоор 1701 он болно. Түүний мэндэлсэн оныг Тариатын хүрээний 1924 оны нэгэн литний данзийд 12-р жарны шороо могой жилд мэндэлснийг тэмдэглэжээ. Энэ нь нийтийн тооллын 1701 он болно. Энэ нь нийтийн тооллын 1701 он болно. Шаар илдэн засгаас хойш Манибадар засаг, Гончогчойнзин гүний хошуу нутаг нь хуучин Өндөрсант сум, одоогийн Архангай аймгийн Цэнхэр, Хотонт сумдын нутгийг хамарч байжээ. Энэ хошуу нутгийнхан Шаар илдэн засаг, Самар хатан хоёрын нэрийг хэлдэггүй, цээрлэж цайны шаарыг хашин, самрыг шиндүс гэж хэлдэг уламжлалтай байжээ. Энэ уламжлал нь Баянхонгорт байсан Чин сүжигт номун ханы шавь нарын дунд одоо ч уламжлагдсан байна. Самрыг шиндүс гэж хэлэх нь Түвд хэлээр шинбүрү гэх бөгөөд Түвд дуудлагаар шиндү гэж дууддаг байна. Ингэхлээр самар гэхийг Түвдээр хэлж ярьж заншсан байжээ. Чин сүжигт номун хан Лувсанноровшийрав нь Сайн ноёны угсааны нэгэн засгийн хүү болж мэндэлсэн. Бага залууд нь Өндөр гэгээнд бараа болгон өргөсөн байна. Өндөр гэгээн хүүг хөтлөөд Дүвхан эвамгачилын хаданд морилох үед нь шаварт гарсан мөр шиг хоёулангийнх нь том жижиг хөлийнх нь мөр хаданд гарсан нь одоо ч тодорхой байдаг. Өндөр гэгээн нагац Эрхэм тойнд хүүг тушааж эрхэмлэн энхрийлж тэтгэсэн бөгөөд Да хүрээнд эрдэм номд суралцаж олон зүйлийн ухаанд мэргэн болжээ. Бээжин, Утайд заларч, Түвд монгол олон мэргэдээс сурч судлахыг агуу их зохиожээ. Өвөр монголд шашин амьтны тусыг хийж, үйлс зохиол нь дэлгэрч ялангуяа Ордос, Шар зуугийн хийдийг байгуулсан байна. Хожим өөрийнхөө нутагт ирээд зүг зүгт залагдан лүн, ван, жинанг ихээр арвижуулжээ. Хангайн нурууны уулын дунд хийд байгуулж, улмаар Түвдийн Лхас уруу алт, мөнгө, хувцас, торго зэрэг их үнэт зүйлийн 300 тэмээ ачааг илгээж Түвдийн алдартай нандин шүтээнүүдэд тахил болгон өргөж, Лхасын их ерөөл зарим их бага дацан хийдүүдэд түгээл өргөлийг тарааж, Далай лам, Банчин богд тэргүүтэнд мандал өргөж хүндлэлийг үйлдсэн. Занданзуу, Логишура тэргүүтэн бурхан шүтээн олныг авчирч өөрийнхөө хийдэд залсан байна. Өндөр гэгээнээс нандин шүтээн болгож бичмэл гаанжуур номыг Норовшаравыг ирэх үед өгөөрэй гэж Эрхэм тойны гэрт залж хайрласныг хийддээ залсан байна. Нэгэн жилийн эхээр Түвдэд мөргөлөөр явсан бөгөөд тоосгон их бага бат бэх долоон дуганы газар авах зан үйлийг нэг өдөр үйлдээд бариулж Лавран, Цогчин дацан тус тусын жасыг байгуулж, ойр орчмын хошуудаас цөөн шавь нарыг цуглуулж байсны дээр намрын сүүлээр долоон дуган зэрэг барьж гүйцэхэд Түвд болон хүрээнээс бурхан шүтээн, элдэв хэрэгсэл нэгэн зэрэг ирж цугларсан бөгөөд нэг өдөр бурхан шүтээн шинэ дугануудад аравнай өргөж өлзийн баяр хуримыг бүтээсэн байна. Тэр цагаас одоо хүртэл долоон дуганыг шороон будгаар будсанаас өөр сэргээж үзээгүй нь гайхамшигтай харагдана. Тэр мэт гурван хүрдний үйлс зохиол нь санаанд багташгүй бөгөөд зохиосон ном нь “Дүвтав ринжүнгийн лхантав” зэрэг долоон боть байна.
Чин сүжигт номун хан Лувсанноровшийравын дээрх товч тэмдэглэлийг Зава Дамдин гавжийн “Хор чойнжүн”-гээс авч товчлон бичлээ. Чин сүжигт номун ханы хүрээн дээр Номун ханаас гадна ялгасан хувилгаан, Бандида лам гэдэг хоёр хувилгаан суудаг байжээ.
I Чин сүжигт номун хан (1701-1768) Лувсанноровшийрав
II Чин сүжигт номун хан(1772-1826) Лувсандандарванчүг
III Чин сүжигт номун хан (1829-1882) Лувсанжигмэддамбыжанцан
IY Чин сүжигт номун хан(1883-1893) Лувсанданзан
Y Чин сүжигт номун хан (1894-1921) Цэдэнбалжир
YI Чин сүжигт номун хан (1922-1972) Галсан-Ёндон
Чин сүжигт номун хан Лувсанноровшийравийн хөрөг дүрийн тухай.
Чин сүжигт номун хан Лувсанноровшийрэв гэгээнтний мэндэлсний 300 жилийн ойг 2001 онд тэмдэглэхээр “Лувсанданзанжанцан судлал төв”-өөс санаачлага гаргасны дагуу тус төвийн гишүүн ШУА-ын Түвд хэл судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Л. Хүрэлбаатар багш маань надад их гэгээнтний хөрөг дүрийг бүтээж, тайлбар хийсэн бүтээлээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих үүрэг өгсөн юм. Ингээд миний бие эрэлд гарч, Гэгээний хөрөг дүрийг өөрийнх нь номлосон 7 боть сүнбум, Номун ханы хийдийн шүтээнүүд, шавьлан сууж байгаа лам хуврагуудаас нь хайгаад олдож өгөхгүй мухардаж хөрөг дүрийг нь олох найдваргүй болчихлоо. Тэр үед монголчууд “айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үгийг зүгээр ч нэг гаргаагүй юм байна гэдгийг нотолсон нэгэн явдал надад тохиолдсон юм. 1997 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Ламын гэгээний хийдийн цогчин унзад байсан Дэлдэг хэмээх Гончигдорж ламын хүү Доржханд хэмээх уншлага ном сайтай нэгэн хүмүүн намайг багшаа хэмээн хүндэлж шавь ороод Ламын гэгээн Лувсанданзанжанцаны зохиосон “Номыг тэтгэгч сахиусны тааллыг баясган үйлдэгч их аялгуу, шинэ хуучин нугуудын янег, ролег тэргүүтний горим оршвой” хэмээх Түвд хэл дээрхи гар бичвэр судрыг өргөн барьсан нь надад хадгалагдан байсан билээ. Тус судар дээрхи эгшиг бичлэгүүдийг номун ханы хийдийн гүр дууны янег бичлэгтэй харьцуулан харжээ суутал “Дамжан чойжалын янег, ролег оршвой” бүлгийн төгсгөлийн 10-11 дүгээр хуудаст “Чин сүзэгт номун ханы төрөл үесийн танха зурах ёсон оршвой” хэмээх гэлэн Балдан-ишийн номлосон бичиг дурайж байх нь тэр. Тэр үед би Л. Хүрэлбаатар багшийгаа өөрийн эрхгүй биширч хүндлэх сэтгэл төрсөн нь, авдранд буй номыг маань толин бэлэг билгүүнээр алдалгүй танин мэдээд, их гэгээнтний танха дүрийг нь бүтээн гаргах үүргийг өгсөнд нь гайхширсан явдал билээ. Номун ханы төрөл үесийн эхлэл нь Бурхан багшийг номлолоо айлдаж байсан цаг үед дэргэд нь шадарлан байсан 16 найдангийн гуравдугаар архад Сэржан Вара Дуаза байсан бөгөөд, тус сударт ч Сэржан Вара Дуазагийн дүрийг хэрхэн бүтээх ёсыг номлохдоо “Дээр нь бурхан багш, доор нь бишгүүрийн дуу өргөж буй лус, баруунд нь үүлэн дундаас чандмань өргөсөн луу, зүүнд нь далайн дундаас эрдэнэ өргөсөн усны хүмүүн, Үхэр эдлэгч тивийн чихт хүмүүний чуулган бээр өргөн хүндэлсэн бөгөөд орныг бүрхсэн архад лугаа сэлттэй болой” гэжээ. Цаашлаад түүний Энэтхэгийн оронд заларсан зургаан дүр, Түвдийн оронд заларсан зургаан дүр, Монгол орноо заларсан Лувсанноровшийрэв, Лувсандандарванчүг нарын хөргийг ямар дүр байдлаар бүтээн залахыг бичсэн нь:
…”Арван гуравдахь төрөл үе Лувсанноровшийрэв баруун мутартаа очир, зүүн мутартаа хонх барьсан гэлэнгийн дүр байдалтай, дээд талд нь Богд лам, доод талд нь зургаан мутарт Махагал сэлт болой”. “Гэлэн Дандарванчиг нь Түүнтэй адил буюу баруун мутраар ном номлосон, зүүн мутартаа эрхи барьсан болой” хэмээсэн байлаа. Энэ уламжлалын дагууд өөрийн шавь, уран барималч Д. Угтаасүрэнд захиалж шуумал дүрийг нь бүтээлгэн, Улаанбаатар дахь Галуут сумын нутгийн зөвлөлийн дарга Дэлэг гуай санхүүжүүлж, 2000 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Л. Пүрэвгял, Д. Угтаасүрэн, Л. Батсайхан бид хэд Галуут сумын Мандалын багт орших Номун ханы хийдэд залсан билээ. 2001 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон “Чин сүжигт номун хан Лувсанноровшийравын мэндэлсний 300 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-д миний бие “Чин сүжигт номун ханы Танха дүрийг бүтээх ёсон” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэр хуралд уригдан ирсэн бурханч лам, монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г. Пүрэвбат багш маань бидний хүсэлтээр Номун хан Лувсанноровшийравын хөрөг дүрийг сударт тэмдэглэгдсэний дагууд бүтээгээд Баянхонгор аймагт шүтээн зургийн үзэсгэлэн гаргаж, бүтээсэн хөргөө Гэдүншаддүвданбапэлбэллин хийдэд өргөн залсан билээ.