Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Залаа жинст, Байхонгор, Баянцагаан, Гичгэнэ, Борхайрхан уулсын сан тахилгын судар

Цагаан зүгийг тэтгэгч догшин их тэнгэр Жинстэйн сан тахил шид бүтээлийн хурвуу буулгагч хэмээх оршвой
Залаа Жинст хайрхны хүчир догшин тэнгэр Жинстэйн сан тахил, шид бүтээлийн хурвуу буулгагч хэмээх энэ судрыг Цогчин ловон, гавж Лувсаншийрэв нар зарлиг шамдал ихээр ахин дахин дурдсаныг тэвчин ядаж, Гүнчин лам эцэг хөвгүүний өлмийн тоосыг оройгоор шүтэгч Чин Наваанхан Лувсанжамьянжамц найруулсан байна. Залаа Жинст хайрхан нь Шинэжинстийн сумын төвөөс баруун урагш 15 км зайтай, далайн түвшингээс дээш 2557 м өндөрт, 44.28’50” Х.Ө. 99.12’00” З.У солбицолд байдаг уул юм. Жинстэй хэмээх орны их тэнгэр нь хүрэн улаан лагшинтай, соёогоо ярзайн дайсанд шигтгэсэн, баруун мутраар манжлагат жад барин огторгуйд далайсан, зүүн мутартаа цалам барьж бэгтэр алтан хуяг, дуулга өмсөж, зүүн мөрөндөө ирвэсэн саадаг, баруун мөрөндөө барсын арьсан хэвнэг нөмөрч Нууцын эх хатан, Бавуудадүл хөвгүүн, Саманда түшмэл, зарлиг сонсоочин, үйлчин, түшмэл, тэнгэр, лус, шивдаг сэлтээр оршиж, орон зүг үүнийг сахин тэтгэж байх учиртай байна.
Судрын орчуулга
Цагаан зүгийг тэтгэгч хүчир их Жинстэйд сан тахил, балин зоогийг үйлдэхийг хүсвээс ядмын балин ба их тэнгэр өөрийн балин, шүдлэн хонины өвчүү, зарааны дүрс нэг ба эмийн балин нь бөөрөнхий цагаан дэлбээт лянхуа, хөвгүүний балин гурвалжин улаан нэгийг саванд хийж бүйлс ба цагааныг тойруулж, шивдаг дорма, сангийн эд лугаа сэлтийг сайтар бэлтгэ.
Аврал одуулах сэтгэл үүсгэл, цаглашгүй дөрвийг урьд нь талби. Бурхны омог лугаа төгсөөр тахил балин, сангийн эдийг адислах ёсыг нийт ёсоор үйлдээд хөгжмийн эгшиг сэлтээр ийн өгүүл.
Аяа. Арван буяны бэлэг төгс газрын дээд дусал
Асар жавхлант газар баригч огоот хүрээлсний дунд
Хашаа хөвөө мэт олон тоос давхарласан их хадан уулын
Гайхамшиг жавхлант сүндэрлэсэн үзүүр нь огторгуйд нэхэн
Хашийн цагаан усан баригч лавир дээр нь зурайж
Ёзоорт жавхлант эд баригчийг асар дарсан
Гадаад тал нь газар баригч, дотор нь Үлшгүй харш
Есөн хүслийн баялаг олноор дүүрсэн ордны дунд
Асар жавхлант хурын үүл жигдэрсний гол төвд
Аргамаг рид хувилгаан хүчит хүрэн ажнайг
Алтан эмээл хазаар, чимгээр чимэн хөлөглөж
Аугаа орчлон сансрын хүчир их тэнгэр Жинстэйн
Ариун хүрэн лагшин, соёогоо дайсанд ярзайж
Баруун мутраар манжлагат жадыг огторгуйн төвд босгож
Зүүн мутартаа дайсан тотгорыг хүлэгч бат цалам бариад
Бэгтэр алтан хуяг асааж, тэргүүндээ дуулга асаан
Зүүндээ ирвэсэн саадаг, баруундаа барсан хэвнэг агсаж
Аюулгагч баатрын зэмсгээр машид чимсэн.
Өрнөө Цувиралгүй амгаланг шагнагч нууцын эх
Үлэмж цагаан мишэлзсэн нигуураар бусдын сэтгэлийг булааж
Баруун мутраа манжлага сумт толь чимэг хийгээд
Зүүндээ насны хумх үзэсгэлэнт зэндмэнэ бариад
Бадрангуй элдэв дарцаг, эрдэнийн чимгээр хээлж
Зүс үзэсгэлэнт мяраалаг ам цагаан зэгдий унасан.
Дорно дэргэдийн дээд хөвгүүн Бавуудадүл ану
Догшин хөхөмдөг мэлмийг цахилгаан мэт очтуулан
Хөмсөг, сахал нь улбар шараар гал мэт бадарч
Хурц соёогоо яралзуулж, аймшигт тагнайн дууг тачигнуулан
Баруун мутрын илдээр тангараг доройтуулсны амийг тасдан
Зүүнээр өстөн дайсны лугшсан зүрхийг гэгээндээ соёрхож
Өрлөг баатрын зэмсгээр сайтар чимэглээд
Өсгий цагаан хар морь унаж гурван мянганыг довтолгосон.
Түүний өмнө Саманда түшмэдийн лагшин цайрч
Тусыг үзүүлэн хатуурхах дор баясахуйн ахуй ёсоор
Баруун мутартаа гох, зүүндээ хорол хүрд барин
Магнаг нөмрөг асааж, буудай цагаан ажнай хөлөглөсөн
Буман зарлиг сонсогч үйлчин, гадаад, дотоод түшмэд ба
Мөнхүү бас бус орон үүний дөрвөн зүг зовхист оршигч
Тэнгэр, лус, шивдаг, нөхөр сэлтийг урин залснаар
Түдэл үгүй тангарагийн эрхээр ажиран соёрх.
Хум. Эрт цагийн Ловон Бадамжунай хийгээд
Хутагт нууцын эзний бүжгийг зохиогч Дамбийжанцан богд
Машид хүчин төгс бүтээлийн эрхэт Бавуу эцэг хөвгүүний
Мэлмийн өмнө ам авсан тангаргыг дурдан зохиохуй дор
Хувирашгүй огторгуйн төв ариун агаар ямагтаас
Цаглашгүй хүч хийгээд элдэв рид хувилгаанаар
Тоолшгүй хувилсан хувилгааны чуулган сэлтэс
Хөдөлшгүй өөр өөрийн суудалд оршин соёрх.
