21 дарь эх - өнгө бүр нь ялгарсан

Дарь эхийн мандал шива

Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд – Дарь эхийн мандал шива Зуны тэргүүн сарын шинийн найман буюу 2020.05.30.

Тус эрдэм:

Дарь эхийн мандал шива судар нь өгүүлж баршгүй тус эрдэмтэй агаад үүрээр эртлэн босоод сүсэгт сэтгэлийг үүсгэн нэрийн төдийг ч дурдан санах аваас
Аюулгүй бүгдийг сайтар өгөх хийгээд
Хилэнц бүгдийг машид амирлуулах ба
Муу заяа бүгдийг даран сөнөөх хийгээд
Ад хийгээд халдварт өвчин, хороор нэрвэгдсэн ч
Зовлонгийн галт гууг даран туслах нь магадтай
хэмээн магтан сайшаасан.
Тиймээс чин сэтгэлээсээ сүслэн Дарь эхийн залбирал, магтаалыг хоёр, гурав, долоо гэх дарааллаар олонтаа урин уншваас:
Охин тэнгэрт чин үнэнчээр
Оюун сэтгэлээ тушаан өгүүлвээс
Өглөө, орой хэдийд ч болов
Өлзий буяныг харамгүй соёрхмуу.
Хилэнц бүхнийг машид ариусгаад,
Зовлон зүдүүрийг ямагт төгсгөнө.
Долоон живаа бурхад заларч
Гэгээн авшигийг хүртээх болно.
Үүнээс ч үлэмж эрдмийг олж,
Үлэмж билгүүний туйлд одно.
Санасан төдийгөөр догшин хорыг
Сарниах чадлыг эрхшээх болно.
Ад дон, өвчин хижиг,
Аюул осол, зовлон гунигаас
Өөрөө ангижраад зогсохгүй
Өрөөл бусдыг гэтэлгэж чадна.
Хүү хүсэгч бээр хөвүүнтэй болно
Эд хүсэгч бээр эд баялагийг олно
Эдлэхийг хүссэн бүхнээ олох хийгээд
Элдэв тотгор бүгдийг даран үгүй болгоно.
гэх зэргээр цагаан зүгийн хамаг хүсэл бүгд номын ёсчлон аян зөнгөөрөө тасралтгүйгээр бүтэх учиртай хэмээн зарлигласан байдаг.

Энэ орчлонгийн амьтан бүхэн
Энэрэлт Гэтэлгэгч эхийн
Ханьцашгүй дээд таалалд нь болгоогдоод
Хамаг эрдэм бүхнийг төгсгөх болтугай.

Хорин нэгэн дарь эх банчин лувсанчойжанцангийн зохиосон жовужийн ёсны 21 дарь эхийг бүтээх арга хоёр шид бүтээлийн гуу сан гэдэг зохиолоос товчлон бичлээ.

Үүнээс гадна Цахар гэвш Лувсанцүлтэмийн зохиол 21 дарь эхийн Дүвтав Сувдан эрхи хэмээхийг үзэхэд бараг адилхан шахуу зохиогджээ.

Дарь эхийн тухай
Маш эрт галавын Нацаг-Од гэдэг ертөнцөд Адаа бурханы үед шашинд их сүсэгтэй Ишдаваа гэгч бүсгүй бурхдад зориулан цаглашгүй их тахил үйлджээ. Олон хуврагууд энэ байдлыг үзээд Ишдаваа бүсгүйд “чиний энэ их ариун буян үйлдсэний хариуд чамд эр төрлийг олж шашин болоод амьтанд тусыг бүтээгч бурхан болох ерөөл тавья” хэмээжээ. Гэтэл тэрбээр “эрэгтэй хүмүүс Бодьсадва бурханы дүрээр амьтанд тусалж байгаа нь маш олон билээ, харин бүсгүй байдлаар амьтанд тусыг бүтээгч нар ховор билээ, тийм учраас бүсгүйн дүрээрээ амьтанд туслая” хэмээжээ. Ийнхүү тангараг тавьж, самади бясалгалын даяаныг олж, гасланд унасан амьтан бүхэнд цаглашгүй их тус хүргэснээр Ишдаваа хэмээх нэр нь өөрчлөгдөн Дулмаа буюу “гэтэлгэгч эх” гэдэг алдрыг олжээ.

Дарь эх бурхан нь амьтанд тусыг үйлдэхийн тулд хэд хэдэн дүрээр залардаг. Тухайлбал, нас богино хүмүүст насны шидийг өгөх Цагаан дарь эх (Долгор), эрх чөлөө хязгаарлагдсанд нь их эрхийг өгөх Ригжидмаа (Гүргүли), оюун билэг доройтсонд нь билэг оюуныг өгөгч Янжмаа (Сарасвати), зөөлнөөр эс дийлдэгч нарыг номхруулах Балданлхам зэрэг олон бурханы дүрээр хувирч залран амьтанд тусыг үйлддэг байна.

Монголд түгээмэл дэлгэрсэн Ногоон дарь эх нь Энэтхэг, Түвдээр дамжин ирсэн Жовужийн ёсоны Сэндэннагжийн Дулам гэх дарь эх юм. Энэтхэгийн бандида Жовужи гэж алдаршсан Балдан Адиша нь 982-1056 онд амьдарч байсан бөгөөд олон бурхадын дотроос Дарь эхийг голлон шүтэж, улмаар бясалгалын шидээр Дарь эхтэй нүүр тулан учирч ярилцаж байсан хэмээн намтарт нь бичигдсэн байдаг.

Дарь эхийг Бадамлянхуа цэцгийн мандал дээр Маргад эрдэнэ мэт ногоон лагшинтай, баруун өлмийгөө сунгаж, зүүнээ хумин суусан, үзэсгэлэн гоо, идэр жавхаалаг төгс бүсгүйн байдлаар бүтээж ирсэн. Түвдийн анхдугаар Хамба лам Гэнэндүв (1391 – 1474) хутагтын зохиосон Лэгбрэй буюу “Сайхан зурагт” гэж алдаршсан “Сэндэнгийн цэцэрлэгийн Дуламын магтаал мэргэдийн оройн чимэг” хэмээх номонд Дарь эхийн гоо үзэсгэлэн, оюун чадлыг яруу найргийн аргаар маш чадмаг сайхан шүлэглэсэн байдаг нь эдүгээ Монголын олон зуун сүм хийдийн хурал уншлагад “Дарь эхийн Мандал-Шиваа” хэмээх номоор сар бүрийн шинийн найманд уншигдаж байдаг.

Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Хорин нэгэн дарь эх нь эмэгтэй хүний дотоод сэтгэлийг гүнзгий илэрхийлжээ.

Бүгдээрээ ижилхэн юм шиг харагдаж байгаа боловч хоорондоо өөр өөр нүүрний хувирал, харцыг үзүүлж байдгаараа онцлог. Хорин нэгэн дарь эхийн мутарт хүмүүсийг өвчнөөс аварч, гай зовлонгоос хамгаалж, урт насыг бэлэглэх ариун рашаан орсон бумба бариастай байдаг.

Хорин нэгэн дарь эх – тус бүрийн бэлгэдэл.

Нүршин бавын Дулам (Баатар Дулам). Дайсан тотгор тэрсүүдийн хөнөөлийг арилгагч Нүршин бавын Дулам нь улаан өнгөтэй, сүр хилэнт байдалтай, хоёр мутарынхаа барууныг сунгаж бумба барьсан, зүүнийг хумиж удвал барьсан, элдэв эрдэнийн чимэг бүхий хормогч биедээ өмссөн байдалтай оршино.

Донгойн дадар гарвын Дулам (Намрын саран адил цагаан Дулам). Өвчин ад тотгор, үл зохилдох мууг амирлуулагч бөгөөд намрын тунгалаг саран адил өнгөтэй, баруун мутраа сунган алган дээрээ өвчин ад тотгорыг арилгагч цагаан бумба барьсан, зүүн мутараа хумьсан байдлаар оршино.

Сэрдогжанжын Дулам (Алтан өнгөт Дулам). Нас хийгээд төгс эдлэлийг арвижуулагч Сэрдогжанжын Дулам нь алтан шар өнгөтэй, баясгалант байдалтай, баруун мутартаа нас буян, эд хөрөнгө арвижуулагч бумба барьсан байдлаар оршино.

Цэпэл Дулам (Нас арвижуулагч Дулам). Насан хишиг хайрлагч Дулам нь шар өнгөтэй, баруун мутараа сунгаж насан хутгыг нэмэгч шар өнгийн бумба барьсан байдлаар оршино.

