Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Буяны садан Гэнензүгпүд дор тахил зоог өргөх ёсон оршвой

Энэхүү судар үүнийг сүжиг хичээнгүй төгс Үйзэн цогт симбон Жамбалжав дурдсан учирт Гүсали Агчовахяабазар бээр найруулан зохиожээ. Чин сүжиг Номун ханы хийдийн ард орших хайрханг Гэнензүгпүд хайрхан хэмээн нутаг хошууныхан нэрлэдэг байна. Эл хайрхны навдаг Гэнензүгпүд нь цагаан морь хөлөглөн хатан түшмэд сэлтээр залран байдаг ажгуу.
Дээр үед хийдийн урд талд нь нэгэн хиймэл нуур байдаг байжээ. Энэ нууранд “Гэнен чэмбэ” нэртэй заан хөлөглөсөн эмэгтэй савдаг, Гэнензүгпүд гэсэн нэртэй Чин сүжигт номун ханы шавийн нутгийн цагаан азарга хөлөглөсөн эрэгтэй савдаг хоёр энэ нууранд ирж цэнгэн жаргадаг байжээ.
Энэ нь Дашдоо гүний хошуу, Номунханы шавийн хошуу хоёрын нэгдэн нийлж эд мал, идээ ундаа элбэг тансаг байхын бэлэгдэл болсон гэдэг домог бий.
Судрын орчуулга
Намо гүрү Шри базра вээра ваяа.
Энд тэнгэрийн их буяны садан Гэнензүгпүд дор тахил зоог өргөхийг хүсвээс тахил балин, жансигийг сайтар бэлтгээд Ядам бурхны омог лугаа төгсөөр тахилын эдийг Ум Аа Хум гэж гурван удаа адистидла.
Тус тусын хаана оршсон ариун дээд орноос
Тэнгэрлэг буяны их садан Гэнензүгпүд
Түшмэл нөхөд, нууцын эх, хувилгаан сэлтээр
Түрвэл үгүй энд ажиран батад оршин соёрх.
Цогц бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын усан баригч жигдэрч
Цувиралгүй рашааны зоог балин уул мэт овоорч
Цай, архин алтан умдаан цэнгэлийн нуур мэт уйлгалж
Элдэв жансиг эрхтийн нум мэт солонгорон дурайсныг
Эрхэт тэнгэр Гэнен чинбу их нөхөр сэлт дор
Өргөхүйд үлэмж баясан сайтар зооглоод
Ялгуусны шашинг сахин түүнийг баригч төрөлхтний
Өлмийг батдуулах үйлсийг дэлгэрүүлэн зохиож соёрх.
Ямагт ба бүрний өвчин ад, барцад саадыг арилган
Өнөд насан буян, цог учрал, сайн чуулганыг дэлгэрүүлж
Бүхий гурван оронг эрхэнд хураан уринт дайсанг номхотгоод
Батлан даатгасан үйлсийг алгасралгүй зохион соёрх.
Шашны цог болсон ламын өлмийн лянхуа батдан
Шашинг баригч төрөлхтөн газар дэлхийд огоот түгж
Шашны өглөгийн эзний аугаа хүчний учрал дэлгэрч
Шашин өнө удаан оршихын үйлс хэргийг зохио.
Хэмээх үүнийг сүжиг хичээнгүй төгс Үйзэн цогт симбон Жамбалжав дурдсан учирт Гүсали Агчовахяабазар бээр найруулав.
Тэнгэрлэг буяны садан Гэнензүгпүд дор сэржим өргөх ёсон оршвой.
Намо гүрү.Шри базар вэра ваяа.
Энд ялгуусан бүхний нигүүлсэхүйн өвөр чанарт Мутартаа лянхуатыг нутгийн эзэн шивдагийн ёсонд барин шашны сахиусанд зохиож, тэнгэрлэг Гэненчинбуд сэржим өргөхийг хүсвээс. Анханд архины дээж, цагаан үр, элдэв эм тэргүүтнийг цогцлоон үйлдэж Ум Аа Хум гэж гурвантаа адистидла.
Өмнө сэтгэлд зохист баясгалант цэцэглиг хүрээлсний төвд
Элдэв зүйл эрдэнээс бүрдсэн орд өргөөнөөс
Өрлөг тэнгэр буяны их садан Гэнензүгпүд
Эгнэгт зарлиг сонсогч нөхөд чуулган сэлтээр батад орш.
Эдийг баригч энгүй уужим эрдэнийн савыг
Илт судлал, онол бадарсан рашаанаар машид дүүргээд
Их Гэнензүгпүд нөхөр сэлт дор өргөмүй
Эрхэн дөрвөн үйлсийг бүтээхийн тухайд болгоон соёрх.
Тэндээс сэржмийг барин босоод:
Хо. Гаадамбын шинэ, хуучин шашны их сахиусан
Цагаан зүгийг тэтгэгч тэнгэр сахиус даяарын эзэн
Хан тэнгэр их буяны садан Гэнензүгпүд
Цалгисан алтан умдаан рашааны далайг зооглож
Миний аврал итгэлийг цэгц болгоон авшиг хайрлаад
Хүмүүн малын өвчин, дайсан дээрэм, хулгай тэргүүтэн
Машид ойр хөнөөлийг хоцроолгүй амирлуулж, нас буян
Хийморь сүлд, цог учралыг дэлгэрүүлэх үйлсийг зохио.
Ялгуусан нууцын дээд эх, хөвгүүн, түшмэд хийгээд
Зарлиг тушаагч тангарагтан далай нөхөд сэлтээр
Ягчис, жүнбо, албин, шулмын элчсийн чуулганууд
Зохист алтан умдаан рашааны далайг болгоож
Миний аврал итгэлийг цэгц болгоон авшиг хайрлаад
Хүмүүн малын өвчин, дайсан дээрэм, хулгай тэргүүтэн
Машид ойр хөнөөлийг хоцроолгүй амирлуулж, нас буян
Хийморь сүлд, цог учралыг дэлгэрүүлэх үйлсийг зохио.
Хэмээх үүнийг чин сүжиг хичээнгүй төгс Донер Сундуйжав бээр шаардсаны учирт Шагжийн тойн Сумади Авхяшасанасядуаза найруулав. Үүгээр амьтан олонд тусыг үйлдэх болтугай. Мангалам.
Нутгийн эзэн Буяны садан Гэнензүгпүд дор ариусгал тахил өргөх ёсон чандмань эрдэнийн гуу сан хэмээх оршвой.
Үүнийг сүжиг хичээл төгс шадар бичээч гэлэн Варбажав, гүндүнбэ Чагдаржав, Лэгдэндорж нар шаардсаны учирт Номун хан Сумади Авхяшасанасаяадуаза /1829-1882/ найруулан зохиосон байна. Энэ ном нь орны тэнгэр Гэнензүгпүдийг тахих дор увдис ихтэй, хамаг хэргийг сэтгэлчлэн бүтээхдээ хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт хэмээн алдаршсан ажгуу. Сан тахилгын сударт лам, ядам, баатар, дагинас, номыг тэтгэгч сахиусан, орны тэнгэр, шивдаг тэргүүтэн лус савдаг бүхнийг сангийн эд, жансиг, идээ ундаа, элдэв гөрөөс, хонь сарлаг тэргүүтнээр тааллыг нь ханган өргөж, элдэв гай барцад, хүмүүн ба хүмүүн бусын хорлолоос сахин хамгаалж байхыг даатгасан байна.
Судрын орчуулга
Намо гүрү шри базар вэра ваяа.
Дээд гурвын хуурмаг үгүй их нигүүлсэхүйн хурц гэрлээр
Дэгжин боловсорсон тэнгэр лусын лянхуан цэцэглэгээс
Тэгш зохилдсон шид бүтээлийн амтат балын шимийг
Төвөг бэрхшээл үгүй татахын аргыг энд туурвия.
Тэрхүү аугаа хүчнийг эрхшээгч эзэн буяны садан Гэнензүгпүд нөхөд сэлт дор баясган ханган үйлдэгч балин тахил, сан тахил өргөхийг хүсэгч бодьгал бээр тахил балинг эрхэмлэн хураан үйлдэж, цагаан, улаан зандан, арц, үр, агь тэргүүтэн сангийн эдийг бэлтгэж, Аврал сэтгэлийг урьд нь талбиснаар Сандэ жигсүм тэргүүтэн ядам бурхан алин болох омог нотлол төгсөөр сангийн эд ба тахил балинг Амрида-аар ариулж, Сувава-аар судалж, хоосны агаараас сангийн эдийн өөр өөрийн нэр үсэг анхан дуслаар чимэн хайлснаас гарсан, лам, ядам, баатар, дагинас, номыг тэтгэгч сахиусан, орны тэнгэр, шивдаг нийт ба ялангуяа шивдаг Гэнензүгпүд тэргүүтэн орон зүг үүнд оршигч, цагаан зүгийг тэтгэгч тэнгэр, лус, шивдаг бүхнийг баясган ханган үйлдэгч сангийн эд, жансиг, өвөрмөц тахилыг санаанд багташгүйгээр газар ба завсрын гэгээ, огторгуйн эн бүхэнд огоот дүүрэн болгов.
Ум сарва вид тэргүүтэн огторгуйн сангаар адислаад, Ум аргям аа хум-аас Шивда аа хум хүртэл өгүүл. Зургаан тарни, зургаан мутарлагаар адистидла.
Түүнчлэн ирсэн дөрвийн алдрыг өгүүлээд;
Ямагт номын агаар угаас өвөрчлөн асар ариун хийгээд
Янагуух шалтгаан, үрийн хуурмаг үгүйн үнэний хөрсөнд
Асар ариун үлэмж санаа, тарни, зай, самадийн
Арвин хөрөнгийг талбигч чухаг дээд гурав хуурмаггүйн
Их нигүүлсэхүйн нойтон чийг, илчээр боловсорсноос
Ариусгал тахилын далайн зочин бүхэн хоцролгүй
Эгүүнээ хурж цувирал үгүй хатамжлалыг машид үүсгээд
Аливаа хэргийг хоцролгүй амар хялбар боловсруулах болтугай.
Миний санасан….. тэргүүтнээр үнэн хүчийг өгүүл.
Тэндээс зочинг урин залах нь.
Асар ариун номын агаарын орд өргөөнөөс
Язгуур үндэсний лам, амирлангуй догшин ядам
Аврагч баатар, дагинас, номын сахиусан нөхөр сэлтээр
Янагш үүнээ заларч ас асын суудалд баясан орш.
Дээр хувираш үгүй очирын орд өргөөнөөс
Тэнгэрийн буяны садан Гэнензүгпүд нөхөр сэлт
Тус тусын орноос нутгийн тэнгэр, шивдаг нугууд
Түргэнээ энд заларч өөр өөрийн суудалд баясан орш.
Очирдара тэргүүтэн язгуур үндэсний ламын
Очир чулуун уул мэт урвалтгүй очирын зарлигийг
Ямар мэт ам авсан тангараг тааллыг зохиох дор
Егүүзэрийн тахил эрдмийг тэтгэгтүн, тангарагтай.
хэмээн тангарагийг агуулж,
Арвис чанарт тарни хийгээд мутарлагаар
Адистидласан тахилын чуулган үүнийг
Дээд, доод тахилын зочин нугууд дор
Дээдэлж их бишрэлээр өргөн үйлдье,
Тэнгэр огторгуй, баригч эх газрын энг дүүргэсэн
Тахил эрдэм, өлмийг сэрүүцүүлэгч, цэцэг, хүжис
Гэгээн зул, үнэрт усан, идээ зоог хийгээд
Гоц яруу жавхлант хөгжмийн тахилыг өргөе.
Алтан умдаан, цагаан идээ, согтоогч архи тэргүүтэн
Арилаагүй гэмийг ариусгагч балин зоог үүнийг
Жамба цэцгийн дэлбээ адил хэлээ сунгаж
Жаргал баясал ихээр болгоон таалж соёрх.
Мөнх тэнгэрийн буяны садан нөхөр сэлт дор
Малгай, гутал, эрдэнийн эмээл, хазаар хийгээд
Мэсийн язгуур, хөө хуяг, сайн дээл навс ба
Ажнай хөлөг, цагаан торго тэргүүтэн
Аугаа гайхамшигт эрээн жансиг, элдвийг өргөе.
Догшин халтар сарлаг, хөнөөлт араатан чоно
Дүүүлэн харайх буга тэргүүтэн гөрөөсдийн чуулган
Дүүхэлзэгч ажнай хүлэг, ямаа, хонь, үнээ, бух тэргүүтэнг
Түгээмэл огторгуйн эн бүхнийг дүүргэн өргөмүй.
Тунгаамал алтан бадарсан адил галын дундаас
Тэнгэрийн анхилаг арц, агь тэргүүтний
Ариусгал сангийн элдэв утаан үүлс
Ариун тэнгэрийн мөр огоот бүрхсэн үүгээр
Язгуур үндэсний лам бүхнийг ариулмуй
Ядам бурхдын чуулган бүхнийг ариулмуй
Ялагч баатар дагинас бүхнийг ариулмуй
Ялгуусан номыг тэтгэгч сахиусан бүгдийг ариулмуй
Ялгуугч тэнгэр Гэнен нөхөр сэлтийг ариулмуй
Ямагт заяагдсан тэнгэр сахиусан нөхдийг ариулмуй
Тэнгэр, лус шивдаг бүхнийг ариулмуй
Тэр мэт аугаа их сан тахил үүнийг болгоож,
Язгуур үндэсний лам бээр адистидла
Ядам бурхад бээр шид бүтээлийг хайрла
Ялагч баатар дагинас нөхөрлөн зохиох хийгээд
Ялгуусан номыг тэтгэгч сахиусан бээр барцдыг зайлуулж
Ялгуугч тэнгэр Гэнен нөхөр сэлтээр
Түвван чадагчийн шашин нийт ба ялгавартай
Төгс буянт зарлиг үндэсний шашинд тэрслэн
Түүнийг баригч төрөлхтөнд хорлол үйлдэх
Дайсан тотгорыг хоцролгүй эслэн таслагтүн.
Хулгай дээрэм, цэрэг дайны ойр хөнөөлийг буцааж
Хямраах өвчин хижиг, зуд турханыг буцаа
Албин шумнас, мамын хорлолыг буцаа
Ад зэтгэр, хараал турхираас талбисныг буцаа
Махан идэшт дагинасын рид хувилгааныг буцаа
Малын гарз, гарлага бүхнийг буцаа.
Товчилбоос хорлолын язгуур бүхнийг буцаах бөгөөд
Түүнчлэн ба бүрэн, багш, шавь, нөхөр сэлтийн
Амь бие, эрх хүчин, хийморь сүлд ба
Насан буян, цог учрал дэлгэрэх хийгээд
Алимад гурван орныг эрхэн дор хураан зохио.
Нэн товчилбоос бодийг олох хүртэл
Зуурдын саад бүхнийг амирлуулах хийгээд
Зохилдох нөхцөл сайн чуулган хоцролгүй
Зөндөө өөрөө бүтэх үйлс хэргийг зохио.
Хэмээн сангийн эдийг өргөн үйлс хэргийг даатгаснаар буян хишгийг дуудахыг хүсвээс: хоёр түйтгэр арилсан…..хэмээн уншиж, буян хишгээ даллан дууд. Тэндээс: эс олсон огоот …..тэргүүтнээр гэмийг хүлцэн наминчилж соёрхсоноор зочин нугууд өвөрчлөнгийн оронд залрагтун хүртэл санаж өлзий хутгаар онцлон оршоогоорой. Хэмэээх үүнийг сүжиг хичээл төгс шадар бичээч гэлэн Варбажав, гүндүнбэ Чагдаржав, Лэгдэндорж нар шаардсаны учирт тойн дүрст Сумади Авхяшасанасаяадуаза найруулсны бичээч нь шадар бичээч Тарважав болой.
Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд дор сэржим өргөх ёс, үйлс хэрэг бүхнийг бүтээгч хэмээх оршвой
Үүнийг сүжиг төгс Эрдэнэ чагзодба Гэмбэлдорж шаардсан учирт арвис баригч Мижэджэйшаддорж /1789-1846/ бээр гэнэт болгоон айлдсан энэ нь номын аймаг энэ ямагтаас эс давсан нууц зарлиг юм. Тус сударт Ловон Бадамжунай тэргүүтэн амирлангуй догшин ядам, бурхад, дагинас сахиусан тэнгэрийг урин залж, алтан умдаан сэржмийг өргөн, нутаг орон үүний эцэс хойтыг хүртэл ханьсан нөхөрлөж байхын соёрхолыг тавьжээ. Мөн Гэнензүгпүд түүнийг ямарваа үйлийг бид бүхэн үйлдэх болвоос тэр бүгдийн сахиусан тэнгэрт хувилан заларч хамаг үйлсийг бүтээгтүн хэмээн шаардан дурджээ.
Судрын орчуулга
Намо шри вазар вээра ваяа.
Энд нутгийн эзэн Гэнензүгпүд дор сэржим өргөн үйлсээ даатгахыг хүсвээс эдлэл хэрэгсэлээ бэлтгээд Ум Аа Хум гэж гурвантаа адислаад, хөгжим эгшиг лугаа сэлтээр энэ мэт үйлд.
Хо. Өөрөө бүтсэн их амгалан орд өргөөнөөс
Үржин гүрү ловон Бадамжунай дор
Арвис баригч баатар дагинас бээр хүрээлэн
Ажиран ирж алтан умдаан тахилыг болгоож
Адистид билгийн хурыг буулган соёрх.
Хо. Цагаан лянхуа эрхэт үлшгүй харшаас
Цогт ялж төгссөн Бадмаванчин дор
Амирлангуй, догшин ядмын чуулган бээр хүрээлэн
Ажиран ирж алтан умдаан тахилыг болгоож
Асар дээд, нийтийн шид бүтээлийг соёрх.
Хо. Номыг тэтгэгч тангарагтан сахиусны чуулган ба
Нутаг орон зүг үүнээ эцэс хойт хүртэл оршигч
Навдаг, шивдаг, орны тэнгэр хоцролгүйгээр
Ажиран ирж алтан умдаан тахилыг болгоон
Арвис баригч миний хань хамсааг зохио.
Хо. Өлзий хутаг сүндэрлэсэн үзэсгэлэнт номын хүрээлэн
Үлэмж аглаг орон Радэн сүм хийд ба
Хүчир догшин талын тэнгэр тэргүүтэн
Сэтгэлд зохист орны дээдээс
Сүлдэн тэнгэр тангарагтан буяны садан
Гэнензүгпүд хэмээн алдар соёрхсон
Сүлдэн тэнгэр бүхний эрхэм бөгөөд
Хилэнт лусын найман аймгаар хүрээлүүлж
Эгүүнээ ажирч алтан умдаан тахилыг болгоож
Егүүзэр миний санасан хэргийг бүтээ.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану лам, ядам, бурхан
Эгүүнээ ажирч алтан умдаан тахилыг болгоож
Төгс цогт ламын шадар оршин зохио.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану егүүзэр нөхөр бөгөөд
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Егүүзэр миний үйлсэд хамсан нөхөрлөж зохио.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану ид хүчит үйлчин бөгөөд
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Егүүзэр миний дайсанг гэтэлгэн соёрх.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану эд баялгийн их эзэн болоод
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Эд эрдэнийн шид бүтээлийг соёрх.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану бүхэн дор авшиг хайрлах бөгөөд
Тэгүүнчлэн ажирч алтан умдаан тахилыг болгоон
Тэнгэр, зэтгэр, хүмүүн гурвыг эрхэн дор хураа.
Хо. Нутгийн эзэн Буяны садан Гэнензүгпүд
Та ану идээ эдийн эзэн болоод
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Эд идээний шид бүтээлийг надад хайрла.
Хо. Нутгийн эзэн Буяны садан Гэнензүгпүд
Та ану эдийн их сахиусан болоод
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Егүзэр миний эдийг чухалчлан дэлгэрүүл.
Хо. Нутгийн эзэн Буяны садан Гэнензүгпүд
Та ану дээрэмчний их ноён болоод
Дэргэд ажиран алтан умдаан тахилыг болгоож
Дээрэмчин тонуулчны хатуу амыг боогтүн.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану хулгайн их ноён болоод
Хурдан ажиран алтан умдаан тахилыг болгоож
Хулуух луйварчин ямагтын амин сүлдийг хулгайл.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану чинагш зорчихуйд үдэгч болоод
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Их замын аюул бүхнээс сахин аврагтүн.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану инагш ирснийг сахигч бөгөөд
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоон
Их замын аюулыг сахин угтагтун.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану зам мөрийг заан үзүүлэгч болоод
Эгүүнээ ажиран алтан умдаан тахилыг болгоож
Егүүзэр миний мөр дор нөхөрлөн зохио.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану их сүр жавхлантан болоод
Баясан ажирч алтан умдаан тахилыг болгоож
Бус чуулганыг сүрээр дарах үйлсийг зохио.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Та ану дөрвөн хөлт сүргийн эзэн болоод
Даруй ажиран алтан умдаан тахилыг болгоож
Дөрвөн хөлт сүргийн сүрэгчний үйлсийг зохио.
Аяа. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Зарим нэгэнтээ эзэн ноёны ёсонд хувиртугай
Ачит эзэн ноён мэт таныг тахих болой
Зорин тахихуйн цагт таалал эс холдуул.
Хо. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Зарим нэгэнтээ гэтэлгэгч элчийн ёсонд хувиртугай
Гэтэлгэгч элчийн ёсонд таныг омогшуулмуй
Зүхэн омогшихуйн цагт эс муу нүүрлэ.
Аяа. Нутгийн эзэн буяны садан Гэнензүгпүд
Зарим нэгэнтээ та боол зардаст хувилтугай
Авирлаж боол зарц мэт таныг захиртугай
Захиран боолчлох цаг дор хилэгнэж бүү үйлд.
Товчилбоос буяны их садан Гэнензүгпүд та
Егүүзэр над лугаа нөхөрлөн зохиож
Түвшин номт төрийн сайн чуулган дэлгэрээд
Юу санасан хэрэг сүндэрлэн бүтэх болтугай.
Буяны садан шивдаг Гэнензүгпүд дор алтан умдаан өргөх ёсон үйлс хэрэг бүхнийг бүтээгч үүнийг сүжиг төгс Эрдэнэ чагзодба Гэмбэлдорж шаардсан учирт арвис баригч Мижэджэйшаддорж бээр гэнэт болгоон айлдсан энэ нь номын аймаг энэ ямагтаас эс давсан нууц зарлиг талбисан мөн тул таалан мөргөмүй.
Буяны садан Гэненчэнбу их шивдагийн сэржим оршвой.
Ум сувасди.
Гэненчэнбу их шивдаг дор сэржим өргөхийг хүсвээс суурь эдийн зайнд гурван үрээр (Ум Аа Хум) адистид үйлд.
Ум. Очирдара бурхан ба язгуур үндэсний лам
Амирлангуй, догшин ядам ба авралын гурван орон
Нууцын эзэн цогт дээд Мутартаа очирт бээр
Алтан ундаа үүнийг таалснаар үйлс хэргийг болгоон зохио.
Тушаал зарлигт ялгуусан дээд Намсрай, Ноджин хийгээд
Тааллын хувилгаан есөн өмөгт Сүлдэн тэнгэр, Хангай хан
Амирлангуй, дэлгэрүүлэх, эрхэнд зохиох, удирдагч тэнгэрүүд
Алтан ундаа үүнийг таалснаар үйлс хэргийг болгоон зохио.
Ялангуяа хүчин төгс ялгуусан эрх баялагт
Ертөнцийг номчлон тэтгэхүйн дүрс лагшинд ургасан
Буяны садан Жигмэдбавуу сахиулсан тэнгэр бээр
Алтан ундаа үүнийг таалснаар үйлс хэргийг болгоон зохио.
Найдаг, шивдаг хийгээд бас бус орны тэнгэр
Хар зүгийг тэтгэгч тэнгэр, лус, бүдсийн язгуур
Ад тотгор, өр төлөөстөн, Вүлон, Шахон нугууд
Алтан ундаа үүнийг таалснаар дайсагнан эс үйлдэгтүн.
Ундаан тахилыг тэр мэт өргөсөн зохих нөхцөлөөр
Уршигт өвчин, ад хийгээд хэл ам, хараал тэргүүтэн
Хүмүүн ба хүмүүн бусын ойр хөнөөл бүхэн амирласнаар
Хамаг зохилдох нөхцлийг бүтээж, мянган нөхөрт батлан зохио.
Хэмээх энэ нь хэрэгтэйн эрхээр Чүхавари нэрт бээр нигуурын албанд бичвэй.