Сайн цагийн мянган бурхан

Алтан Ганжуур /Түвд/

Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Алтанганжуур хурж байна. 2020.07.25.

Ачит ананд тэргүүт 500 архантууд бурхны сургаал судруудыг хойч үeд цэврээр нь үлдээсэн тухай сударт:

Бурхан багш Энэтхэгийн Кушинагар хотод их нирваанд орох үeд хувраг болоод удаагүй байсан, настай лам, шавь хувцсаа тайлан огторгуйд шидлэн “Бурхан Гоутам таалал боллоо. Одоо би юу дуртайгаа хийнэ. Хуврагийн сахил санваар сахих хэцүү хүнд байсан. Одоо бид юу дуртайгаа хийж болно.” хэмээн өгүүлэхийг сонсоод гэгээрсэн номын хуврагууд цуглаж “Агуу Бурхан нирваанд оронгуут ийм явдал буй болж байгаа бол цаашид юу болох билээ. Энэ тэнэг хувраг мэт хүмүүс олон гарч, Бурханы заасан сургаал номыг маш хурдан доройтуулж, хойч үeд цэврээр нь үлдээхгүйд хүрнэ. Иймээс Бурхнаас ариун сургаалийг нь биeчлэн сонсож тогтоосон бид, яаралтай хуран чуулж 45 жилийн турш Бурхны айлдсан сургаал бүрийг эмхэтгэн баталгаажуулж, хойч үeд цэврээр нь үлдээх асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд 45 жилийн турш Бурхны айлдсан бүх сургаал судруудыг бүрэн тогтоож цээжилсэн 500 архантууд чуулж, Бурхны айлдсан сургаалийг эмхэтгэe” хэмээн шийдэцгээжээ.
Ийнхүү тохироод Хуврагийн анхны чуулганд оролцох Типитака-Дхара буюу гурван сав аймгийг цээжлэн тогтоосон, 500 гэгээрсэн архантуудыг нэрсийг бичиж байтал зарим хуврагууд “Бидний энэ хуврагуудын чуулганд Бурханы шадар туслах Ананд заавал орох ёстой. Тэрээр Бурхантай хамт олон жил сүүдэр мэт хамт байж, Бурхны айлдсан судар бүрийг үг үсэг нэг бүрчлэн тогтоосон анхны Типитака-Дхара (Гурван сав аймгийг эзэмшигч) билээ” хэмээсэнд бусад нь Ананд энэ чуулганд багтах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч “Энэ хуврагийн чуулган нь төгс гэгээрсэн Архантуудын чуулган билээ. Харин Ананд гэгээрлийн анхны шатанд хүрсэн Шротапана учраас цэвэр хүн биш билээ. Иймээс дараагийн шинийн 15 хүртэлх 15 хоногийн дотор Ананд бясалгалдаа шамдаж төгс гэгээрэлд хүрээд энэ чуулганд ирэх хэрэгтэй. Бурхан багш амьд сэрүүн байхад Ананд бясалгал хийх зав чөлөөгүй байсан билээ. Харин одоо Анандад хийх ажил үгүй тул одоо 15 хоног бясалгалдаа шамдах хэрэгтэй. Анандын сургаал зааврыг сонсож олон мянган хүн гэгээрэлд хүрсэн билээ. Ананд яаж бясалгах ёстойгоо мэдэж байгаагаас гадна бясалгалтай холбоотой Бурхны айлдсан сургаал судар бүрийг үг үсэггүй мэдэж байгаа учраас гэгээрэлд хүрэхэд саад болох зүйлгүй” хэмээгээд Махакашяпа тэргүүт архантууд Анандад дараагийн шинийн 15 гэхэд төгс гэгээрэлд хүрч Арихант болоод ирээрэй хэмээх даалгавар өгөн явуулжээ.
Ананд тэр мөчөөс эхлэн өдөржин шөнөжин Випашяна бясалгалдаа шаргуу шамдаж байлаа. Бусдад бясалгал заах амархан, харин өөрөө бодитоор хийх амаргүй байдаг билээ.
