Бурхан багш

Бурхан багшийн магтаал

Гандантэгчэнлин хийдийн лам С. Түвдэнцэрэн – Гавсүмма – Бурхан багшийн магтаал. 2020.05.30.

Гавсүмма буюу Бурхан багшид залбирахуй.

Намо гүрү мүни индра яа.

Тэнгэр, асур, гандир, лус, арш |44| нарын тэргүүн эрхэт бүхэн эрдэнийн титэм юүгээ таны өлмийн лянхуа дор дэвсэн чимдэг билээ л.
Алтан гэрэл гялбасан цог жавхлангийн дүрт, гандирсын эгшиг ч өрсөлдөх аргагүй уянга зарлигт, сая живаа нарны гэрлээс ч гэгээн оюут, хязгааргүй олон төрөлтний дээд их жолоодогч, Шагжа омгийн манлай, та.
Цэлмэг тэнгэрт ургасан од эрхис далайн мандалд ойн гэрэлтэх шиг итгэл сэтгэлийн минь тунгалаг далайд таны суу залийн туяа тусгал тодорном.
Сарны туяанд дэлбээ хумисан шинэ лянхуа шиг гарын хурууд юугаа зүрхэн тушаа хумбиж, нэгэн үзүүрт сэтгэлээр таныхаа гэгээн дүрийг бясалган, өчүүхэн зуур магтаал залбирлаа өргөе. Энэрэл хайрын ундрага та болгоон соёрх.
Одод чуулсан огтогуйд гийх орь саран мэт таныг баатар бодь сэтгэлтнүүд өнөд хүрээлнэм. Заан сүргийн түрүүнд ажрах сүргийн манлай мэт таны өмнө архад гэгээнтнүүд ярайн жагснам.
Огторгуйн эн зүг бүхнийг дүүргэх гэрлийн үй түмэн найрсал цацраан дунд та гэгээн дүрээрээ агуу их хувилгаан ид шидээр хун галуусын хаан мэт халин ниссээр заларнам.
Тэр мөчид өнө урьдын хувь ерөөл, сайн авъяас нь сэргэсэн түг түмэн хүн зон таны гэгээн дүрийг үзмэгц л будангуй сэтгэлийн хүлээс бүхэн алдран унаюу.
Баатарлаг та, бодь модны дор суу билиг, энэрэл хайрын сүр хүчээр хар хорын хүчийг ялан дийлсэн билээ л. Догшин салхи лугаа нөхөрлөсөн аадрын хар үүл шиг сая живаа шулмын хүчинг орь ганцаар илд зэмсэг, хуяг дуулга агсалгүйгээр ялсан таны тэр гайхамшигт тулааныг өөр хэн мэдэх. Элбэрэл хайрын галд тань шулмын зүрх тийнхүү шатаж шаналсан ч нигүүлсэхүйн далай таны хувьд дайсан, садан ялгалгүй билээ.
Та түмэн олны тусын тулд хэзээ ч залхаж шантрахгүйн адил түмэн олон таны суу алдрыг магтан дуулахдаа эс залхах.
Далайн оёор мэт гүн гүнзгий оюут, тэнгэрийн харанга мэт уран нарийн зарлигт, сүмэрийн оргил мэт тод манлай дүртэн та вээр үзэх, сонсох, санахуйн өлзий жаргалыг төгс соёрхном.
Бүх ертөнцийн оюун санаат төрөлтөн бүгд нэгэн цаг мөчид танд эргэлзээ юугаа тайлах гэж хандвал ч, тус бүрийнх нь өмнө мөн дүрээ үзүүлэн, сургаал юугаа хайрлах атлаа атхаг идэвхийлэл огтхон ч үгүй.
Таний лагшин, зарлиг, тааллын ийм гайхамшигт нууцыг бодисадва, брадига, шравага нар хичнээн шинжлэвч санаа саванд нь үл багтах ахуул Эсрүн, Хурмаст тэнгэрс ч яахин цэнгэж чадах вэ.
Хан гарьд огторгуйгаар халин дүүлэн ниссээр хэзээ нэг хүчээ баран буухаас гарцаагүй, орон зайг туулж гүйцсэндээ буусан хэрэг биш. Таны эрдэм чадлыг өгүүлэх нь түүн лүгээ адил.
Даль жигүүрийн хүчин төгс гарьд шувууны нисэн туулах замаар |45| өчүүхэн бялзуухай жиргэн дэвэх шиг суу билгийн арван хүчийг эзэмшсэн таны ариун дээд замналд орохыг хүснэм, бид.
Гэвч үнэн утгыг таних оюуны хараа хомстож, эрх чөлөөний эрмэлзэл, бодь сэтгэлийн баялгаар ядуурч, догшин балмад нисванисын (муу сэтгэлийн) дайсагнагч хүчний дарлал дор би-г шүтэгч үзлийн гүн ангалд унасан байдал минь юутай эмгэнэл.
Агуу их нигүүлсэгч та биднийг ийм байдал дундаас эс аварвал эгэл дордсыг энэрч хайрлах итгэл найдвар, өмөг түшгийг бид өөр хэнээсээ эрэх билээ.
Цөвүүн цагийн буртаг дүүрсэн энэ орон ертөнцөд бусад нь бус, гагцхүү та л гэрэл гэгээ түгээх гэж зориглосон тул бурхад бодисадва нар таныг Цагаан лянхуа хэмээн өргөмжлөн магтсаны хэрэг юу сан.|46|
Гэвч таны гэгээрүүлэгч үйлс шавь бидэндээ хүртээлгүй байх учиргүй, зөвхөн бидний л хүлээн авах чадалгүйн харгай болохоор танд буруу тохох ямар ч үндэсгүй.
Энэ мөчөөс аван бодь модны дор шулмын хүчийг ялан дийлэх агшинг хүртэлхи хугацаанд би эргэн орчих төрөл тутамдаа таны ивээл дор рашаан сургаалыг тань уйдалтгүй хүртэхийн хутаг гуйнам.
Бурхан багш таны лагшин дүр, нас сүүдэр, хүрээлсэн нөхөд, заларсан орд болоод эгнэгт дуурьсах алдар суу тань ямархан билээ, бид бүхний оршихуй ч тийм эрхэмсэг ариун болтугай.
Танд магтаал залбирал өргөсөн буяны хүчинд бидний орчин тойрон, орон дэлхийд өвчин тахал, үгүйрэл ядуурал, хэрүүл тэмцэл өнөд амирлаж, гэгээн үйлсийн өлзий хутаг дэгжихийг адислаж хайрла.
Бурхан багшийн зүрхэн тарни:
Дадъята. Ум мүни мүни маха мүни шагжа мүни еэ суха.

Бурхан багшийн магтаал.

Гавсүмба.
Гурван үет тэнгэр хийгээд эрхэт дайсан ба

Үнэр идэшт, лус, бүтээлчний эрхэм-үүд
Бүгд оройн чимэг чандмань эрдэнэ бээр

Бурхан багшийн өлмийн лянхуаг тахивай.
Алтан гэрэл гялалзсан жавхлангийн лагшин-тай

Гандарисын аясаас тэнцэш үгүй зарлиг-тай

Голти нарны гэрлээс тодорхой-ёо таалал-тай

Хязгаар үгүй амьтныг аврагч Бурхан багш

Огторгуйд түгэн бүхий гараг одон нугууд цөм
Далайн уснаа машид тусан тодорсон мэт бээр

Сүжгийн сэтгэл далай даан бурхан таны эрдмийг

Дүрс хөлөг холил үгүй тодорхой-ёо зохиомой

Сарны гэрэл туссан залуу лянхуа ёсоороо
Сайтар гарын алгаа хавсран зүрхэн тушаа залбиран

Нэгэн үзүүрт сэтгэлээр таны биеэ зүглээд-ээ

Өчүүхэн магтахыг минь нигүүлсэн таалагтун
Одсын чуулган хүрээлсэн огторгуйн саран мэт

Бодьсадва, ялгуугсаны хөвгүүд бүгдээр хүрээлэн

Зааны сүргийг удирдахуй сүргийн манлай мэт бээр
Архад олон чуулган бээр өмнө ану хурмой.

Огторгуйн эн бүхнийг дүүргэсэн гэрэл-ийн

Олон мянган огоогоот бүрэн түгсэн лагшин нь
Хөх мөнхийн агаар-аас олон рид хувилгаан

Тэнгэртээ дүүлэгчийн хаан мэт заларвай.

Тэр цагт эртнээс үүдсэн сайн буяны үйлээр
Тийн сэрсэн зуун мянган тэнгэр ба хүмүүн цөм

Таны нүүрийг үзсэн даруй хэдэр догшин сэтгэлийн

Муу гэмийн хамаг хүлээс тийн бөгөөд алдарвай.
Мэргэн баатар бурхан та бодь модны дэргэд-ээ

Энэрэхүйн айлдлаар шулмын эзэн аймаг-ийг

Хоцроол үгүй ашид сүрээр даран зохиох үйлс нь

Хүчит салхинд ойртсон хэсэг хар үүлэн мэт.

Сум мэс зэвсэг барил үгүйгээр

Өөрөө ганцаар олон сая шулмасыг

Үлдээл үгүй ялан дийлэх үйлсийг
Танаас бусад хэнийг би бээр мэдэхгүй.

Тийнхүү таны асарахуйн галаар-аа

Хүсэлт тэнгэрийн зүрх маш энэлэвч

Нигүүлсэхүй ихээ сант бурхан та

Бодьгалийг алагчаалах үгүй еэ.

Авралт та бээр амьтаны тухайтад

Алжаах ядрах өчүүхэн ч үгүй буй
Амьтан бүхэн Бурхан таны эрдмийг

Өгүүлэхдээ уйдах үгүй болтугай.

Далайн төвийн гүн мэт маш агуу таалалтай

Тэнгэрийн эрхэм хөгжим мэт маш удивас зарлигтай

Сүмбэр уулын оргил мэт маш үлэмж лагшинтай

Үзэн, сонсон, санахуй дор тус эрдэм төгс та

Энэ хамаг ертөнцийн бүхий амьтан даяараа
Нэгэн цагт сэжиг утгыг айлтган асууваас-уу

Тэдгээр бүрийн өмнө ану төдүй чинээ даруйдаа

Лагшин зарлиг агуу зохиол нэгэн цагт үйлдвэй
Айлдан үйлдвээс атгаг маш амирлах бүлгээ.

Таны лагшин зарлиг таалал гурвын нууц ёсныг

Бодьсадва, брадига, ширвага нугууд бээр

Хэдий чинээ шинжлэвч оюун орон бус тул

Эсрэн хурмаст тэргүүтнийг өгүүлэхүй хэрэг юун.
Гарьд шувуу огторгуйд халин дүүлэн нисэхдээ

Хэзээ өөрийн хүчин ану барагдахуйд буумой.

Огторгуйн хязгаарт хүрээд буцсан бус адилаа

Таны эрдмийг өгүүлэхүй түүнтэй адил бүлгээ

Чадал хүчин бүрдэгсэн хангарьдын одогсон
Тэр замд бялзуухай бээр хичээсэн мэт бээр

Арван хүчин эрхшээгээд заларахуй түүний
Дээд мөрд орохыг маш хүсэн амуй би
Ахуй ёсыг үзэхүй-еэ билгийн нүдэн балартан
Магад гарахуйн бодийн сэтгэл барилдлагаар үгүйрэн
Нисваанисын хүчит дайсанд үргэлжид-ээ хорлогдон
“Би” хэмээн баримтлахуйн гяндан гуу-дор унасан.
Энэ мэт эмгэнэхүйн зовлонт болсон орон-ыг
Энэрэлт бурхан та бээр тэвчин орхих бөгөөсү
Дорд нугууд маш ихээ энэрэх итгэл ивээлийг
Таниас өөр хэнийг бээр аврал болгон барих буй.
Таван цөвөөр бузартсан энэ муу галав-ыг
Бусад бүгдээр тэвчсэнийг итгэлт та бээр эзлэн
Огоогоот барьсан дор бурхан бодьсадва нар
Цагаан лянхуа мэт хэмээн сайшаан магтсан ёсон буй.
Тиймийн тул таны үйлс номхотголын сургаалыг
Үл шинжин осолдохуй өчүүхэн ч үгүй бээр
Үнэхээрээ хувь муут чухам миний алдал тул
Үлэмжитээ тийнхүү таньд гэмийн учир үгүй буй.
Эдүгээгээс бодь мөр дор шулмасуудын аймаг-ийг
Өнөд дийлэн гэгээрэхүй хэзээ тэр хүртэл-ээ
Төрөл тутамд бурхан та бээр үргэлжидээ дагуулан
Таны зарлиг рашаанаар үл ханах болтугай.
Түүнчлэн ирсэний лагшин ямар агсан ба
Нөхөд хийгээд бие насан хэмжээ хийгээд орон ба
Таны эрхэм алдар нэр ямар мэт бөгөөсү
Бид бүхэн бүгдээр бас тийн болтугай.
Таныг магтан залбирсаны хүчин-ээр бидний
Аль газар заларсан тэр газар орон-оо
Өвчин эмгэг, үгүйрэл, хэрүүл, тэмцэл амирлаад
Ном хийгээд өлзий хутаг арвидуулан соёрхоо
Бурхан багш ертөнц дор заларжу морилон
Шашин нарны гэрэл мэт маш мандан дэлгэрэн
Шашин баригч ах дүү мэт болж зохилдон
Шашин өнөд оршихуйн өлзий хутаг орштугай.
Орчуулга: Монгол уншлагат төвийн тэргүүн, Д.Ганбаатар доктор

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Бурхан багшийн магтаал.

Намо Гүрү Манзугохаяа.
Алиныг бээр үзээд зарлигласнаар
Айлдал лугаа Үзүүлэгч ханьцаш үгүй
Ялгуусан шүтэн барилдаж болсныг
Үзээд увдисласан түүнээ сөгдмүй.
Ертөнцийн доройтол хэдий чинээ
Түүний ёзоор мунхаг бөгөөд
Алин бээр үзээд түүнийг буцаагч
Шүтэн барилдаж болсныг зарлигласан.
Тэр цагт оюун лугаа төгссөн бээр
Шүтэн барилдаж болсны мөрийг
Таны шашны оньс ямагт дор
Ямар мэт дотроо багтааж үл болмуй?
Тэр мэт бөгөөс итгэл таныг
Магтахын үүдэнд хэн нэг бээр
Шүтэн барилдаж болсныг зарлигласнаас
Гайхамшигтай болсон ямрыг олох вэ?
Аль аль нөхцөл дор харгалзсан
Тэр тэр өвөрчлөнгөөр хоосон хэмээн
Зарлигласан үүнээс илүү гайхамшигтай
Ямар сайн номлолын ёс байх вэ?
Алинд барьснаар нялхас нугууд
Эцэслэн баригчийн хүлээсийг бататгах
Тэр нь мэргэдэд туурвилын
Торыг хоцроолгүй таслахын үүд.
Номлол иймийг бусдаас үл үзэх тул
Багш хэмээгдэх ямагт та бөгөөд
Үнэгийг “арслан” хэмээсэнчлэн нь
Тиртиг нарын ч зусар үг.
Аяа гайхамшигт багш, гайхамшигт аврал
Гайхамшигт өгүүлээчдийн дээд, гайхамшигт итгэл
Шүтэн барилдаж болсныг сайтар зарлигласан
Үзүүлэгч багш түүн дор би мөргөмүй.
Тусыг зохиогч та бээр амьтан дор
Туслахын тулд зарлиг болсон
Номлолын зүрхэн хоосон чанар
Магадтай учир шалтгаан ханьцаш үгүй
Шүтэн барилдаж болсны ёсыг
Харш хийгээд эс бүтсэн дор
Үзсэн үүгээр таны ёсыг
Ямар мэт дотроо багтааж чадмуй?
Тэдгээр хэзээ хоосон чанарыг
Шүтэн барилдлагын утганд үзвээс
Өвөрчлөнгөөрөө хоосон лугаа
Үйл үйлтгэл болох нь ч үл харшлаад
Түүнээс буцсанд үзвээс
Хоосон дор үйл үл болоод
Үйл лугаа сэлт дор хоосон үгүй тул
Аюулт халил гууд унахыг таалсан.
Тиймийн тулд таны шашин дор
Шүтэн барилдсанд үзэхийг сайтар сайшаасан
Тэр ч “бүхнээ үгүй” хийгээд
“Өвөрчлөнгөөрөө буй” бээр бус.
Дулдуйдаагүй нь огторгуйн цэцэгчлэн
Түүгээр бөгөөс эс шүтсэн буй бус
Мөн чанараараа бүтвээс тэр бүтсэн нь ч
Шалтгаан нөхцөлд дулдуйдсанд харшилмуй.
Тиймийн тулд шүтэн барилдаж болсноос
Бусад ном нэжгээд буй бус тул
Өвөрчлөнгөөрөө хоосноос
Бусад ном ч нэжгээд үгүй дор зарлигласан.
Өвөрчлөн буцах үгүйн тулд
Ном нугуудын өвөрчлөн нэжгээд буй аваас
Гаслангаас нөгчих үл болоод
Туурвил бүхэн буцахгүйд зарлигласан.
Тиймээс өвөрчлөнгөөс тийн хагацсан хэмээн
Арслангийн дуугаар дахин дахин
Мэргэдийн чуулганаа сайтар зарлигласан
Үүнийг хэн бээр эсэргүүцэн чадмуй?
Өвөрчлөн нэжгээд ч үгүй хийгээд
Үүн дор шүтэж, энэ гарсны
Тийн ялгал бүхэн болох хоёр
Үл харшин хурахыг юун өгүүлэх?
Шүтэн барилдаж болсны учраар
Эцэслэх үзэл дор үл шүтмүй хэмээн
Сайтар зарлигласан энэ нь итгэл таны
Дээргүй дээд өгүүллийн шалтгаан.
Эдгээр мөн чанараар хоосон хийгээд
Үүнээс үр энэ гарахын
Хоёр магадлалыг харилцан
Тотгор үгүйеэ нөхөрлүүлэн үйлдэгч
Үүнээс илүү гайхамшигтай хийгээд
Үүнээс тансаг болсон нь алин?
Ёс үүгээр таныг магтваас л
Магтсан болохоос, бусдаар бус.
Мунхарснаар боолонд баригч
Алинаар тан лугаа харгалдагч
Тэд бээр өвөрчлөнгөөр үгүйн дууг
Тэсэхгүй болоход гайхах юун буй?
Таны зарлигийн энхрий сан
Шүтэн барилдаж болсныг амлан аваад
Хоосон чанарын хүрхрэлийг үл тэвчих
Түүнийг л би гайхах болой.
Өвөрчлөн үгүйд хөтлөхийн үүд
Ханьцашгүй шүтэн барилдлагын
Нэр ямагтаар өвөрчлөн дор
Бариваас эдүгээ төрөлхтөн энэ
Хутагт дээдсийн сайтар зорчсон
Ханьцахаас хагацсан орохуй олом
Таныг баясгагч сайн мөр түүнд
Арга алинаар хөтлөгдөх болмуй?
Өвөрчлөн, засдаг бус, дулдуйдах үгүй хийгээд
Шүтэн барилдлага, дулдуйдах лугаа засдаг хоёр
Ямар мэт бөгөөс нэгэн суурь дор
Үл харшлан хурах ямагт болмуй?
Тиймээс шүтэн барилдаж болсон алин
Өвөрчлөнгөөс байгуулаас
Тийн аглагдсан ч түүнээ үзэгдэхийн тулд
Эдгээрийг “илбэ мэт” хэмээн зарлигласан.
Та бээр ямар мэт номлосон дор
Эсэргүүцэгч заримууд ном зохилдуугаар
Чөлөө олохгүйг зарлигласныг ч
Энэ ямагтаар сайтар сэнхэрмүй.
Юуны тулд хэмээвээс үүнийг номлосноор
Үзэгдэх, эс үзэгдэх бодос дор
Сэжиглэн гүтгэхийн
Зай чөлөөг холтгон зохиосны тулд болой.
Таны өгүүллийг ханьцашгүй дор
Үзэхийн учир шалтгаан шүтэн болсны
Мөр энэ ямагтаар бусад зарлиг ч
Шалгадаг болсонд магадлал төрмүй.
Утгачлан болгоогоод сайтар зарлигласан
Таны араас суралцахуй дор
Доройтол бүхэн хол болоод
Хамаг гэмийн ёзоор буцахын тулд болой.
Таны шашнаас гадагш зүглэгчид
Өнө удтал ядралыг шүтэн үйлдэвч
Харин улмаар гэмүүдийг дуудсанчлан
“Би”-ийн үзэл батдахын тулд болой.
Аяа мэргэд бээр энэ хоёрын
Ялгамжааг дотроо багтаах болсон
Тэр цагт чөмөгний дотроосоо
Танд юунд бишрэх үл болмуй?
Таны хамаг зарлиг байтугай
Хувь нэжгээдийн утган дор
Таамаг төдий магадлалыг олсон
Түүн дор ч дээд амгаланг өгмүй.
Халаг миний оюун мунхагаар түйдсэнээр
Энэ мэт эрдмийн цогцос дор нь
Эртнээс аврал одуулах болсон боловч
Эрдмийн хувь хэсгийн төдийг ч олсонгүй.
Гэвч үхлийн эзний аманд зүглэсэн
Амины үргэлжлэл хэзээ шингэх хүртэл
Тан дор өчүүхэн сэтгэл итгэмжилсэн
Үүнийгээ ч сайн хувь хэмээн санамуй.
Үзүүлэгчдийн дотроос шүтэн барилдлагыг үзүүлэгч
Билгийн дотроос шүтэн барилдлагыг мэдэх хоёр
Ертөнц нугуудад Ялгуусаны эрхэтчилэн
Тансаг болсонд та айлдсанаас, бусад бээр бус.
Та бээр хэдий чинээ зарлигласан бүгд
Шүтэн барилдлага ямагтаас эхэлмүй
Тэр ч гаслангаас нөгчихийн тулд бөгөөд
Амарлиулахаас бус зохионгуй танд үгүй.
Аяа гайхамшигт таны шашин нь
Хэний чихний мөрд одвоос ч
Тэдгээр бүгд амарлих болох тул
Таны шашныг барихдаа хэн эс биширнэм?
Чандын эсэргүүцлийг дарсан хийгээд
Дээр, доор харшлан хурахаар хоосорсон ба
Хамаг төрөлхтний хоёр тус үйлдэгчийн
Энэхүү ёсноо миний дуршил арвидлаа.
Үүний тулд л та бээр нь
Заримдаа амь бие хийгээд
Хайрт садан ба төгс эдлэлийн чуулганаа ч
Тоолшгүй галавт ахин дахин өгсөн.
Алины эрдмийг үзээд бээр
Гохонд загас ямарчлангаар
Ямагтын таалал татагдсан ном түүнийг
Танаас эс сонссон нь мөхөс хувьтайяа.
Тийнхүү гасалсан хүчээр
Энхрий хүүдээ эхийн сэтгэл
Даган одох ямарчлангаар
Сэтгэл минь үл орхимуйяа.
Үүн дор ч таны зарлигийг санаваас
Лагшин найргийн цог сайтар бадарсан
Гэрлийн тороор огоот хүрээлэгдсэн
Багш тэр бээр Эсүраан эгшгээр
Үүнийг энэ мэт зарлигласан хэмээн
Сэтгэлдээ Чадагчийн дүрс хөргийг
Ургуулахын төдийд ч халуун
Энэлгэ дор сарны гэрэлчлэн.
Тэр мэт гайхамшиг тансаг болсон
Сайн ёс түүнийг мэргэнгүй
Төрөлхтөн бээр хялгана өвс мэт
Зүйл бүхнээр ширэлдүүлэн үйлджээ.
Ёс үүнийг үзээд би
Олон шамдлаар мэргэдийн
Араас дагаж, таны
Тааллыг дахин дахин эрлээ.
Тэр цагт өөр бусдын аймгийн
Олон гол ёс нугуудыг судлаваас
Улам улмаар сэжгийн тороор
Миний сэтгэл бүхнээс энэллээ.
Таны дээргүй хөлгөний ёс
Буй, үгүйн хязгаарыг тэвчсэнийг
Ямарчлан тайлбарлахаар эш үзүүлэгдсэн
Наганзанын гол ёсны гүмүдаан цэцэрлэгийн
Хир үгүй айлдлын хот мандалд дэлгэрсэн
Сайн зарлигийн огторгуйгаар түрвэлгүй гүйгч
Эцэслэн баригчийн зүрхний харанхуйг арилгагч
Буруу өгүүлээчдийн гүйх оддыг сүрээр дарагч
Цогт Зандрагирдийн сайн номлолын
Цагаан гэрлийн эрхисээр тодруулан үйлдсэнийг
Ламын ачаар үзсэн тэр цагт
Миний сэтгэл сая амарлаа.
Зохионгуй бүхнээс зарлигийн
Зохионгуй дээд, тэр нь ч
Энэ ямагт мөний тулд мэргэд бээр
Эндээс бурхныг даган дурдагтун.
Багш түүний араас дагаж, тойн болоод
Ялгуусны зарлиг дор судлахаа үл доройтуулан
Йогазарийн явдалд хичээгч нэгэн аяха тахимлиг
Их арш түүнээ тэр мэт биширлээ.
Ханьцашгүй Бурхан багшийн шашин лугаа
Учирсан энэ адил нь ламын ач мөн тул
Энэхүү буянаа ч хоцроолгүй амьтныг
Дээд буяны саднаар баригдахын шалтгаанд зориулмуй.
Тусыг зохиогч түүний шашин ч сансрын эцэст
Муу атгагийн хуй салхиар тийн үл хөдлөөд
Номлолын ахуй ёсыг мэдэж, Үзүүлэгч дор
Сэтгэл итгэгчдээр насад дүүрэх болтугай.
Шүтэн болсны тэр ямагтыг тодруулан зохиогч
Чадагчийн сайн ёсыг төрөл тутамдаа
Бие хийгээд амиа ч орхин барихуй дороо
Агшин төдийд ч султгах бүү болтугай.
Дээд удирдагч тэр бээр үлшгүй хатуужлаар
Шамдлыг зүрхэнд зохиож бүтээсэн үүнийг
Арга алинаар ч арвитгасугай хэмээхийн
Тийн шинжлэлээр өдөр шөнийг нөгчөөх болтугай.
Үлэмж арилсан саналаар ёс түүнээ шамдваас
Эсрүн, Хурмаст, ертөнцийг тэтгэгчид хийгээд
Махагал тэргүүтэн сахиусад бээр ч
Алгасалгүй насад нөхөрлөх болтугай хэмээн,
Бурхан багш дор Шүтэн барилдлагыг зарлигласны үүднээс магтсан “Сайн номлолын зүрхэн” үүнийг Сумадгирди бээр зохиолоо.

“Нөгчихийг шахамдсаны бэлгэ билэг” хэмээгдэх их хөлгөний судар.

Энэтхэгийн хэлээр Аръяа Ада Зана Нама Махаяана Судра.
Түвдийн хэлээр Пагва Даага Ишэй Шэйжава Тэгва Чэнбуун Доо.
Монголын хэлээр Хутагт нөгчихийг шахамдсаны бэлгэ билэг хэмээх их хөлгөний судар.
Хамаг бурхан хийгээд бодисатва нар дор мөргөмүй.
Ийн хэмээн миний сонссон нэгэн цаг дор Ялж төгс нөгчсөн Түшидийн Тэнгэрийн хааны орд харш дор оршсон бөгөөд хамаг нөхөд дор номыг үзүүлсэн хийгээд Огторгуйн зүрхэн бодисатва бээр Ялж төгс нөгчсөнөө мөргөж, ийн хэмээн өчлөө:
-Ялж төгс нөгчсөн өө! Бодисатва хэзээ үхэхийг шахамдсаны сэтгэлийг ямар мэт үзэн үйлдмүй?
Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун:
– Огторгуйн зүрхэн ээ! Бодисатва хэзээ үхэхийн цагт нөгчихийг шахамдсаны бэлгэ билгийг
бясалган үйлдэх болой. Түүн дор нөгчихийг шахамдсаны бэлгэ билэг нь, хамаг номууд
өвөрчлөнгөөр асар арилсан бээр бөгөөс бодос үгүйн хуран мэдлийг сайтар бясалган үйлдэх болой. Хамаг номууд бодь сэтгэл дор хурахын тулд бөгөөс их нигүүлсэхүйн хуран мэдлийг сайтар бясалган үйлдэх болой. Хамаг номууд өвөрчлөнгөөр эс зоригдоод гэгээн гэрэл бээр бөгөөс бодос юун дор ч үл тачаахын хуран мэдлийг сайтар бясалган үйлдэх болой. Сэтгэлийг оновоос бэлгэ билэг мөний тулд бөгөөс бурхныг бусдаас үл эрэхийн хуран мэдлийг сайтар бясалган үйлдэх болой.
Ялж төгс нөгчсөн бээр шүлэглэн зарлиг болруун:
– Ном нугууд өвөрчлөнгөөр асар арилсны тулд
Бодос үгүйн хуран мэдлийг бясалгагтун.
Бодь сэтгэл лугаа сайтар төгссөний тулд
Их нигүүлсэхүйн хуран мэдлийг бясалгагтун.
Өвөрчлөнгөөр эс зоригдох гэгээн гэрлийн тулд
Бодос юун дор ч үл тачаахуйг бясалгагтун.
Сэтгэл нь бэлгэ билэг гарахын шалтгаан
Бурхныг бусдаас бүү эрэгтүн.
Ялж төгс нөгчсөн бээр тийн хэмээн зарлиг болсон хийгээд Огторгуйн зүрхэн бодисатва тэргүүтэн хамаг нөхөд сайтар баяссан бөгөөд Ялж төгс нөгчсөн бээр зарлигласан дор илт магтлаа.
Хутагт нөгчихийг шахамдсаны бэлгэ билэг хэмээгдэх их хөлгөний судар төгсвэй.
Төрөх үгүй номын төвийн агаараас боссон
Сүр жавхлангийн хаан буман наран ургасан дор адил
Лагшин найргийн бадрангуй цогт лагшинтай
Амьтны зовлонгийн хорыг арилгагч дээдэд мөргөмүй.
Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн Дайныг дарсан
Үнэхээр туулсан бурхан Луваанжалбуу дор мөргөмүй.
Тахимуй. Аврал одуулмуй.
“Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа”
Буян үүгээр түргэнээ би
Луваанжалбууг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf

0