Цагаан шүхэрт

Цагаан шүхэрт

Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн лам Ч. Бямбажаргал – Цагаан шүхэрт. 2020.04.21.

Дэ-шэг зүгдор дар-мэ онба лай
Нертүн жалва гүнюм дүггар мо
Цанзам вой-би риг-аг мэ-еи жан
Дүддэ срэгжэд дэ-жүн лхаг-би лха
Гарсал ланцо равзог да-шон жи
Неинбо лайдүв шанжий ми-түв май
Ми-дан ми-мин жүнлай жүнва еи
Галжэн гүн-ши лэгцог ма-лүй зол
Чадбар па-рол ми-срүн самжор жий
Го-сүм нандан жаддэм жинла сог
Нерцэ ми-цүг чирдог прэнлай жий
Дагжаг намба гүндү срүндү сол
.Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад.
Ом хүм хүм дүрм шодам пад свахай. Хүм дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хүм хүм пад пад свахай.
Цагаан шүхэртийн хураангуй. Энэхүү хураангуй Цагаан шүхэрт хэмээх зөв сайн үйлийн саад тотгор болох гадны хэл ам, хараал жатга, ад болон лусын хорлол, элдэв өвчин, бузар зэргийг амарлиулан дарагч ядамд өөр болон бусдыг даатгаад муу муухай бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирч уншина.

Цагаан хэл амыг зайлуулагч “Цагаан шүхэрт” судар

Бурхан багш гучин гурван тэнгэрийн оронд егүүдэн төрсөн эх Махаамааяад ном заан үнэнийг үзүүлэхийн тулд тэнгэрийн тэр оронд заларч Хайлан хурал зохиожээ. Номоо ч заан эхийнхээ хойд төрөл болох тэнгэр хийгээд өөр олон тэнгэрт үнэнийг үзүүлсэн гэдэг. Амармагийн ертөнцийн хүсэлт зургаан тэнгэрийн Гучин гурван тэнгэрийн орон бол сүмбэр уулын оргилд орших хурмаст тэнгэрийн эзэгнэн суусан орон гэдэг. Бурхны номд зааснаар энэ ертөнц Амармаг ба Өнгөт хийгээд Өнгөгүй гурван ертөнцөд багтана хэмээн номлодог. Хурмаст тэнгэр ба түүний албат гучин хоёр Индра суудаг орон тул энэ орныг ийн нэрийджээ. Гучин хоёр индра нь гэвэл: найман эдийн тэнгэр, арван нэгэн рүдра, арван хоёр нар, ашванийн хоёр хүү зэргийг хэлдэг байна. Сүмбэр уулын орой дээр “Үзвээс үзэмжит” хэмээх хот байх бөгөөд тэр хотын дунд хурмастын “Ялгуусан” хэмээх ордон байх ажгуу. Тэр хотоос баруун урагш “Тэнгэрийн дэргэдэх сайн номын орон” хэмээх ордон байдаг гэнэ. Тэр газар болвоос тэнгэрүүдийн номын хийгээд номын бус үйлийг ялган салгах ба номын сайныг сайшаан магтах хийгээд тэнгэрийн олон багш нарын ном заадаг ариун орон болно. Энэ ариун газарт хурмаст тэнгэрийн алтан ширээ хийгээд түүний албат болон гучин хоёр тэнгэрийн суудал жигдрэн байдаг гэнэ. Бурхан багш “ЦАГААН ШҮХЭРТ” хэмээх нууц тарнийг тэрхүү тэнгэрийн номын оронд айлдахын тулд “Үснирийг сайтар үзэхүй” хэмээх самадид тэгш оршин суумагцаа үснирийнхээ дундаас нууц тарнийн үсгүүдийг гарган энэ номыг айлдсан гэдэг. Ер нь Бурхны сургаалыг айлдан номлосон хэлбэрээр нь амаар айлдсан, адисласан, даган зөвшөөрсөн хэмээх гурван зүйл хэмээдэг. Энэхүү цагаан шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус сангийн үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биеийнхээ бүх хэсгээр бүр тэр байтугай шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн “Санаанд багташгүй нууц”-ын сударт айлдсан байдаг.

Бурхан багшийн сургаал угийн хөлгөн буюу судар, үрийн хөлгөн буюу тарнийн ном айлдвараас бүрддэг бөгөөд дөрвөн тарнийн аймаг номлосноос Үйлийн дандарт хамаарах “Дээдэд бүтээхүй цагаан шүхэрт” хэмээх нууц тарнийн тухай товчхон өгүүлье.
Тарнийн мөрийг Дээд, Ёгүүзэр, Явдлын, үйлийн дөрвөн дандраас үйлийн дандарт “Гурван тангараг байгуулах дандар” хэмээх Түүнчлэн ажирсаны язгуур, “Аюушийн дандар” хэмээх Лянхын язгуур, “Минтүгийн дандар” хэмээх Очирын язгуур ба Эрдэнэ, Тав-аар цэнгэгч, ертөнцийн хэмээх зургаан язгуур буй.

Эдгээрээс түүнчлэн ажирсны язгуурыг Язгуурын эрхэм, Язгуурын эзэн, Язгуурын үснир, Язгуурын эх, Язгуурын хилэнт эр, Язгуурын хилэнт эм, Бодьсад зэрэг маш олон зүйлд номлосон буй.

Жишээ нь: Язгуурын эзэн хэмээхүйд дөрвөн зүйл байдаг нь, Жабалзаржүд, Чагданжандангийн жүд, Чагдарын жүд, Намжимын жүдүүд болно.

Язгуурын үснирт багтах Цагаан шүхэртэд “Бусдад үл ялагдагч”, “Чанагши няцаагч”, “Дээдэд бүтээгч” зэрэг буйгаас Дээдэд бүтээгч цагаан шүхэртийн товч агуулга тус эрдмийг тойм төдий өгүүлье. Энэ нь бидний мэдэхээр цагаан хэл амаас хамгаалагч “Цагаан шүхэрт” судар юм.

1. Тарнийг бүтээхийн тулд бурхан тэргүүтэнд мөргөл үйлдэхүй
2. Арван долоон хилэнт эмийн эрдэм чадлыг магтан өгүүлэхүй
3. Арван долоон хилэнт эрийн алдрыг өгүүлэн хот мандлыг бясалгахуй
4. Арвис тарнийг урин тоолохуй
5. Лагшны эрдмийг өгүүлэх үүднээс амгалан сайныг ерөөхүй
6. Нөхөр арван нэгэн охин тэнгэрийн алдрыг өгүүлэн хот мандалд бясалгахуй
7. Тэдгээрийн сахиусан тарнийг урин тоолохуй
8. Элдэв аюулыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
9. Тэнгэрийн адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
10. Элдэв идээ идэгч адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхэй
11. Бусдын арвис тарнийн хараалыг гадсаар гадаслан илдээр таслахуй
12. Хутагт эхийн зүрхэн тарнийг урин тоолохуй
13. Хорлолыг няцаагч тарнийг урин тоолохуй
14. Хижиг өвчинг амирлуулахыг өчихүй
15. Элдэв өвчинг амирулуулахуыг өчихүй
16. Өөрийн төдийгүй хамаг дэлхийн өвчинг амирлуулахыг өчихүй
17. Ойрын зүрхэн тарнийг урин өгүүлэхүй
18. Тус эрдмийг номлохуй

Цагаан шүхэртийг хөгшин залуу, эр эм ялгалгүй хэн ч болов урин уншиж, бясалган бүтээх зэргээр анхааран авч болох ба даавуун дээр бичин бүтээх тэргүүтнээр гарын авлага болговол хэрэг, тус нь гарна. Цагаан шүхэртийн гүн утгат тарнийг буянт сүсгийн сэтгэлээр цэвэрхэн даавуу, хальс холтос тэргүүтэн дээр бичээд сахиусан хот мандлын зай, равнай тэргүүтнийг ёсоор нь бүрдүүлж хүзүүндээ зүүх хийгээд эс бөгөөс амны уншлага болгох аваас тэр бодгаль насан эцэслэхийг хүртэл мэс, хор, гал, усны аюул тэргүүтэн цаг бусын үхэлд хүргэх элдэв нөхцөлд үл чадагдана. Насан эцэслэх хүртлээ шулмын эрхэнд үл ормуй. Тэнгэрийн ад тэргүүтэн элдэв адын аюулд өртөхгүйгээр барахгүй ад, зэтгэрийг эрхэндээ оруулан өөртөө нөхөрлүүлнэ. Цогт Базарваань тэргүүтэн очирын гольт олон язгуурын тоолшгүй олон бурхад хийгээд нууц ба арвис тарнийг эрхшээн бүтээсэн арван хоёр язгуурт охин тэнгэрийн ивээлд багтан сахигдана. Тэд түүнийг хорлолд чадуулалгүй нуух болно. Бурхдын сэтгэлд таатай болж асрагдан хамгаалагдахаар зогсохгүй тэр бодгальд дээдийн дээдээр баясах болно. Наян дөрвөн мянган галавт өнгөрүүлсэн төрлөө санах зэргээр ирээдүй хийгээд өнгөрсөнөө тольдох билигтэй болно. Урд ба хойд төрлийнхөө жаргал зовлонг санах үүднээс магад гарах сэтгэл, бодийн сэтгэл, үнэхээрийн үзэл зэргийг төрүүлнэ. Цагаан шүхэрт голлосон жаран дөрвөн элч тэнгэрүүд цаг алгасалгүй хамгаалан аврах болно. Энэ төрлөөс эхлээд бурхан болох бүхий л төрөлдөө ягчис, бэрд, махчин тэргүүтний муу төрөлд төрөхгүй. Идэх идээ, уух ундаар гачигдсан ядуу хүн болж төрөхгүй. Тоолшгүй олон бурхны буяныг хураана. Тоолшгүй олон бурхан бодьсадын ивээлд багтан өршөөгдөнө. Бурхан бодьсадын ууган шавь мэт бурхан бодьсадын таалалд багтна. Түүнчлэн ажирсан бүхний үснирээс гарсан Цагаан шүхэрт хэмээх нэрээр алдаршсан хараал жатга тэргүүтэн хорлолд үл чадагдах арвис тарнийн хаан үүнийг амны уншлага болгосон, сахиус болгон зүүсэн, сударлан бүтээж биедээ хадгалсан тэр хүн тэр цагаас эхлээд хилэнт үйлийг тэвчин хэдийгээр ариун явдалд оршиж үл чадагчин мөн боловч ариун явдалтан болно. Шулмын хорлол тэргүүтнийг урд нь няцааж чаддаггүй байсан бол тэр цагаас эхлээд чаддаг болно. Дэв бузраар доройтсон бол бузраас ангижран ариусах болно. Цагийн сайнд нюнай сахиж чаддаггүй байсан бол сахисан мэт буяныг хураах болно. Эцэг эх, архадыг хөнөөсөн ба бурхан бодьсадын биеэс цус гарсан хийгээд хуврагийн эвийг эвдсэн зэрэг завсаргүй таван нүгэл үйлдсэн бол арилах болно. Урд насандаа үйлдсэн түйтгэр бүхэн барагдах болно. Үр хүүхэд удам угсаа хүссэн хүн энэ тарнийг унших ба биедээ хадгалвал үр хүүхэдтэй болох ба нас, буян, хүч чадал цогцолсон сайн хүнээр удам залгах болно. Үхэж егүүдээд хойд төрөлдөө ертөнцийн дээд орон болох Энхжинд төрнө. Тэнд төрөөд бодьсад болно. Энэ тарнийг анхаарагч хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно. Хур бороо ч цагтаа ормуй.

Хамба номун хаан Агваанхайдав өвгөн хоёрын аман түүхээс

Их хүрээний хамба номун хаан Агваанхайдав нэгэн өглөө эрт гадаалж явтал борчуулын олон бор гэрийн доторх нэгэн гэрийн өрхөн дээр цагаан шүхэрт бурхан заларч байхыг харжээ.
Хайдав хамба гайхаж тэр гэрт дөхөн ирвэл гэр дотор нэгэн өвгөн цагаан шүхэртийг их үг үсгийн алдаатай уншиж байжээ.
Тэгээд Хайдав хамба гэрт нь ороод тэр өвгөнөөс цагаан шүхэртийг хэдийгээс уншдаг болсон бэ гэж асуухад аль залуугаасаа уншиж явна гэжээ.
Аан чи энэ номыг ингэж уншиж байгаа нь сайн байна гээд үг үсгийг нь зөв уншуулдаг болгоод явжээ.
Тэгээд маргааш өглөө нь эрт гараад нөгөө өвгөнийхөө гэр рүү харсан чинь өвгөний тоонон дээр цагаан шүхэрт бурхан ирээгүй байв.
Хайдав хамба гайхаад өвгөн дээр очиж чи өнөө өглөө уншлагаа тасалсан уу гэж асуусан чинь үгүй таны зааж өгсөний дагуу зөв уншсан гэжээ. Тэгэхээр нь Хайдав хамба буцаад явж гэнэ. Маргааш өглөө нь харсан чинь бас л алга гэнэ. Гайхсан хамба өвгөн дээр очоод хэлжээ, чи хуучин уншиж байснаараа уншаарай гэж хэлжээ. Гэтэл маргааш өглөө нь цагаан шүхэрт бурхан тэдний гэр дээр залран ирсэн байжээ.
За чи үүнээс хойш өөрийн уншдагаараа уншиж яваарай гэж хэлжээ.

Цагаан шүхэртийн Монгол уншлага.

Цагаан шүхэрт бурхны номыг унших үед юу бодох вэ?

– Цагаан шүхэрт бурхны лагшин цагаан өнгөтэй, хоёр мутар, хоёр хөлтэй бөгөөд зүүн талдаа цагаан шүхэр барьсан буй. Энэхүү бурхан өөрийн өмнөх огторгуйд бодитой заларч ирсэн байна хэмээн бясалгаад ном уншихын сацуу түүний лагшнаас гэрэл цацарч биед тусах үед биед байсан ариун бусын хамаг зүйлүүд, хилэнц түйтгэр, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл, ялангуяа ад донгийн элдэв хорлол, гаж буруу хүсэл, муу зуршилд автах зэрэг сөрөг талууд бүгд амирлах болтугай.
Нас буян арвижиж, эрч хүчийг эрхшээх зэрэг эерэг нөхцөл бүгд бүрдэх болтугай. Энэ адил эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ Цагаан шүхэрт бурхны адис жинлавыг хүртэж бүгд амар амгалантай болох болтугай хэмээн залбираарай.

Хутагт түүнчлэн ажирсан бурхны үснирээс гарсан Цагаан шүхэрт бусдад үл чадагдах, жич буцаахын дээдийг бүтээгч хэмээх тогтоол.
Бурхан хийгээд бодьсадва, дунд, бага төрөлхтөн бурхан бүгдэд мөргөмүй. Бурхан багш 33-н тэнгэрийн орны сайн номун тэнгэрийн суудалд ариун гэлэн хуврагууд, бодь сэтгэлтэн, тэнгэрийн эрхэт Жажин нугууд өөр өөрийн суудалд суусан болой.
Тэр цагт бурхан багш бээр “Үснирийг сайтар үзэхүй” нэрт дияанд оршсон бөгөөд бурхан багшийн үснирийн төвөөс эдгээр үгс гарсан болой.
Бурхан дор мөргөмүй.
Ном дор мөргөмүй.
Хувраг дор мөргөмүй.
Бодьсадва, хуврагийн чуулганд мөргөмүй. Асралт тэргүүтэн их бодь сэтгэлт бүхнээ мөргөмүй.
Цагаан шүхэрт үүнийг шүтсэн, амны уншлага болгосон хэн бүхэн хааны ял зэм, хулгайн аюул, галын аюул, үер усны аюул, элдэв хорны аюул, ирт мэсний аюул, этгээдийн цэргийн чуулганы аюул, зудны аюул, дайсны аюул, дээрээс төмөр тэргүүтэн унахын аюул, цаг бусын үхлийн аюул, газар долгисохын аюул, од харвах унахын аюул, тэнгэрийн, лусын, аянга цахилгааны, хүчит шувууны, үнэр идэштний, хүмүүн хийгээд хүмүүн бусын аюул, ягчисын, мангасын, бирдийн, махан идэштний, бүднирын аюул тэргүүтнээс өршөөн аварна.
Хүмүүний хорт сэтгэл, хилэнцэт сэтгэл, хямарсан сэтгэл, хилэнт сэтгэлт нугууд энэрэл асралын сэтгэл лугаа төгөлдөр болсноос өөр хийгээд хамаг амьтныг сахин соёрх.
Зуун насыг наслах болтугай
Зуун намрыг үзэх болтугай.
Долоон гарагийн өдөр бүр хийгээд хий, шар, бадган, хурсан, хижиг өвчин🦠 (Ковид нь халуун хижиг өвчинд багтана) тархи толгойн өвчнийг арилган үйлдэнэ.
Нүд, хамар, амны, хоолойн, зүрхний, чихний, ходоод гэдэс хийгээд таван цул, гар хөлний эмгэг өвчин амарлих болтугай.
Үхээрийн бузар, мам ягчисын хорлол, мангас тэргүүтэн хүмүүн бусын аюул бүхнээс авран өршөө.
Араатан амьтан, бар, арслан, хүчит шувуу, догшин сарлаг, усны мангас буюу матар тэргүүтний аюулаас аврах болой.
Хар цагаан хэл ам, хараал жатга, этгээдийн хараал, хэрүүл тэмцлийн гай зэтгэрээс авран соёрх.
Гал, усны аюул, элдэв хоронд хордох, ад донгийн хорлол, цаг бусын үхэл тэргүүтэн элдэв зовлонгоос авран өршөөх нь эргэлзээгүй.
Зуун насыг наслах болтугай
Зуун намрыг үзэх болтугай.
Ганга мөрний элсний тоо лугаа сацуу бурхан, боодьсадва ямагт бээр сахиж үйлдэнэ. Түүнчлэн ажирсан үснирээс гарсан Цагаан шүхэрт бээр бусдаар эс няцаах язгуурын тарнийн адистидээр аюул бүхэн амарлих болно.

Ум сарва дата гада үсниха хум пад суухаа. Дадъяата ум анаалэ анаалэ хаасамэ хаасамэ, вээрэ вээрэ, соомэ соомэ, сарва вүда адиштина адистиди, сарва дата гадо, үшниха сэдэд бадрэ хум пад.

Амгалантай ажрагчийн нигүүслийн эрхээр үснирээс мэндэлсэн
Амгалан гарахын орон шажин эрдэнэд хорлон үйлдэгчийг эцэслэн таслаад
Амгалан сайны үрийг чухаг хайрлан зохиогч Амгалангийн дээд Цагаан шүхэртийн өлзий орштугай.

Цагаан шүхэрт хэмээгдэх оршвой

Намо буддхаяа, Намо дхармаяа, Намо сангахаяа
Санжай ла жавсү чио Чой ла жавсү чио Гэндүн ла жавсү чио
Бурхан дор мөргөмүү Ном дор мөргөмүү Хувраг дор мөргөмүү

Энэтхэг хэлээр: Аръяа тата гада үснийхиа сэдда бадэр аварзэда маха барадаяа гирва рама сэда нама дарааний.
Түвд хэлээр: Пагва дэвшин шэгвий зүгдор най жүн вай дүг гарбожан шанжий митүвба чир догва чэнмо чогду дүвба шэй жа вий сүн.
Монгол хэлээр: Хутагт Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл ялагдах ихэд хариулагч дээд бүтсэн нэрт тогтоол.

