Бурхан багш

Дармапада судраас

Бурхан багшийн сургаал

Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Өшөө хорслыг өшөө хорслоор арилгахгүй. Гагцхүү хүлцэл өршөөлөөр амарлиулдаг. Энэ бол өнө мөнхийн хууль.

Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Шалдар булдар үйлийг их хэрэгт тооцож, утга төгөлдөр үйлийг утгагүй хэмээн басамжилдаг мөчид ухаантан зүрхэн шимийг хүртэж чадахгүй.

Утга учиртай зүйлсийг утга учиртай хэмээн, утгагүй юмсыг утгагүй хэмээн тунгааж чаддаг сэхээтэн зүрхэн шимийг хүртэнэ.

Сэхээлэг байх нь үхэлгүй мөнхийн зам. Сэхээгүй байх нь үхэл мөхлийн зам. Сэхээлэг байхад үхэл хаанаас байх вэ. Сэхээгүй бол хэдий нь үхсэнтэй адил.

Хүслийн эрхэнд үл мунхрах, хорслын эрхэнд үл хямрах, зөв буруу (буян, нүгэл) хоёроос хэтийдсэн, зүүд нойрноос сэрсэн хүнд айдас түгшүүр үгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй. Чин ариун сэтгэл өөртөө ивээл болдог. Аав, ээж, амраг садан ч түүн шиг тусалж чадахгүй.

Агар зандан, арц хүжсийн үнэр ариун буяны анхилгыг үл гүйцнэ. Тэнгэр бурхдын оронд ч тэр анхилга түгэх бөлгөө.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх мэт мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Нойргүйдсэн хүнд шөнө урт. Алжаасан хүнд газар хол. Хутагтын үнэнийг таниагүй хүнд орчлон урт.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Мунхаг хүмүүс “Миний үр сад”, “Миний эд хөрөнгө” гэхчлэн санааширдаг. Өөрөө өөрийнхөө ч эзэн биш байж өрөөл бусдыг яахин эзэгнэх?

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ.

Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Харамсал дагуулах үйлийн үр гашуун нулимс болж боловсорно. Харамсал үл дагуулах буяны үр баяр жаргал болж дэлгэрнэ.

Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Мухар сүжиг, сохор таамагт авталгүйгээр урлаж үл бүтээх (угаас заяамал) мөн чанараа таниж, үйлийн хэлхээс, хүслийн хөврөлөөс гэтэлсэн нэгнийг гэгээн хутагт хэмээюү.

Утгагүй мянган үгийг давтсанаас утга төгөлдөр бөгөөд сэтгэл амарлиулах ном (дарма)-ын ганц үг тогтоосон нь дээр.

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдрал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээдэг.

Өчүүхэн боловсролт хүн үхэр мэт өтөльюү. Бие нь бүдүүрэхээс биш, билиг нь тэлэхгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

Үнэнийг шүтэж амьдар! Хуурмаг явдлаар насыг бүү элээ! Үнэн ёсны дагуу амьдарсан хүн энэ болоод хойт төрлийн алинд ч амар амгаланг эдэлнэ.

Энэ хорвоог зүүд зэрэглээ, хөөс мэтээр үзэгч хүн Эрлэг номун хааны хараанаас ч мултрах болно.

Урьд нь алдаж эндэж явсан ч хожим нэгэнт сэхээрсэн хүн үүлнээс сугарсан саран мэт ертөнцийг гийгүүлж чадна.

Эрдэнэт хүний төрлийг олох нь бэрх. Мөнх бусын хорвоод амьдрах нь бэрх. Дээдийн номыг хүртэх нь бэрх. Гэгээрсэн багштай учрах нь бэрх.

Хилэнцэт үйлээс ангижирч, эрхэм чанарыг төгөлдөржүүлж, оюун санаагаа ариусгах нь Бурхны ном юм.