Баянхайрханы сан - Гурванбулаг сум

Баянхайрханы сан (Гурванбулаг сум)

Баянхайрхан уулыг Отгонтэнгэр хайрхны жасын нярав хэмээдэг байна. Эл хайрхны савдаг Довдон сивжид нь үүлнээс ангижирсан огторгуй мэт тунгалаг лагшин биетэй, нэгэн нигуур, хоёр мутартай, баруундаа зүгээс асар ялагч сум барьсан, зүүн мутраар хүссэн бүхнийг хайрлагч эрдэнийн сан барьсан, лагшин биедээ тэнгэрийн торгон хувцас асааж, эрдэнийн чимгээр гоёсон, хааны ахуй ёсоор лавайн титэм соёрхож, барсын арьсан гутал өмсөж, өсгий цагаан хар морь хөлөглөн оршдог байна. Түүний хатан Эд баригч эх Норзинмаа нь бие лагшны өнгө цагаан хоёр мутартаа эрдэнэ барьж, таван зэндмэни эрдэнийн титмээр чимэглэн идэр залуугийн цогоор дэргэд нь оршин байх ажгуу. Тэдний орчин тойронд хөвгүүд, охид, түшмэд, цэргийн ёсонд оршигч лусын чуулганууд даатгасан үйл бүхнийг бүтээхүйн түлд тахил зоогонд баясан хуран чуулан байдаг байна. Баянхайрхан уул нь сумын төвөөс баруун урагш 33 км зайтай, далайн төвшнөөс дээш 3290м өргөгдсөн, 47011’50” Х.Ө. 98010’05” З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Ум савасди.
Энд Баянхайрханд сан тахил өргөхүйг хүсвээс ариусгал эдийг адистидла. Санааг баттай тодруул.
Асар хуурмаг үгүй дээд гурвын үнэн адистидаар
Ариун номын агаар их амгалангийн цэнгэлээс
Ариусгал эд гадаад, дотоод, нууц тахилын үүлс
Алтан дэлхий, завсрын гэгээ, орон бүхнийг бүрхэх болов
Өмнийн төвд усан мөрөн, олон уулсаар хүрээлэгдсэн
Элдэв олон эрдэнэсээс сайтар бүрдсэн
Эрхэм уулсын хан сүмбэр мэт бүр жавхлант
Өндөр их уул Баянхайрхан үүнээ оршигч
Тэнгэр лусын эрхэм хүчин төгс Сэвжид ану
Үүлнээс ангижирсан огторгуй мэт лагшин биений
Үзэсгэлэнт нэгэн нигуур, хоёр мутрын баруунаар
Үл зохилдох зүгийг асар ялсан сум бариад зүүнээр
Үлэмж хүсэл бүхэн гарах эрдэнийн сан барьсан
Эгэлгүй лагшиндаа тэнгэрийн баримтаг асааж
Эрдэнийн чимгээр хээмсэглэн хааны ахуй ёсоор
Дун лавайн сайн титмээр тэргүүнээ чимж
Догшин барсын арьсаар үйлдсэн гутал соёрхож
Өсгийн цагаан хар морь хааяа нэгэн хөлөглөж
Үлэмж зонхидоо таван зүйл эрдэнээс бүрдсэн
Өндөр ширээнд баатрын байдал ёсоор оршвой.
Баруун зүүнд түүний хатан Норзинма
Бие лагшин цагаан бөгөөд хоёр мутраар эрдэнэ бариад
Ихэмсэг тэргүүнээ таван зэндмэнээр чимэглэн
Идэр залуугийн цог барин баясахуйн ёсоор оршвой.
Түүний эргэн тойронд хөвгүүд, охид, түшмэд хийгээд
Цэрэг тэргүүтний ёсонд оршигч тэнгэр лусын аймг сэлтээр
Тахилын чуулганыг зооглон хүссэн хэргийг бүтээхүйн тулд
Гүйцэд бодитой бэлтгэж сэтгэлээр сайтар хувилгасан
Гадаад, дотоод, нууц тахилыг Баянхайрхан дор
Оршсон тэнгэр, лус, нөхөд чуулган бүхэн дор
Өргөх болой, зооглон таалж, шашныг тэтгэн зохио.
Тэнгэр, лус, хүмүүний хишиг буянаас бүрдсэн
Дүрс, дуу, үнэр, амт, мэдэрхүйн таван зүйлийг
Газар, дэлхий, огторгуйн энд тулцалдуулан өргөе.
Болгоосноор амьтан бүхний амгалан жаргалан арвидах болтугай.
