Жалсрай Тогмэд Санбо

Бодьсадвын гучин долоон гарын авлага

XVI зууны эхэн хагаст амьдарч асан Жалсрай Тогмэд Санбо нь Төвдийн мэргэдийн дунд онцгой нэгэн билээ. Пүлжүн нутагт мэндлэн торниж, Сажа ёсны эрдэм боловсрол эзэмшсэн түүний эгэл даруу, ядуу тарчиг амьдралаас эш, онолын ноён сүмбэр оргилд хүрсэн түүх нь үе үеийн мэргэдийн намтрын сонгодог жишээ болдог билээ. Тэрээр Рэндава Шоннү Лодой (Богд Зонхавын номын багш), Дагчэн Жамъян Донёд Жалцан, Нүго Жалба Ринчэн, Лочэн Жанчүв Цэмо зэрэг сажа ёсны олон мэргэдийн багш байсан төдийгүй Бодь мөрийн зэргийн 73 дахь дамжлагын лам юм. Мөн олон бурхдын бясалгал бүтээлийг төгсгөж, ялангуяа Жанрайсэг болон Дарь Эхийн нигуурыг бодитой үзэн зарлигийн рашааныг хүртэж байжээ.

Жалсрай Тогмэд Санбо ламтны сургаал, хөтөлбөр, тайлбар сэлтээс бүрдэх 115 зохиол нь 1 боть болон хэвлэгдсэн байдаг.

“Бодьсадвын гучин долоон гарын авлага” нь Жалсрай Тогмэд Санбо ламтны хамгийн алдартай сургаалуудын нэг бөгөөд Жалсрай Тогмэд Санбо ламтны “Бодьсадвын гучин долоон гарын авлага”, Ланританва ламтны “Найман шүлэгт”, Энэтхэгийн их богд Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” нэрт гурван шаштир нь төвдийн мэргэдийн дунд “Дэлгэр, дунд, хураангуй гурамсан оюун судалбар” хэмээн алдаршсан байдаг ба гэгээрлийн хутагт тэмүүлэгч нарын зайлшгүй судлах ёстой сургаалд тооцогддог.
Иймд “Бодьсадвын гучин долоон гарын авлага” нь Жалсрай Тогмэд Санбо ламтны оюун санааны туршлага, Бурхны их хөлгөний ёсны үзэл, явдлын үндсэн зарлигуудыг бүрнээ хураангуйлан үзүүлсэн гайхамшигт шаштир юм.

Бодь мөрийн явдал ёсын шимийг хураангуйлсан Ялгуусан хөвгүүдийн гучин долоон гарын авлага хэмээх оршвой.

Нигүүлсэхүйн мэлмийгээр болгоогчид мөргөмүй!

1. Аливаа бодисын одохуй, ирэхүйн чанарыг болгоосон ч
Амьтан бүхний тусын төлөөнөө гагцхүү хичээгч
Ачит лам багш, Арьяабал Жанрайсэг танаа
Ашид гурван үүднээс бишрэн сөгдөж мөргөмүй.

2. Амгалан тус гарахуйн орон Туулсан бурхад бүхэн
Ариун номыг ёсчлон бүтээж ахуйгаас үүдэх ба
Анхааран авахуйг ухааран ойлгохуйяа дулдуйдахын тулд
Авралт Бодьсадын явдал мөрийн ёсыг номлосугай.

3. Олдохуйяа бэрх, чөлөө учралын сал онгоцноо суусан энэ үед
Орчлонгийн зовлонт далайгаас өөрийгее болоод бусад
Олон амьтныг гэтэлгэхийн тулд өдөр шөнөд алгасалгуй
Онцлон номыг сонсох сурах нь Бодьсадын явдал мөн.

4. Сайн нөхөртөө үер мэт тачаалаар хандаж
Саар дайсандаа түймэр адил хилэнгээр харьцаж
Сайн мууг үл ялгах харанхуй мунхагт хучигдюү
Сааталгүй төрөлх нутгаа огоорох нь Бодьсадвын явдал мөн.

5. Алив мугуйд газрыг тэвчсэнээр нисваанис нимгэрч
Алгасахуйг арилгаснаар буяны сэтгэл аяндаа нэмэгдэж
Ажиглан шинжлэх ухаанаар бурхны номын мэдлэг төрюү
Аглаг нутгаар бидан бясалгах нь Бодьсадвын явдал мөн.