Хум да догвын Дулам (Хум дууг дуурсгагч Дулам). Эмэгтэйг эрхэнд хураагч Хум да догвын Дулам нь улаан өнгөтэй, хилэнт догшин байдалтай, хоёр мутарын баруундаа бүсгүй хүний сэтгэлийг уяраан татах бумба барьсан байдлаар оршино.

Жигдэнсүмжил Дулам (Гурван ертөнцийг ялагч Дулам). Үл үзэгдэгч хүн бусын хорлолыг даран номхотгогч Жигдэнсүмжил Дулам нь улаан, хар өнгөтэй, ялимгүй догшин байдалтай, баруун мутраа сунгаж Жунбыг согтоон үйлдэгч бумба барьсан байдлаар оршино. Жумба гэдэг нь Ишүра тэнгэр, савдаг зэрэг их чадалтныг боол болгосныг хэлдэг ажээ.

Шанжын тү жонбын Дулам (Бусдын хүчийг дарагч Дулам). Хараал, зүхэл, арвис тарнийн хорлолыг дарагч Шанжын тү жонба нь хар бараан өнгөтэй, амаа ангайсан, хилэнт байдалтай, баруун мутраар бусдын арвис тарнийн хорлолыг буцаах бумба барьсан байдлаар оршино.

Дүдда жонбын Дулам (Шулмас дайсныг дарагч Дулам) Шулмас хийгээд дайсан тотгорыг дарагч Дулам нь улаан хүрэн өнгөтэй, догшин дүртэй, баруун мутартаа мэсэн хурыг буулгаж дайсныг дарах бумба барьсан байдлаар оршино.

Гончигсүмцон Дулам (Гурван эрдэнийг билэгдсэн Дулам). Амьтныг энэ ба хойдын хорлол, аюул бүхнээс авран хамгаалах гурван эрдэнийг билэгдсэн Дулам нь цагаан өнгөт, амирлангуй идэр залуугийн байдалтай, баруун мутартаа аюул бүхнийг аврагч бумба барьсан байдлаар оршино.

Жигдэнбандүдма Дулам (Ертөнцийг эрхэнд хураагч Дулам). Шулмас, тэрсүүд буруу үзэлтнийг номхотгогч Дулам нь улаан өнгөтэй, тачаангуй байдалтай, баруун мутартаа шулмасын омгийг дарагч бумба барьсан байдалтай байна.

Пунсалдулам (Хоосролыг арилгагч Дулам). Үгээгүй ядуу хоосныг арилгаж амны хишгийг арвижуулагч Пунсал Дулам нь улбар шар өнгөтэй, нэг нүүрт, баруун мутартаа хоосоныг арилгагч бумба барьсан байдлаар оршино.

Дашжунавын Дулам (Өлзийг гаргагч Дулам). Өлзий хутаг сайн сайхныг хайрлагч Дулам нь алтан шаргал өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа өлзий бүгдийг өгөгч бумба барьсан байдлаар оршино.

Мэдарбарвин Дулам (Гал мэт бадрагч Дулам). Саад тотгорыг арилгагч Дулам нь улаан өнгөтэй, соёогоо ярзайлган гурван нүдийг эргэлдүүлсэн догшин дүртэй, баруун мутартаа саад зэтгэрийг арилгах бумба барьсан байна.

Тониржанма Дулам (Хилэнт атираат Дулам). Саад зэтгэрийг хатган арилгагч Дулам нь хар бараан өнгөтэй, ялимгүй хилэнт атираа үзүүлсэн байдалтай, баруун мутартаа саад зэтгэрийг хатган арилгагч бумба барьсан байдалтай.

Шивочинму Дулам (Их амирлуулагч Дулам) Хилэнт түйтгэр, муу авъяас, ариун бусыг арилгагч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа хилэнцийг арилгагч бумба барьсан байна.

Ригва хунлай Дулам (Ухааныг хумаас гаргагч Дулам) Оюун ухааныг арвижуулагч Дулам нь улаан өнгөтэй, баруун мутартаа оюун билэгийг арвижуулдаг бумба барьсан байна.

Жигдэн сүм ёовын Дулам (Гурван ертөнцийг хөдөлгөгч Дулам) Дайсан, хулгай, дээрмийг арилгагч Дулам нь Гүргүмийн туяа тогтсон адил улбар шар өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа бусдын муу зүхлийг арилгагч бумба барьсан байна.