Ананд бясалгал хийхдээ “Би гэгээрэлд хүрч Арихант болох ёстой” гэсэн зорилго тавин өдөржин шөнөжин бясалгаж байлаа. Би гэгээрэх ёстой хэмээн анхаарал нь одоо цагийн бодит үнэнд хандалгүй, ирээдүйн үр дүнд шунаж байсан учраас “Ви+пашяна буюу билгүүнтэйгээр үнэнийг байгаагаар нь харах” бодит бясалгалаасаа хазайсан байлаа. Ийн хатуу хичээл зүтгэлтэйгээр 14 хоног шамдсан боловч өчүүхэн ч урагшилсангүй. Гэгээрлийн дараачийн 2, 3 дахь шат уруу ч ахисангүй. Бурхантай анх уулзах үeдээ хүрсэн гэгээрлийн эхний шатандаа хэвээрээ үлджээ. Ийн байх үeд Махакашяпа Арихант хүрэлцэн ирээд, байдлыг мэдээд маргааш өглөө нар мандах хүртэл хугацаа чамд үлдлээ. Маргааш өглөө нар мандах үeд бид Хуврагийн чуулганаа эхлэнэ. Тэр цаг болохоос өмнө гэгээрэлд хүрсэн бол хүрээд ирээрэй. Үгүй бол бид өөр нэгэн гэгээрсэн хуврагийг аваад Номын чуулганаа эхлэх болно” хэмээжээ…
Тэгэхэд Ананд “Би гэгээрэх ёстой” хэмээн шөнөжин бясалгалдаа шамдсаар өглөө үүр цайх үeд огт ахиц гарсангүй, 15 хоног шаргуу өдөржин шөнөжин бясалгасан боловч гэгээрэлд хүрч чадаагүй атал, одоо нар мандах хүртэлх богино хугацаанд яахин гэгээрэлд хүрч чадах билээ” хэмээн бодоод үнэнийг хүлээн зөвшөөрч, сэтгэл ирээдүй үрүү хандахаа байж, одоогийн бодит үнэнд хандаж, “Би гэгээрэлд хүрч чадсангүй. Би Шротапана хэвээр байна” хэмээн бодит үнэнийг хүлээн зөвшөөрөөд, олон хоног өдөржин шөнөжин бясалгасаар ихэд ядарсан тул хэвтэж амрахаар шийдэн “Би гэгээрэлд хүрсэнгүй. Би Шротапана билээ” хэмээн бодож, үнэнтэй эвлэрч, анхаарал одоо цагт хандан, хэвтэхээр шийдэн толгой дэрэнд хүрэх тэрхэн хоромд бүх үйлийн үрийг устган төгс гэгээрэлд хүрчээ. Олон төрөлдөө Бодисатватай хамт Випашяна бясалгал хийж, үйлийн үрийг устгасаар, энэ төрөлд устгах үйлийн үр бага үлдсэн нь толгой дэрэнд хүрэх тэрхэн хоромд хурц билгүүнтэй Анандын билгүүний галанд түлэгдэн устсан нь энэ байлаа…
Ийнхүү төгс гэгээрэлд “дэр толгойд хүрэх тэрхэн хоромд хүрсэн” агуу Ананд залран одож, бусад хуврагуудтай нэгдэж, Бурхны сургаал судруудыг хайлах анхны Сангаяана=хамтран дуулах чуулганд гол үүрэгтэйгээр оролцсон билээ.
Ийнхүү анхны Сангаяана Бурхан багш нирваан дүрийг үзүүлсэнээс хойш 3 сарын дараа Магадха улсын нийслэл Ражагаха хотын нэгэн уулын агууд эхлэж 3 сар үргэлжилж, Магадха улсын хаан Ажаташадру гол өглөгийн эзэн болсон билээ.
Ананд Бурхны айлдсан сургаал судар бүрийг “Эвам мэй суттан” буюу “Би ингэж сонссон” юм хэмээн эхлэн судар бүрийг дуустал нь уянгалаг хоолойгоор цээжээр айлдан дуусах үeд, тухайн судруудыг Анандтай хамт Бурхнаас биeчлэн сонссон 499 Арихантууд “Саадху, Саадху, Саадху” буюу “Сайтар айлдлаа, сайхан айлдлаа” хэмээн даган баясаж Анандын айлдсан судар бүрийг нэг бүрчлэн хянан тохиолдуулж, Бурхны цэвэр ариун айлдвар болохыг баталгаажуулж хамтран баталсан билээ.
