Доржшүгдэн

Их хаан очрын хүчит Дорж шүгдэнгийн балин өргөл оршвой

Дөрөвдүгээр Богд Халх Жэвзүндамба хутагт буюу Аврал Итгэл Очир Дарь Лувсан Түвдэн Ваанчүг Жигмэд Жамц (1775-1813) бээр айлдсан “Их хаан очрын хүчит Дорж шүгдэнгийн балин өргөл оршвой” хэмээх энэхүү гайхамшигт зохиолыг чин зүрхтэн бүгдийн оюун билгийн сонор дор өргөн барьж байна.
Ум! Цог төгөлдөр Шамбалын орны эрхэм дээд тэнгэр
Уудам гурван орчлон дор эрхшээн алжаасыг тайлагч улаан жадат
Ухаант олон мэргэдийн Оюуныг тодорхойлогч хүрээний номын сахиулсны чуулган
Уухай! Дорж Шүгдэн мину нөхөд сэлтээр эдүгээ янагш морилогтун!
Баясгаланг төрүүлэн үйлдэгч зохистой тангаргын эд бодас хийгээд
Бахдам ялангуйт сайн орд харш цагаан улаан балин тахилын чуулган
Барагдаш үгүй мах ясан идээний сүмбэр уул хийгээд сүн далай адилын
Бадрангуй хүслийн эрдэм бүгдийг номын сахиулсад дор өргөмүй!
Таалан баясан болгоож суралцах сонсох санах бясалгахуй хийгээд
Тансаг номлол бүтээлийн тийн ариун үйлсийг арвитгахуй болоод
Тэдгээрийн нийцтэй шалтгааныг арвидуулж харшлахуйн шалтгааныг арилгагтун!
Билиг билгүүний гүн дэлгэрэнгүй бодь мөрийн нөхөр болон зохиогтун!
Бидний гурван суртгаал төгөлдөр ал шар дуваазыг барьсан
Бурсан их чуулганаар энэхүү орноо огоот дүүргэх бөгөөд
Булт цаг бүхнээ номлол бүтээл үйлдсэнээр орчлонгийн хязгаар хүртэл
Бууршгүй Чадагчийн шашин арван зүгтээ дэлгэрэхүйн өлзий хутаг орших болтугай!
хэмээх үүнийг Аврал Итгэл Очир Дарь Лувсан Түвдэн Ваанчүг Жигмэд Жамц Бал Самбуу (Сайн Оюут Чадагчийн Шашинт Аюумшиг үгүй Далай Сайн Цогт) бээр энэхүү дацанг (Оюуныг тодорхойлогч хүрээ – Лосаллин дацан буюу Гунгаа Чойлин дацан) байгуулах үед айлдсан агаад үүн дор нэгэн шад тасран одсон байсан дор хойно Улаагчин тахиа жил дацангийн уншлагыг шинээр эмхэтгэх үед номлол бүтээлийн тийн ариун үйлсийг арвитгагч тэнцэш үгүй зарлигийн ач туст Ёнзин Ноён Хан Манзуширийн алдарт бээр нэмж соёрхсон болой.
Энэхүү зохиол анх мөхөс би бээр Лхалүн Балдоржын Арван наймдугаар дүр буюу Аврал Богд Дагом Дорж Чангийн Арван хоёрдугаар хувилгаан Жэвзүн Лувсан Чэнрав Дамбий Ванчүг Бал Самбуу-ын айлдсан “Зөөлөн итгэлт яруу үндэсний шашны их сахиус хүчит Дорж шүгдэнгийн цадиг түүх нирвааныг хүсэгч шинжлэл төгөлдөр лянхуан цэцэрлэг дэлгэрэхүйн залуу наран буюу очир алмааз эрдэнэ“ хэмээх шастирыг 2003 онд Өвгөн Богд Монгол хувилгаан Гүрү Дэва ринбүүчи багшийн зарлигаар дуун хөрвүүлэх үед түүний дотор эш татсан үүнийг орчуулсан агаад энэ удаа Их Хүрээний Мэргэдийн Эрх Баялаг Зава Дамдин Лувсан Даяан ламын эмхэтгэн соёрхсон бэүм буюу увдисын эмхтгэл хоёр боть эх сударт буй “Их хаан Дорж шүгдэнгийн балин өргөл аврал итгэл Очир дарь Лувсан Түвдэн Ваанчүг Жигмэд Жамц Бал Самбуугын зохиол” хийгээд ялангуяа Дөрөвдүгээр Богд Халх Жэвзүндамбын сүнбүм буюу буман зарлиг зохиолын ботид буй “Лхам хийгээд Дорж Шүгдэнгийн балин өргөл” хэмээх хоёрыг ахин дахин тулган нягталж Төмөр Хулгана жилийн өвлийн сүүл сарын битүүнд дахин дуун хөрвүүлэв.
Энэхүү буянаар буруу үзлийн харанхуй бүхэн амирлан гийж, хотол олноор эрдэм үйлсийн цог жавхлангаар амар амгалан орших болтугай!
Зава Дамдин ринбүүчи
2021.01.13.