Бурхан багш шавь нарын хамт

Анандын долоон зүүдний тайлал

Анандын долоон зүүдний тайлал нэрт судар оршвой.

Амин гавьяат Ананд эртний Энэтхэгийн Саравасти нэрт балгадад суун ахуй цагтаа нэгэн шөнө доорхи долоон янзын зүүдийг зүүдлэсэн нь:

1. Өргөн уудам далайн мандал тэр чигээрээ галд автаж өрвөлзөх дөл нь тэнгэрийн хязгаарыг хуйхламуй.

2. Нар баруунаа шингэж түнэр харанхуй орчлон ертөнцийг нөмрөөд тэнгэрийн цээлд ганц ч од гариг эс харагдмуй.

3. Олон гэлэн хийгээд гэлэнмаа нар том нүхэнд унасан байх агаад тэдний толгой дээгүүр эгэл хар хүмүүс гишгэчин явмуй.

4. Өтгөн саглагар ойн чөлөөн дэхь өндөр модны үндсийг сүрэг бодон гахай соёогоороо сэндийчиж үзэгдэвэй.

5. Уулсын хаан Сүмбэр хайрхан тэргүүнийг нь дарах хэдий ч учиргүй хүнд санагдахгүй аж.

6. Нүсэр биет эм заан нялх тугалаа тоолгүй орхимуй.

7. Араатны хаан арслан үхээд долоон ширхэг туг үс зогдороос нь хийсэж өнгө бүрийн үзэсгэлэнт цэцэгс биеийг нь бүрхжээ. Олон араатан амьтад түүний үлдэл сүрээс жийрхээд ойртон очиж чадахгүй аж. Харин түүний биеийг олон өчүүхэн жаахан хорхой шавьжнууд дураар мэрж идсээр баймой хэмээн зүүдлэжээ.

Ананд гүн нойрноосоо давхийн сэрээд Бурхан багшид бараалхан мөнөөх зүүдний тайлал учир юу болохыг асуужээ. Тухайн үед Басенади нэрт хаанд хутагтын дөрвөн үнэний тухай сургаалаа айлдаж суусан Бурхан багш нэгд нэгэнгүй сонссоны эцэст ийнхүү зарлиг болруун: Ананд аа ! Чиний урд шөнө зүүдлэсэн долоон зүүдний гол агуулга нь бурсан хуврагууд хийгээд ариун шажны ирээдүйн хэтийн төлөв ямар байхыг зүүдний ёр бэлгэсээр үзүүлсэн аж. Өдгөө би чамд ямар учиртай болохыг нэгд нэгэнгүй тайлан өгүүлсү !

«Эхний зүүдний тайлал нь гэлэн хуврагууд амин хувиа хичээж, ашиг завшааныг эрэлхийлэн өргөл барьцад шунахайрсны улмаас өвөр зуураа тэмцэлдэх нь тунгалаг ариун далайн уснаа тунарсан их түймэр дэгдсэнээс өөрцгүй болохыг өгүүлжээ. Ертөнцөд заларсан Бурхан нирваан дүрийг үзүүлснээр бусад том шавь нар ээлж дараалаад түүний хойноос одоцгоох нь нийт хүн төрөлхитөн хийгээд тэнгэр сахиулсангуудын хувьд хараагүй болсноос өөрцгүй хэрэг гэдгийг хоёрдох зүүдэнд бэлгэдэн өгүүлсэн байна. Алс хожмын ирээдүй цагт гэлэн хуврагууд өвөр зуураа өширхөн муудалцаж, үйлийн үрээс үл аюун сахил санваараа уландаа гишгэж, зугаа цэнгэлийг эрхэмлэн уналд орсон байдалтай чин сүжигт энгийн иргэд үл эвлэрч сайн үгсээр ятгах хэдий ч түүнийг үл ойшоон зоргоороо авирласны гороор үхсэн хойноо тамд унах бол гэрээс гараагүй хэдий ч ариун номонд хичээнгүйлэн шамдагсад өөд болохын цагт тэнгэрийн төрөл авах боломжтой гэдгийг гурав дахь зүүдэнд бэлгэдэн өгүүлжээ. Чиний үзсэн дөрөв дэх зүүдний ёр бэлгэс юу хэмээвээс гэрээс гарч гэлэн сахил залаагүй эгэл жирийн хүмүүс шашин номын үйлнээ хутгалдаж өөрийн санаан тааваар сахил шагшаабадын ёсонг тайлбарлаж бурсан хуврагуудыг гутаан доромжилж суврагыг эвдлэн хуврагийг хорлох учрыг өгүүлсэн аж. Бурхныг нирваан дүр үзүүлсэн хойно шажин номын их үйл хэргийг чи удирдан залж явах учиртайг тав дахь зүүдний ёр бэлгэс харуулж байна. Зургаа дахь зүүдний ёр бэлгэс нь цөвүүн муу цагт номын ёсон лугаа төсөө төдийхөн тэрсүүд үзэл хаа сайгүй дэлгэрсний харгайгаар бурхны шашин доройтох тул ариун сахилыг амь лугаа адил чанд сахиж бясалгал дияаны үйлнээ шамдагч хүмүүд аглагийг шүтэн олны нүднээс далд орцгоох ёсонг өгүүлжээ. Намайг нирваан дүр үзүүлснээс хойш 1470 оны турш гагцхүү бурхны олон шавь нар маань чин сүжгээр хичээнгүйлэн шамдаж бие сэтгэлээ ариунаар залж явах бөгөөс аливаа тэнгэрийн шулам хийгээд тэрсүүд номтонгууд ариун номын ёсонд халдаж эс чадах юм. Харин бурхны шажныг буртаглаж доройтуулагч нь уг чанартаа арслангийн биеийг дотроос нь идэгч үй олон хорхой шавь нар лугаа адил гэлэн санваартай хийгээд гэрээс гараагүй шавь нар маань байх болно гэдэг ёсонг долоодох зүүдний ёр бэлгэс харуулж байна. Арслангийн зогдороос намирсан долоон туг үс нь чиний зүүдэндээ үзсэн ёр бэлгэс одоогоос долоон зуун жилийн дараачаас эхлэн биеллээ олж эхлэхийг бэлгэдмүй.» хэмээвэй.

Орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар