Аюуш

Диваажингийн оронд төрөх ерөөл

Нэн тэргүүнд Диваажин хэмээх орны газрын эрдмийг өгүүлэх нь:
Диваажин буюу Сухавади хэмээн алдаршсан тэр орны шороо нь шүр, номин, биндэръяа, шил, алт хийгээд мөнгө тэргүүтэн элдэв эрдэнэсийг нунтаглан асгасан мэт бөгөөд тэрхүү нунтгийг дөрвөлжин татсан мэт алаглан эрээлж хээлсэн мэт асгасны дөрвөлжин нүд бүрт нэгэн дор нь шүр, нэгэн дор номин, нэгэн дор нь биндэръяа тэргүүтнийг асгасан мэт, газрын олонхи нь гүдгэр хотгор үгүй машид тэгш.
Тэдгээр газарт хүрэлцвээс машид зөөлөн өвс мэт сайхан хөх цэцгүүд ба элдэв өвс ургасан бөгөөд элдэв зүйл сайхан цэцэгс ба элдэв сайхан модод ургасан, халуунаар гандаж, хүйтнээр хөлдөхийн зовлон үгүй.
Хир тоос эс халдсан, хурц тунамал өнгөт, зөөлөн салхи сэр сэр хөдөлснөөр тэдгээр өвс дөлгөөхнөөр үелзэн найгах ба хар хөв болоод долгисон найгалзаж байх нь нэн үзэсгэлэнтэй.
Эгэл уул ба гуу, халил, ганга, эрэг нуранги ба үтэл чулуу, тоосго ба хэмхдэг, хайрга чулуу ба хэсэг бусаг хожуул, мод ба балчиг шавар, харгана, хамхаг тэргүүтэн өвсүүд ерөөс үгүй. Зарим газарт нь элдэв эрдэнэсийн уул, өвс, модод, элдэв цэцэгсээр чимсэн ба эрдэнээр бүтсэн хад нугууд хээлж зассан мэт. Цагаан шилэн болор хаданд улаан шүр ба ногоон өнгөт номин ба хөх биндэръяа тэргүүтнээр хээлсэн мэт маш үзэсгэлэнтэй буй.
Ер орны байдал нийтдээ үзэж ханашгүй, аль зүгт харавч нүдэнд үзэмжтэй, сэтгэлд зохистой хийгээд баясгалантай.
Бөс тэнд цаглашгүй наст Авид бурхан залран суух тул түүний гэрлээр үргэлжид гэрэлтүүлж байх тул шөнө мэт харанхуй болох нь үгүй.
Зун, өвөл мэт цаг улирахын ялгал үгүй, өдөр, шөнө мэт улирах нь үгүй, насад зуны цаг мэт бөгөөд хүчит салхиар шороо, тоосыг хөдөлгөх ба асар хүйтнээр даарах, халуунаар халах, догшин бороо, шуурга тэргүүтний нэрийн төдий ч үгүй.
Ийм л сонин гайхамшигт орон ажээ.

Авралт Авидын ариун ерөөлөөр бүтсэн
Асар тансаг гайхамшигийн дээд орон
Амгалант Сухавадийн орон хэмээх нэр эс өгвөөс
Аяа тэр нэрийг эдүгээ ямархан газарт өгмүй.

Аяа эндээс төрөл егүүтгээд Сухавадийн оронд
Авидын дэргэд төрөх буяныг хураалгүй
Аль муу үйлээр хүний насыг барваас
Адгуус малаас ялгал үгүй биш үү та минь ээ:

Энэхүү ерөөлийг уншихын өмнө аврал одуулж, бодийн дээд сэтгэлийг үүсгэн гагц өөрөө төдийгүй тэргүүлшгүй цагаас цаглашгүй ачаараа тэтгэж ирсэн эх болсон хамаг амьтан Авид бурханы ариун орноо төрлийг авч улмаар бурхны хутгийг олж төгс гэгээрэлд хүрэх болтугай хэмээх сэтгэлээр уншваас илүү тустай тухай богд дээдсүүд олонтоо айлдсан.
Авид бурхныг Аюуш, Аминдаваа, Цаглашгүй наст гэх зэргээр олон хувилбараар нэрлэх, түүний оршин буй ариун орныг Диваажин, Сухавади гэх мэт олон янзаар нэрлэх нь бий…

Өөр лугаа ялгалгүй огторгуй сацуу хамаг амьтан энэ мөчөөс эхлэн хэзээ бодийн дээд хутагт хүртлээ цог төгөлдөр багш дээдэс нугуудад итгэмой.
Ялж төгс нөгчигсөн бурхан нугуудад итгэмой.
Бурхны дээдийн номд итгэмой.
Хутагтан хувраг нугуудад итгэмой.
Ялж төгс нөгчигсөн авралт Цаглашгүй гэрэлт бурхны чуулган, нөхөд сэлт нугуудад итгэмой.

Миний эх болсон амьтан эдгээр бүхэн амгалан лугаа төгөлдөр байгуулж үйлдье.
Магад би вээр зовлон бүхнээс нь хагацуулан үйлдье.
Тиймийн тулд би ханьцашгүй бурхны хутгийг түргэнээ олж үйлдье хэмээн бодь дээд сэтгэлийг үүсгэн олонтоо өгүүлээд энэхүү ерөөлийг уншиж үйлдээрэй🙏🙏🙏

(Насан хутгийг хайрлагч Аюуш Бурхны орон)

Гайхамшигт үйлсээр бүгдэд
Үлэмжийн цогийг соёрхогч
Ганцхан дурдсан төдийд ч
Үхлийн эзнийг үргээгч
Тэгш нигүүлслээр амьтдыг
Үр мэт энхрийлэгч
Тэнгэр хүмүүний багш
Цаглашгүй настад мөргөе.

Энэрэлт бурхан багш
Олон зуун удаа
Эрхэмсэг дээд орны
Охь манлайд өргөмжилсөн
Энхжингийн оронд төрөхийн
Эл хэдэн ерөөлийг
Элбэрэл журмын сэтгэлээр
Эвлүүлж холбон өгүүлье.

Авах, гээхийн учгийг
Мунхгийн манангаар халхалсан,
Амар заяаны амийг
Хорслын мэсээр хөнөөсөн,
Аюулт орчлонгийн гянданд
Шуналын цалмаар хүлэгдсэн,
Ахуй сансрын далайд
Үйлийн усаар автсан,
Өтлөх, өвдөх зовлонгийн
Түмэн давалгаанд нэрвүүлж,
Өршөөлгүй үхлийн матарт
Ахин дахин залгиулсаар
Өөд харшгүй зовлонгийн
Гачлант үүрэгт дарагдсан
Өмгөөлөх эзэнгүй би
Гаслан цурхиран дуудъя.

Эгээрэл хүслийг минь бүтээх
Итгэл найдвараа болгож
Энэлсэн амьтдыг аврагч
Мөнхийн гэрэлт Аминдаваа
Эрх хүчин төгс
Үлэмжийн чанарт Арьяабал
Энэрэгч та бүхэндээ
Бишрэн залбирах аваас
Үй түмэн галавт
Хөөрхий биднийг тухайлж
Үлэмж хайраа ундраасан
Тангараг юугаа марталгүй
Жигүүртний хаан хангарьд
Тэнгэр огторгуйд дүүлэх шиг
Жигт хувилгаан хүчээр
Энд морилж хайрла.

Нас эцэслэх цаг минь тохиоход, өөрийн болоод бусдын өнгөрсөн, одоо, ирээдүйн сайн үйлс буян бүхний нэгдмэл хүчээр би ууган хоёр шавь тэргүүтэн ариун нөхдөөрөө хүрээлүүлсэн Аминдаваа бурханыг ил тод үзэх болтугай.

Аяа, тэр цагт авралт тэднийг үзмэгц чин зүрхний сүсэг минь ундарснаар нажид зовлонг биеэр эдлэлгүй, ариун диваажинг сэтгэлдээ марталгүй амар тайван нөгчих болтугай.
Нас нөгчсөн даруйд найман их бодисадва хувилгаан шидээр залран ирж, Энхжингийн оронд хөтөч болон хүргэх болтугай. Энх мэндийн тэр оронд эрдэнийн лянхуа цэцгээс их хөлгөнийг дээдлэгч оюун билигтэн болон мэндлэх болтугай.

Мэндэлсэн даруйдаа тарни бясалгал, энэрэл хайр, суу заль төгөлдөр эрдмийн яндашгүй баян санг эзэмшиж, агуу их Аминдаваа тэргүүтэн арван зүгийн гэгээн бурхад, бодисадва нарыг баясган, их хөлгөний сургааль бошгыг хүртэх болтугай.
Тэр бүх сургааль номын утгыг зүй ёсоор ухаарч, агшин зуурт тоо томшгүй ертөнцөд хувилгаан хүчээр зорчин, бодь сэтгэлтний гайхамшигт замналыг гүйцэтгэх болтугай.

Ариун дагшин оронд мэндэлсэн ч тэсгэлгүй энэрэл нигүүлсэлдээ хөтлөгдөн, хувилгаан билгээр энэлэнгээт зовлонт орнуудад очиж, амьтан бүхэнд тус тусын ойлгох хэлээр нь буян номыг сэнхрүүлж, Бурхан багшийн баясгалан болсон гэгээрлийн замд оруулах болтугай.

Тэр бүх ялгуун үйлсийг даруй биелүүлэх үүднээс хязгааргүй олон амьтны тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутгийг түргэн зуур олох болтугай.

Үхэх цаг минь нэгэнт болбол
Үлэмж нөхдөө дагуулсан Аминдаваа
Үзэх нүдийг минь гийгүүлэн тодорч,
Өршөөл сүсгээр сэтгэлийг минь бялхааг.
Илбэ зуурдын үзэгдэл ургахад
Итгэлт найман бодисатва газарчилснаар,
Энхжинд мэндлээд хувилгаан хүчээр
Энэлэнт ертөнцийн амьтдыг аваръя.

Төгс дээд гэгээрэлд хүрч амжаагүй төрөл тутамдаа ч ариун сургаал номыг судалж эзэмших чөлөө учрал бүрдсэн сайн төрлийг олох болтугай.
Тэр төрөл нь өндөр язгууртны долоон зүйл өлзий буян төгөлдөр болтугай.

Орчил тутамд урьд төрлөө учирлан санах насан хутгийн зөн билгийг олох болтугай. Төрөл бүртээ сансрын хүлээсний шимгүй хоосон чанарыг ухаарч, гэгээрлийн эрх чөлөө, баяр бахдалд сэтгэл булаагдан тэмүүлж, Бурхан багшийн замнал ёсоор эгэл амьдралаас татгалзан хувраг болох болтугай. Эрхэм номын амьдралд орсон үедээ сахил журмыг өчүүхэн ч хиртээлгүй, төгс төгөлдөр мөрдсөнөөр гэгээрэлд хүрсэн Минтүгба гэлэн мэт болтугай.

Бас, төрөл тутамдаа төөрөгдөл, гэгээрлийн жам ёсыг угт нь тултал ухуулагч ном судрын үг, утга бүгдийг марталгүй тогтоох гайхамшигт ой билгийг олох болтугай.

Бас, төрөл тутамдаа баатарлаг тэргүүтэн бясалгалын эрдэм, бодит нүд тэргүүтэн үзэхүйн увидас, хувилгаан билиг тэргүүтэн зөн билгийн чадавхийг эзэмших болтугай.

Бас, төрөл тутамдаа зөв, бурууг өөрийн хүчээр ялгаж чадах үлэмжийн билгийг олох болтугай. Сансар, нирвааны маш нарийн хувь хэсгийг ч хольж хутгалгүй ялган таних тод билгийг олох болтугай. Онож мэдээгүй буюу, буруу мэдсэн, эргэлзэж тээнэгэлзсэн санаа төрсөн даруйд тэр бүхнийг няцааж чадах түргэн билгүүнийг олох болтугай.Бусдын үзэл бодлоор шалгуур хийлгүй Бурхан багшийн сургааль номын үг, утганд торолтгүй нэвтрэх гүн билгүүнийг олох болтугай.

Товчдоо, буруу цалгар оюун санааны бохирдлоос ангид оюун билгээр ариун сургаалын үг, утгыг нээн мэдсэнээр уран аргат суу билгийн үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн Богд Манзушри мэт болтугай.

Тэр мэтчилэн үлэмж, тод, түргэн, гүн билгүүнийг төвөггүй олсноор хувьтныг дагуулж, хуурамч номлогчдыг няцаан, хурц мэргэдийг баясгахын үндэс, ариун сургаальд тулгуурласан номлогч, тэмцэгч, туурвигч цэц мэргэний туйлд хүрэх болтугай.

Бас, төрөл тутамдаа хувиа бодогч явцуу сэтгэлийг огоорч, бодь сэтгэлтний их үйлсээс хойргоших буюу шантрах санаа бүхнийг таягдан хаяж, бусдын төлөө чин зоригт, уран аргат энэрэл нигүүлслийн үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн богд Арьяабал мэт болтугай.

Бас, төрөл тутамдаа өөрийн болооод бусдын сайн сайхныг бүтээхдээ шулмын хүчин, тэрс үзэлтэн бүгдийг няцааж, уран аргат чадлын үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн богд Очирваань мэт болтугай.