Гайхамшиг гарсан сэржим, тараг, сүүний сайн чуулганыг
Баясгаланг үүсгэхүйн тулд машид өргөн үйлдэе.
Баясан таалснаар би тэргүүтэн бүхний
Бодсон хэрэг бүхнийг сэтгэлчлэн бүтээн зохио.
Самади тарни хийгээд мутарлагаар адистидласан
Сүмбэр уул мэт овоолсон аугаа их зоог
Гадаад, дотоод, нууцын тахилын чуулган сэлтийг
Гайхамшигт Баянхайрхан уул үүнээ оршигч
Тэнгэр, лус, шивдаг эрхэм нөхөр бүхэн дор
Дахин бас ба бүрнээр өргөж үйлдэе.
Баясан зооглосноор ханан сайтар цэнгээд
Ба бүрний төгс эдлэлийг арвитган зохио.
Нутаг орон бүхэнд огоот дүүрэн бэлчсэн
Морь, хонь, сарлаг үхэр тэргүүтэн сүргийн чуулганыг
Бодитой өргөх болой, тааллыг хангах болсноор
Би тэргүүтэн бүхний сүргийн чуулганыг арвитган зохио.
Элдэв лусын өвчнийг анагаах хүчин төгс
Эмийн чуулган бүхнийг машид өргөн үйлдье.
Болгоосноор буян хишиг, сүр жавхлан асар бадарч
Би тэргүүтэн бүхний хамаг өвчинг амирлуулан зохио.
Дуулга, хуяг, хурц мэс, жад хийгээд нум сум
Тангарагийн эд, жансигаар газар дэлхийг дүүргэн өргө
Зооглосноор харшлах нөхцөл барцад бүхнийг амирлуулж
Зохилдох нөхцөл, сайн чуулган бүхнийг арвитган зохио.
Бэлгэ билгийн гал дунд арц, агар тэргүүтэн
Буман лусын эмийг шатаасны утаан үүлсээр
Баянхайрхан уул үүнээ оршин эзэгнэгч
Бүхий тэнгэр, лус, шивдаг, эрхэм нөхдийг ариул.
Ариусгал тахил өргөснөөр та бүхэн дор
Ариун бусын түйтгэр гаднаас тусах хийгээд
Дотоод гурван үүдний хилэнц түйтгэр хоцролгүйг
Дээд номын төвийн агаарт ариусгамой, ариун болой.
Тэр мэт тан дор сан тахил өргөсөн буянаар
Ба бүрний хямрал тэмцлийн сэтгэл тэргүүтэн
Буян бусын тангараг доройтсон үйл бүхнийг
Дээд номын төвийн агаарт ариусгах болтугай.
Үнэмлэхүй зоригдол үгүй, янагуух үзэгдэл дор
Егүүзэр сэтгэлийн цэнгэл дор ургах эд
Дээд орны үндсэнд их амгалан үүсгэгч
Дотоод, гадаад нууцын тахил нийт ба ялгавартайд
Бэлгэ билгийн гал дунд ариусгал эд цаглашгүйг
Басгаж шатаасаны усан баригч тэнгэрийн мөрт тулцан
Би тэргүүтэн орон балгадын нөхөр сэлт хийгээд
Ялгуусан эх нутгийн төв өндөр уул сэлтээр
Ертөнцийн орон үүнээ тогтсон цагаас эхлэн
Язгуур өндөр, хүчин их, төгс эдлэл арвин баялаг
Баянхайрхан уул үүнээ сайтар оршин эзэгнэгч
Тэнгэр, лус, шивдаг, эрхэм нөхөр та бүхэнд
Тахил ариусгалыг ахин дахин машид өргөснөөр
Та бүхнээр ба бүрэнд баясах ямар мэт
Эрдэнийн сангийн үүд ч машид нээгдсэнээр
Эд баялаг, төгс эдлэлийг уул мэт үлшгүйгээр соёрх.
Ямагт лам чухаг гурвыг тахилын орон болгон
Ядуу хоосролыг арилган ахуй үесийн тусыг бүтээхээр
Үүнээ оршсон тэнгэр, лус, тан дор тахиснаар
Үргэлжид та бүгдээр цагаан зүгийг тэтгэн зохио.
Хэмээн Баянхайрханд сан тахил өргөх энэ мэт нэгэн хэрэгтэй хэмээн шаардсаны учирт ерийн дүр ёсонд үйлдэгч нэгэн бээр үйлдвэй.
Сайн буян арвижиг. Мангалам. Буян болтугай.