Бурхан хийгээд бодисатба ба хутагтан ширваг хийгээд брадигабуд бүгдэд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн бусдад үл чадагдах үснирийн хатнаа мөргөмүү.

Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бурхан гучин гурван тэнгэрийн орон сайн номт тэнгэр нарын хурах газар аяга тахимлагийн хувраг хийгээд бодисатба их хуврагба тэнгэрийн эрхт хурмаст лугаа хамт нэгнээ суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс нөгчсөн бурхан бэлдсэн дэвсгэрт сууж үзүүр хэмээгдэх самадид тэгш орвой. Тэгш ороод сац Ялж төгс нөгчсөний үснирийн дундаас нууц тарнийн эдгээр үг гарав.

Бурханд мөргөмүү. Хуврагт мөргөмүү. Үнэнээр туулсан долоон голди тоотон бурханд мөргөмүү. Бодисатба нарын хувраг хийгээд ширвагийн хуврагуудад мөргөмүү. Майдар тэргүүтэн хамаг бодисатба махасатба нараа мөргөмүй. Ертөнц дахь дайныг дарагсадад мөргөмүй. Үргэлж орогсодод мөргөмүй. Нэгэнтээ гаран ирэгсэдэд мөргөмүй. Гаран үл ирэгчдэд мөргөмүй. Ертөнцөд үнэхээр одсон нугуудад мөргөмүй. Үнэхээр орсон нугуудад мөргөмүй. Тэнгэр нарын арш нугуудад мөргөмүй. Ухааны тарни баригч шидтэн арш, туслан чадагч нугуудад мөргөмүй. Ухааны тарни баригч шидтэн нугууддаа мөргөмүй. Эсрэн тэнгэрт (цанба) мөргөмүй. Эрхтэд мөргөмүй. Сайн төгс догшин хатууг хариулагчийн эзэн лүгээ сэлтэд мөргөмүй. Сайн төгс хурьцал үгүйн хөвгүүн таван их мутраар мөргөснөө мөргөмүй. Сайн төгс их хар гурван давхар балгасыг үүдэн үйлдэгч дүр тодод оршин бишрэгч эхнэрийн чуулган бээр мөргөснөө мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэний язгуурт мөргөмүй. Ялж төгс нөгчсөн лянхуан язгуурт мөргөмүй. Ялж төгс нөгчсөн очирын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн майнын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн зааны язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн залуу язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн лусын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан бат баатрын аймаг мэсийн хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Авид бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Акшобхья бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан оточийн дээд биндэръяагийн гэрэлт хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан бурхан саалагийн эрхт хамгаа цэцэг дэлгэрснээ мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Шагжамуни бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Эрдэнийн охь хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Самандабадра бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан Бирунзана бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан дэлгэр нүдэт удвалын үнэрийн охийн хаан бурхнаа мөргөмүй. Тэд нүгүүдэд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсний үснирээс гарсан Цагаан шүхэрт бусдад үл ялагдах жич хариулахуй их энэ бээр хамаг Жүнбийн адыг гэсгээн үйлдэгч бусдын ухааны тарни бүгдийг огтлогч хамаг цаг бусын үхэл нүгүүдийг хариулагч амьтныг алах хийгээд хүлээсэн бүгдээс гэтэлгэгч урилахуй хийгээд муу зүүдэн ба муу ёр бүгдийг хариулагч, хор өгөгч ба мангасын ад бүхнийг эвдэгч энэ дөрвөн мянган тоотон адыг эвдэгч хорин найман явахуй одныг баясгагч найман их гаригийг эвдэгч хамаг дайсныг хариулагч үл болох, урилахуй (уурлах) хийгээд муу зүүдэн бүгдийг эвдэгч, хор хийгээд мэс бүгд ба гал хийгээд уснаас хариулагч муу заяаны аюулаас гэтэлгээд бусдад үл чадагдах их догшин их хүчтэй ихэд бадрагч их сүр жавхлантай их цог бадарсан эрх цагаан дээлтэй хутагт гэтэлгэгч эх, хилэн ахруулт ялгуусан очир эрх хэмээн алдаршсан лянхуан ил бэлгэ очир билигт бусдад үл чадагдах эрхэт очир хошуут дүр гунхалзсан эх амирлангуйн тэнгэр нүгүүд бээр тахигч эх амирлангуйн алтан эрхэт их цагаавар дээлт эх, их хутагт гэтэлгэгч эх, их хүчтэй очир холбоот бус үндэс хийгээд залуу очир язгуурыг баригч эх очирваань язгуурт алтан эрхэтэй, хүснэг зурхайт хийгээд эрдэнэ эх, гийгүүлэн зохиогч очир үснирт хэмээн алдаршсан, мутар хийгээд тарнисын чуулган тэдгээр бүгдээр Бабүрэн нөхөр лүгээ сэлт ба хамаг амьтныг сахин соёрх!

Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт очир үснирт их хариулагч их мянган гартай, мянган тэргүүнтэй, зуун мянган живаа нүдтэй, хагацал үгүй бадарсан мянган бэлгэтэй, агуу их очироор гурван газрын мандалд би хийгээд хамаг амьтан сайн амгалан болтугай. Тийн өчүүрхэгч очир эх ба алтан гэрэл мэт нүдтэй, очирын явдалтай, цагаан эх хийгээд лянхуан нүдэн хийгээд саран гэрэлтэй, түүнчлэн цогт бурхны нүдтэй очирт наран гэрэлтэй, түүнчлэн очирт саран баригч ухаан хийгээд мутар ба тэдгээр тарнисын чуулганаар би хийгээд хамаг амьтныг бүхнээс сахин соёрх!

Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт очир үснирт ихэд хариулагч эх, их мянган гартай, мянган тэргүүнтэй, зуун мянган голди нүдтэй, хагацалгүй бадарсан лагшин бэлгэтэй, агуу их очироор гурван газрын мандалд би хийгээд хамаг амьтныг хааны аюул хийгээд хулгайн аюул ба галын аюул хийгээд усны аюул ба хорын аюул хийгээд мэсийн аюул ба чанад цэргийн чуулганы аюул хийгээд зудын аюул ба дайсны аюул хийгээд аянгын аюул хийгээд цаг бусын үхлийн аюул хийгээд газар хөдлөхийн аюул ба одон суман унахын аюул хийгээд хааны засгийн аюул ба тэнгэрийн аюул хийгээд гэлбэлгээний аюул, огторгуйд нисэгчийн аюул ба хилэнт араатны аюул хийгээд тэнгэрийн ад ба лусын ад хийгээд, асурийн ад ба хий тэнгэрийн ад хийгээд, огторгуйд нисэгчийн ад ба үнэр идэштэний ад хийгээд михамжийн ад ба дочэчэнбийн ад хийгээд хор өгөгчийн ад ба мангасын ад хийгээд бирдийн ад ба мах идэштний ад хийгээд жүнба нарын ад ба түлбүмийн ад хийгээд гуйланчийн ад ба биеэр гуйланчийн ад хийгээд атаачийн ад ба умартуулагчийн ад хийгээд согтуулагчийн ад ба шүүдрийг дарагчийн ад хийгээд дарагчийн ад ба дагины ад хийгээд намдуун ад ба эрлэгийн ад хийгээд шувууны ад ба эхнэрийг баясгагчийн ад хийгээд бүгдэд явагчийн ад ба хатгагчийн ад нугуудаас надад сайн амгалан болтугай. Өнгө идэштэний хийгээд умай идэштэн ба цус уугчид хийгээд хорго тосон идэштэн хийгээд өөх идэштэн ба чөмөг идэштэн хийгээд нярай идэштэн ба амь булаагч хийгээд бөөлжис идэштэн ба баас идэштэн хийгээд шээс уугчин ба угаадаснаас буусныг уугчин хийгээд үлэгснийг идэштэн ба нулимс уугчин хийгээд нус идэштэн ба цэр нус идэштэн хийгээд ариун бус идэштэн ба хаягдал идэштэн ба эрх идэштэн хийгээд үнэр идэштэн ба хүж идэштэн ба сэтгэл булаагч хийгээд цэцэг идэштэн ба үр идэштэн хийгээд тариа идэштэн ба өглөг түлш идэгчдийн амь сахин үйлдэгтүн! Тэдгээр бүгдийн үйлдсэн ухааны тарнийг үйлдмүй. Хадаасаар хадмуй. Бүхэнд гүйсэн ухааны тарниар огтолмуй, хадаасаар хадмуй, дагина, дагина эхийн үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Эсрэн бээр, үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй, их эрхт бээр үйлдсэн ухааны таринийг үйлдмүй. Хадаасаар хадмуй. Хурьцал үгүйн хөвгүүн бээр үйлдсэн ухааны тарнийг үйлдмуй. Хадаасаар хадмуй. Огторгуйд нисэгч лугаа хамт нэгэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Их харын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Мамогийн чуулганаар үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хүний гавалт бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ялган үйлдэгч хийгээд бал болгон үйлдэгч ба хамаг тусыг бүтээхүйн, үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Дөрвөн эгч нарын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Варин гириди хийгээд баясан үйлдэгч эрхт ба чуулганы эзэн лүгээ хамт нэгэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Нүцгэн сара ма ри бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хяргасан үст сара ма ри бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Дайныг дарсны үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Тачаангуйгаас хагацсаны үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ертөнцийн эрхт лүгээ сэлтээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хар очирт лүгээ сэлтээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Зарц хийгээд зарц эм ба боол хийгээд шивэгчний үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Аршийн чуулган бүгдээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хамаг тэнгэр нарын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Үл зохихуй идээний эзэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсний оройгоос гарсан цагаан шүхэрт ба хамаг бодисатба нарын хутагт мөргөмүү. Би хийгээд хамаг амьтны сэтгэлийг сахин соёрх!

Аль амьтан нугууд надад хорлох хийгээд хорт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хямрах хийгээд хямрах сэтгэлтэн нүгүүд ба уурлах хийгээд уурлах сэтгэлтэн нүгүүд асрахуй сэтгэл лүгээ төгөлдөр болж би ба хамаг амьтныг сахин соёрх!

Зуун жил амьдрах болтугай. Зуун намрыг үзэх болтугай, хор өгөгч хийгээд алимад ад нугууд мөнх идэштэн нугууд ба сүр жавхланг булаагч нугууд хийгээд умай идэштэн нугууд ба цусан уугчин нугууд хийгээд хорго тосон идэштэн нүгүүд ба мах идэштэн нүгүүд хийгээд нярай идэштэн нүгүүд ба амь булаагчин нугууд хийгээд үлсэн идэштэн нүгүүд ба балин идэштэн нүгүүд хийгээд үнэр идэштэн нүгүүд хийгээд хүж идэштэн нүгүүд ба цэцэг идэштэн нүгүүд хийгээд үр идэштэн нүгүүд хийгээд тариа идэштэн нүгүүд хийгээд түлш идэштэн нүгүүд ба идээ өөх идэштэн нүгүүд хийгээд баас идэштэн нүгүүд ба шээс уугчин нугууд ба бөөлжис идэштэн нүгүүд хийгээд нус идэштэн нугууд хийгээд цэр нус идэштэн нүгүүд буртаг идэштэн нүгүүд ба угаадаснаас буусныг уугчин хийгээд нүгэлт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хорт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд хийгээд хатуу догшин сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хямрах сэтгэл лүгээ төгссөн нүгүүд хийгээд уурлах сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба тэнгэрийн ад нугууд ба лусын ад нугууд ба асурийн ад нугууд ба хор өгөгчийн ад нугууд хийгээд мангасын ад нугууд ба жүнбо нарын ад нугууд хийгээд бирдийн ад нугууд ба мах идэштний ад нугууд хийгээд гүмандийн ад нугууд ба гуйланчийн ад нугууд хийгээд биеэр гуйланчийн ад нугууд ба хатгагчийн ад нугууд хийгээд согтуулагчийн ад нугууд ба сүүдрийг дарагчийн ад нугууд хийгээд умартуулагчийн ад нугууд ба дарагчийн ад нугууд хийгээд дагинын ад нугууд ба намдуун ад нугууд хийгээд эрлэгийн ад нугууд ба шувууны ад нугууд хийгээд эхнэрийг баясгагчийн ад нугууд ба бүхэнд явагчийн ад нугууд хийгээд ридийн ад нугууд ба хатгагчийн ад нугуудаас биднийг сахин соёрх!

Зуун жил амьдрах болтугай. Зуун намрыг үзэх болтугай. Нэгэн өдрийн хижиг нүгүүд ба хоёр өдрийн хийгээд гурван өдөр нүгүүд ба дөрөв хийгээд долоон өдрүүд ба өнөдийн хижиг нүгүүд тэсэшгүй хижиг нүгүүд ба жүнбийн хижиг нүгүүд хийгээд хийгээс болсон нугууд ба цөснөөс болсон нугууд хийгээд бадганаас болсон нугууд ба хурснаас болсон нугууд хийгээд хамаг хижиг өвчин ба тархины өвчнийг арилган соёрх!

Өрөөсөн бие сэлт хямарсан өвчин хийгээд хоолой зангирах ба нүд хийгээд хамрын өвчин ба амны өвчин хийгээд хүзүүн өвчин ба зүрхэн өвчин хийгээд хоолойн төвөнхийн өвчин ба чихэн өвчин хийгээд шүдэн өвчин ба зүрхэн өвдөх тархины өвчин хийгээд хавирганы өвчин ба арын өвчин хийгээд хэвлийн өвчин ба нуруун өвчин хийгээд давсагийн өвчин ба гуяын өвчин хийгээд шилбийн өвчин ба гарын өвчин хийгээд хөлийн өвчин ба үе гишүүний өвчин хийгээд чухал гишүүний өвчнийг сайтар арилган соёрх!

Цагаан шүхэрт, очир үснирт жич ихэд хариулагч үүгээр арван хоёр бээрээс наашид жүнбо хийгээд роолон ба дагина мангас хийгээд зэрэг ба амарсуу хийгээд загатнах хор өгөгч ба нарийн гөвдрүү хийгээд билиг нэвчрэх ба уяман өвчин хийгээд хатиг ба үхэр долоосон хийгээд гал хавдар ба хамуу хийгээд боом ба хатиар хийгээд цочих ба цэр ханиах хийгээд амьсгал амаргүй ба үл дурдах хийгээд эрдэнийн хор ба найруулсан хор хийгээд хараал ба гал хийгээд усан ба самху хийгээд шулмас ба хүлээс хийгээд дайсан ба хорлол хийгээд цаг бусын үхэл ба зөгий хийгээд даяа мабүга ба дрэлахай хийгээд хилэнцэст ба могой хийгээд солонго ба арслан хийгээд бар ба баавгай хийгээд шар баавгай ба бух гөрөөс хийгээд матар тэргүүтэн амьтан нугуудаас сахин соёрх! Тэдгээр бүгдийн ухааны тарнийг хүлж үйлд! Цог жавхланг хүлюү, бусдын хамаг ухааны тарнийг хүлюү.

Чухал зүрхэн болой. Хэн бээр Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл ялагдах жич хариулагч ухааны тарнисын садан үүнийг нөхөд буюу бөс буюу модны хальсанд бичээд бие буюу хүзүүнд зүүж уншваас тэр хэзээд амьдрахын завсар мэсэд үл чадагдюу, галд үл чадагдюу, усанд үл чадагдюу, эрднийн хорд үл чадагдюу, найруулсан хорд үл чадагдюу, хараалд үл чадагдюу, цаг бусын үхэлд үл үхэх болюу, хамаг ад хийгээд тотгор ба хамаг буруу татагчид бээр ч баясалцах болюу. Зуун мянган наяад голди тоотон наян дөрвөн очир язгууртан нугууд хийгээд бүтээх охин тэнгэр нугууд бээр түүнээ ашид зохилдон сахих хийгээд аврахуй ба нуун үйлдээд тэд нөхдийн сэтгэлд зохист ба баясах бээр болюу. Наян дөрвөн мянган тоотон их галавт төрлийн дөрвөн очирын энэ зардад зарц бээр насад огоот тэтгэх болюу. Хэзээ бээр хор өгөгч хийгээд бирд мах идэштэн хийгээд гуйланч ба биеэр гуйланчид үл төрөх болюу, үгээгүй хүн үл болюу, тоолшгүй цаглашгүй Ганга мөрний хумхийн тоотон Ялж төгс нөгчсөн бурхан нугуудын буяны цогц лугаа төгөлдөр болюу. Ганга мөрний хумхийн тоотон Ялж төгс нөгчсөн бурхан хийгээд бодисатба нараар сахихуй хийгээд аврах ба нуун зохиогоод тэдгээрийн сэтгэлд орох хийгээд баясахаар болюу. Хамаг Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээгдэх бусдад үл ялагдах жич хариулагч ухааны тарнийн хатан үүнийг бариваас ариуныг үл эдлэвч ариун явдал болюу. Чадал үгүй үйлдсэнээр чадан үйлдсэн болюу. Ариун бус ч ариун болюу. Үйл эс үйлдсэнээр үйлдсэнчилэн болюу. Таван завсар үгүйг үйлдсэнээр арилах болюу. Эртний үйлийн түйтгэр ч хоцрол үгүй барагдах болюу. Язгуурт хөвгүүн ба язгуурт охин хөвгүүн хүсэгчин хэн алинд Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт жич хариулагч энэ ухааны тарнисын хатныг барих буюу уншваас хөвгүүн хүсэгчин тэр бээр хөвгүүн олоод насан ба буян хийгээд хүчнийг ч маш олох болой, эндээс егүүтгээд Суховадын ертөнцөнд төрөх болюу. Хүний өвчин хийгээд адгуусны өвчин ба гамшиг өвчин хийгээд хөнөөл ба хор хийгээд халдвар өвчин ба хямрал бүгд хийгээд чанадын цэргийн чуулган ирэхүй бүгдэд түүнчлэн ирсний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээгдэх бусдад үл чадагдах, жич хариулагч энэ ухааны тарнисын хатан энэ Дувазын үзүүрт уяж засал гүрэм тахилыг ихэд үйлдсэн хамаг балгасны үүд буюу айл буюу балгад буюу дэлгэр балгад буюу шилтгээн буюу хийдийн оронд байгуулж болой. Хутагт эх бусдад үл чадагдах жич ихэд хариулагч энэ ухааны тарнисын хатныг их өргөл хүндлэлийг үйлдээд байгуулваас сац байлдааныг амирлуулах болюу. Хижиг өвчин ба хөнөөл хийгээд хор ба халдахуй өвчин хийгээд хямрал ба чанадын цэргийн чуулган ирэх бүгд машид амирлах болюу.

Хязгаарлалгүй лусын хаан хийгээд лавай тэтгэгч лусын хаан ба их хар лусын хаан нугууд цагт хур оруулюу. Цаг цагт үүл хурах хийгээд цаг цагт луугийн дууныг дуурсгах болюу. Ойр хөнөөл бүгдэд бурхны зүгийг үйлдэж гурвантаа урин үйлдэх болой. Бурхан хийгээд бодисатба нар ба тэнгэр хийгээд хүмүүн ба асури хийгээд диса сэлт ертөнц дахинд баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номолсныг илт магтав. Хутагт Түүнчлэн ирсний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл чадагдах жич ихэд хариулагч дээд бүтсэн хэмээгдэх тогтоол төгсөв.

Цагаан шүхэртийн тайлбар – 1.

Цагаан шүхэртийн тайлбар – 2.

Цагаан шүхэртийн тайлбар – 3.