Ийнхүү энэ мэтийн Хуврагийн чуулган Энэтхэгт 3 удаа, Шриланка улсад 2 удаа болж, 6 дахь чуулган 1954-1956 оны хооронд Мьянмар улсын Янгуун хотод болж, 2500 жилийн өмнө Ананд, Махакашяпа тэргүүтэй 500 Арихант Типитака-Дхара нарын баталгаажуулсан тэр л Бурхны 140 боть сургаал судруудыг дахин баталгаажуулан бидний үeд авч ирсэн бөгөөд, тэрхүү 6 дахь Сангаяана-аар баталгаажсан Бурхны сургаал судар 140 ботийг Энэтхэгт хэвлүүлсэн байна.
Монголын үндэсний номын сан олон гайхамшигт судар шаштирыг хадгалж байдаг. Эдгээрээс дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Лувсанданзангийн “Алтан товч”, цалин цагаан мөнгийг цаас болгон давтаж номын хуудас болгон түүний дээр цэвэр алтаар шарж хөөмөлдөн бүтээсэн “Сандуйн жүд”, Есөн эрдэнийн Ганжуур, Энэтхэгийн их бандида Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр Ланз үсгээр бичсэн Жадамба зэрэг хосгүй өв их байдаг.
Энэ л гайхамшигт өв бүхий номын санд Монголын түүхэнд тодоор бичигдэх олон гайхамшигт бүтээл, бичгийн соёлын өвүүд байдаг ч Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарт V Далай лам Лувсанжамцын өргөсөн Замбуутивд цор ганцхан, 111-н боть бүхий “Жалзэ тэмбан” хэмээх Ганжуур бий.
1673-н онд Өндөр гэгээн Занабазарыг олон жил цаст Түвдийн орноо эрдэмд шамдан суралцаад буцахад Монголд төдийгүй Замбуулинд цор ганцхан хувь “Жалзэ тэмбан” буюу “Дээд хааны босгыг тэвчихүй” хэмээх Ганжуурыг өргөсөн байдаг.
Бурхан багшийг мэндэлсний дараа Маяа хатан ордондоо буцаж ирэх үед ордонд морилсон мэргэн даяанч бээр нэг бол энэ хүү дэлхий дахиныг эзэлсэн их хаан болно эсвээс хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх их багш болж гэгээрлийн чинадад хүрч үнэний сургааль номоо дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлнэ хэмээн айлдаж, будда хоёрдугаар замыг сонгож үнэний сургааль номлол нь түгэн дэлгэрсээр буй.
Эзэн богд Чингис хааны алтан ураг Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарт ч мөн Бурхан багшийн нэгэн адил хоёр зам байсан ажээ. Чухам тэр л мэргэн даяанч шиг V Далай лам Лувсанжамц Өндөр гэгээний алс ирээдүйг нэвтэрхийеэ болгоон энэхүү “Жалзэ тэмбан” Ганжуурыг өргөж, хамаг амьтны тусын тулд үйл нисваанис, мунхагийн харанхуйгаар энэлсэн олон амьтныг аварч, амгалан нирваанд учруулан, газарчлах их сартваахийн үүргээ бүү умартагтун хэмээн сануулсан нь хэрэг биз ээ.
V Далай ламыг Өндөр гэгээнд энэхүү нандин судрыг өргөсөнд харам төрсөн Түвдийн зарим эрх мэдэлтнүүд зэвсэгтэй цэрэг дайчдыг хойноос нь илгээсэн бөгөөд түүнийг нь зөн мэдлээрээ илт болгоосон Өндөр гэгээн өнөөгийн Хятад улсын Гуанжоу мужийн орчим уулын хадан хавцалд “Жалзэ тэмбан” Ганжуураа нуугаад нэхэж ирсэн Түвд цэргүүдтэй уулзан ачаа хөсөг хэдийнэ Монголын нутагт ороод явж буй хэмээн хэлснээр тэд буцсан гэх.
Өдгөө Гуанжоу мужид “Ганжуур хавцал” гэж байдаг гэх ба эрдэмтэн судлаачид судлууштай.
Бурхны шашны хуврагийн тоонд багтан яваа эрдэм мэдлэгээр мөхөс надад энэхүү гайхамшигт сударт 140 гаруй баринтагийг бүтээн өргөх их буяныг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй хамтран үйлдэх их аз завшаан тохиосонд баярлаад ханамгүй.