Дүгсэлжидма Дулам (Хорыг арилгагч Дулам). Лусын хорлолыг арилгагч Дулам нь саран адил агаан өнгөт амирлангуй, баруун мутартаа хорыг арилгагч бумба барьсан байна.

Дунсалсэлвийн Дулам (Зовлонг арилгагч Дулам). Хэрүүл тэмцэл, муу зүүд зэрэг зовлонг арилгагч Дулам нь цаст уулсын туяа адил цагаан өнгөтэй, баруун мутартаа зовлонг арилгагч бумба барьсан байна.

Римнадсэлвийн Дулам (Хижиг өвчнийг арилгах Дулам) Хижиг өвчин тахлыг арилгах Дулам нь улаан шар өнгөтэй, баруун мутартаа өвчин тахлыг арилгах бумба барьсан оршино.

Пэрэнлэйдүвжид Дулам (Үйлсийг бүтээгч Дулам). Амирлангуй, дэлгэрэх, эрхэнд татах зэрэг бүх зүйлийг бүтээгч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа элдэв шид бүтээлийг өгөгч бумба барьсан байдаг.

Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал.

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн Дарь-Эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увдист тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье.
Ум дари ду дари дүри суухай

1. Эрхэнд хураагч Дарь-Эх
Эрмэш сэтгэлийг номхотгох.
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь-Эхийн
Эрдэм чадалд сөхрөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Хэрэ даду баша гүрү суухай

2. Ад омруулагч Дарь-Эх
Зургаан сүв, таван цулд
Зовлон хурж, өвчин адлах
Шаналлын түмэн барцдыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад омруулагч Дарь-Эхийн
Агуу хүчинд бишрэн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бавам шамдам гүрү суухай

3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь-Эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлсэд гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлах оргилох гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу бунаяа бишдэм гүрү суухай

4. Нас арвитгагч Дарь-Эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас арвитгагч Дарь-Эхэд
Наминчлан байж мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу зана бушдэм гүрү суухай

5. Сэтгэл булаагч Дарь-Эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь-Эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жигиму агар хаяа хэрэ суухай

6. Буд нар, сарыг согтуулагч Дарь-Эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу илчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар, сарыг согтуулагч
Бумба Дарь-Эхэд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бигана шадум уза даяа суухай

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь-Эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бияа аври мияа пад суухай

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь-Эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинших
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтэй гасланг таригч
Шимнус дайсныг даран сөнөөгч
Шагжмуни Дарь-Эхэд даатган мөргөе
Ум дари ду дари дүри жигимала омуга маряа пад суухай

9. Аюулаас аврагч Дарь-Эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлах
Өвчин эмгэг зайлуулж өгөх
Аюулаас аврагч Дарь-Эх таны
Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари ду дари дүри жигимала Нодва сарва рагча суухай

10. Чөтгөр эрхэнд оруулан хураагч Дарь-Эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
Хүсэл хяслын нягуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Мара бара мараяа хум пад суухай

11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч Дарь-Эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураах
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч
Үнэн бишрэлт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Басу дари суухай

12. Өлзий хутгийг бадруулагч Дарь-Эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзийн хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Ум доном дүди суухай

13. Сахин хамгаалагч Дарь-Эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадрааж
Аюул гасланг зайлуулан
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь-Эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари ду дари дүри Адина багчим гүрү суухай

14. Тотгор дарагч Дарь-Эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь-Эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари ду дари дүри базар Маха бахаеэ босом гүрү суухай

15. Хилэнц омруулагч Дарь-Эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц омруулагч Дарь-Эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бодом бараша жанаеэ суухай

16. Билэг хийгээд тарни арвитгагч Дарь-Эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадай таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар маань шивших
Билэг хийгээд тарни арвитгагч
Билгүүн номт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри дарма Баранза барби ба ри шадаеэ суухай

17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь-Эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь-Эх таны увидаст мөргөе
Ум дари ду дари дүри Сарва зоро домонди суухай

18. Лус савдгийн хорыг арилгагч Дарь-Эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдгийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Нага шимдом гүрү суухай

19. Муу зүүд, хэрүүлийг арилгагч Дарь-Эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгаж зүрх цанхаах
Муу зүүд, хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Дүдсо бани мозани суухай

20. Хижиг өвчний хорыг дарагч Дарь-Эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жахи Зура барша манаеэ суухай

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь-Эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун лагшин Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри садана суухай