Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Баяндавааны сан, Хүмүүний нүүр уулын сан тахил өргөх ёсон оршвой

Сарлаг толгойт лусын шимнусын оршигч Огторгуйн цагаан далайн сан тахил өргөх ёсон оршвой.
Ламын гэгээн шавийн хошууны их тахилгын найман газрын нэгэн болох Баяндавааны Зүүнбулаг хэмээх 13 овоотой булаг бий. Энэ булгийг дээр үед 3 жилд нэг удаа тусгайлан тахидаг, тэр үеэрээ морь уралдуулж, хүүхдийн барилдаан хийдэг байжээ. Энэхүү сангийн судрыг Жүд хамба Лувсанцүлтимийн хүссэн ёсоор Мижэджэйшаддорж бичвэй хэмээжээ. Мижэджэйшаддорж бол Ламын гэгээний гуравдугаар дүр Лувсанцэвээнжавчог /1789-1846/ мөн хэмээн ачит язгуурын багш Л. Юндэнбат ламтан айлдсан билээ. Тус сударт Эсрүа тэнгэрийн зарлигийн хамсаа Сарлаг толгойт лусын шимнусыг урин залж, хүслийн таван эрдэм, хаан төрийн долоон эрдэнэ, ариусгал сангийн утаан үүлсээр тааллыг нь хангаж амирлангуй, дэлгэрэнгүй, хатуу, эрхэнд хураахын тийн дөрвөн үйлсийг шамдал үгүй аяндаа бүтэхийг чухалчлан даатгажээ. Баяндаваа нь Өлзийт сумын төвөөс 55 км зайтай, далайн түвшнээс дээш 3240 м өндөрт, 46.19’00” Х.Ө. 101.22’40” З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Асар арилсан номын төвийн орд өргөөнөөс
Аугаа их тэнгэр Эсрүагийн зарлигийн дээд хамсаа
Ариун увш лусын шимнус Сарлаг толгойтон нөхөр сэлтээр
Алгуурлаж түдэл үгүй орон үүнээ эдүгээ залрагтун.
Өмнийн талд зүлэг төхөм зэгсний цэцэглэг машид дэлгэрсэн
Үнэхээр яруу аялгуут шувуудын чуулган элин хальсан орон
Сэтгэлд зохист дээд огторгуйн цагаан далай үүнээ
Сансар орчлонгийн эцэс хүртэл баясан батдан орш.
Хүслийн таван эрдэм чухал эдлэл хийгээд өлзий хутгийн
Хувьт тэмдгийн эд, хаан төрийн долоон эрдэнэ тэргүүтэн
Бодитой бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахил хоцролгүйг
Бишрэлээр өргөх болой, нигүүлсэхүйн тааллаар зоогло.
Тунгаамал алтан мэлтэлзэх адил бэлгэ билгийн галд
Тэн хэтэрхий болсон ариусгалын зуун эдийг шатаасны
Тунарсан утаан тэнгэрийн мөрийг бүрхсэн тахилын үүлийг
Тогтоон таалж тийн дөрвөн үйлсийг хоцролгүй бүтээ.
Гурван цагаан, гурван амттан басгасан зоогийн чуулган ба
Гинаран лусын эм, шимийн эмт тахилыг өргөн наминчлахуй
Ба бүрэн гурван хорын эрхээр таны таалал лугаа
Буруулж харшилсан үйлс бүхнийг хоцрол үгүй хүлцэн зохио.
Түгээмэл нутаг орон хийгээд ялангуяа номын их хүрээлэн
Төгс баясгалант амгалан төгс тивийн хурсан аймаг хийгээд
Албат иргэд, шар хар олны харшлах нөхцөл бүхэн
Амирлах бөгөөд хүссэн хэрэг хоцрол үгүйг сэтгэлчлэн бүтээ.
Түүнчлэн ирсэн бурхан бүхэн хурсан Бадамжунай хийгээд
Тэнгэрлэг дээд Лавайн титэмтний зарлигийн хамсаа нугууд
Огтоос үл орхин ба бүрэн нөхөр сэлт бүхнийг
Ойр сахин аварч, адистид үйлсийг түдэлгүй бүтээ.
Хэзээд би тэргүүтэн огторгуй сацуу эх болсон амьтан бүхэн
Ханьцашгүй туулсан бодийг бүтээхийг хүртэл
Ханьсан нөхөрлөж аугаа ихээр огтоос огооролгүй
Хайнгадан алгасралгүй зохиогтун цог төгс ид хүчтэн
Өлзий хутгийн хурыг буулгагч лам ядам бурхан
Өлзий хутгийн дээдийг хайрлагч лусын хаан нөхөр сэлт
Өлзий хутгийн буяны бэлэг цог адистидыг дэлгэрүүлэн
Өлзий хутгийн дээд дор цэнгэхийн баяр хуримыг хайрла.
Хэмээн дээд тэнгэр гурван орны эзэн лавайн титэмт Эсрүагийн зарлигийн хамсаа Сарлаг толгойт лусын шимнус оршигч өргөө Огторгуйн цагаан далайн сан тахил өргөх ёсон энэ мэт нэгэн хэрэгтэй хэмээн огоотын буяны садан Жүд хамба Лувсанцүлтим бээр шаардсаны учирт тойн дүрст Мижоджэйшаддорж бээр бичвэй. Үүгээр ч шашин амьтан ерөөлийн угт орох болтугай. Сарва манга лам.
Хүмүүний нүүр уулын сан тахил өргөх ёсон оршвой
Хүчир догшин талын тэнгэрийн оршигч орд өргөө Хүмүүний нүүр ууланд ариусгал тахил өргөх ёсон энэ мэт хэрэгтэй хэмээн Жүд хамба Лувсанцүлтимийн шаардсаны учирт арвис баригчийн дүрст Мижиджэйшаддорж /1789-1846/ бичвэй хэмээсэн уг судрыг чухам ямар уул овооны сангийн судар болохыг өнөө хэр миний бие тодруулж чадаагүй байгаадаа хүлцэл өчмүү. Юутай ч болов энэ бол Ламын гэгээний хошуу нутаг дахь тахилгат хайрхнуудын нэгнийх нь судар лавтайяа мөн тул хошуу нутгийн их тахилгын үеэр уншиж байвал зохистой хэмээн үзэж байна.
Судрын орчуулга
Ум сувасди.
Ялгуусан бүхэн хурсан Бадмагийн гавал эрхит
Ялгуусан зарлиг бэлгийг оройд баригч шашны их сахиусан
Өрлөг дээд хүчир догшин талын тэнгэр нөхөр сэлт
Өдгөө ямагт энэ орноо ажран соёрх.
Өмнийн талд эмийн модон ой цэцэглэг асар дэлгэрч
Ариун усан алгуур бууж яруу хэлийн шувууд чуулж
Араатан гөрөөд дүүрсэн орд их өргөө
Хүмүүний нүүр уул үүнээ баясан батад оршсоноор
Хүслийн таван эрдэм хийгээд гадаад дотоод чухал эдлэл
Хутаг өлзий тэмдэгт эд, хаан төрийн долоон эрдэнэ
Элдэв мэс, адуу, сарлаг, тэмээ, хонь эрдэнэ
Эрээн жансиг тэнгэрийн мөр бүрхсэн тахилын үүлсийг өргөмүй.
Асар бадарсан өглөг идэштийн цогц бадарсны дунд
Анхилам үнэртэн элдвийг шатаасан сангийн эдийн
Утаан үүлс огторгуйн эн бүхнээр машид дүүрснийг
Уугиулан өргөх болой баясал ихээр зооглон соёрх
/гурван удаа/
Гурван мянган ертөнц мэт уужим гавал саванд
Гурван цагаан гурван амттан мах, цус, үр жимсээр
Зориулан судалж, онож, бадруулан үйлдсэн зоог үүнийг
Зооглон таалж тийн дөрвөн үйлсийг хоцроолгүй бүтээ.
Түүнчлэн орон газар нийт ба номын их аймаг
Төгс баясгалант амгалан төгөлдөр тивийн хурсан аймаг
Албат иргэд шар хар олны харшлах нөхцөл амирлаж
Аялдан зохилдох нөхцөл санасан хэргийг саадгүй зохио.
Ялангуяа сахуу боом, эсэргэнэ, яр шарх тэргүүтэн
Лус догширон газрын эздийн хорлол болсон хоцролгүйг
Язгуураас амирлуулж өвчин үгүй насан урт болоод
Лавтай цагаан буян дэлгэрэхийн үйлс хэргийг зохио.
Их багш ловон Цожэйдорж хийгээд
Их тэнгэр дээд Эсэрүагийн зарлигийн хамсаа нугууд
Аливаа ном төгс үйл бүхнийг тотгор үгүй бүтээ.
Өлзий хутгийн дээд болсон цог төгс лам ба
Өлзий хутгийн дээдийг соёрхогч ялж төгссөн ядам бурхан
Өлзий хутгийн дээдийг дэлгэрүүлэгч очир бадруулагч хүчин
Өлзий хутгийн буяны бэлэг бадрахын шид бүтээл хайрла.
Хэмээн шашны их сахиусан хүчир догшин талын тэнгэр оршигч өргөө Хүмүүний нүүр ууланд ариусгал тахил өргөх ёсон энэ мэт хэрэгтэй хэмээн огоотын буяны садан багш Жүд хамба гавж Лувсанцүлтим бээр дуртгасны нигуурт Мижиджэйшаддорж бичвэй. Буян болтугай.