Гонгор бурхдын хамт

Гонгорын магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Гонгорын магтаал.

Хум. Арван зүг гурван цагийн хамаг бурхдын
Айлдал энэрлийг нэгд хураасан Гэтэлгэгч Арьяабал
Түүний хувилгаан Зургаан мутарт Махагал дор
Бие, хэл, сэтгэл гурвын бишрэлээр мөргөмүй.
Махагал Сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ нигүүлсэхүйт
Лагшингийн өнгө цаст уул мэт цагаан, гэрэл сацруулсан
Нэгэн нүүр зургаан мутарт, эдийн эзнийг гишгэсэн
Үгээгүйн зовлонг арилгагч дор мөргөмүй.
Баруун эхнийхээр сэтгэлчлэнгийн чандмань барьсан
Дундахын бөгтөр тонгоргоор үгээгүйг ёзоороос огтлогч
Адгаар дамрыг чангад цохилсноор
Дагинасыг эрхэндээ хураагч тан дор мөргөмүй.
Зүүн эхнийхээр эрдэнийн гавалтай хумх ташаандаа шүтэгч
Дундахын гурван үзүүрт жадаар дагинасыг эрхэнд хураагч
Сүүлийн гохоор муу заяаны орноос татагч
Махагал, нигүүлсэхүйн сан дор мөргөмүй.
Дээд биендээ эрдэнэсийн чимгээр тийн чимэгт
Тэнгэрийн эдэн дээд, доод хувцадыг намируулсан
Өлмий, мутар бүхэндээ чандмань эрдэнийн чимэгт
Амьтны гориллыг хангагч дор мөргөмүй.
Таныг сэтгэлдээ дурдсан төдийгөөр ч
Тэр даруйд үгээгүйн зовлон бүхнийг
Сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ мэтээр арилгагч
Сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ тан дор мөргөмүй.
Таныг бишрэнгүйгээр магтаад тахисны адистидаар
Эдүгээгээс хэзээ бурхны хутгийг олох хүртэл минь
Итгэл та бээр нигүүлсэхүйгээр барин тэтгэж
Бодийг бүтээхийн зохистой нөхцлийг сэтгэлчлэн бүтээ.
Энэхүү буянаар өөр бусад хамаг амьтан
Амьтны тусад хүчин төгсөх хийгээд
Дээд, ерийн шид бүтээлийг хайрлахдаа
Сэтгэлчлэнгийн чандмань мэт нь би болтугай.

Гонгорын бумба бүтээх арга.

Лам Махагалын өлмийд мөргөмүй.
Үүн дор анх эхлээд хот мандал зурах,
бумба үйлдэх,
бумбаны эд цуглуулах,
бурхан тэнгэрийг үүсгэх,
бүтээх болой.
Дөрвөн зүгийг дөрвөн өнгөөр бэлгэдсэн дөрвөн дэлбээт лянхуан хот мандал нэгэн тохойн төвд гурвалжин чойнжин галан хүрээ сэлттэй буюу эсвэл дөрвөлжин, дөрвөн үүдтийг тойрон галаар хүрээлсэн аль нэгийг үйлд.
Түүний дээр тавиур дээр бумба нь элдэв эм, элдэв үр, элдэв үнэртнээр дүүргэсэн, амсрын
чимэг, хүзүүний ороолт лугаа сэлттэй дор сунтаг (тогтоолын утас) зүүсний, өмнө нь Гонгорын балинг (гурван цагаан, гурван амттан хольсон) чандманиар бэлгэдсэн дор өчүүхэн балин хорин нэг сэлт хийгээд бас бус сайн тахилуудыг бэлтгэ.
Тэндээс хоосны агаараас бумбыг үлшгүй орд харшид санасны дотор лянхуа, сарны дээр цагаан Хри-гээс сүр жавхлант Гонгор лагшингийн өнгө цагаан, нэгэн нүүр зургаан мутарт. Баруун эхний мутраар сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ барьсан. Хоёр дахиар эрдэнээр бөөлжсөн хулганыг хүзүүн дээрээс нь атган дотогш харуулан барьсан. Гурав дахиар эрдэнэсийн сангийн хумх барьсан. Зүүн эхний мутраар үгээгүйг огтлогч хүрд, хоёр дахиар эрдэнээр бөөлжсөн хулгана дотогш харуулан бариад гурав дахиар янагш ирүүлэхийн чагжаа эрхий ядмыг бөхийлгөсөн. Бие дор олон эрдэнэсийн унжлага чимэгт. Орой дахь Лам Эрхийн хаан нь хоёр мутраар хулганын хүзүүнээс атган барьсан. Хоёр өлмий одохыг завдан цомцойн зогсоод дороо эрдэнээр бөөлжсөн Чуулганы эзэн гишгэсэн. Дагинасын чуулганаар хүрээлүүлэн, бэлгэ билгийн галын төвд оршсонд үүсгэ. Бэлгэ билэгтнийг залаад шингээ.
Авшиг авах, тахил лугаа сэлт:
Ялгуусан бүгдийн тааллын мөн чанар болсон
Таалал үүсгэн, бусдын эрхэнд орсны рид хувилгааны бүжиглэлээр
Хувь төгссөн амьтны гориллыг хангагч
Махагал, сарны саданд мөргөмүй хэмээхээр магт.
Урилга нь:
Зүрхний Хри үсгийг тойрон эргэх “Ум Махагала Гана Сидди Хум Суу Хаа” хэмээх тарнийг гурван бум, өгүүлэхүйг таслан урь.
Зоригдол нь, бумбанд зүүсэн сунтагнаас барин тогтоол тарнийг урьж, бурхан тэнгэрийн таалал үндсийг дурдатгаснаар гэрэл гаран бумбаны эдэд туслаа. Эрдэнэсийн рашаан болсноор өөрийн гэр байшин, авдар сав бүхэн рашаанаар дүүрлээ хэмээн сана. Тарнийн гэрлээр ертөнцийн орны хүссэн хэрэгтэн бүхнийг ирүүлэн бумбаны дотор шингээсэнд санаад тарнийг олонтаа урь.
Тэмдэг гарах нь:
Тэмдгийг ийнхүү мэдэн үйлд
Бүтээл үйлдэхийн цаг дор нь
Эд, идээ өргөх гарваас сайн
Нүүрийг үзэх нь дээд болой.
Зүүдний тэмдэг нь энэ буюу
Цэцэг түүх ба үр тариа хураах
Бусдууд эд, идээнийг өргөх
Цагаан өнгийн хувцас өмсөх
Ус төгс эдлэн үйлдэх хийгээд
Хуяг, цэргийн хүн зүүдлэвээс сайн гэжээ.
Их балинг Гонгор дор үүсгэн, өдөр бүр сэргээ. Дээрх тарни дор “Балинда” зүүснээр өчүүхэн балинг өргө.
Бүтээлийн хойно их балингийн Гонгорыг өмнийн огторгуйд гарч оршлоо хэмээн сана. Балинг элдэв идээ аль таарснаар өргө.
Бүтээлийн үед эрхэнд хураахын хүрдийг бумбаны хүзүүнд зүү.
Бүтээлийн хойно өмнийн огторгуйн Гонгорыг хүрдэнд шингээж, хүрдийг өөрийн биед зүүвээс аль хүссэнийг эрхэндээ хураах нь сэжиг үгүй болой.

