Гэсгүй лам

Жамжүг айлтгаж өндөрлөхөд унших уншлага

Сүм хийдийн гэсгүй нь хийдийн бурхан шүтээн, олон хуврагт хандан Жамжүг буюу “Авралд багтаах” хэмээх нэгэн үйлийг өдөр бүр хийдэг ба хүмүүс хурал даган баясах гэдгээр нь илүү мэддэг.

Жамжүг айлтгахийн гол онцлог нь ямар ч үйлийг даатган айлтгаж болдог ба алс замд явж байгаа хүний зам мөрийг даатгах, өвчин зовлонтой байгаа хүний өвчин зовлонг амирлуулах, ажил үйлс, санасан санааг сэтгэлчлэн бүтэхийг, насан өөд болоочдын хойдын зам мөрийг даатгах гэх мэт аливаа хүсэл эгээрлээ даатган айлтгаж болдогт оршино.

Дээр үед лам нар хүрээ хийдийнхээ ойр амьдардаг байх үед яаралтай жамжүг айлтгах шаардлага гарвал хүмүүс гэсгүйн гэрт очиж хэлэхэд дуганч нь явж хурлын унзад, өөр хэдэн ламд айлтгаж тэд дугандаа ирж суудалдаа суухад гэсгүй жамжүг айлтгадаг байсан гэж миний багш хуучилдаг байсан.

Тэгээд хүү минь энэ жамжүг чинь аврал их түргэнтэй, одоогийнхоор бол түргэн тусламжтай ижил байгаа юм гэж айлддаг байсан юм. Хүмүүс хүсэл эгээрлээ даатган ном уншуулахын зэрэгцээ жамжүг айлтгаж байвал их тустай санагдана.

Гэсгүйг жамжүг айлтгаж өндөрлөхөд нийт лам нар:

Сэмжаан надба жинэдба
Амьтнаа өвчин ямар төдий байгаа нь

Нүрдү надлай таржүржиг
Асар түргэнээ ангижрах болтугай

Дови надни мальүйва
Амьтны өвчин зовлон бүхэн

Дагдү жүнва мэдбар шог
Ахиж хэзээ ч гарахгүй болтугай…

Донба дагни тамжадлай
Алс газар явж буй бүхэн

Чогнам тамжад дэвар шог
Амар тайван зорчих болтугай

Ганги дондү дожэдба
Аливаа санасан хэрэг үйлс нь

Дэвад магой дүвжүржиг
Ая зөндөө бүтэх болтугай…

Жэва гүндү яндаг лама дан
Төрөл тутамдаа үнэхээр багш лугаа

Вралмэд чойжи балла лонжод жин
Хагацалгүй номын цогийг төгс эдлээд

Саадан ламжи ёндон равзогнай
Газар хийгээд мөрийн эрдмийг машид төгсгөөд

Доржэ чанги гонпан нүртов шог
Очирдарийн хутгийг түргэнээ олох болтугай хэмээн ерөөл тавьж залбирал уншдаг.

 

Зургийг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн их унзад номын нөхөр Ч. Бямба-Очирын хувийн цуглуулгаас…