Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Вангийн хошууны тахилга шүтлэгт ариун газруудыг ариусган тахих судар

Дэлхийн эзэд дор сан тахил үйлдэхийг хүсвээс:
Энэ судрыг Халх жанжин вангийн нутгийн гэлэн Жамбал бээр хүсэн зорьсны хариуд Шагжийн тойн Иштүвдэнжамц бээр Гүмбэнжамбалин хийдэд бичжээ. Тус сангийн сударт Вангийн хошууны тахилга шүтлэгт ариун газрууд болох овоо, Жаргалантын гол, Уртын гол, Хужирын гол, Улаан даваа, Хөл сая даваа, Хөх даваа, Түйн голын тэнгэр лус хийгээд Хөх бүрд, Шарбүрд, Баянбүрд, Үүдийн давст нуур, Халзан хайрхан, Баянтээг, Уранхайрхан, Хөвших, Залаа, Цав, Цайдам, Цагаан гол ба Жаргалант, Цагаан нуур тэргүүтний тэнгэр лусыг ариусган тахижээ. Эл бүх нутгийн эздэд тахил үйлдсэнээр яруу алдар, нас буян, цог учрал дэлгэрч түйтгэр доройтол, өс хонзонгийн гэмийг гэтэлгэж, хүн малын өвчин, цагийн хямрал тэмцэл амирлахыг даатгажээ.
Намо гүрү.
Судрын орчуулга
Хри. Самид тарни хийгээд адистид оршоосон
Цувирал үгүй рашаан, тахил балин, жансиг тэргүүтэн
Хэтэрхийеэ тансаг гадаад, дотоод, нууцын зохист эд
Ялангуяа элдэв модны утаан үүлсийн сан тахил үүгээр
Цагаан зүгийг тэтгэгч тэнгэр лус, бүдсийн чуулган
Ялангуяа дээдийн Овоо энэ ямагтын
Жаргалант хэмээх усан мөрнийг санная
Уртын гол хийгээд Хужирын голыг санная
Улаан даваа, Хөл сая давааг санная
Хөх даваа, тэнгэр лусыг хоцроолгүй санная
Өвөрмөц их Түйн голын тэнгэр лусыг санная.
Хөх, Шарбүрд, Баянбүрд хийгээд
Үүд хэмээгч давст цөөрмийг санная.
Халзан хайрхан, Баянтээг хийгээд
Уран хайрхны тэнгэр лусыг санная.
Хөвших, Залаа, Цав, Цайдам ба
Цагаан гол ба Жаргалант хийгээд
Цагаан нуур хэмээн алдаршсан орон зүг тэргүүтэн
Цул эрдэнийн газар дэлхий, уул хад, усан мөрөн
Баясгалант цэцэглэг, модны язгуур, араатан гөрөөс
Булаг цөөрөм, сайн уст худаг хийгээд
Эрт үеийн чулуун бичиг, хиргэсүүр тэргүүтэн
Эрхэтийн дайсан лус, хүмүүн ба хүмүүн бусыг санная.
Энэ мэт баян хангайн эрдэнийн цогц болсон
Аясгалан зохист, сүр жавхлант аглаг орноо алдаршсан
Аялдан шүтэгч тэнгэр лус, шивдаг нөхөр сэлтээр
Баясан цэнгэж шашин хийгээд шашныг баригчийг тэтгэгтүн.
Егүзэр миний гадаад, дотоод, ойр хөнөөлийг амирлуулж
Яруу алдар, нас буян, цог учралыг дэлгэрүүлэн зохио.
Сэтгэл угаас ариун боловч магадын эндүүрлийг орхиж
Сэрэмжгүйн эрхэнд орсон гурван үүдний гэмийн чуулганыг
Туурвил ангижирсан номын чанарын агаарт наминчлая
Түйтгэр доройтол, өс хонзонгийн гэмийг энэ орноос гэтэлгэж
Тэнүүн аглаг орноо хүмүүн малын өвчин, цэргийн хямрал, тэмцэл амирлаж
Төгс төгөлдөр шинэхэн баяр хуримыг арвитган зохио .
Хэмээх энэ нь Халх жанжин вангийн нутгийн гэлэн Жамбал бээр хүсэн зорьсны хариуд Шагжийн тойн Иштүвдэнжамц бээр Гүмбэнжамбалин хийдэд бичвэй. Өлзий хутаг орших болтугай