Эрхэнд хураахын хүрд үйлдэх нь.

Улаан өнгийн цэвэрхэн торго даавуу буюу модны үйс, цаасны аль нэг дээр, бэлэгт сайн өдөр шинийн найман буюу аравны аль таарсанд үдээс өмнө нүүрээ баруун зүгт харуулан сууж, өөрийг Махагал Сэтгэлчлэнгийн чандмань дор үүсгэсний зүрхний дагинаас гох мэт гэрэл сацран бэлгэ билэгтнийг ирүүлэн шингээгээд урилга өчүүхэн үйлдсэний хойно Махагалын омгоор хүрдийг үйлдэх ба эд (зай) нь гүргэм, гиван, өөрөө гарсан синдура, энгэсэг, улаан зандан нугуудын дусал хольсон шунх болой.
Тэр ч найман хигээст хүрд, хүрээ сэлттэйн хүйснээ Хум. Түүний өмнөөс эхлэн баруун тийш тойруулан “Ум Гүрү Махагала Хариниса Сидди За” + (өөрөө алиныг хүсэхийн нэрийг бичиж) + “Вашам Гүрү Хо”“ хэмээн бич. Найман хигээсэн дээр Хри үсэг дотогш харснаар бич. Хүрээнд нь алигали зүүн тийш эргэлдсэнээр тойруулан бич. Түүнийг өмнөө тавиад тахил балинг ч бэлтгэ.
Гонгорын зүрхэнд Эрхэнд хураагч дагина улаан, гурван мэлмийт, баруунаар гох хийгээд
зүүнээр гавал барин, элдэв чимгээр чимсэн, бүжиглэлийн байдал сэлттэйг үүсгээд тахил балинг өргө.
Зүрхний дагина тэр Гонгорын зүүн хамрын нүхээр гарч, хүрдний үр үсэг нугууд лугаа ялгал үгүйеэ холилдсонд санаад тарнийг залгасан үггүйгээр мянга найм буюу зуун найм уриад цэцэгсийг цац.
Бат оршил үйлдээд эрхэнд хураалгагчийн сүнсийг ирүүлэн хүрдний үр үсгэнд шингээхийг
олонтаа үйлд.
Хүрдийг хуйлан балгадын номоор доройтоогүй залуу охиноор нийтгүүлсэн улаан утсаар хүнд үзүүлэлгүй ороогоод биедээ зүүх буюу балингийн сумны хивэнд зүү.
Өдөр бүр тарнийг залгасан үг сэлттэйгээр тасралтгүй урин үйлд.
Аман гэгээний маш гүнзгий увдис мөн.
Үүнийг ч Богд Бэнсава бээр өөрийн мутраар бичин зохиосон болой.

Гонгор дор өчирлөг талбих нь.

Эрхин сүр жавхлант таалан соёрх!
Миний нэр “…” хэмээх бээр
Туулсан бодийг бүтээхүй дороо
Өглөгийг огоот төгсгөн үйлдэхийн тулд
Их эд баялгийн шид хайрла.
Тэнгэрийн хаан асурийг дарагч
Хамаг тотгорыг эрхэнд болгогч
Шүрийн өнгө мэт маш улаан
Ганабади дор мөргөмүй.
“Ум Гана Нама Гана Суухаа”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf