Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Гурванбулаг сумын Жилангарын сан буюу Багшийн овооны тахилга

Урьд энэ хошуу нутгийн хүн бозлог зурамны мах иддэг маш ядуу амьдралтай байжээ. Тэр үед их хүрээний өндөр хоршоо гэж байсан газар зодын дуган хурал номоо хурж сүндэрлэн байсан байна. Тэрхүү дуганаас нэгэн эрдэмтэй зоч лам энэ хошуунд зорин ирсэн нь хожмоо Пүрэв гүний Нацагдорж ламтан хэмээн алдаршсан юм. /Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошууний ловон. 20-р зууны үеийн хүмүүн. Зохиол нь нэг боть. Зан үйл магтаал зэрэг, бичмэл. С. Гомбожав./ Нацагдорж ламтан энэ хошуунд ирээд Жилангарын овоог босгон тахилга үйлдсэн түүхтэй. Мөн Бухын хамар гэдэг газар тахилга үйлдэн Говь-Алтайн Тарлан бухын нурууны зүг номын увидас шингээсэн чулуугаар дүүгүүрдсэнд Хөх нуураас усны бух урамдан гарч ирсэн гэдэг. Энэ цагаас эхлэн тус нутаг хошуунд хар сарлаг үхэр өсөж зон олон баяжсан түүхтэй. Нуурын бухны үс гэгдэх алтлаг сортой хонгор шаргал үс эдүгээ ч нутгийн зарим хүмүүст хадгалагдан үлджээ. Хожим Жилангарын овоог Багшийн овоо гэж нэрлэх болсон бөгөөд лам нар тахилга үйлдээд бууж ирэх замд нь бороо ордог байсан тул одончуу цув бэлтгэн авч явдаг байжээ. Жилангар уул нь Гурванбулаг сумын төвөөс зүүн хойш 25 км зайтай, далайн түвшингээс дээш 2955 м өндөр, 47025’50” Х.Ө. 98039’20” З.У солбицолд оршино.
Нацагдорж ламтан Их хүрээнээс гарч Ламын гэгээний нутгаар явж байгаад нэгэн айлд орсонд нэлээд хүнд өвчтэй лам байж гэнэ. Тэр лам Нацагдорж ламд хандан нэгэн гүрэм уншиж өгөхийг гуйсанд тэрбээр та өөрөө ч сайн хүн шиг байна би ганцхан ном сурсан юм гээд Лүйжин тавьж өгсөнд маргааш өглөө нь нөгөө лам эдгэрч босчээ. Тэгээд тэр лам ийнхүү хэлсэн гэнэ. Та нэг том үйлс бүтээх гэж яваа хүн шиг байна зорьсон нутагтаа очоод тогоо хөмөрсөн юм шиг хэлбэртэй хөх уулын орой харагдах газарт оцойгоод суусан нохой шиг хоёр хадны дунд хийдээ байгуулаарай. Тэнд нэгэн муу юм бий, түүнийг аргалж дараарай гэжээ. Тэр ламын хэлсэн газрыг Нацагдорж ламтан шинжин олоод Хар тэрэгт хайрханы өвөрт Жодын дуган байгуулсан нь хожмоо Улаан халзан дугантай, ухнан Чоймбол гэсгүйтэй хийд хэмээн алдаршиж, тэндээс олон эрдэмтэй лам нар төрөн гарсан түүхтэй. (Гурванбулаг сумын харьяат Д. Отгон ламын хууч ярианаас)
Нацагдорж ламтаны тухай бас нэгэн мэдээ
Гурванбулаг сумын харьяат зоч багш хэмээх хувилгаан Нацагдорж нь 15-16 насны үедээ Хар усны хүрээнд шавилан сууж байгаад Түвдийн Утай Гүмбэн явж мөргөхөөр хавчиг үүрэг үүрэн нутгаасаа явжээ. Энэ явдлыг тухайн үед тус хийдийн лам хуврагууд төдийлөн анзаараагүй гэдэг. Гэтэл насаараа ан авлаж амьдарч явсан нутгийн нэрт гөрөөч Лувсан гэдэг хүн мэдэж, Нацагдоржийг Богочон дөрөлж даваад уруудаж явахад нь хойноос гүйцэн очиж би насаараа ан агнаж амьдарсан нүгэлт хүн миний хойд насыг дааж хайрла хэмээн хадаг өгч нутгаас гаргаж өгсөн байна.
Энэ явдлаас хойш 20-иод жил өнгөрсний дараа мөргөлчдийн дунд “Энэтхэг, Түвдийн 80 догшин дүвчин хувилгаадын нэг нь Монгол хүн юм гэнэ. Жонон гүний хошуу Хар усны хүрээнд сууж байсан хүн юм байх” гэсэн яриа нилээд тархаж байжээ. Нутаг хошууны мөргөлчид Нацагдоржтой уулзаж улмаар Түвдийн дүвчин дүрд хувилсныг мэджээ. Түвд газар олон жил шавилан сууж нутаг буцах явдал түүний хувьд бараг боломжгүй, амь насанд аюултай байсан байна. Тэрбээр оргож Монголд ирсэн бөгөөд улмаар Их хүрээнд Говийн лха-г дэгэлсэн гэдэг. Нацагдорж нь насан өөд болтлоо өөрийн төрөлх Хар усны хүрээндээ шавилан сууж байжээ.
Тэрээр одоогийнхоор 36 орчим ном туурвин бичиж, олон сахиус амилуулсан гэдэг. Таалал болоход нь түүний шарилыг маш хүндэтгэлтэй хайлж чандарласан байна. Энэ талаар Хар ус, Яруу, Цоржийн хүрээнд шавилан сууж байсан, хожим Гурванбулаг суманд сэргэсэн хийдийн анхны хамба лам гэвш Д. Ваанчиг. Өндөр настан лам Д. Дүгэржав, Намсрайжав, Түдэв, Галсанжамц, Ө. Чоймбол нар дурсан ярьцгааж байжээ. (Гурванбулаг сумын харьяат Баянхонгор аймгийн ҮЭ-үүдийн холбооны дарга В. Гүрсэдийн тэмдэглэлээс)
Тэнгэр лус шивдаг хийгээд Жилангар тэргүүтэнд ариусгал тахил өргөхүй ёсон өлзийт хурын урсгал хэмээгч оршвой.
Чухаг дээд гурав бүхний хураангуй лам Очирдара, бишрэлээр мөргөхүй нигүүлслээр барин соёрх.
Энд тэнгэр, лус, шивдаг хийгээд Жилангар тэргүүтэнд ариусгал тахил өргөхүйг хүсвээс. Тахил балин, ариусгал эд тэргүүтэнг агуу ихээр бэлтгэснээр, аврал сэтгэл, цаглашгүй дөрөв ба Адистидын дээдийг хайрлагч эхийг сэтгэлд харьяалан үйлдсэнээр, Өвөр ямагт Ядам аль нэгний омог дор оршсоноор, Тахил балинд зургаан тарни, зургаан мутарлага буюу Ум Санзай чоддор чинан…тэргүүтнээр адистидлан үйлд.
Аяа. Лам ядам чухаг гурав дагинас хийгээд
Номын сахиусан нөхөр сэлт энэ орноо ажран соёрх
Ам авсан тангараг цааз мэтээр тэнгэр зэтгэр ба
Найман аймаг тэргүүтэн тотгорын язгуур бүдсийн чуулган
Аугаа сансрын үзүүрээс эхлэн нэрмэлтгүй тамаас дээших
Нутгийн тэнгэр шивдаг, заяаны тэнгэр өр төлөөстөн
Амьтан бүхэн сан тахилын энэ орноо ажран соёрх.
Ахуй тусын орноос энэ өдөр ба бүрний
Ашдын нөхөр дор залран үзэсгэлэнт суудал дор
Аливаа санасаныг бүтээхүйн тулд батлан оршигтүн.
Ба бүрэн нөхөр сэлтийг сахин авралд зохиогч
Балам бурхдын чуулган дээд, доод дөрвөн зочинд
Анхилам үнэрт ариун хүжсийн усаар лагшинд угаал соёрхож
Ариусгал эд элдвийг шатаасны утаан үүлсийг басгаж
Эмийн усны амт төгс умдаан далай мэт уйлгалж
Өнгө төгс цэцэгс тэргүүнийг үзэсгэлэнтэй чимэглэж
Зоог умдаан амт сайхан идээ уул мэт овоорч
Шимийн тост зулын гэрэл наран саран лүгээ тэнсэлдэж
Аливаа эрдэнийн чимэг хийгээд баатрын зэмсэг
Ажнай хүлэг ба гөрөөс уналгыг хөлөглөн
Эрдэнэт төгс эмээл хазаар хийгээд хүмүүний эрхэн дор
Элдэв хэрэгт долоон эд ба хүслийн таван эрдэм
Эд тэнгэр хүмүүний цог сэлт өлзийт найман тэмдэг
Бодитой бэлтгэж сэтгэлээр хувиргасан тахилын үүлэн далайг
Дээд доод дөрвөн зочинд соёрхохуйд тахилын чуулганыг
Баясан зооглосноор ба бүрэн нөхөр сэлт дор
Хамсан нөхөрлөж зохиох ба ашид сахин аварч зохио
Хурмаст тэнгэр цаг дор хур буулгах бөгөөд
Үр тариа хотол төгс чуулган болох болтугай
Хаан төрийг номчлон үйлдэх болтугай.
Ертөнц даяар ч дэлгэрэн дэгжих болтугай
Эм нугууд хүчин лугаа төгс болоод
Нууц тарнийн урилга өгүүлэл бүтэх болтугай.
Найман аймгийн сэржим ба шивдаг дорма өргө.
Санжай дансрүн… унш.
Тэр мэт чухаг дээд гурвын адистид хийгээд
Тэнгэрийн хишиг өлзий хутгийн гэрэл бадарсанаар
Эрхэм алдар, урт нас, цог учрал хоцрол үгүй
Энэ өдөр буян хишиг дор орших болтугай.
Дивней дагбий,,, хэмээн үйлсийг даатган хишгийг даллан дууд. Тэндээс егжа ба Манед ёнсү тэргүүтэн соёрхол хүлцэл, өлзий хутгийг өгүүлэх нь:
Дээр огторгуйд ламын адистидын үүлэн цогц тулцаж
Тэнгэрийн шид бүтээлийн их хур завсарт бууж
Далай мэт хурын урсгал газарт уйлгалж
Тэгшид өлзий хутаг зуны нуур мэт арвидах болтугай.
Хэмээх тэргүүтэн аливааг зорьж, өлзийг өгүүлэн үйлд. Тэнгэр, лус, шивдаг жилангар тэргүүтэнд ариусгал тахил өргөхүй ёсон өлзий хутгийн хурын урсгал хэмээгч энэ нь, сүжиг бишрэл лүгээ төгс Намсрайжав бээр машид цагаан тэнгэрийн эд лугаа сэлтээр дурдсаны урмаст Аграмба Лувсанцэрэн буюу Сэвжиддорж бээр бичвэй.
Сайн буян арвижих болтугай.