Бурхан багш шавь нарын хамт

Ирээдүйг эш үзүүлсэн тодруулагч зул хэмээгдэх оршив

Чухаг дээд гурван эрдэнэд мөргөмү.

Ялж төгссөн бурхан бээр муу цагийн галав болохын цаг түүнд туслах үсэг нь энэ мөн. Энэ номын хэмжээ нь мөр лугаа адил болой. Тэр юуны тулд хэмээвээс мөр үүнд төрөлхтөн хамаг амьтан явах лугаа адил болой. Тиймийн тул энэ ном мөр лугаа адил хэмээсэн болой. Тэндээс насан лугаа төгөлдөр Ананд бээр ном үүнийг сонссон энэ мэт бөгөөд Ялж төгс нөгчсөн бурхан бодь модны дэргэд суухын цагт замбутивийн амьтан бүхнийг айлдаж мэдээд таван зууны эцэс муу цагийн галав болох цагт амьтан бүхний үйлдвэр оносон нь тийн арилсан арвын үүднээс ном үсэг үүн лугаа учирсан хүмүүнүүдийн буян их болой. Ном үүн лугаа эс учирсан хүмүүнүүд нь буян өчүүхэнт ба нисваансын зовлон маш ихт болой. Газар дээрх хүмүүнүүд нь мэсийн дор хэрчигдсэн лүгээ адил үзэгдэнэ.
Тэндээс насан лугаа төгөлдөр Ананд бээр Ялж төгс нөгчсөнд өчив. Ялж төгс нөгчсөн та бээр хүмүүнүүд хөөрхий гэж таалсны хариуд энэ зовлонгоос тонилгон соёрх хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн бээр насан лугаа төгөлдөр Анандад зарлиг болруун: Би бээр чамд номлосугай. Би бээр огторгуйн агаарт суугаад Замбутивийн амьтнуудыг таалж айлдсан мөн. Та нар ч миний зарлигийг сонс. Энэ ном үсэг муу цагийн галав болохын цагт туслах ном мөн болой. Үүнийг бичих хийгээд унших ба их нигүүлсэгчийн бясалгал урилга хийж үйлдвээс түргэнээ хилэнц түйтгэр арилах болюу. Номын үсэг үүнийг хүжис ба цэцгээр сайтар тахиваас амьтан бүхний амгаланд зохиохуй. Номын үсэг үүнийг бичин уншин үйлдвээс төрөл тутам бүхэнд сайн төрлийг магад олюу. Тэндээс ийн хэмээгдэх үүний уг нь нэг их нуур буй бөгөөд түүний захад Их нигүүлсэгчийн хувилгааны бие нь суугаад хамаг амьтан хөөрхий хэмээн нигүүлсэхүйгээр таалан айлдаж нүдний ус цусаар гарав. Тэндээс ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Их нигүүлсэгч чи бээр сайтар сонс. Нүдний ус гаргах хэрэггүй. Миний зарлигийг сайтар сонс. Жилийн эхэн барс сар дотор хүмүүний оронд өөд болохын таалсан мөн тэр цагт хамаг амьтан муу галавт баригдаж орчлонгийн зовлонт далайгаас гэтэлгэх, хилэнцэт бүхнийг тэвчих, мөн тамд унасан амьтныг ч би бээр татах мөн. Тэр цагт энэ номын үсэг дэлгэрэх мөн болой. Үүнийг бичин уншин үйлдвээс өвчин бүгд тасрах, нэгэн хүмүүн бичвээс нэгэн хот айлд туслах, нэгэн хот айл бичвээс хан орон бүхнийг туслах, хүмүүн бүгдийн буян арвижих хийгээд муу нөхцөл зэтгэр няцах ба тамын хамаг зовлонгоос тонилох болой. Энэ нас ба хойд төрөл хоёулыг туслахуй. Эх зургаан зүйл хамаг амьтны тонилох мөр нь энэ мөн. Үлгэрлэвээс далай хийгээд усанд онгоц ба сал мэт мөн. Номын үсэг үүнд тийн ариун сүсэг хийгээд бишрэл үйлдэх маш чухал болой. Майдар бурхан хүмүүний оронд өөд эс болоо инару (хэзээ залрах хүртэл) агуу ихэд туслах ном үсэг энэ мөн болой. Энэ номыг бичээд бусдад дэлгэрүүлбээс нэгхэн нас, нэгхэн биедээ буян цаглаш үгүй арвижуулмуй. Орчлонгийн цусан далайг ширгээх болмуй.
Эс арилсан тийн арван сэтгэлийн үүднээс:
Анх нисваансын эрхээр болох хамаг амьтан хөөрхий. Түүний хойно
Хоёрдугаар хүмүүний оронд цусаар гол дүүрэхүй
Гурав үр жимс хэдүй чинээ үлдсэнийг өөрөө авах эрхгүй
Дөрөв хамаг хүмүүн зовлонг машид амсахуй
Тав замд явах хүмүүн эс үзэгдэхүй
Зургаа элдэв зүйл араатан айл хотонд дүүрэх болохуй
Долоо хан орны гэр байшингууд хоосрох болой
Найм хүүр идсэн араатан хаана тогтол үгүйгээр явахыг үзэхүй
Ес ганц нэг хүмүүн байвч сууж үл чадахуй
Арав бирдийн адаар хот айлыг хэсэхийг үзэгдмүй, Эс арилсан арвын үүднээс энэ мэт байх болой
Нэгэн нь нэгнээ сайшаан магтах үгүй, өөрийгөө магтаад бусдыг муушаан үйлдэх үзэгдэх болой. Хүмүүн дотор дөрвөн язгуур буй бөгөөд хан язгуур, богд язгуур, бярман язгуур, харлиг язгуур болой.
Тэд бүгд ч ном үсэг үүнд сүсэглэн бишрэн үйлдвээс сайн галав ирэхүй.
Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Номын үсэг үүнд буруу сүсэг үйлдвээс нэгэн нь нэгээс амал үгүй (аюуш) тамд унах болой. Энэ ном эс сонсвоос ухилахаар (уйлаан) огторгүй газар дүүрэхүй. Зүйл бүрийн өвчний галав ирэхүй. Номын үсэг үүнийг сонссон даруй түргэнд бичин уншин үйлдвээс өвчин хижиг бүгд тасрах, ган зуд бүхэн ч амирлах, сайн төрлийг олох болохуй. Жич бас хүмүүнд долоон зовлон буй бөгөөд
амьтан тамын зовлон лугаа нэг
Бирдийн өлсөх ундаасахын зовлон лугаа хоёр
Асур нарын хэрүүл тэмцлийн зовлон лугаа гурав
Чөлөө үгүй ба үгээгүй ядуугийн зовлон лугаа дөрөв
Буруу үзэл барьсан лугаа тав
Урт наст тэнгэр нарын зовлон лугаа зургаа
Сансрын зуурдын зовлон лугаа долоо буй.
Эдгээрт туслах номын үсэг үүнд сүсэглэн үйлдвээс санасан бүгд бүтэх болой. Өвчний зүйл бүгд тасрах болмуй. Урьдын сайн галав лугаа төгсөх болмуй.
Тэр юуны тул хэмээвээс гал морин жилд огторгуйн агаараас нэгэн тэврийн төдий чулуу нэгэн их нуурын захад буун тусав. Огторгуйн чулуу тэр хагарсны дотроос энэ номын үсэг гарсан мөн. Нэгэн нэгнээс үл далдлан үл нуун үзүүлэх маш их хэрэгтэй болой. Энэ нэгэн хоёрын тусад бус хамаг амьтны тусад тархсан тул орчлонгийн хамаг зовлон барагдтугай. Жич бас таван зууны эцэс цагт бурхны шашин дорогш(доройтон) түйдэх цаг
Аяга тахамлигууд шагшаабад доройтох цаг
Муу санаа сэтгэлдээ дурдах цаг
Муу хилэнцэт идээг эдлэх цаг
Арван хар нүглээр явах цаг
Тарничин бээр муу тарнийг унших цаг
Таван хорыг дотроо оруулах цаг
Муу цагийн буруу хэл ам эдлэх цаг
Ном номлогч доороос дорогш одох цаг
Хятруу ууланд төрөх цаг
Мод, төмөр саванд уух цаг
Төрөлхтөн муу үйл үйлдэх цаг
Муу үйл гэм уршиг тэд бүгд хийгээд
Аймшигт муу цаг магад ирэхүй
Муу цаг нөхцлийг хариулагч номын үсэг үүнийг
Үзсэн төдийгээр бичин уншиж үйлдвээс
Муу цаг харих нь сэжиг үгүй
Аяа, үнэн хийгээд үнэн бусыг үзэх болхуул
Үнэн өгүүлснийг мэдэж өгүүлэн үйлд
Үнэн бус хэмээсэн хүмүүнүүдэд
Үсний үзүүрээс дорогш хөлийн улаас дээшид
Аман тэмдэгт өвчнөөр (өвдөж зовюу) хүртмүй.
Ялж төгс нөгчсөн бээр ийм хэмээн зарлиг болсонд Аряабал хийгээд Майдар ба Ананд, тэнгэр хүмүүн, асури, гандари лугаа сэлт ертөнц дахин даган баясалцаж Ялж төгс нөгчсөний номлосныг илт магтав.
Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр лагшин ба найргаар сайтар чимсэн баруун мутраар газар дэлдээд хар шимнусын аймаг нөхөр лүгээ сэлтсийг даран үйлдэв. Би бээр арилсан ба сэтгэлдээ цаглаш үгүй амгаланг олж шагшаабад хийгээд самади ба билиг, тийн гэтлэх сэтгэш үгүйг олсон хийгээд өвчин ба шимнус бүгдийг машид амарлиулж номхотгон үйлдэгч билгийн чанад хязгаарт хүрсэн үүнд суралцан үйлдэх болой.
Тэндээс Ялж төгс нөгчсөн бурхан алин бээр самадид оршиж зарлигийн дэвтэр буюу судрын аймаг хураасан ном үсэг үүнийг номлосонд бас Ананд бээр Ялж төгс нөгчсөнд өчив. Ялж төгс нөгчсөн чи бээр ном номлосон үүний утга орчлонгийн муу нөхцөл зэтгэр гайг хариулму. Шороон эр бичин жилд хижиг өвчин ирэхүй. Түүнд туслах гүн засал маш их хэрэгтэй болой. Амьтад энэ мэтийг үнэн буст санаж ном үсэг үүнд эс сүсэглэсэн ба ном үсэг үүнийг дэлгэрүүлэн эс чадваас хар шимнусын аймаг баясах болюу. Ном үсэг үүнийг бичих унших ба сүсэглэн үйлдвээс машид амгалан ирэхүй. Ном үсэг үүгээр амгалант болоод туслагдах болой. Сайн сайн маш сайн.
Сонсвоос хэзээд үзүүлсүгэй
Хамаг сайн буянт болохүй
Эрдэм буян хэзээ бүхэнд дэлгэрэхүй хэмээн
Туулсан бурхан бүгд номлов
Нанди, Увананди мөнхүү чи бээр
Амьтныг туслагч богдсын ном үүнд хичээх ба
Ирээдүй цагийн эцэст
Үүний эрдэм цаглаш үгүй
Үүнд сүсэглэн үйлдсэн хэн бээр
Түүний хүссэн бүгд бүтэх болохүй
Муу нөхцөл гай зэтгэр няцах болохүй
Бурхан шашинд сүсэгтэй хүмүүн бээр
Хүжис ба цэцгээр тахин үйлдэгтүн.
Тэндээс итгэл Майдар бээр огторгуйн агаараас айлдаж хүмүүнүүдийн нүднээс цусан нулимс гарсныг үзэж Ялж төгс нөгчсөний өмнө одож өчрүүн:
Ялж төгс нөгчсөн өө, ирээдүй хүртэл өчүүхэн үгт хураангүй утгат адистид маш ихт нэгэн номыг өршөөн соёрх хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Майдар чи сайн болой. Чи бээр миний зарлигийг сонс. Эсрүн ба хурмаст тэргүүтэн хамаг амьтны тусад зохиосон мөн болой.
Төрөлхтөн бүгдэд туслахын тул
Миний үг хийгээд утга адил номлосон
Үүнд биширч хичээн бүтээхийг үйлд
Буян хотол төгсөх мөн.
Тэндээс гал эр морин жилийн намрын эхэн сар ба шороон эр бичин жилд ном үсэг үүнд сүсэг үгүй хилэнцтэн бүгд үхэх болюу. Номын үсэг үүнийг бичсэн уншсан хүмүүнүүд урт наслах хийгээд өвчин үгүй ба их буянт болох болой.
Муу цагт хорлон үйлдэгчид бүгдээр айл хотыг хэсэж ирэх мөн. Хүмүүнд үзэгдэл үгүй хаана буйн газар одоод далдлах тэр цагт ном үсэг үүний адистидээр хорлон үйлдэгч ад зэтгэр бүгд үлдэгтэн (хөөгтүн) дутаах болмуй.
Ном үсэг үүнийг хан орон бүхэнд дэлгэрүүлэх их хэрэгтэй болой. Үнэн бус хэмээн санаж дамжиглан (эргэлзэн сэжиглэж) үйлдвээс бурхан би нь ухаан хийгээд хөл төгөлдөр, сайвар ажирсан, ертөнцийг айлдагч, төрөлхтнийг номхотгон жолоодогч, дээр үгүй тэнгэр хийгээд хүмүүн бүгдийн багш Ялж төгс нөгчсөн бурхан миний ном үүнд сүсэг үгүй бөгөөс гал эр морин жилд олонтоо газар хөдлөх болохүй. Тэр үест муу цаг илэрч гал эм хонин жилд хүмүүний заримууд нь боож үхэх, заримууд нь замд үхэх, заримууд нь газар хэмхэрч үхэхүй.
Шороон эр бичин жилд хэл амны аюул болох зуны үед зудын өвчнөөр үхэх тэр цагт адын зүйл хан орныг хүрээлэхүй. Номын үсэг үүнийг бичин уншиж үйлдвээс ад тотгоруудад чадагдах үгүй болой.
Шороон эм тахиа жилд хүмүүн бүгдээр санваар сахих маш их хэрэгтэй. Амьтны мах цус бүү ид. Бусдад хорлол бүү үйлд.
Төмөр эр нохой жилд барс ирвэс, хар шар өтөг, цөөвөр чоно тэргүүтэн араатан хан орон ба айл хот бүхэнд дүүрч ирэх тэр цагт хүмүүнүүд бээр зайлахын арга нь ном үүнийг бичин уншин үйлдэх маш их хэрэгтэй болой. Төмөр эм гахай жилд төрөлхтөн хамаг амьтан ч дан цаасыг хийгээр автсан мэт (цаас салхинд хийсэх мэт) суух өөрийн эрх үгүй болох, их далай долгиссон (их далайн давалгаанд автах мэт) лугаа адил болой. Тэр цагт номын үсэг үүнд эс сүсэглэсэн хүмүүнүүд үхэхүй.
Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр Аряабалд зарлиг болруун: Хулгана жилийн дотор огторгуйн агаараас нэгэн яруу номын дуу гарахүй. Наран сарны гэрэл мэт бурхны адистидийн хүчээр гадагш дөрвөн зүг найман хязгаар бүхэнд тов тодорхой үсэг үүнийг бичиж уншваас Майдарын эс өөд болоо инару (хэзээ залрах хүртэл) туслах үсэг энэ мөн болой. Үүнийг бичин уншин үйлдвээс уул мэт буяныг олохуй.
Ботала уулын орд харшид
Бурхны зарлигийн хувилгаан сууж
Бодьсадва нарын нөхдөөр хүрээлүүлээд
Дээд доорд арван зүгийн
Хамаг амьтныг хоцроол үгүй амгаланд зохиов. Бас Аряабал бээр хамаг хүмүүнүүд хөөрхий хэмээн таалж хамаг амьтны тусад номын үсэг үүнийг тархаасан мөн. Үүнийг үнэн бус хэмээж сэжиг үйлдвээс зуны эх ба дунд хоёр сард хижиг өвчний галав дэлгэрч ирэх, манагар (өглөө) өвдвөөс үдэш үхэхүй. Тэр цагт муу цагийн галав дэлгэрч шимт өвс мод ой цэцэрлэг бүгд хэр огтлогдох, хад уул бүгдээрийн ёроол эвдрэх, газар дэлхий бүгд долгисон чичирч байн тэсэх үгүй арван хүмүүний дотроос нэгээс үл үлэхүй (арван хүний нэг нь л үлдэх). Энэ нь худал хэмээн санаваас Ялж төгс нөгчсөний зарлиг мөн. Хамаг амьтан хөөрхий.
Тэндээс гал эм хонин жил ба шороон эр бичин жилд таван зууны муу цаг ургах мөн. Дөрвөн зүг найман зовхисоос хямрал ирэх, хүмүүнүүд хямрал тэмцэл дотроосоо үйлдэх, муу цагуудаас тонилгогч ном үүнийг анхан үзсэн төдийгээр бичин уншин үйлд. Тэр мэт үйлдвээс хямралыг дарах амгалан болгогч ном үсэг үүнийг бичин уншин үйлдвээс буян цаглаш үгүй болох, жийргэмшигт аюул бүхнээс тонилох болтугай. Машид амгаланг олох болтугай. Номын үсэг энэ нь нэг хийгээд хоёрын тусад бус хамаг амьтны тусад айлдсан мөн. Номын үсэг үүнийг хамаг оронд огоот дэлгэрүүлбээс хамаг хүмүүн бүгдэд сайн амгалан жаргалан ирэх, буян хотол төгсөх мөн. Амьтныг зовлон үгүйд зохиомуй.
Тав зургаан сард номын үсэг үүнийг даган дурьдан үйлтгэсэн тул хичээнгүйт эс болбоос өвчин гамшгийн галав ирэх, заримууд нь халуунаар өвдөж үхэх, заримууд нь хүйтнээр өвдөж үхэх, заримууд нь галзуу өвчнөөр үхэх, заримууд нь хоолой хатаж үхэх, заримууд нь зүрх өвдөж үхэх, заримууд нь гэдэсний хатгалгаар үхэх, заримууд нь элэгний өвчнөөр үхэхүй. Ад тэднүүдэд ч эм буй. Түүнийг биед зүүх болбоос язгууртны хөвгүүд ба охидууд хэн зарим нэгэн бээр сахиусны үр үсэг үүнийг биедээ хадгалбаас тэнгэрийн ад ба бүднэрийн ад ба хижиг өвчин тэдгээр бүгдээс тонилох болюу.

Э ма хо, ум пани пани сууха

Эрэгтэйн баруун ба эхнэрийн зүүнд зүүх болой. Тэр мэт үйлдвээс хижиг гамшиг бүгдээс гэтэлж сайн төрлийг олох болмуй. Бичсэн уншсан ба сүсэглэгчид бүгдээр орчлонгийн цусан далайгаас гатлах дамжиг үгүй болой.
Огторгүй газар завсрын хүмүүнүүд хөөрхий.
Хүмүүнүүдийн цаг бусын үхэл өвчин бүгд машид амирлах болюу Урьдын сайн галав лугаа төгсөх болтугай . Цаглаш үгүй буян лугаа төгсөх болюу.
Ном үсэг үүнд урьд сүсэг үгүй амьтан бүгд шинэ сүсэглэхийн цаг үгүй зарим хот айлд ч шимнусын язгуураар дүүрэх болмуй. Тэр цагт хүмүүнүүдийн ухилсан огторгүй газрыг дүүрэх, хүмүүн тоотон бүгд шимнусын идээ эдлэх, үр жимс шим байвч идэх эрх үгүй. Тэндээс их нигүүлсэгч хутагт нүдээр үзэгчийн эрхт Аряабал бээр хүмүүнүүдийн үндэс хөөрхий. Амьтны тусад сахиус үүнийг сайтар номлов. Ялж төгс нөгчсөн чи бээр номын үсэг үүнийг адистидлэн соёрх. Эрхэд хураахын машид оршоолго айлдтугай.
Бас Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Ном үсэг үүнд бишрэл сүсэг ба өргөл хүндлэл үйлдвээс хамаг муу цаг барагдаад хижиг өвчин бүхэнд туслах, цаглаш үгүй буяныг олох, газар дээрх хүмүүн бүгд муу цаг мэсийн хямрал өвчин гамшиг амар үгүй бүгдээс тонилж урьдын сайн галав лугаа учрах болтугай хэмээн ерөөл талбисанчлан буяны тулд ялангуяа морин сар ба туулай сар хоёрт уншваас туслахын эрдэм сэтгэш үгүй буй бөгөөд номын үсэг үүнийг бичсэн уншсан хүмүүнүүдийн насан урт ба өвчин үгүй ба амгалан жаргалан лугаа төгөлдөр болох болмуй.
Нэг гүйцэт бичвээс муу цагийн хорлол үйлдэгч бүгдээр өөрөө амарлимуй.
Урьдын луу жилд нэгэн хэтэрсэн ертөнцийн оронд дэлгэрүүлж эс чадсан үзэгдмүй. Муу цаг ургасны хүч түүнээс болов. Түүний хойно гал эр морин жилд ном үсэг үүнийг тархаасан мөн. Ном үсэг энэ нь муу цаг хариулагч арга мөн. Хамаг оронд тархааж эс чадваас жимснүүд нь ган, хяруу, мөндөр гурваар автаж гэмтэх ба жийргэмшигт зудын аюул ирэх, үл танигдах өвчин хижиг гамшиг ирж амар үгүй зовлон болох. Үүнийг бичин уншин үйлдвээс хамаг зовлонгоос тонилох сэжиг үгүй болой. Ялгуусан итгэл Майдар бурхны ертөнцийн оронд эс өөд болох хүртэл амьтны итгэл аврал болох ном энэ мөн болой. Үүнд сүжиглэх хийгээд бишрэн биширч үйлдвээс хилэнц түйтгэр лугаа авьяас үйлдсэн бүгд ариусан арилах болтугай. Жилийн үр сайтар болтугай. Буян хотол чуулах болтугай. Чандмана мэт хүссэн хэрэг бүхэн гарах болтугай. Үүний оршсон хамаг улсад өлзий болтугай. Газар зүг бүхнээ адистид тогтох болтугай. Улс орон бүхэнд өвчин зовлон зуд турхан мэсээр хямарсан нь чухал амарлиад тариа төмсний хур бууж юу санасан нь аяндаа бүтэх болтугай. Хан орны хязгаар бүхэнд цог учрал арвижин дэлгэрэх болтугай. Номын хүрдийг эргүүлж насад батжих болтугай .
Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр ийн хэмээн зарлиг болоод Арьяабал хийгээд Майдар ба Ананд хийгээд тэнгэр ба хүмүүн хийгээд асур хийгээд гандари сэлт ертөнц дахин даган баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номолсонд илт магтав.
Ирээдүйд эш үзүүлсэн тодруулагч зул хэмээгдэх их хөлгөн бүтэх болтугай.
Үүнийг засч шинэчлэх хийгээд өөрөө зохиож үл болмуй. Хоёр сэтгэх хийгээд сэжиг бүү үйлдэгтүн. Огторгуй сацуу амьтанд огоот түгэх болтугай .

Өлзий болтугай.