Жанрайсэг

Арьяабалын магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Арьяабалын магтаал.

Намо Гүрү Аръяа Логишураяа.
Хутагт Их нигүүлсэгч Нүдээр-Үзэгч
Хиргүй лавайн өнгөт дээд сайн дүрст
Асар арилсан гэгээн гэрлээр сарны төвд үзэсгэлэнтэй
Аяа ямар мэт огторгуйд мянган нар мандсанчлан.
Мянган гэрлээ бадруулсан үлэмж их баатар
Гурван ертөнцийн газарч багш хэмээн алдаршсан
Гурван ертөнцийн амьтан бүхний ганц садан
Магадтай асрал итгэл Их нигүүлсэгч та таалагтун.
Би бээр тэргүүлшгүй цагийн хязгаараас
Буруу мөрд орон хүлээст орчлонд төөрлөө
Урьдаас буруу үйлийн хилэнцээр гутаж
Улмаар үйлдсэн нүгэлдээ ихэд сайрхлаа.
Олонтаа давтсан тийм үйлийн эрх хүчээр
Орчлонгийн зовлонгийн далайд живлээ
Уур хилэн бадарсан сэтгэлээр үндсээ шатаалаа
Уршигт мунхагаар оюун билэг минь мунхарлаа.
Хүсэл тачаалын далайд сүнс минь живээд
Хөөрөн ихэрхэх омгоор муу заяанд уналаа
Найдангуйн улаан хуйгаар орчлонд хийсч
“Би”-д барих үзлийн бат гинжээр хүлэгдлээ.
Галт гуу мэт шуналын хавцгайд унаад
Хатуу зовлонгийн хүчир намагт шигдлээ
Галын язгуурт халуун нар дээрээс шарлаа
Усан язгуурт сэрүүн чийг доороос хайрлаа.
Жихүүн хүйтэн салхи гаднаас шавхуурдлаа
Бүхнээс хямралдагч хий дотроос бослоо.
Аяа тэр мэт зовлон тэсэхүйеэ бэрх боловч
Авсан тангараг санваараа эвдэж яахин болмуй?
Хамаг зовлонгоор золин тангараг санваараа сахиад
Хүсэхүй сүсгээр дээд Хутагтыг үл орхивоос эл
Хутагт итгэл амьтны тусыг юунд үл зохиомуй?
Ханьцашгүй асрал минь намайг яахин үл нигүүлсмүй?
Мунхаг над мэт нь их хилэнц нүглийг үйлдсэн
Муу үйлийнхээ эрхээр цөвүүн ийм цагт төржээ
Төрсөндөө гашуудаж, муу үйлэндээ гэмшивч
Төлөөст орчлонгийн үйлийн эрх хуурмаггүй.
Үйлийн үрийн хүч догшин голын ус мэт
Үйлийн эрхийн урсгалыг нь буцаахад маш бэрх
Үнэн зарлигтай учравч ёсоор явж чадсангүй
Үзтэл бие, хэл, сэтгэл үйлийн эрхэнд оржээ.
Хилэнцэт үйлийн эрхийн их түймэр бадарсанд
Хэрэгт сэтгэлийн ногоо минь үнс чандар боллоо
Цогцос илбийн энэ бие үл тэсдэх аваас
Асрал итгэл нигүүлсэхүйт минь тэснэ үү?
Нар мэт гэгээн гэрэлт, сар мэт тунгалаг тодорхой
Нигүүлсэхүйн нүүрийг чинь үзэхийг хүсэн эрэвч
Тэргүүлшгүйгээс нүдэнд минь мунхагийн цагаа
Тогтон сохроод усны хөөсийг ч олж үл харна би.
Амьтны итгэл минь та эдүгээ хаана заларнам?
Амаргүй хатуу зовлон минь тэсэшгүй байнам
Айн ширвээтэж, чичрэн дагжнам
Асгартал уйлан энэхүү дуугаар бархирнам.
Асар эмгэнэхийн эгшгээр энэлэн дууднам
Асрал итгэл нигүүлсэхүйт минь сонсоно уу?
Хэзээ үхэж бие арилжих цаг ирэхэд
Хайрт ураг саднаас хагацан эрлэгт хөтлөгдмүй
Тэр цагт ертөнцийн элгэн саднууд ханилан дагахгүй
Үйлийн эрхээр би өөрөө ганцаараа тэнэж одмуй
Аяа тэр цагт надад итгэл аврал байхгүй аваас
Асрал итгэл та минь намайгаа орхино уу?
Үйлээр нэрвэгдсэн төрөлхтнүүд надтай адил
Тэргүүлшгүй цагаас чанх буруу атгагаар
Төөрч, гурван ертөнцийн орчлонгийн шавраас
Үл гаран, цаглашгүй галвын төрлүүдэд
Хэдий чинээ биеийг аван басхүү үхсэний
Хэрзгэр ясыг нь овоолвоос Сүмбэр уул мэт
Хар цусыг нь цуглуулваас Сүн далай мэт
Хийсэн үйлийг нь хурааваас санаанд багташгүй.
Гурван ертөнцийн тоогоор төрлийн амсар дамживч
Махарч үйлдсэн үйл нь хэрэг тусгүй замхарна
Гагцхүү тэдгээрийн дотор
Магад дээдийн дээдэд
Өчүүхэн төдий ч зорьсон буй аваас
Өнөд түүн дор нь нэгэн хэрэг буйяа.
Мах цусан биеийг аваад орчлонд тэнэж
Маш ширүүн зовлонгоор сансрын гянданд хоригдсон
Хүлцэн тэсэшгүй зовлон энэ мэт бөгөөс
Хамаг гэм эргүү өөрийн үйлнээс гарчээ
Нигүүлсэхүйгээр муу үйлийн цувирлыг таслаад
Нисваанист үйлийн хийг буцаан соёрхогтун.
Нисваанист ийм үйлийн хий хүчтэй болж
Мунхагийн харанхуйд ашид тэнэвээс минь
Бэлгэ билгийн зулын гэрлээрээ гийгүүлэхгүй юу?
Буруу гэмийн үйлийн үрийг үл тэсдэх аваас
Их нигүүлсэгч та бээр үйлсээ зохиохгүй юу?
Тэвчихүйеэ бэрх гурван хорын өвчнөөр энэлвээс
Их нигүүлсэхүй мэргэн аргаараа эдгээхгүй юу?
Тэд үрүү буруугийн халил гууд унаваас ч
Нигүүлсэхүйгээр түргэн ирж аврахгүй юу?
Хатуу зовлонт үйлийн эрхийн гал бадарваас
Нигүүлсэж сэрүүн хураараа унтраахгүй юу?
Гурван ертөнц дэх орчлонгийн зовлон арилсаар
Хэзээ өөрийн үрийг олсон тэр цагт
Хутагт Их нигүүлсэгчээс эрэхийн хэрэг юун
Амьтан үйлээр арилсан газарт агуулагдваас
Хутагтын нигүүлсэл түүнд ямар хэрэгт?
Дээд хутагт та нигүүлсэхүйн хүчит бөгөөс
Дэмий тэгш сац орхилго зохиолгүй
Ил голт зүрхнээсээ болгоогтун, Ялгуусан бурхан минь!
Хутагт Аръяабал дор уйлан залбирахын үүднээс магтсан, сургаалын багш Зандрагирди бээр зохиосон төгсвэй.

Их нигүүлсэгчийн бүтээлийн арга.

Өмнийн огторгуйд Хутагт Нүдээр-Үзэгч
Нэгэн нүүр дөрвөн мутарт, үндсэн хоёр мутраар алгаа хавсарсан
Үлдсэн хоёроор болор эрих, лянхуан модон барин
Авралын орны далайсаар хүрээлүүлэн орших боллоо.
Лам бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Ядам бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Бурхан бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Бодисатва бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Шравага, братигабуд бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Номын сахиусан бүгдийн хураангуй итгэл Нүдээр-Үзэгч
Өчирлөг талбимуй, нигүүлсэхүйн мэлмийгээр үзэгтэн
Энэ насны үзэгдэл шуналыг огтлохуйяа адистидла.
Муу заяаны төрлийг түрдэтгэн адистидла
Үйл нисваанисын хирийг арилган адистидла
Сансрын их далайгаас гэтэлгэн адистидла
Дээд бодь сэтгэл төрүүлэн адистидла.
Үнэхээр үзлийг онохуй дор адистидла
Хослон орсны хутгийг олуулан адистидла
Тэр мэт өчирлөг талбиснаар зүрхний Хри үсгийг
Зургаан үсэгтийн тарни тойрон эргэлдсэнээс
Гэрэл сацран, Ялгуусан бүгдийн адистидийг
Хурааснаас буусан рашаанаар амьтан бүхнийг гэтэлгэлээ
Тэндээс өөрөө хийгээд огторгуй дүүрэн авралын орон
Зургаан зүйл амьтан бүгд зэрэг уншихуйгаар санан маанийн үсгийг уригтун.
Эдүгээгээс хойш үхэн егүүтсэн тэр даруйдаа
Эндүүрэлт зуурдын үзэгдлээр төөрөлгүй
Хутагт Нүдээр-Үзэгч итгэлийг даган
Сухавадийн оронд төрөх болтугай.
Ялгуусны баясгалант сайн хот мандалд
Маш үзэсгэлэнт дээд лянхуагаас мэндэлсэн
Ялгуусан Гачаалшгүй гэрэлт Авид бурхны ил
Эш үзүүлэгдэхийг ч би тэнд олох минь болтугай.
Баатар Зөөлөн итгэл бээр ямар мэт айлдсан лугаа
Самандбадра тэр ч түүнчлэн айлдсан бөгөөд
Тэдгээр бүгдийг даган суралцахын тулд
Эдгээр хамаг буянаа зорин ерөөмүй.
Гурван цаг дор заларсан Ялгуусан бүгд бээр
Ерөөл алиныг дээдээр сайшаасан түүгээр
Би бээр ч буяны ёзоор эдгээр бүхнээ
Сайн явдалд огоот зорин ерөөмүй.
Үүнийг ч Сөнөд хошуунаас сүсэгтэн Гончигдандараас дурдатгасны хариуд тойн Гончигдамбийдонмэ бээр найруулсны бичээч нь аграмба Гончиггунгаа болой.

“Йогийн зүрхэн”.

Энэтхэгийн хэлээр Йогасаара.
Түвдийн хэлээр Налжор Нинбу.
Монголын хэлээр Йогийн зүрхэн.
Цогт Ертөнцийн эрхэт дор мөргөмүй.
Мөнх бус, зовлонг дурдан үйлдэж
Их нигүүлсэхүйг сайтар үүсгээд
Оройд лам, зүрхэнд ядам бурхныг
Өөрийн сэтгэлд үл алгасан бясалга
Алин ургасан бүгд тэр мөн бөгөөд
Тэр алинаа ч эс ургасан болой
Тиймээс аль төрсөн тэр эс төрсөн
Эс төрсөн ямагт төрөхийн ёст
Алин төрвөөс байгуулын чанар мөн тул
Тэр ургасныг дурдаад эс мартваас
Алин үзэгдэл хоосон чанар ямагтад
Йогийн хаан саар үгүй бүтмүй
Эс шинжилсан амьтнаа өөрийн эрхтэй
Зүйл бүхнээр зоригдсон нэр сэтгэлээр
Их нигүүлсэхүй аяндаа бүтвээс
Тийм арга самбаагаар бодийг олмуй.
Үүнийг йогазарийн эрх баялагт их шидтэн Мидразоги зохиолоо.

Ум мани бадмэ хум.

Бодала уулын оройн
Лам Хутагт Аръяабал
Төрөл тутамд минь даган барьж,
Их хөлгөний мөрөөр гэтэлгэгтүн.
“Ум Мани Бадмэ Хум”
Чөлөө учрал олдохуйяа бэрх, эвдрэхдээ хялбар
Нарийнаас нарийн хар цагаан үйлийн үр хуурмаггүйн ёс
Орчлонд амгалантай цаг үгүй энэ гурвыг
Санан дурдмуй, Аръяабал аа!
“Ум Мани Бадмэ Хум”
Эх болсон бүхий л амьтны тулд
Гүнзгий ахуй их бодийн сэтгэл
Түргэнээ үндсэнд минь төрөх болоод
Хамаг амьтан тан лугаа сацуут болтугай.
“Ум Мани Бадмэ Хум”
Алин үзэгдэл Лам Аръяабал
Алин дуурсал зургаан үсэгтийн дуун
Алин ургасан амгалан хоосны йогоор
Гурван биеийг түргэнээ олох болтугай.
“Ум Мани Бадмэ Хум”
Энэ, хойт, зуурд бүхэндээ
Аръяабал лугаа үл хагацаад
Тангараг санваараа доройтуулалгүй
Хоёр тус бүтээхийн өлзий хутаг орштугай.
“Ум Мани Бадмэ Хум”
Үүнийг ч сүсэгт шавь Ишлодонгоос хүсэмжлэн дурдатгасны хариуд газрын хязгаарын галзуу гуйранч Равжаа нэрт бээр найрууллаа.
Гандандэчинданшигчойнхорлингийн лаврингаас бард бүтээлгэсний буянаар амьтан бүхэн
Мутартаа лянхуатаар даган баригдах болтугай.
Залуу идрийн лагшин биеийг баригч
Бэлгэ билгийн зул маш бадруулагч
Гурван ертөнцийн харанхуйг арилгагч
Зөөлөн эгшигт дор мөргөмүй.
“Ум Аравазана Ди”
Буян үүгээр түргэнээ би
Гэтэлгэгч Манзушрийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf