Баянбулаг хайрхан

Баянбулаг хайрханы сан тахилгын судар

Баянбулаг сумын нутагт тахилга тайлгатай нутгийн ард түмэн тахин шүтэж байдаг уулс овоо олонтойсон. Үүнд Баянбулаг уул, Өндөр Өлзийт, Баянцагаан уул тус тусын сан магтаалтай эзэн савдагтай гэгддэг бөгөөд Баянцагааны эзэн нь хөх чоно байх бөгөөд тус ууланд ан амьтан агнахад цээртэй, хорлол ихтэй гэдэг. Тиймийн тул Баянцагаан уулын савдаг хэцүү гэгддэг юм. Нутгийнхан нь чононд малаа өгвөл савдгийн хорлол боллоо гэж ихэд сэжиглэн аргалуулдаг байна. Учир мэдэхгүй гаднын хүмүүс анд нь хорхойсч оролдсоноос гайтаж энэдэх нь бишгүйдээ байдаг. Баруун уул, зүүн уул гэж хоёр талаас нь нэрлэдэг. Өндөр өлзийт хайрхны савдаг эзэн нь хар буур хөлөглөсөн нум сум агссан хар хүн байдаг бөгөөд газар нутагт ган болоход Говь гурван сайхан уулын эм савдаг уруугаа гурван найман жил яваад ирдэггүй гэдэг бөгөөд сан тахилгыг нь тайж байж ирдэг хэмээн домоглодог юм.
Хүрээмарал сумын хойт хэсгээр нутагладаг хүмүүс Дуурахын хөндий Раднаагийн овооноос сан магтаалыг нь уншиж тахидаг заншилтай. Баянбулаг уулын савдаг нь хүрэн халзан морь унасан нум сум агссан жад барьсан баатар эр байдаг бөгөөд нэр нь Жанцанжалцанчойжижамц буюу улаан Буйдан гэдэг ажээ.
Гурван оны өвөрт Буйдан баатрын буурь гэж байдаг байна. Эл уулын савдаг нь гадагшаа цагаачлан явагчдаа ихэд хойноос нь ивээн тэтгэдэг. Гаднаас ирснийг нь бас сайн хардаг гэцгээж байх юм. Баянбулаг хайрхныг тахихдаа Ловон Бадамжунайг улаан шунхаар будаж уншлага үйлдэхүйд Хөдөө нуур улаан өнгөтэй болдог байв. Баянбулагийг Шивээгээс тахидаг бөгөөд 1-р багийн хагас, 2, 3-р багийнхны ихэд хүндэлж тахидаг шүтээн уул юм. Ер нь сүүлийн үед тус сумын бүх хүмүүсийн шүтээн болж чаджээ. Энэ хайрхан Баянбулаг сумын төвөөс баруун хойш 7-8 км зайтай, 46051’50” Х.Ө. 98001’00” З.У солбицолд оршино.
Баянбулагийн сангийн орчуулга
Аяа. Хүслийн таван эрдэм төгс цувиралгүй тахилыг өргөмүй.
Хөвчин дэлхийн эзэн хийгээд ялангуяа Говийг эргэгч
Баянбулаг хайрхан уулнаа ямагт оршигч
Бадмаараг улаан лагшинт хүчир их Доржбавуу ану
Нэгэн нигуураа дэлгэн соёогоо яралзуулж
Хос мэлмий нь өчүүхэн хилэгнэхүйн ёсоор ширтсээр
Баруун мутартаа манжлагат улаан жад бариад
Зүүн мутрын цалмаар дайсан тотгорыг гэтэлгэсэн
Бат чийрэг ширэн хуяг, дуулга, булигаар гутлыг соёрхсон
Эрэмгий хүрэн ажнай хүлэг моринг гашүр эрдэнийн
Эмээл хазаараар хээмсэглэсний дээр агсрахуйн ёсоор
Болгоох бөгөөд дөрвөн үйлсийн нөхдөөр хүрээлэгдсэн танд
Баясгаланг үүсгэхүйн тухайд сайтар бишрэн өргөе.
Болгоон зооглож ба бүрний явж суух аливааг үйлдвээс
Бүхий харшлах нөхцлийг арилган зохилдох нөхцлийг бүтээж
Буяны сайн чуулганыг зуны нуур мэт арвитган зохио.
Тус амгалан гарахуйн орон ялгуусны шашин эрдэнэ
Дэлгэрэн өргөжиж шашныг баригч төрөлхтний өлмий батдан
Ба бүрний ахуй үес энэ ба эцэс хойтын
Баталж санасан хэрэг бүхэн номчлон бүтэх болтугай.
