Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Баянхонгорын орны эзний сан тахилга өлзийт далайн уйлга оршвой.

Энэхүү судар нь Баянхонгор хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ном юм. Баянхонгор хайрхан уул нь Галуут сумын төвөөс баруун хойш 7 км зайд, 46044’30” Х.Ө. 100004’40” З.У солбицолд оршино.
Дашдоо гүний хошууны Ганданцэжайлин хийдийн номч лам Дандончоймзадын /XIX зууны үеийн хүн/ зохион найруулсан энэхүү зохиолын залбирлын хэсэг, урилга, айлтгалын хэсэг, ариусгалын хэсэг, даатгалын хэсэг, хишиг даллагын хэсэг, төгсгөлийн үг гэсэн үдсэн долоон хэсэг нь Түвд, Монгол сан тахилгын судрын сонгодог хэв загварыг заан үзүүлж байна. Энд чухамдаа Бадамсамбхава багшийн үеэс уламжилсан аг дандарын ёсны уламжлал, монгол язгуурын шүтлэг, уул усны тайлга, тахилга өөр өөрийн зохист байрнаа байрласан болохыг ажиглаж болно. Баянхонгорын орны эзэн нь биднийг нүүх суух алинд ч гурван өдөр араас харуулдаж, гурван шөнө урдаас тосож, санасан хэргийг замд нь зохиодог, хонгор нутгийн малчин түмний хажир догшин атлаа, хайр ивгээл ихтэй эзэн мөн билээ.
Судрын орчуулга.
Аяа. Өлзий хишиг бүрдэгсэн дээдийн эл оронд
Ариун эдлэл, тахил, балин, нүдний гайхлын чуулганыг
Асар төгсгөн үүлэн мэт сайтар жигдлэн бэлтгээд
Ашид сансар нирвааны зочин нугуудыг урин залмуй.
Язгуур хийгээд дамжлагын багш нугуудын чуулган ба
Ядам тангарагтан, бурхан бодисадва нар хийгээд
Ялгуусан баатар, дагинас, номыг тэтгэгчин
Ямагт харсан сахиусны чуулганууд ажиран соёрх.
Асар жичлэн шашин гарах их орон
Амар баясгалант Ганданцэжайлан хийдийн
Арын уул газар баригчийн эрхт сүмбэр мэтчилэн
Ашид өөсөөн бүтэн сүр жавхлан хэтэрхий сүндэллээд
Аугаа үзэсгэлэнт газар баригч уулсын эрхисээр
Асар хүрээлүүлсний гол төвд машид өндөр бөгөөд
Арван буяны өлзий бэлгийн цог сүрээр
Ашид маш баялаг Баянхонгор хэмээн
Алдаршигсан орны эзэн хүчир догшин таныг залмуй.
Аугаа хүчин, рид хувилгаан төрвөл үгүй бөгөөд
Ариун шашныг баригч тахилын эзэн дээд сүлд тэнгэрийн
Асар эрхшээлийн доорхи уулс ус, газар шороо, хад чулуу
Амьтныг умдаалагч булаг, горхи, цөөрөм, худаг ба
Асад тойром бүрд, урсгал ус, уужим тал
Аялах шулуун зам, уулзвар салаа хийгээд
Алив сүм дуган тэргүүтнээ орших сэлтийн
Орны эзэн шивдаг ба тэнгэр, лус, албин
Омог их найман аймгийн чуулган сэлт
Огторгуйн их үүлс салхиар долгисон буух мэт
Онц их ридийн хүчээр үүнээ ажран соёрх.
Онцгойлсон үйлс элдэв зүйлийн янз байдлаар
Орогнохуй суудалдаа батлан сууж баясан соёрх.
Тахилын усан Ганга мөрөн лүгээ мөчөөрхмийг
Тансаг цэцэгсийн үнэр дэлхий дүүрэн анхилсныг
Таатай гийгүүлэгч зул гайхамшигт гэрэлтийг
Тааламжит хүжсийн усан алгуур дөлгөөн буусныг
Үлэмжийн зоог цэнгэлийн чуулганыг
Өнгө хэлбэр сайн дүрсийн дээдийг
Үнэн яруу хөгжим үнэрийн дээдийг
Үлшгүй зуун амтат рашааны идээг
Үнэхээр зөөлөн сүр жавхлант тааламжит хувцсыг өргөе.
Хувьт найман тэмдэг, төрийн долоон эрдэнэ
Хурц ирт мэс, бат чийрэг хуяг
Хундан цагаан хонь, ямаа, тэмээ, морин эрдэнэ
Хувцас, олбог, зүүсгэл, чимгийн дээдийг
Ариун чуулганы хот мандал нүдний гайхлыг
Амтат цай, архи, сүүний алтан умдааны сэржмийг
Ариун гурван цагаан, гурван амттанаар халдаасан
Амтат талхадмал, тараг, айраг тэргүүтэн
Амт төгс зоог идээ элдэв зүйлийн
Ариун эдлэл тахилын чуулганаар тахимуй.
Дэлгэрэн төлжсөн таван үрийн талхадмал
Дээд арц, аги, далийн мод тэргүүтэн
Дэндүү сайн үнэрт жимс модон элдвийг
Дэгжүүлэх бэлгэ билиг галд шатааснаар
Дэгдмэл утаа нь зуны цагийн усан баригч үүлэн мэт
Дээш, дээшид зүг бүхнээ хөвхлөн хөдлөхүй
Ямагт өөр, өөрийн хүслийн бод болсноор
Язгуур хийгээд дамжлагын лам бүгдийг ариулмуй
Ядам хот мандал бурхдын чуулганыг ариулмуй
Ялгуусан бурхан бодисадыг хоцроолгүй ариулмуй
Ялагч баатар дагинасын гурван орныг ариулмуй
Яавч хүчин төгс номын сахиусыг хоцроолгүй ариулмуй
Батад цагаан зүгийг тэтгэх их хүчит
Баруун, зүүнээ хавсрахуй хилэнтийн чуулганыг ариулмуй
Бас ч тэнгэр ракшис найман аймгийг хоцроолгүй ариулмуй
Тахилын эдийг доройтуулсан ба амласнаас няцсан
Тамтаглан газар ухан чулуу ховхолж, ус булингартуулсан
Тасалж ариун бусын түйтгэрээр бузартуулсан тэргүүтэн
Таалалд тань харшилсныг хоцроолгүй ариулмуй.
Олон олон сав шимийн амьтанд авшиг хайрлаж
Олон олон аюух зовлонгоос сахин тэтгэгч
Онц хүчин, рид хувилгааны далайн сан
Орны догшин эзэн нөхөр сэлтийг магтмуй.
Сайтар зорьсон сан тахилгыг болгоосноор
Сайн оюутын шашныг дээшид дэлгэрүүлж
Сац есөн төрөлхтний амгалан баясгалантай амьдралын
Саар харшлах шалтгаан, хүмүүн дор халуун өвчин ба
Сайхь мал сүрэгт өвчин тахал, дээрэм хулгай
Сайран хоншоорт араатан чонын хөнөөл тэргүүтэн
Цааш гарзын амыг ашид амирлуулж
Цагийн дөрвөн улирлын сэрүүн дулаан, цас хур, салхи шуурга
Цаг бусын гэмийг буцаан хариулаад
Цаашлуулж зуд турхан, хяруу мөндөр ба
Үер ус, аянга цахилгааны аюул тэргүүтэн
Үгүйрүүлэгч бүхнийг хариулан амирлуулж зохиогтүн.
Үнэхээр зохилдох шалтгааны сэрүүн дулаан, цас бороо, хий салхин ба
Үргэлжид тэгширснээр өвс ногоо, ус чийг
Үр жимст модон, тариан шимийг сайтар арвижуулснаар
Өнөд жаргалтай баялаг жилийг ашид зохиогтүн.
Хар хийгээд шар олны цог хийморийн
Харих, буурах, доройтохын гэм бүхнийг
Хүчин төгс өмгөөр арилган үйлдээд
Хүрэн эрээн барс мэт дүүлэгч хийморийг хөгжөө.
Хөх зогдорт арслан мэт архирагч хийморийг хөгжөө.
Хүржигнэн дуугарах луу мэт хөвхлөгч хийморийг хөгжөө.
Хөөрөн нисэх гарди мэт халигч хийморийг хөгжөө.
Энэ хийморийг дэлгэрүүлсний шүтэн барилдлагаар
Эрдэнэт ном төрийн алин юуныг үйлдэх мөрд одоод
Эс зохилдох бүхнийг амирлуулан цаг бүхнээ
Эрхэн бие сэтгэл амар баясгалан түгээмэл болоод
Эгнэгт санасан хэрэг саадгүй эцэст бүтээд
Эрдэмт хүмүүн нугууд урт нас эд агуурс төгсөөд
Эрх баялгийн язгуур үндэс яруу алдар дэлгэрээд
Эрхэм тийн цагаан арван номын явдлыг
Эдүгээ шинийн саран мэт дэлгэрүүлэн зохиогтүн.
Орон хийдийн шүтээн ба шүтэхүй дор сэлтүүд
Олон галбад хөдөлбөр үгүй тогтнож
Онц номлол бүтээлийн төгс эдлэлийг арвитгаад
Огоот насад өглөгийн эздийн баялгийг дэлгэрүүлэн зохиогтүн.
Номт төрийн үйлэнд алин нэн чухалтай
Ноттой хүмүүний төгс эдлэлийг эрхэнд хураагаад
Ноцолдон мөчөөрхөхийн муу санааг баригч
Номгүй хорлогчинг хоцроолгүй бүрэлгэн зохиогтүн.
Өөрийн нутгийн ба гадны алинг боловч
Өдрийн гурван цагт ямагт харан тэтгэж
Үргэлжлэх шөнийн гурван цагт ямагт шадарлан манаж
Санасан хэрэг бүхнийг өөрөө бүтээн зохиогтүн.
Аяа. Өндөр хөх огторгуйн гол төвөөс
Үзэмж дээдийн алтан гэрэлт цог жавхлангийн
Өгөөмөр сайн буян хишиг энд иртүгэй.
Дээр зүгийн үхэшгүйн баясгалант цэцэглэгээс
Дээд Эсрүн хурмаст тэргүүтэн
Дэлгэрсэн хотол чуулганы буян хишиг бууж
Дэргэд эдүгээ үүнээ иртүгэй.
Доод зүгийн лусын ордон харшаас
Домогт их Габо, Жогба тэргүүтэн
Догшин лусын эд агуурсын буян хишиг гарч
Дотно ойр үүнээ оршин иртүгэй.
Үснирт тэнгэр Адигадын ордон харшаас
Үнэн тийн сонссоны хөвгүүн тэргүүтэн
Өсөд ягчисын чадал хүчний хишиг буян
Өнөд эдүгээ үүнээ тогтон иртүгэй.
Язгуур үндэс арвидан баатар чадал бүрдээд
Яндаж баршгүй нөхөр, хийгээд эд агуурс дэлгэрээд
Ямагт тэнгэр хүмүүний хотол чуулган бүхэн хоцролгүй
Янагш эдүгээ үүнээ оршин иртүгэй.
Ажнай хөлөг ба дурыг булаагч эрдэнэ
Амбан шар ба ямаа, хонь, тэмээ тэргүүтэн
Аливаа дөрвөн хөлт адгуус малын буян хишиг
Ашид эдүгээ үүнээ арвижин иртүгэй.
Товчилбоос ертөнц хийгээд нирвааны
Товтой хотол чуулганыг хоцроолгүй тогтоож
Сайхан лянхуат нуурнаа дурлах галуу мэт
Сайн хишиг буяныг чуулуулж хурайлан дуудмуй.
Сац хүчир догшин орны тэнгэр нөхөд сэлтээр
Сайтар дөрвөн зүгийн хишгийн үүдийг сахин соёрх.
Өлзий хутаг буян хишгийг хоцроолгүй зохио.
Өнөд наран саран мэт гийгүүлэн зохио.
Үлшгүй далай мэт хуримтлуулан зохио!
Өндөр уул мэт бататган зохио.
Хилэнц бүхнийг эс үйлдээд
Хэрэгтэй буяны чуулганыг хураагаад
Хэзээд өөрийн сэтгэлийг огоот номхотгон
Хэвд сахин чадваас Бурхны шашин болой.
Түвд хэлнээс орчуулсан Намдолчойнхорлин хийдийн хамба лам Д.Батболд