Богд гэгээний лүндэн

Ирээдүйн сайн мууг, айлдаж түүнээс сэрэмжлэн явахыг өгүүлсэн Богд гэгээний лүндэн сургаал оршвой

Наймдугаар Богд Жавзандамба хутагтаас

Ар Халхын ирээдүйн сайн мууг айлдаж,

түүнээс сэрэмжлэн явахыг сурган өгүүлсэн нь

1917 оны Төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын 27

Сугайбодийн орноос бууж ирсэн, баруун газрын Далай ламаас зарлигтай, Банчин богдын сунтагтай, 75 Махгалын дүртэй, 1000 мэлмийтэй, түмэн сонортой хонисонбодьсадын Очирдарь ламын гэгээн гэж ар халх, 4 аймаг, шавь долоон хошуу, өвөр 49 хошуунд залагдан ирсэн билээ. Богд эзэн хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ. Шажныг дэлгэрүүлэгч, амьтныг жаргуулагч, шажны алтан тамгыг түшиж, эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуй дүрээр суудаг билээ. Би 3000 ертөнцийг өдөр, шөнийн хамт товчлон 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангараг, галын манаас, үүдний шорооны хог чинь хальж орж болохгүй байна.

Ар халхын та нар минь 16 жарны өвлийн сүүл сарын 29-нд Дэчин галавын Очир дарь эх лаврин хийд орон болгоныг өгч та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын татсан тамхины утаа чинь огторгуйн нар сарны гэрлийг бүрхэх цаг болж байна шүү! Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагийн цагаан тамхины үр дэлгэрч байна. Тэр цагт эхлээд алт мөнгөө өгч татна, түүний дараа арван цагаан буянаа өгч татна, түүний сүүлд үр хүүхдээ өгч татна, түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна, тэгээд хойд төрөлдөө 70000 галав нөхцтөл очир тамын зовлонг эдлэнэ биш үү. Та нарын хийсэн хилэнц нүгэл чинь миний баруун, зүүн алганд Эрлэг номуун хааны толь мэт байдаг биш үү. Барс, туулай жилийг үзвээс 60 жилийн жаргал ирнэ. Гэвч та нарын үйлдсэн 10 хар нүгэл, хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт ханиадны эзэн болж байна шүү. Тэр чинь хор болдог байна. Элдвийг амирлуулахын тухайд өрх дараалан СУНДУЙ, ЖАДАМБА, ЛҮНБҮМГАРАВ, ТАРВАЧИНБУ, ДОРЖЖОДОВ бага сага айл болвоос АЛТАНГЭРЭЛ, ДАШЗЭВЭГ, НАЙМАН ГЭГЭЭН, ДОРЖЖОДОВ, НАМСРАЙН ДАЛЛАГА хуврагууд ГУРВАН ГҮРЭМ, ДЭВЖИД СЭРЖИМ, ЖАМБАЛЦАНЖИД, ЖАМСРАНГИЙН ГАНС, ШАВАГ, НАЙДАН шар хар олон даяар МААНЬ, МЭГЗИМ, ДАРЬ ЭХ, ЖИНЛАВЦОГЗОЛ, БАЗАРСАД түм бумаар нь уншаа! Ар халх та нар минь ээ!

Гурван настай балчир хүүхдээс дээш хүн ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи, даалуу арван хар нүгэлт явдлыг ер сайн мэдэх байтлаа эрдэм номыг юунд эс үзнэм бэ? Маань мэгзэмийг юунд эс уншнам бэ? Хойд төрөлд бурхны оронд яаж очих вэ? Ар халхын та нарт минь V, VII, VIII Богд гэгээн олон удаа сургаалыг тархаасан билээ. Та нар сонсовч сонсоогүй юм шиг, харавч хараагүй юм шиг тоомсоргүй өнгөрүүлдэг биш үү. Ар халхын та нар минь алт мөнгийг зүүж эдэлбээс таван цэнгээс илүүг бүү эдэл. Миний үгнээс зөрж эдэлбэл элдэв муу хортон дайсны гарт түргэн орж зовно биш үү. Ар халхын та нар минь Манж, Хятадыг ирхэд ширээ талбиж ширдэг дэвсэж хүндэлдэг. Миний шавь хуврагуудыг ирэхэд ойшоохгүй доромжлон басамжлан суулгадаг чинь бурхан шажиндаа буруу харж, харь хэл буруутны гарт түргэн орж зовно шүү. Хойд төрөлдөө 3000 галав хүртэл Очир тамын зовлонг эдлэхийн тохиол! Гэлэн, гэцүл, тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд, чавираа хийсгээд улаан, шар халзан мориудыг унаж, баг идээнд баригдаж авгай хүүхдийн тоглоом болж явдаг чинь миний нүдэнд шарын шажныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх лугаа адил болж байна. Энэ цөвүүн цагт авгай хүн нарын дэргэр үс, сэргэр мөртэй хүний дээл чинь миний нүдэнд шувууны толгойтой эрлэгийн элч адил болж үзэгдэж байна. Далай ламаас заалгасан зарлигтай, Банчин богдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын оройнд дунд адис болгон тавья. Энэ цөвүүн цагийн авгай хүн нарын үс залгаа зүүдэс чинь биеэ бүсэлсэн хар эрээн могой болж үзэгдэж байна. Хойд насанд чинь тамын чагтага, хоолойд чинь тушаа болж Очир тамын уяанд орооцолдож байна. Аав ээжийн хайрласан хонгор халиун үсийг байхад юун элдэв этгээдийн бус муу юмнуудыг зүүж эдлэнэ вэ? Энэ цөвүүн цагийн битүү саравчтай бөмбөгөр оройтой малгай өмсөж эдэлбээс цэргийн хувцас, сумны толбо мэт шинжтэй байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цустахын тохиол, улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын тохиол, улаан эмжээртэй, улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын тохиол, дөрөөвчилсөн гөлөм тохвол сувраганы толгой доош харуулсан мэт болж бурхан шажинтай буруудахын тохиол. Харчуул авгай бүсгүй нар улаан шарыг эдэлж доромжилбол бурхан шажинд халдахын тохиол. Ар халх та нар минь мянган хонио худалдаж, мянган лан мөнгөө авдарлаж буян үйлдэхгүй, бусдыг буян хийхэд даган баясахгүй, юунд хоосон хүнд өглөг өгөхгүй байна вэ?

Эцэс хойд төрөлдөө эрлэг тамын газар очихдоо мянган хонио туугаад, мянган лан мөнгөө авдарлаад очихгүй хөгшин залуу гэхгүй үхэхийн цаг чөлөөгүй ирдэг биш үү. Ар халх та нар минь ээ! Түймрийн гал мэт, ширүүн салхи, үхэл ирэхийн цагт алтан сайхан амь биеэ засварлаж байхын тухайд буяныг үйлдэж бусдыг тэвчиж явахдаа аюулт дайсан довтлон ирэхийг зогсоож байхын тулд өдөр шөнийн гурван морийг зогсоодог байна шүү. Ар халх та нар минь баян гэж бүү бард, бага гэж бүү гомд. Баян чинь ганц довон дээр, багахан чинь ганц усанд, бардам омог чинь ганц бууны суманд. Ар халх та нар минь ээ! Энэ цөвүүн цагт миний энэ сургаал номонд эс орж явбаас тэнгэрийн дууны аюул, гал усны аюул нэртэй, нэргүй зовлонд учирна биш үү. Миний энэ сургаалыг гэрийн дотор нэг дуудваас гэрийн барцад магад арилна. Хоёр дуудваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гучин гурван төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө шүү. Миний энэ сургаалийг дагаж явсан лам хуврага хүнийг багш мэт саная, ГАНДАНТЭГЧЭНЛИНГИЙН оронд гэлэн, гэцүл болгон төрүүлье. Миний энэ сургаалыг тахигч харчууд ба ах дүү авгай та бүгдийг эцэг эх мэт саная, СУГАЙБОДЫН оронд далан долоон төрөлдөө дэргэдийн сайн шавь хүн болгон төрүүлье. Ар халх та нар минь энэ сургаал номонд орж явбаас элдэв муу хортон дайсантай учрахгүй аюул болгоноос гэтлэн гарах болно. Энэ цөвүүн цагт лам багшийг сайн шүтэж явбаас бурхны оронд очиход холгүй биш үү. Энэ сургаалыг тахиж сайн хүнээр дуудуулж сонсвоос арван тавны сар, нарны гэрэл мэт оюун цэцэн, мэргэн ухаантай болж ГАНЖУУР ДАНЖУУРЫГ орчуулгаар нь уншуулж сонсонтой адил дамжиггүй. Мунхаг хүн сонсвоос харанхуй шөнө үнсэнд үс асгасантай адил. Аав ээжийгээ өргөн хүндэлж явбаас энэ нас болон хойт төрөлдөө амны хишиг, буян заяа чинь дэлгэрч явна. Эв тангараг, хэрүүл тэмцэл, хэл амыг чанад хичээж тэвчиж явагтун. Миний энэ сургаалийг гэрийн дотор тахивал гурван жилийн гай барцад магад арилна. Дамжиггүй энэ сургаалыг сайн дуудуулж бодож санаж явагтун. Миний буулгасан судар номыг олон даяар айл алгасалгүй албачлан уншуулж явбаас аливаа муу хортон дайсантай учрахгүй сайн явах болно. Жаран жилийн жаргал ирж, арван хуруу тэгш жаргана. Миний энэ сургаалыг дагаж явсан шавь та нар надтай дахин дахин учирч төрнө. Миний энэ сургаалд орохгүй болбоос миний хойноос агт морио сульдааж атан тэмээг чилээн амь биеэ зүдрээн ирсэний хэрэггүй. Би 120 наслах түүхтэй тул Ар халх олон шавь та бүгдийг өдөр шөнийн хамт зургаа эргэдэг. Өглөө эрт бос, үдэш орой унт.
Буяныг үйлд, нүглийг тэвч! Ерөөл хүчтэй тавигтун!