Аяа. Тэнгэр таны таалалд баясал амгалан үүсгэгч цогийг
Амар өгөн үйлдэгч бүрэн гүйцэд тахилын чуулганыг
Аг тарни ба самади шившлэгээс гарсан
Ариун тунгалаг сэлбэрүүлэгч ус, цэцэг, хүжис ба
Амны зоог, гэгээн зул, үнэрт ус, хөгжим хийгээд
Хүслийн таван эрдэм төгс өлзийт найман тахилыг
Хаан төрийн элдэв долоон ойрын эрдэнэ тэргүүтэн
Төгс бодитой бэлтгэж, сэтгэлээр хувиргасан
Тахилын чуулган хоцролгүйг өргөмүй,
Морь, хонь, сарлаг, ямаа, уналгын зэмсэг, хувцас
Мутрын барьц, чимэг тэргүүтэн ойр эдлэлийн язгуур
Мэлмийд үзэгдэгч тахилын өвөрмөц хязгаарлашгүйг
Мөнх огторгуй, газар ба завсрын гэгээг дүүргэн өргөмүй.
Агар хийгээд цагаан, улаан зандан гурван язгуур ба
Агь тэрэлж, үр жимс хийгээд гандигар
Анхилаг үнэрт элдэв утлага, зургаан сайн эм
Магнаг торго элдэв хувцад, үр жимсний чуулганыг
Машид бадарсан галд шатаасны ариусгал утаан чуулган
Зунаас төрсөн хөхөмдөг тэнгэрийн мөрт жигдрэх мэт
Завсрын гэгээ, газар дэлхийг бүрхсэн тахилын чуулганаар
Цагаан зүгийг тэтгэгч хүчир их тэнгэрийг ариулмуй
Цогийг хайрлагч Их амгалан нууцын эхийг ариулмуй
Цог ихт баатар хөвгүүн Дадүлийг ариулмуй
Зарлиг сонсогч сайд Саманда нөхөр сэлтийг ариулмуй
Зардас элч, үйлчин нөхдийн чуулганыг хоцролгүй ариулмуй
Тахилын орон үүний дөрвөн зүг найман зовхист оршигч
Тэнгэр лус, шивдагийн чуулган бүхнийг ариулмуй
Ариун болой, ариун дээд сан тахил үүнийг болгоож
Ашид хүссэн хэрэг өөрөө бүтэх үйлсийг зохио.
Арьяа Рэмандагийн асар тийн манлай хөвгүүн
Ариун шашны сахиусыг цол соёрхлоор магтсанаар
Арван тавны саран мэт баясан мишилзэн үзсэнээр
Асар билгийн инээдийг арван зүгт дуурсган зохио.
Хум. Язгуур үндэсний лам зарлиг халдаан тушаасан мэт
Хамаг төрөлхтний амгалан жаргалан хоцролгүй гарах суурь
Чадагчийн шашин нийт ба зөөлөн итгэл Зонховын
Чинад ёсон өнөд өргөжин дэлгэрэх үйлсийг зохио.
Гандан Самданжовдэлингийн их аймаг үүнд
Гурван суртгаал, эл шарыг баригч мэргэд олноор
Огоот дүүрээд, эш онолт шашны үйл нугуудыг
Зуны нуур мэт дэлгэрүүлж, нөхөрлөн зохио.
Орон зүг үүнд цаг бусын салхи, цас, хур ба
Зуд турхан, хяруу мөндөр, газар хөдлөх, үер ус, аянга
Отолт хулгай, дээрэм, дайсан, араатан чоно тэргүүтэн
Зорьж хүсэшгүй ойр хөнөөл даяарыг амирлуулж зохио.
Алимад хүчний усан баригч сэрүүн асраас
Аливаа өнгө шим, үр эмийг анагаагч хурын урсгал
Асар шамдал үгүй сүндэрлэн бүтэхийг даалгасан үйлсээр
Ахуй хамаг төрөлхтний эгээрэлийг сэтгэлчлэн хангах болтугай.
Аугаа суртгаал, урт нас хийгээд хишиг буян
Аугаа хүчин, ном эдийн барилдлага, язгуур үндэс тэргүүтэн
Асар цагаан сайн чуулганы эрдэм шинэхэн саран мэт
Арвидан дэлгэрч алгасрал үгүй ханьсан нөхөрлөгтүн.
Хилэнт омог төгс тэнгэр лус, хүмүүн амьтан хийгээд
Гурван орчлонгийн идээ, эд, төгс эдлэл тэргүүтэн
Сансар нирваан, сав шим бүхний хишиг буян сэлтийг
Сэтгэлчлэн бүрнээр эрхэн дор хураан зохио.
Хээр, зам, нутаг, хаана одож, алин дор суувч
Хэзээд эгээрэл горилыг мухарлан хуурал үгүй
Гурван өдөр харуулдан, гурван шөнө манаж
Хол одохуйд үдэж, нааш ирэхүйд угтан зохио.
Товчилбоос тэнгэр таныг соёрхон тахихын хүчээр
Ариун шашин ба шашныг баригч, шашны өглөгийн эздийг
Тэтгэн сахих аврал үйлсийн хүчнийг үүсгээд
Амгалан жаргалан цог дор цэнгэхийн өлзий хутаг оршиг.
Хэмээн цагаан зүгийг тэтгэгч хүчир догшин тэнгэр Жинстэйн сан тахил, шид бүтээлийн хурвуу буулгагч хэмээх энэ нь гол ёсонг өгүүлэгч эрх баялаг Цогчин ловон, гавж Лувсаншийрэв нар зарлиг шамдал ихээр ахин дахин дурдсаныг тэвчин ядаж, Гүнчин лам эцэг хөвгүүний өлмийн тоосыг оройгоор шүтэгч Чин Наваанхан нэрийг баригч Лувсанжамьянжамц найруулсны бичээч нь гэлэн Дамчойжамц болой.
Сан тахил хүссэн хэргийг сүндэрлэн бүтээгч хэмээх оршвой
Таван уулын сан хэмээх энэ судрыг Байхонгор хайрхан дээрээс Баян Өндөр сумын төвийн, баруун хойт биенд байх овооны зүг уншиж тахидаг байна. Тус номонд Байхонгорын догшин их тэнгэр, Дөшийн амирлангуй болоод дэлгэрүүлэх үйлийг бүтээгч түшмэд, эрхэм төв уул Баян-Овооны цагаан зүгийг тэтгэгч тэнгэр лус, дорнын их савдаг Жинстэй, тусыг үйлдэгч хатан, хөвгүүн сэлт олон лус, өрнө зүгийн их тэнгэр Гичигэнэ, хатан,түшмэд сэлт хийгээд Алтай, Хангайн тэнгэр лус бүхнийг урин залж, тахил ариусгал өргөн хур ус цагтаа бууж, эд мал өсөн дэгжиж, арван буяны бэлэг оршиж байхыг айлтгасан байна.
Судрын орчуулга
Намо гүрү базар дараяа.
Сангийн эд тахил балинг гарын авлага мэт бэлтгэ. Аврал одуулан сэтгэл үүсгэлийг урьд нь талби. Ядмын омог төгс агаараас сангийн эдийг адислан өгүүл.
Ум. Саннахуй нийтийн зочинд зохистой дөрвөн язгуурын зочин
Уужим тахилын орон үүнд баясан оршиж соёрх.
Ялангуяа Шаддүвтарчинлан хийдийн
Язгуурын лам, чухаг гурав, багш шавь, нөхөр сэлт
Эгүүрд шадарлан тушаах номын сахиусан бүхэн
Энэ л тахилын орноо баясан оршиж соёрх.
Өвөр чанараар өөсөө бүтсэн орд өргөөнөөс
Өрлөг ялгуусан тэнгэр Байхонгор ану
Баруун мутартаа илд, зүүндээ Нэүлэ хулгана барьж
Бэгтэр хуяг дуулга, улаан жад, баатрын зэмсгийг далайсан.
Ягчисын хаан аюумшигт өмгийн чуулган
Ялангуяа Дөшийн амирлангуй, дэлгэрэнгүйн түшмэд нь
Баруундаа улаан жад, зүүндээ дэгээт цалам барьж
Баясал төгсөөр хүрэн ажнай хөлгийг унаад
Түшмэд нөхдийн чуулган, цэргийн жанжин сэлтээр
Тахилын орон үүнд баясан оршин соёрх.
Цогт орон үүний эрхэм төвд Баян-овоо хийгээд
Цагаан зүгийг тэтгэгч хүчир их тэнгэр, лус
Дотоод, гадаад түшмэд, эх, хөвгүүн, нөхөд сэлтээр
Тахилын орон үүнд, баясан оршин соёрх.
Дорно зүгийн их савдаг Жинстэй
Тусыг үйлдэхүйд баясагч ахуй ёстон
Дотоод, гадаад түшмэд, эх, хөвгүүн, нөхөр сэлтээр
Тахилын орон үүнд баясан оршиж соёрх.
Өмнө зүгийн гулгаран урсах өлзийт Танчү голд
Үлэмж их савдаг Толь хэмээн алдаршигч
Дотоод гадаад түшмэд, эх, хөвгүүн сэлтээр
Тахилын орон үүнд баясан оршиж соёрх.
Өрнө зүгийн их тэнгэр ялгуусан Гичгэнэ ану
Өнөд цагаан зүгийг тэтгэхүйд хичээнгүй ахуй ёстон
Дотоод, гадаад түшмэд, эх, хөвгүүн сэлтээр
Тахилын орон үүнд баясан оршиж соёрх.
Бас бус Алтай, Хангайн нөхөд чуулган сэлт
Буяны цагаан зүгийг тэтгэгч хүчир тэнгэр, лус
Дотоод, гадаад түшмэд, эх, хөвгүүн сэлтээр
Тахилын орон үүнд баясан оршиж соёрх.
Ум-аас гарсан эрдэнэ бадарсан уужим саванд
Ариусгал эдийн утаан үүлс, агар, мөнх харгана
Утлага эм, сан тахил, тангарагийн эдийг өргөх ану.
Хоёр уст ойр эдлэл, хөгжим, хүслийн таван эрдэм
Сан тахил, эмийн аймаг, их улаан балинг овоолж
Хөлбөргүй тангарагийн эд, жансиг бүрнээр өргөе
Сайтар таалж, багш шавь, бидний нөхөр сэлт дор
Хорлон хөнөөгч хортон, дайсан хийгээд тотгорыг
Хором агшнаа тоосон товрог болгох хийгээд
Хотол чуулган зохилдох нөхцөл дэлгэрэх үйлсийг зохио.
Товчилбоос цог төгс ламын өлмийн лянхуа батдан
Авралт шашны өглөгийн эзний аугаа хүчин арван зүгт дэлгэрч
Тааламжит арвин хур усан цагтаа бууж, эд мал өсөөд
Амгалан буяны бэлгийн урсгал эс тасрахын өлзий хутаг оршиг
Ариусгал тахил өлзий хутаг бүхэн гарах
Баянцагааны сан оршвой
Баянцагаан хайрхны ариусгал тахилгын судар болох энэ номыг гүн Эрдэнэжонон, Цэцэн цөйхүр Сандагдорж, төлөөлөгч Лхүнбэдорж, тайж захирагч Дарамжав, тайж Гонсүрэн сэлт шар хар олноор хэрэг ёсыг зарлигласан учирт Ачүн лам Лангаржангийн алдрыг баригч тарничин Намнандорж бичсэн байна. Энэхүү сударт сүлдэн тэнгэр Дүнжингарав, яруу жавхлант Баянцагаан, Бүрд эрдэнэ ба уулсын хаан Байхонгор, машид цагаан Эрхэт цэцэн, хадан уул Жинст, Далан түрүүтийн булаг сэлт онгон догшин хайрхны орны тэнгэр, лус, шивдаг, зардас нөхөд сэлтийг урин залж, ариун дээд тахил идээ, сэржим, зоог шүүс, тахил жансигийг агуу ихээр өргөн, нутаг орон ган зудгүй тэнэгэр байж, хүмүүн хийгээд мал аюун цочих зүйлгүй амгалан төгөлдөр байхыг хүсэн даатгажээ. Баянцагаан хайрхан нь Баянцагаан суманд далайн түвшингээс дээш 2941 м өндөрт, 45.12’00” Х.Ө. 99.02’00” З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Аяа. Өлзий хутаг буяны бэлэг цогоор илт өндөр
Аугаа орон зүг үүнд үргэлжид оршигч
Ариун тэнгэр, лус шивдаг аливаа буй бүхэн
Ариусгал тахилын зочинд ажиран соёрох.
Ялангуяа сүлдэн тэнгэр Дүнжингарав хийгээд
Яруу жавхлан сүндэрлэн тогтсон Баянцагаан
Бүрд эрдэнэ ба уулсын хаан Байхонгор
Машид цагаан газар баригч эрхэт Цэцэн
Бат чийрэг хадан уул Жинст тэргүүтэн
Даяар орны тэнгэр, шивдаг бүхэн хийгээд
Далан түрүүтийн булагт оршигч
Цогноймолын эрхэт зардас нөхөд сэлтийг
Сан тахилын зочинд урин залах ану
Саатал үгүй хувилгаан хүчнээр орон үүнээ ажрагтун.
Өмнийн талд өөр өөрийн баясгалант суудал сэнтийд
Өргөл дурдал ямарчлан түүнчлэн батад оршигтун.
Аяа. Орны тэнгэр, шивдаг та нугууд дор
Ариун дээд баясгахуйн тахилыг өргөх ану
Чухал эдлэл, хүслийн таван эрдмийн тахил
Цай архин сэржим, алтан умдааны чуулган
Цагаан амттан, үр жимсний талхадмал хийгээд
Зоог шүүс, цус, тос тэргүүтэн
Зохис амтат элдэв идээ ундаа хийгээд
Цогц анхимал үнэрт элдэв модны утаан үүлс
Мутрын барьц, чимэг хувцас, уналгын чуулган
Мэлмийн гайхалт эд, элдэв эрдэнэ сэлтийг
Товчилвоос алин тэр юун хүссэний
Төгс эдлэл, элдэв хэрэгсэл бүхнийг
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувирган өргөмүй
Баясан таалж, болгоон зооглож соёрх.
Егүзэрийн эрдэм тахилыг ба бүрнээр
Ер эс мэдэхийн эрхээр та нугуудын
Таалал лугаа харшлах юуг үйлдвээс
Таалан асрахуйн ёсоор хүлцэн зохио.
Дэлхийн эзэд, орны тэнгэр та бүгдээр
Ба бүрнийг хөвгүүн мэт тэтгэн зохиох дор
Бие дор хорлолт халуун өвчинг анагаа!
Сэтгэл дор хорлолт зовлонг амирлуул!
Санасаныг бүтээж, барцад саадыг арилга!
Зохилдох үгүй муу нөхцөл хамгийг арилга!
Цаг бусын үхэл тэргүүтэн найман их аюул
Чанад тэрсүү хараал зүхэлгэ хийгээд
Зэтгэр тэнгэрийн хатуу хорлол хийгээд
Завсрын муу язгуур үндэст буг тэргүүтэн
Зуурд гэнэтийн амь насны барцдыг буцаа.
Урт нас амгалан жаргаланг дэлгэрүүлэн зохио.
Олз баялаг дор аливаа хоосрол үгүй болоод
Хүмүүн малын арвидал түйтгэр үгүй болоод
Анхилам үнэр амт бүрдэгсэн идээ умдаан ба
Аливаа хэрэгтэй хүсэл цогцолсон төгс эдлэл
Асар гэм үгүй язгуур үндэс тэргүүтэн
Сац товчилбоос сэтгэлд алимад хүссэн
Шид бүтээл бүхэн шамдал хоцролгүй
Сайтар өөсөөн бүтэх дор зохион соёрх.
Суурин нутаг дор өвчин үгүй амгалан урт настай
Хээр хөдөөд санасан хэрэг сэтгэлчлэн бүтэж
Хэрдхийн жигээрэмших оронд угтан тосож
Сандран аюух оронд аврал итгэлийг зохио.
Шагжийн Чадагчийн шашин өрнөн дэлгэрч
Шашныг баригчдын өлмийн лянхуа батдан
Хуврагийн сэтгэл зохилдон номлол бүтээл арвидаж
Хос ёсон номт төрийн чуулганыг дэлгэрүүлэн зохио.
Орчлонгоос хэтийдсэн сав шим бүхний
Хишиг буян бүгдийг энд хурайлснаар
Орон үүнээ өлзий хутгийн адистид тогтож
Хамаг төрөлхтнийг амар баясгалангаар цэнгээн зохио.
Хэмээн өлзий хутаг бүхэн гарах сан тахил үүнийг гүн Эрдэнэжонон Цэцэн цөйхүр Сандагдорж, төлөөлөгч Лхүнбэдорж, тайж захирагч Дарамжав, тайж Гонсүрэн сэлт шар хар олноор хэрэг ёсыг зарлигласан учирт Ачүн лам Лангаржангийн алдрыг баригч тарничин Намнандорж бичвэй.
Хум. Аглаг уулын хийд Баян-омбо ба
Хүчир их цагаан зүгийг тэтгэгч тэнгэр, лус
Хатан, хөвгүүн, гадаад, дотоод түшмэд нөхдийн чуулган
Хоцрол үгүй үүнээ ажирч баясахуйн суудалд орш.
Хоёр уст ойрын тахил, хөгжим, хүслийн таван эрдэм
Хан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахилыг
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувирган огторгуйд дүүргэж
Барагдашгүй амгалангийн мөн чанарт тахилыг өргөе.
Ум-аас амгаланг үүсгэн эд баялгийг арвитгагч эд
Ямаа, хонь, адуу, тэмээ, хөө хуяг, мэсийн язгуур
Товчилбоос зохилдох эд бүрэн гүйцэд үүгээр
Тэдгээр их савдаг нөхөр сэлтийн тааллыг хангая.
А үсгээс бадарсан уужим гавал саванд
Ариун тангаргийн эд, их улаан балинг уул мэт овоолж
Адистид Ум Аа Хум-аар арилган, онож, бадраасан үүнийг
Аугаа их тэнгэр нөхөр сэлтийн нигуур дор өргөе.
Хум үсгээс эрдэнэ бадарсан уужим саванд
Хамаг ариусгал элдэв утлагын утаан үүлс жигдэрснээр
Буяны садан, номын сахиус нөхөр сэлтийг ариулмуй.
Бузар див хоцролгүй их ариусгалаар арилах болтугай.
Товчилбоос зохилдох тангаргийн эдийг өргөсний хүчнээр
Шашин дэлгэрч, шашныг баригчийн лагшин нас арвидаж
Шашны өглөгийн эзний аугаа хүчин дэлгэрч
Сайн амгалан үргэлжид эс тасрахын өлзий хутаг оршиг.
Ха. Өрнө зүгт сүмбэр өлзийт өргөөнд залрагч
Хан тэнгэр ялгуусан хувилгаан Лхачинжалбу ану
Хангал өсгий цагаан, хар үүл мэт хүлгийг хөлөглөж
Хатан, хөвгүүн, гадаад, дотоод түшмэд, нөхөд сэлтээр
Хоцролгүй үүнээ заларч, өмнийн огторгуйд оршигтун.
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилгасан сан тахилд
Баясан ханаад, харшлах нөхцөл бүхнийг амирлуулж
Бүхэн зохилдох нөхцөл, есөн хүслийг хур мэт буулган зохио.
Товчилбоос чухаг дээд гурав, шашны адистид хийгээд
Дээдийн ном, шүтэн барилдлагын хуурмаггүй үнэн хүчээр
Миний үлэмж санааны ариун их хүчнээр
Машид цаг зүг бүхнээ түгээхийн өлзий хутаг оршиг.
Ум. Умар зүгийн уулын өлзий хутагт өргөөнд
Хар морь хөлөглөсөн Баянцагаан заларч
Уугуул орныг тэтгэгч хүчир их тэнгэр
Хатан, хөвгүүн, дотоод, гадаад түшмэд, нөхөд сэлтээр
Хоцрол үгүй үүнээ заларч өмнийн огторгуйд оршигтун.
Бодитой бэлтгэж сэтгэлээр хувилгасан сан тахилд
Баясан ханаад, харшлах гэм бүхнийг амирлуулж
Бүхэн зохилдох нөхцөл, есөн хүслийг хур мэт буулган зохио.
Су. Дорно зүгийн уулын өлзий хутагт өргөөнд
Хангал хөх ажнай хөлөглөсөн их савдаг ану
Сайтар тусыг үйлдэх дор баясагч ахуй ёстон
Хатан, хөвгүүн, дотоод, гадаад түшмэд, нөхөд сэлтээр
Хоцрол үгүй үүнээ заларч өмнийн огторгуйд оршигтун.
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилгасан сан тахилд
Баясан ханаад, харшлах нөхцөл бүхнийг амирлуулж
Бүхэн зохилдох нөхцөл, есөн хүслийг хур мэт буулган зохио.
Аа. Өмнө зүгт талын усан өлзий хутагт өргөөнд
Атан цагаан тэмээ хөлөглөсөн их савдаг ану
Хатан, хөвгүүн, дотоод, гадаад түшмэд, нөхөд сэлтээр
Хоцрол үгүй үүнээ заларч өмнийн огторгуйд оршигтун.