Арилсан үлэмж сэтгэлээр ёс үүнд хичээснээр
Ариун Эсрүа хийгээд эрхэт ертөнц ивээж
Аугаа Хангай хан тэргүүтэн сахиусан бээр ч
Алгасрал үгүй сахиж мөнхөд нөхөрлөх болтугай.
Домогт Эсрүа хийгээд Эрхэт тэнгэр, сахиусны адистидаар
Тусыг зохиогч тэнгэрийн өлзий хутагт орон болоод
Сайн амгалан санаа ямагт сэтгэлчлэн бүтээд
Саар өвчин үгүй урт наст амгалан төгөлдөр болтугай.
Язгуур үндэсний лам, ядам, чухаг дээд гурав
Ялагч баатар дагинас, номыг тэтгэгч сахиусны чуулган
Ялгуусан орны тэнгэр шивдаг, цагаан зүгийг тэтгэгчдийн
Ямагт зохилдох нөхцөл сэтгэлчлэн бүтэхийн өлзий хутаг оршиг.
Тэгшбуянтын сангийн орчуулга
Одоогийн Баянбулаг сумын нутагт байдаг Тэгшбуянт хайрхан болон түүний эргэн тойронд орших Баянцагаан, дорно зүгийн Өндөр өлзийт, өмнийн уул Гонзүндэмо, Дэлгэрнаран, Өргөнмандал уулын газрын эзэн савдаг, нөхөр сэлтийг урин залж, хүсэл эрдмийн тахил, хан төрийн долоон эрдэнэ, элдэв сан тахилыг өргөн таалал сэтгэлийг нь ханган нутаг усаа даатган, дөрвөн хөлт мал сүргийг арвижан дэлгэрүүлэхийн үйлсийг зорин хүссэн байна.
Аяа. Балам хийгээд ядам, бурхан, бодисад нар ба
Баатар дагинас, чойжин сахиусан дор сөгдөе
Хри. Үржин гүрү Ловон Бадамжунай бээр
Язгуур үндэсний ламын зарлиг, тангаргаас үл даван
Ялгуусан Хангай хан шашныг сахихуйн тухайд
Өрнө зүгийн барагдашгүй буянт Баянцагаан
Өнөд түүнээ голлон оршигч Тэгшбуянт
Өгөөж ихт дорно зүгийн Өлзий өндөр
Өмнийн сүрлэг их уул Гонзүндэмо
Санасан хэргийг бүтээгч Дэлгэрнаран
Сайн зохилдох шалтгааныг бүтээгч Өргөнмандал лугаа
Газрын эзэн савдаг нөхөд сэлтээр ажран соёрх.
Гадаад дотоод ойр эдлэл, хүсэл эрдмийн хөгжим
Хан төрийн долоон эрдэнэ өлзийт тэмдгийг өргөе.
Хамаг шүтээний эд, элдэв гөрөөс, мал сүргийг
Ханатал дүүргэн өргөмүй, баясан таалж, батлан оршоо.
Гайхамшигт сангийн эд, элдэв утлага, талхадмал тэргүүтэн
Гурван цагаан, гурван амттан, тараг, айраг, зоогийг өргөе
Хамаг тахилыг болгоон таалж баяслыг зохион соёрх
Хуврагийн аймаг чуулганы номлол сонсголонг арвитгаж
Хутагт дээд номын бүтээлчний барцад саадыг амирлуул
Хуурмаг үгүй суртгаал зуны тэргэл саран мэт мандаж
Дэлгэрэх урт насан, дэгжих хишиг буяныг арвитган зохио.
Хотол чуулганаа нас, буяныг арвижуулахуй үйлсийг зохио!
Ялангуяа төгс баясгалант уулнаа хурсан балгадыг
Ямагт батлан сахигч нөхөр дор зохион соёрх.
Дээдэс хуврагийн барилдлага, нийтийн эдлэл, эрдэнэ
Дөрвөн хөлт мал сүрэг арвижихын шид бүтээлийг хайрла.
Даатгасан элдэв үйлсийг өдрийн цагт сахин арвитгаж
Доройтуулал үгүй шөнийн цагт сахин манаж зохио.
Тус амгалан гарахуйн орон ялгуусны шашны арван зүгт дэлгэрч
Дээд төрөлхтөн шашныг баригчдын өлмийн лянхуа батдан
Дэлгэр шашны өглөгийн эздийн аугаа хүчин асар өргөжөөд
Тэгшид амьтан бүхний амгалан амьдралын өлзий орших болтугай.