Төрөл тутамдаа залхуугүй хичээл зүтгэлээр гэгээрлийн замаар замнахдаа би анх бодь сэтгэл өвөрлөсөн цагаас агшин зуур ч зорилгоо умарталгүй, агуу их хичээнгүйн үүднээс төгс гэгээрэлд хүрсэн ханьцашгүй Шагжа омгийн хаан Шагжаан чадагч Бурхан багш мэт болтугай.

Төрөл тутамдаа бодь хутгийг бүтээхэд саад болох бие, сэтгэлийн өвчин энэлгээ бүхнийг дараад, алдрыг нь өгүүлсэн төдийд бие, хэл, сэтгэлийн зовиур бүхнийг анагааж чадах оточ Манал бурхан мэт болтугай.

Бас, төрөл тутамдаа аль хүссэн чинээгээр насалж, алдрыг нь дуудсан төдийд цаг бус үхлийн аюул бүгдийг даран чадах Цаглашгүй наст Аминдаваа бурхан мэт болтугай.

Насан хутагт минь элдэв зэтгэр тохиох цагт Цаглашгүй наст бурхан дөрвөн үйлсийн аль зохиох гэгээн дүрээ үзүүлэхүйеэ үзсэн даруйд амь насны тотгор амирлах болтугай. Учир тохиолд нийцүүлж ямарваа дүр үзүүлэвч түүнийг Аминдаваа бурхан мөн гэдгийг танин, чин үнэнчээр сүсэглэсний буянаар төрөл тутамд Аминдаваа бурхан миний багш болон учрах болтугай.

Бас, төрөл тутамд минь амьдрал, гэгээрлийн сайн сайхны ундрага болсон их хөлгөний эрдэмт багш намайг таалал баяслаар удирдан залах болтугай. Ивээлт багшийхаа залуур дор итгэл бишрэл урвалтгүй байж, үйл үйлдэл бүхнээрээ би баясгах болтугай. Таалалд нь нийцэхгүй үйлийг агшин зуур ч бүү үйлдэг.

Багш минь надад ариун номын охь шим бүхнийг дутаалгүй еэ хайрлах болтугай. Тэр бүгдийг утга чанарт нэвтэрч, оюун сэтгэлдээ хоногшуулснаар төгс төгөлдөр болтугай. Буруу номлогч, уруу татагчдын ятгалга нөлөөнд агшин зуур ч бүү автаг.

Төрөл тутамдаа үйлийн үрд итгэх итгэл, орчлонгийн хүлээснээс ангижрах эрмэлзэл, бодь сэтгэл, үнэн үзэл бүхнийг ой тойндоо шингээснээр шамдалгүй үргэлж санаж сэрэх болтугай.
Төрөл тутамд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн миний буян бүхэн бусдын тусыг цаглашгүй бүтээж, бурханлаг чанараа нээхийн үндэс болтугай.

Хэзээ гэгээрэх хүртлээ би
Гэгээн буянт төрлийг олоод,
Урьд насаа санан дурсч,
Номын амьдралаар амьдрах болтугай.

Тогтоол бясалгал, зөн билиг,
Ид шидийн эрдэм тоолшгүй,
Ухаан, хайр, чадал эгнэшгүй
Ариуслын туйлд хүрэх болтугай.

Цаг бусын үхэл ёрловол
Цаглашгүй наст бурханыг үзээд,
Үхэл эрлэгийн омгийг дарж,
Үхэлгүй хутгийг түргэн олог.

Итгэл Аминдаваа төрөл тутамд
Их хөлгөний багш минь болсноор
Бурханы заасан буянт замаас
Нэгэн агшин ч няцалгүй явтугай.

Буурай амьтдыг хөсөр орхисон
Аминч сэтгэлийг хэзээд цээрлэж,
Будилж төөрөлгүй уран аргаар
Бусдад туслахыг зорилго болгоё.

Аюулт бэрх үйлийн үртнүүд
Алдар нэрийг минь дурдсан төдийд
Амар жимэр золыг олж,
Ариуслын шатаар өгсөх болтугай.

Үлэмж сэтгэлтний үйлс замналаас
Үлгэр жишээлсэн энэ ерөөлөөр
Бурханы хүүгийн зам саадгүй,
Буян өлзий сэтгэлчлэн бүтэг.

Шагжаамүни, Аминдаваа, Майдар, Манзушри,
Очирваань, Арьяабал бурхад бодисатва нарын
Ивээл, барилдлага үнэний хүчээр
Эдгээр ерөөл түргэн биелэг.

Эх сурвалж: Агнистийн гэгээ – өдөр тутмын ариусал дэвтэр