6. Өнөд ханилсан амраг саднаас нэг нэгээр хагацаж
Өчнөөн зовж хураасан эд эдлэлээ ардаа орхиж
Өөрийн биен дэх сүнс нэгэнтэй огоорон одюү
Өдгөө энэ төрлөө орхих нь Бодьсадвын явдал мөн.

7. Нэгэнтэй нөхөрлөвөөс л гурван хорыг улам арвитгагч
Нижгээд номыг сонсох санахын үйлсээс холдуулагч
Нигүүлсэн асархуй, энэрэн хайрлахыг урвуулан хөрвүүлэгч
Нийлэмж муу нөхдийг тэвчих нь Бодьсадвын явдал мөн.

8. Бишрэн шүтвээс бүхий л гэмийг тэвчүүлэгч
Билгийн эрдмийг шинийн саран мэт арвитгагч
Билгүүн ухаан төгс буяны садан багшийгаа
Биеэсээ ч энхрийлэн шүтэх нь Бодьсадвын явдал мөн.

9. Өөрөө ч бас орчлонгийн гянданд хүлэгдэн хоригдсон
Өтөл ертөнцийн тэнгэрс хэнийг авран чадах аж
Өдгөө хуурмаггүй авралын орон Чухаг гурван эрдэнэд
Хуурмаггүй чин сэтгэлээр цаг үргэлжид итгэлийг одуулах нь Бодьсадвын явдал мөн.

10. Тэсэшгүй муу заяаны хамаг зовлон бүхэн
Тэрсүүд хар үйлийн үр гэж Бурхан номложээ.
Тиймийн тул аминдаа тулавч хилэнцэт муу үйлийг
Тэвчиж бүрүүн огоорон чадах нь Бодьсадвын явдал мен.

11. Орчлонгийн хамаг жаргал нь өвсний шүүдэр мэт
Охор нэгэн хоромын зуур эвдрэхийн ёст билээ.
Огтоо үл хувирах Нирвааны дээд амгаланг
Олохуйн төлөө зорих нь Бодьсадвын явдал мөн.

12. Эхэн төгсгөлгүй цагаас гагц өөрийгөө хайрлан
Эх болсон амьтныг зовоож өөрөө жаргаад хэрхэн зохих
Энгүй олон амьтан бүхнийг зовлонгоос гэтэлгэхийн төлөө
Эрхэм Бодь сэтгэл үүсгэх нь Бодьсадвын явдал мөн.

13. Өөрөө л жаргах аминч хүслээс хамаг зовлон гарюу
Өрөөлийг хайрлах сэтгэлээс хамаг Бурхад гарюу
Өөрийн жаргал, өрөөлийн зовлон алив буй бүхнийг
Өгч бүрнээр арилжин чадах нь Бодьсадвын явдал мөн.

14. Өчнөөн зүдэн хураасан аль буй бүхнийг тань
Өнгөлзөх хомхой сэтгэлээр хэн нэгэн булаавч
Өөрийн бие, эдлэл, буян хамаг бүхнээ
Өвч түүнээ зориулах нь Бодьсадвын явдал мен.

15. Өчүүхэн төдийд өөрт гэм үгүй бөгөөтөл
Өширхөн бусад хэдий чинээ хүргэвч
Өрөвдөн нигүүлсэх сэтгэлээр хүлцэн тэвчиж
Өөрт оногдох нүглээ хүлцэн хүлээх нь Бодьсадвын явдал мөн.

16. Хэн нэгэн Таныг элдэв чалчаа муу үгсээр
Хэдий бүхий газар орноор хэрэн муулавч
Харин Түүний алив сайн бүхнийг өгүүлэн
Хайрлах сэтгэлээр хандах нь Бодьсадвын явдал мөн.

17. Олон хүн цугларсан газар хэн нэгэн
Олиггүй муу үгсээр доромжлон сөхөөвч
Онц мэргэн багштайгаа адил нэгэн сэтгэлээр
Оройдоо дээдлэн шүтэн чадах нь Бодьсадвын явдал мөн.

18. Өсгөн тэтгэж өөрийн хүү мэт хайрлавч
Өст дайсан адил өөрт эргэн хорловоос
Өвчинд нэрвэгдсэн ганц хүүгээ энэрэх эх мэт
Өрөвдөн хайрлаж чадах нь Бодьсадвын явдал мөн.

19. Ахуй ёс сацуу болоод дорд хэн боловч
Адайр омогт сэтгэлээр муушаан доромжловч
Ачит багшаа ёсчлон шүтэх ёс ямар мэтчилэн
Алагчаалалгүй үзэн чадах нь Бодьсадвын явдал мөн.

20. Ахуй амьдрал ядууран адайр бусдад дарлагдаж
Аюулт өвчинд нэрвэгдэн ад тотгорт хорлогдовч
Амьтан бүхний хилэнц зовлонг өөртөө үүрэн чадах
Асар мохошгүй сэтгэл үүсгэх нь Бодьсадвын мөн.

21. Хүн болгонд хүндлэгдэж үргэлж сайнаар магтагдан
Хөрөнгө мөнгөний хирээр Намсрай бурхантай эгнэв ч
Хөрст орчлонгийн хамаг жаргал алив баялаг бүхэн
Хөрвөн урвах чанартайг санах нь Бодьсадвын явдал мөн.

22. Хилэнт дотор сэтгэлийн дайснаа эс номхотговоос
Хичнээн гаднах дайсантай тэмцэвч улам арвижих
Хайрлан асрах энэрэн нигүүлсэхийн өмөг хүчнээр
Харин өөрийн сэтгэлийг номхотгох нь Бодьсадвын явдал мөн.

23. Ус давсны үлгэр мэт хүсэл тачаал гэдэг нь

Улам улам нэмэгдэж нэн арвидюү.

Ухаарч үүнийг ойлгоод хүслийг өдөөгч юмстай

Учирсан даруйд тэвчих нь Бодьсадвын явдал мөн.

24. Үзэгдэн байх бүхэн сэтгэлээс үүдэлтэй

Үндэс язгуураар туурвилаас хагацсан чанартай

Үзэгдэхүй үзэгдэл, үзэхүй эрхтний ахуй байдлыг

Үнэнд үл баримтлах нь Бодьсадвын явдал мөн.

25. Сэтгэлд таатай аливаа зүйлстэй учирваас

Сэрүүн борооны дараах солонго мэт бодтугай

Үзэсгэлэнтэй сайхан үзэгдэвч үнэн үгийг ухаарч

Үргэлжид шуналаа тэвчих нь бодьсадвын явдал мөн.

26. Элдэв зүйлийн зовлон зүүд зэрэглээ мэт авч

Эндүү ташаа үзэгдлийг үнэн болгох нь их буй

Иймийн тул муу нөхцөлтэй учрахын цагт

Эндүүрэлт үзэгдлийг онох нь Бодьсадвын явдал мөн.

27. Бурхны хутгийг хүсвээс биеэ ч өргөх хэрэгтэй тул
Бусад элдэв зүйлсийг өгүүлэхийн хэрэг юун

Буцааж хариу харах тус эрэх сэтгэлээр бус
Булт бүхнийг өглөгт өгөх нь Бодьсадвын явдал мөн.

28. Ам авсан шагшаабадаа ёсчлон эс сахиваас

Ангид бусдын тус байтугай өөрийн хэргийг ч үл чадах
Алдар нэр, ашиг олз, орчлонгийн жаргалыг огоорон
Ариун шагшаабад сахих нь Бодьсадвын явдал мөн.

29. Ахуй их буяны үрийг эдлэхийг хүсэвч
Адгийн саад учрах нь эрдэнэ олсонтой адил

Аашлан уурлах хилэгнэх сэтгэл гаргалгүй

Аливаад хүлцэнгүй хандах нь Бодьсадвын явдал мөн.

30. Эгнэгт өөрийн төлөө гэх бага төрөлхтөн мэт

Эгэл дордын алив залхуу найзгааг тэвчиж
Эх болсон олон хамаг амьтны төлөө
Эрдмийн орон хичээнгүйд суралцах нь Бодьсадвын явдал мөн.

31. Амирлангуй оршихуйд баттай суурилсан үлэмж үзэхүйгээр
Адайр нисваанисыг даран чадахыг танин мэдээд
Адаг дөрвөн дүрст орноос машид хэтийдсэн

Аглаг газар дияаныг бясалгах нь Бодьсадвын явдал мөн.

32. Оюун ухаан үгүй бөгөөс таван билиг бирамидаар
Онцгой Бурхны хутгийг олж үл чадахын тул

Онохуй гурван бодол уран арга төгөлдөр
Оюун билиг бирамидыг бясалгах нь Бодьсадвын явдал мөн.

33. Эхлэж өөрийн алдаа дутагдлаа шинжлэн эс засваас
Эрхэм номтны дүрээр ном бусыг үйлдэж болох

Эндүү алдаа бүхнээс цаг үргэлж сэрэмжлэн сэргийлж
Эгнэгт тэвчиж явах нь Бодьсадвын явдал мөн.

34. Атаач нисваанист сэтгэлийн эрхээр алимад бусдын
Адаг муу гэмийг уудлаваас өөрөө доройтохын цондон
Адибиш их хөлгөний хутагт Бодгалс бүгдээр

Аливаад бусдыг үл шүүмжлэх нь Бодьсадвын явдал мөн.

35. Өргөл хүндлэлийн их багаар өвөр зуураа тэмцэлдвээс
Өндөр дээд бурхан номын үйлс доройтох болуузай
Өглөгийн эзэд, өмөг садан өөр бусад алив бүхэнд
Өмчлөн тачаах сэтгэлийг тэвчих нь бодьсадвын явдал мөн.

36. Эгэл бусад нөхдийн сэтгэлийг холтгон хямруулагч
Эндүү догшин үгсээр Бодьсадвын явдал доройтном.
Иймийн тул өөр бусдын сэтгэлийг сөхөөн үймрүүлэгч
Элдэв ширүүн үгсийг тэвчих нь Бодьсадвын явдал мөн.

37. Адайр нисваанист нэгэнт хөтлөгдвөөс няцаахуйяа нэн бэрх
Анхаарч мэдээд санамж нэртэд өрөндгийн мэсийг барьж
Анх түрүүнд муу бодол сэтгэлд ургасан даруйд

Алдалгүй даран чадах нь Бодьсадвын явдал мөн.

38. Ажил үйлс хэзээ хаана юуг үйлдэвч
Ажиглан өөрийн сэтгэлээ үргэлж шинжилж

Анхаарал сэрэмж төгөлдөр оюун ухаанаар

Аливаад бусдын төлөө хичээх нь Бодьсадвын явдал мөн.

39. Хичнээн шамдаж бүтээсэн хамаг буян бүхнээ
Хязгааргүй амьтны зовлонг арилгахын төлөө

Хиргүй ариун гурван бодол сэтгэлээ
Хэмжээгүй дээд Бодид зориулах нь Бодьсадвын явдал мөн .
—–~~~~~~~———-~~~~~~~~———
40. Судар дандарс зарлиг шастираас номлосон

Суут дээдэс эрдэмтэн мэргэдээс дамжуулсан

Сурахуйяа зохист 37 гарын авлагыг

Суралцахыг хусэгчдийн Бодь явдлын төлөөнөө зохиовой.

41. Оюун ухаан дорд бөгөөд олж судалсан нь бага
Оройн мэргэдийг баясгах яруу үгсийг ч үл мэлэх авч
Онцгой судар, олон мэргэдийн зарлигт дулдуйдсан тул
Осол энд эндүүгүй Бодьсадвын явдлыг товчлов хэмээн санана.

42. Гэвч Ялгуусан хөвгүүдийн их адистид явдлыг

Гэнэн дорд над мэт нь гэтэлгэн мэдэж яахин чадах
Гэм алдаанаас эс хагацсан алив тэр бүхнийг

Гэгээн дээдэс мэргэчүүл хүлцэн хайрлаж соёрх.

43. Үүнээс үүдсэн үлэмж их буяны хүчээр

Үнэмлэхүй янагуух дээдийн бодь сэтгэл үүсгэн

Үлшгүй амьтан бүхэн орчлон сансраас гэтэлж

Үлэмжийн авралт Арьяабал лугаа үл хагацах болтугай… хэмээхүй нь өөрт ба бусдад туслахын тулд эш, ухааныг өгүүлэгч тойн Тoрoлтгүй хэмээгч бээр Мөнгөн уст эрдэнийн агуйд найруулан зохиов.