Бодитой бэлтгэж сэтгэлээр хувилгасан сан тахилд
Баясан таалж харшлах гэм бүхнийг амирлуулж
Бүхэн зохилдох нөхцөл, есөн хүслийг хур мэт буулган зохио.
Хэмээх энэхүү дэлхийн эздийн ариусгал тахилын хураангуйг лам зарлигласан болой. Өлзий хутаг орштугай.
Амдуу хийд Самданжовдэлингийн орны эзэн их тэнгэр Байхонгор Ноджингэгжоммаравын соёрхол тахил буяны бэлгийн гэрлийг бадраагч хэмээх оршвой
Одоогийн Баян-Өндөр сумын нутагт байдаг Амарбуянтын хийд буюу Самданжовдэлингийн орны сахиус, их тэнгэр Байхонгор хайрхны эзэн савдаг Ноджингэгжоммаравын соёрхол тахил, буяны бэлгийн гэрэл бадраагч хэмээх энэ судрыг тус хийдийн лам Бавуу хувилгаан, Бэйс Юндэндорж нар шамдан дурдсан хүсэл зорилгод нийцүүлэн Ялгуусны нэрт цагаан лянхуаг баригч, Шагжийн буянг судлагч Агваанлувсантүвдэнжамцжигварванчүгчоглойнамбаржал Сайн ноён аймгийн Гонгандан Цэпиллин хийдэд айлдсан байна.
Нутгийн гол тахилгат хайрхан Байхонгорын эзэд Ноджингэгжоммарав нь сүр жавхлант их улаан лагшин биетэй, нэгэн нигуур хоёр мутрынхаа баруундаа улаан жад барьсан, зүүн мутартаа алтан царан дээр эрдэнээр бөөлжсөн Нэүлэ хулгана барьсан байна. Оройн тэргүүндээ пүрэв талбисан, элдэв магнаг торгон хувцас намируулж, хөмсөг сахал нь бадраад ажнай цагаан морь хөлөглөн зургаан хувилгаан хөвгүүн, ягчис, савдаг, лус тэргүүтэн элдэв олон нөхдөөр хүрээлүүлэн оршсон байх ажээ. Сан тахилгын судар нь илт онохуй ёс, урин залах үйл, өргөл тахилга, наминчлал үйлдэх, мэлмийд үзэгдэгч жансиг сэлтээр хангалга зохиох, зоог балин өргөх, магтаал үйлдэх, өргөмжлөл үйлдэх хэсгүүдээс бүрдсэн байх бөгөөд энэ нь догшдын тахилга үйлдэх шашны зан үйлтэй нэгэн адил ёс журмын дагуу зохиогдсон байна.
Судрын орчуулга
Энд амдуу хийд Самданжовдэлингийн орны улаан сахиус шивдаг их тэнгэр Байхонгор хортон тотгорыг дарагчийг тахилаар баясган үйлс хэргийг чухалчлан даатгаж соёрхол тахилыг ямар мэт үйлдэхийн ёс нь;
Анханд өөрөө сэтгэлд зохист оронд шивдагийн лагшинг зурсан товойлгосон аль болох нэгийг бэлтгэ. Түүний өмнө Ядмын балин чухал эдлэл лугаа сэлт. Түүний баруунд ариун саван дотор өндөр нь адаглаад нэгэн төөгөөс багагүй гурвалжин улаан балин, чимэг төгс жижиг хоёр лугаа сэлт бэлтгэ. Өмнөө чухал эдлэл бас бус эдлэл, дамар хонх, хэнгэрэг, дун, хөгжим, ганлин тэргүүтэн чуулганг урьд тавь. Ялангуяа тахилгын эдлэл, жансигийг найралдуулан бэлтгэ. Сангийн зайд агар, хүж өвс, задь, сила, гүргүм, цагаан улаан зандан, цагаан хүж, балү, салү, арц, агь тэргүүтэн анхилам үнэрт ариусгалыг цогцлоон үйлд.
Бүтээлчин нугууд амгалан зөөлөн дэвсгэрт сууж бүхэн өдлөг сайнаар Дамдин ядам ба Чагдор тэргүүтэн аль зохих “Би ямагт”-ыг үүсгэ. Эс бүтээвээс “Гаджиг донжид”-ын бурхны тод үзэгдэл батаар тахил балин сангийн эдийг номлосон мэт адистидла. Хөгжмийн эгшиг сэлтээр тахилыг адисла. Нанчид адисласны сүүлд орны улаан сахиус Ноджингэгжом шивдагийн соёрхол тахил илт онолыг үүсгэх ёс ану:
Ум сувасди.
Цацран хураахыг үйлдэгч Очирдарын эрхэт хийгээд
Цогт язгуур үндэсний лам, ядам, бурхдын чуулганыг тахиад
Сайтар эдүгээ их тэнгэр Тотгор дарагчийн
Соёрхол тахил буяны бэлгийн гэрэл бадраагчийг бичвэй.
Ум базра амрида гүндалиди хана хана хум пад. Ум сува вашүда сарва дарма сува вашүда хум. Хоосон чанарт болов.
Амгалан хоосны агаараас элдэв эрдэнэ
Ариун таван зүйлээс бүрдсэн их амгалан үлшгүй харш
Амьтан сэтгэлтэн бүхний сэтгэлийг булаагч цог
Аугаа бэлэг чанар огоот төгс үзэсгэлэнтэй
Орон түүний төвд Самданжовдэлин хийдийн
Орны сахиус нутгийн эзэн их тэнгэр Байхонгор
Шивдаг Ноджингэгжомын сүр жавхлан дэлгэрээд
Шүрэн улаан лагшин сүмбэр мэт тодорхой цоргин бадарч
Нэгэн нигуур хоёр мутрын баруун дахь улаан жадыг
Нийт хорлогч тотгорыг дарахын ёсоор далайж
Зүүн мутартаа зүрхэн тус элдэв эрдэнэсээр
Дүүргэсэн алтан цар дээр Нэүлэ хулгана
Зохистой хүсэл элдвийг бөөлжсөнөөр бэлэгдэн барьсан.
Тэргүүндээ пүрэв талбиж торгон хормогч
Таван зүйл магнаг навсыг лагшиндаа соёрхож
Эрээн хэрмэл жанч асааж, сахал хөмсөг нь бадарсан
Элдэв хувилгаан төгс цагаан ажнай хөлөглөж
Эрдэнийн эмээл хазаараар үзэсгэлэнтэй чимсний дээр
Ихэмсэг хээмсэг баатрын явдлаар ганхалзан
Их амгалангийн шид бүтээлийг соёрхон оршвой.
Хүрээлэн тойрсон өвөр хувилгаан зургаан хөвгүүн
Хорлогч ягчис, савдаг, лусын элч тэргүүтэн
Хортон нөхдийн чуулган цаглашгүй сэлтийг
Хоцролгүй өвөр ямагт бурханд тодорсон тааллын хөрөнгөөс
Хурц гэрэл цацарснаар их шивдаг Ноджингэгжом
Хань нөхөд сэлтийг хаана оршсон орны дээдээс
Тахигчийн оронд нэгэн эгшинд урин залмуй
Түдэл үгүй өнийн ёсоор үүнээ залрагтун.
Бойгар шатааж адистидыг буулган хөгжмийн эгшиг сэлтээр:
Хум. Урьдын цагт ялгуусны мэлмийн өмнө амласан мэт
Хамаг тийн дөрвөн үйлсийг даатган бүтээхийн тухайд
Хан тэнгэр орны их эзэн Ноджингэгжом
Хань нөхөд сэлт хувилсан хувилгаан энд залрагтун.
Ба бүрний дуудсан орны дээд энэ ямагт дор
Баясаж ас асын суудалд сайтар оршоод
Егүзэр багш шавийн харшлах нөхцөл бүхнийг арилган
Есөн хүслийн шид бүтээлийг шамдал үгүй хайрлан соёрх.
Бадма гамала есдам.
Тахил өргөх нь :
Шүтэн барилдлагаас сайтар гарсан
Тэнгэрийн сайн эдийн тахил эрдэм үүнийг
Шивдаг, нөхөр лугаа сэлт дор өргөмүү
Таалснаар шид бүтээлийг хайрлан соёрх.
Ум маха дээва рагмо бради банза савари вара аргям брадизца еэ суха. Түүнчлэн тахил эрдмийн оронд өлмийг сэрүүцүүлэгч, цэцэг, хүж, зул, үнэрт ус, амны зоог, хөгжим, нанчид сэлтийг дараалуулан өргө
Магтаал өргөх нь :
Ялгуусны шашин ба шашныг баригчийг тэтгэгч
Ялгуусан орны эзэн их тэнгэр Ноджингэгжом
Цагаан зүгийг тэтгэгч хувилсан хувилгаан сэлт
Цогт нөхөр сэлт дор би магтаал үйлдмүй.
Наминчлал үйлдэх нь :
Ягчис тотгорыг дарагч нөхөд сэлт таалан соёрх
Ямагт бид бүрэн мунхаг сэрэмжгүйн эрхэнд орсноор
Ялангуяа их нууц тарнийн тангаргыг доройтуулан
Ялгуусны лагшин, зарлиг, таалалд харшлагч хилэнц уналын чуулган
Ямар мэтийг түгшин гэмших сэтгэлээр машид наминчлахуй
Ямарчлан болгоож дээд нийтийн шид бүтээлийг хайрла.
Хөгжим эгшиг сэлтээр ханган үйлдэх нь :
Хум. Номын чанарын хувиршгүй их амгалан үлшгүй харшаас
Хандо дагинас, сахиусан, лам ядам хийгээд
Нэн ялангуяа орны их эзэн Ноджингэгжом
Нөхөр сэлт та нугуудыг би тахиж үйлдмүй.
Барагдашгүй огторгуйн сангийн адистидээр
Гадаад, дотоод, ойр эдлэл, цувиралгүй тахилын чуулган ба
Төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тэмдэг
Тотгор дайсныг гэтэлгэгч эрхтнээр тахил өргөе.
Бас бус албат дуулга, хөө хуяг, сум, хутга
Балт сүх, сэрээ, жад, улбар шар уналга эдлэл
Найлзуур модон хийгээд таван зүйл эрдэнийн
Нэн сайн үлшгүй харшийг баясгахуйн шүтээнд өргөмүү.
Төрийн эрдэнэ, эмээл, хазаараар үзэсгэлэнт ажнай хөлөг
Догшин савагт бух, эр, эм үзэсгэлэн төгс хонь, ямаа
Дэвхэрлэн хуралдсан үүл мэт шувуу, нохой, барс, ирвэс
Тэмээ, баавгай, шар маахай тэргүүтэнг шүтээн дор өргөж
Ноджингэгжом улаан шивдагийн тааллыг хангая.
Нөхөр лугаа сэлтийн тааллыг хангаснаар
Егүзэр багш шавийн харшлах нөхцөл бүхнийг арилгаж
Зохилдох нөхцөл шид бүтээлийг шамдалгүй хайрлан соёрх
Зоог балинг өргөх нь .
Балин тахилыг ариусган судалж гурван үүсгэлээр адисла. Нутгийг сахигч, орны эзэн их тэнгэр Ноджингэгжом улаан нөхөд сэлтийн хэл гэрлэн гуурсаар балингийн шим бүхнийг татан соёрхов.
Ум маха дээва рагмо бради банза савари вара идам балим да ха ха хаа хи хаа хи. Гурав буюу долоон удаа балинг өргө.
Ум агаро мү хам сарва дарма нам үддэ нүдбан над нама сарва дата гада жовишү мүхэ ваяа сарва тахам үдгадэ сапарана имам гагана хум ха ха хаа хи хаа хи. Гурван удаа нөхөд дор балинг зориул. Дээрхи тарнийн эцэст аргям зэргээр гадаад тахил ба гурван үрийг талбиснаар дотоод тахилыг өргө.
Ноджингэгжом нөхөр сэлт дор
Дээдийн зоогийг би бээр өргөснөөр
Над дор хорлох хорт сэтгэлийг баригч
Дайсан тотгор, тангараг доройтныг үтэр гэтэлгэ.
А мү га ма ра яа пад
Магтаал өргөх нь:
Ашид хувирашгүй их амгалан бэлгэ билгийн нигуураас
Алимад номхотгогч орны эзэн Ноджингэгжом
Аливаа нөхөд сэлт дор би бээр магтаал өргөмүй
Аугаа ид хүчинг тийн дөрвөн үйлсээр үүсгэн зохио.
Тэнцэлгүй рид хувилгаан хүчин баригч ажнай хөлөглөж
Торгон хувцас, хэвнэг цамц, эрдэнийн олон чимэг асааж
Тэргүүндээ пүрэв талбиж, алтан цар, дарцагт жад барьсан
Тэнгэрлэг тан дор сэтгэлийн угаас магтаал өргөе
Хүчин төгс рид хувилгаан, барагдашгүй хатуу хүчнээр
Хар зүгийн шимнусын аймгийн ид хүчийг машид дараад
Цагаан зүгийг тэтгэгч цог залийг хөх огторгуйн төв
Сансрын үзүүрт хүртэл машид босгон зохио.
Өргөмжлөл үйлдэх нь:
Ямагт хослон орогч итгэл болсон язгуур үндэсний лам
Амгалан ажирсан баатар дагинас сахиусан чуулган сэлт
Ялангуяа хортон тотгор дарагч Ноджингэгжом нөхдийг
Алдаршуулж энэ өдөр өлзийт баяр хуримд өргөмжлөн магтмуй.
Сансар нирвааны цог учрал хоцролгүй гарахын суурь
Чадагчийн шашин өнөд удаан оршин тогтнож
Сац түүнийг баригч төрөлхтөн дээдэс нугууд
Цог учралаар тэтгэн өнөд өлмий батдах болтугай.
Бурсан хуврагийн аймаг шинийн саран мэт арвидаж
Бүхнийг хоцролгүй ёсчлон бүтээх үйл дор хичээ.
Ялангуяа очирт хөлгөний номлол бүтээлийн
Ялгуусан шашин арван зүгт дэлгэрэх өлзий оршиг.
Зохилдох шид бүтээл хоцролгүйг
Соёрхож энэ өдөр надад хайрла.
Зохист нөхөр, шашин, төгс эдлэл нүгүүдийг
Сайтар дэлгэрүүлэн зохиогтун сахиусан чуулган.
Энэ өдөр Ноджингэгжом нөхөд сэлтийг
Эрхэмлэн тахисан буянаар шашин дэлгэрч шашныг баригчийг сахин
Тойн хуврагийн аймгийн гурван суртал, эш онол арвидаж
Тус амгалангийн буяны тэмдэг дур зоригоор мишээх болтугай.
Хэмээн Амду хийд Самданжовдэлингийн орны сахиус шивдаг их тэнгэр Байхонгор Ноджингэгжоммаравын соёрхол тахил, буяны бэлгийн гэрэл бадраагч хэмээх үүнийг тус хийдийн лам Бавуу хувилгаан, Бэйс Юндэндорж нар шамдан дурдсан хүсэл зорилгод нийцүүлэн Ялгуусны нэрт цагаан лянхуаг баригч, Шагжийн буянг судлагч Агваанлувсантүв-дэнжамцжигварванчүгчоглойнамбаржалын Сайн ноён аймгийн Гонган-дан Цэпиллин хийдэд айлдсаны сайн буян арвидах болтугай.
Хан тэнгэр Лхачинвалбарын ариусгал тахил оршвой
Амарбуянтын хүрээнээс баруун урд зүгт байдаг Борхайрхан уулыг тайх орныг тэтгэгч эзэн савдаг Лхачинвалбарын сан тахил, сэтгэлчлэн ирүүлэгч гох хэмээгч энэ судрыг Жонон вангийн шогбэджа Түмэн бээр дурдсаны учирт Лувсанжамьянжамц бээр айлдсан байна. Хан тэнгэр Лхачинбалбар нь хар хүрэн лагшин биетэй, баруун мутартаа гох дэгээ, зүүн мутартаа эрдэнийн ишт далбаа сугавчлан намируулж, цэргийн цус болсон хивэрлэг торго, эрдэнийн олон чимгээр чимэглэсэн, цагаан арслан хөлөглөж, хатан, хөвгүүн, түшмэд, тэнгэр, лус олон нөхдийг хүрээлүүлсэн догшин сахиус байх юм. Хан тэнгэр Лхачинбалбарыг тахиж өргөл үйлдсэнээр хар зүгийн хямрал тэмцлийг доройтуулж, цагаан буяны чуулганыг дэлгэрүүлэх үйлсийг бүтээх ажээ.
Судрын орчуулга
Хан тэнгэр Лхачинвалбарт сан талбихыг хүсвэл сангийн эдийг нийтийн ёс мэт адислаж ,
Аяа. Арван буян дэлгэрсэн асар уужим нутаг оронд
Ашид газар баригч эрихс эргэн тойрон хүрээлсэний төвд
Машид цагаан таван хоншоортон огторгуйд хэрсэн
Машид жавхлант эрдэнийн уулын оргилд оршигч
Үтэр түргэн хатуу хүчит Лхачинвалбар ану
Өнгө лагшин хар хүрэн, баруун мутартаа гох дэгээ
Зүүндээ эрдэнийн ишийг сугавчлан мэс далайж
Цэргийн цуст хивэрлэг торго, эрдэнэ чимгээр хээмсэрлэсэн
Машид Муу бусар үзэгдлийг сүрээр дарагч цог эрдэмт
цагаан арслан хөлөглөсөн сүлдэн тэнгэр
Дотоод, гадаад түшмэдийн чуулган, эх хөвгүүн
Тэнгэр, лус, цагаан зүгийг тэтгэгч нөхөд сэлтийг
Ба бүрэн бишрэлийн орон үүнээ урин залснаар
Баясаж өөр өөрийн суудалд оршин соёрх.
Дандар ба самид, мутарлага чагжаар адисласан
Дотоод, гадаад тахил балин, тангарагийн эд, жансиг
Тэнгэрийн ариун утаагаар завсрын гэгээ дүүрсэн үүнийг
Далха тэнгэр, Лхачинвалбар нөхөд чуулган сэлтэд өргөмүү.
Хум. Лам, ядам, баатар дагинас хийгээд
Ялгуусан Далха тэнгэр, эцэг эх, нөхөд сэлтээр
Хүслийн таван эрдэм төгс алтан умдааныг болгоож
Хүссэнчлэн хүсэл эрдмийг бүтээж хамсан нөхөрлө.
Хамтатган товчилбоос тэнгэр таныг шүтэн тахихын хүчээр
Хар зүгийн тэмцлийг доройтуулж
Хамаг зохилдох нөхцөл, нас буян, хийморь, яруу алдар тэргүүтэн
Хавтай сайн цагаан буяны чуулган дэлгэрэхийн өлзий хутаг орштугай.
Хэмээн орныг тэтгэгч Лхачинвалбарын сан тахил, сэтгэлчлэн ирүүлэгч гох хэмээгч үүнийг үйлдэх хэрэгтэй хэмээн Жонон вангийн шогбэджа Түмэн бээр дурдсаны учирт тойн дүрст Лувсанжамьянжамц бээр айлдсаны бичээч нь гэлэн Цэвэгмэд болой.
Аравнай үйлдэх ёсны адистид оршвой
Эртний тахилгат хайрхны аливаа нэгэн овоо лхатог сэргээн засах, шинээр овоо босгох зэрэг аль ч үйлэнд энэхүү судрыг уншин тухайн овоог аравнайлж болох юм. Шүтээн овоогоо сайтар засаж бэлтгээд, сансар нирвааны дээд зочид, орон дэлхийн лус савдаг сэлтийг урин залж тахил өглөгөөр баясган машид оршлыг үйлдсэнээр “тэнгэр, лус, шивдаг, бүднар аливаа хүчтэний адистад жинлав шүтээн үүнд оршсоны тул бусдыг үл хайж, тус амгаланг үүсгэн, санаа учралыг арвитган зохио” хэмээн тус сударт номложээ.
Шүтээн овоо үүний хаана оршсон орон зүгт
Үл зохих доройтлоос амьтан бүхэн ангижирч
Өвчингүй урт нас амар жаргалан дэлгэрэх болтугай.
Газар орон үүнд хяруу, мөндөр, ган зуд ба
Гал, ус тэргүүтэн гарахын хорлол амирлаж
Цаг дор хур бууж, баялаг жил ашид сайжран
Цаглашгүй баялаг хотол төгс чуулах болтугай.
Хэмээн овоо лхатог босгож аравнай өргөхийн тус эрдмийг өгүүлжээ.
Судрын орчуулга
Дөрөвдүгээрт, Ертөнцийн тэнгэр шүтээн тэргүүтэнд аравнай үйлдэх ёс нь. Орны тэнгэр шивдагийн Лхато мэтийг аравнайлж үйлдэх нь:
Цагаан балин ариусгал тэргүүтэн хийгээд өөр өөрийн нутгийн ёс лугаа зохилдуулан идээ, зоог, ундааг хилэнц үгүй бэлтгээд өөрөө Ядам бурхны егүүзэрийг бясалга. Тахил балинг ариутган судал.
Хоосны агаараас Врүм-ээс гарсан эрдэнийн уужим болоод агуу их савын дотор Ум Аа Хум хайлснаас гарсан тахил хийгээд балин, билэг билгийн өвөр чанарт тунгалаг төрвөл үгүй зочин нугууд бээр төгс эдлэх төдийгөөр зовлон бүхэн амирлан, цувралгүй их амгалан сэтгэлд үүсгэхийн хүч чадал төгс болов. Ум Аа Хум гэж гурав хэлж, Агаро тарниар адисла. Шүтээн лхато-г сагнан судал,
Хоосны агаараас уужим эд баригчийн суурьт
Хэлбэр сайт уул, хад олноор бүрдэн жигдэрч
Хөтөл, тал, гол, хөндийг тухайлан байгуулсан мэт
Хөвчин цэцэрлэг, зүлэг төхөм, жимс, эмийн цэцэг дэлгэрэн
Хүрхрээ ус, нуур цөөрөм, булаг, үзэсгэлэнт бүрд
Элдэв олон жигүүртэн ба гүйлдэх араатан, гөрөөс
Элдэв эрдэнэсийн олон уурхайтан хийгээд
Элдэв хүслийн баялаг чуулганаар огоот дүүрсэн
Эгүүний төвд сэтгэл булаагч эрдэнийн сайн балгад ба
Эрхэтийн нум мэт дурдмал торгон өргөө
Эрдэнийн сэнтий, манжлага, шүхэр, лаврэ тэргүүтэн
Үзэсгэлэнт байгууламж сэтгэлд зохилдон бүрдэн дэлгэрэв.
Өөрийн зүрхний хөрөнгө Хум үсгийн гэрлээр
Өмнийн шүтээн үүнийг юун тухайд үйлдснээр
Хүмүүн бусын бүднэр нөхөд лугаа сэлтэс
Хэлбэр тус тусын байдал, зэр зэвсэг, уналга тэргүүтнээр
Яруу сайн лянхуат нуурнаа дурлах галуу мэт
Яарахуйн ёсоор ирээд орон шүтээн үүнд
Амин сүлдийг тогтоож, баясан орших сэлтээр
Алгасралгүй үйлсийг бүтээж, ханьсан нөхөрлөх болтугай.
Едүрмаар тарнидаад : Гүмбари сабари вара брадэ дэви лодра ра дри самаяа срог дүд дүндри агра хаяанза, За Хум Вам, Хо хэмээн нэрийтгэл, егжа, язгуур тарни тэргүүтнийг урь. Агаро-тарниар балинг зооглуулж :
Алин ариудсан шүтээн үүнд оршигч
Аугаа хүчин төгс бүднэр та нугууд дор
Амтат балин, рашааны далай хийгээд
Асар олон тахил эрдмийн чуулган
Есөн хүслийн эдлэл хоцролгүйг
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилган өргөе.
Өглөг тахил, балин үүнийг зооглоод
Егүзэр ба бүрэн нөхөр сэлт дор
Өвчингүй урт нас, эрх баялаг ба
Өгөөмөр цог төгс алдар ба сайн хувь
Агуу төгс эдлэл бүхнийг олох бөгөөд
Амирлангуй ба дэлгэрүүлэхийн үйл тэргүүтэн
Дөрвөн үйлийн шид бүтээлийг надад хайрла.
Тангарагтан бээр намайг сахин тэтгэж
Ашид шид бүтээлээр, ханьсан нөхөрлөж зохио.
Аюулт цаг бусын үхэл ба өвчин хийгээд
Ад дон, гэг тотгор бүгдийг амирлуулан зохио.
Муу зүүд хийгээд муу бэлэг ёр тэргүүтэн
Муу үйл үйлдвэр нугуудыг амирлуулан зохио
Үргэлжид ертөнц амгалан болоод жил сайжран
Үр тариа арвидан, буяны ном дэлгэрээд
Сайн амгалан, хотол төгс чуулган хийгээд
Сэтгэлд хүссэн хэрэг бүхэн бүтэх болтугай.
хэмээхийг хүртэл өгүүл, Орны тэнгэр түүний өөрийн ариусгал ба ялгамжтай соёрхолын язгуур буй боловч орхиод,
Үзэгдэл юмс бүхэн шалтгаанаас үүдэн гарсан,
Үүний шалтгааныг түүнчлэн ирсэн бээр номлосон.
Бас бус шалтгаанд түрэгдэх алин мөн буй
Буяны явдал сэрэхүйн агшинг зарлигласан.
Хилэнц юун бүхнийг эс үйлдээд
Хэрэгтэй буяныг хотол чуулганд эдэл
Хэзээд өөрийн сэтгэлийг огоот номхотгон
Хэвд сахиж чадваас энэ бурхны шашин болой.
Одон бүргэлзэх ба зул хийгээд
Усны хөөс, илбэ, хяруу хийгээд
Цахилгаан гилбэлзэх, зүүд ба үүлэн мэт
Цөм хуран үүдсэн бүхнийг тэр мэтэд үз.
Шүтээн үүнийг алин бээр тухайлан зорьсноор
Тэнгэр, лус, шивдаг, бүднэр, аливаа хүчтэн
Шүтээн үүнд оршсоны тул бусдыг үл хайх дор
Тус амгаланг үүсгэн, санаа учралыг арвитган зохио.
Шалтгаан учралт өглөгийн эзэн ба ялангуяа
Шүтээн үүний хаана оршсон орон зүгт
Үл зохих доройтлоос амьтан бүхэн ангижирч
Өвчингүй урт нас амар жаргал дэлгэрэх болтугай.
Газар орон үүнд хяруу, мөндөр, ган, зуд ба
Гал, усны тэргүүтэн гарахын хорлол амирлаж
Таатай хур цагтаа, баялаг жил ашид сайжран
Тариа, ногооны баялаг хотол төгс чуулах болтугай.
Элдэв бүднэр алин тэд энд үлэмж болох буюу
Эл газар буюу завсрын гэгээнд оршсон тэдгээр
Эгэл хамаг төрөлхтөнд мөнхөд асрал үйлдэж
Эдүгээ өдөр, шөнөд номчлон явах болтугай.
Өглөгийн эзэн нөхөр лугаа сэлт /хэмээхээс/
Ертөнц амгалан болоод жилийн сайн /хэмээхээс/
Шамдал хийгээд өршөөл эс хэрэглэх дор.. хэмээх тэргүүтэнг өгүүлж цэцэг цац.