Юмыг тэврэн сууж буй Будда

Кунтузанпогийн ерөөл буюу Сүр хүчит ерөөл залбирал

Нарны бүтэн хиртэлттэй өдөр Кунтузанпогийн ерөөлийг унших нь цаглашгүй их адистид, хязгааргүй их буяныг нэг насандаа хураах үрийг суулгана.
Кунтузанпогийн ерөөлд
“Сар нарны хиртэлтийн үеэр
Газар хөдөлж, дэлхий доргих үеэр
Өвөл зуны туйл, жилийн шинээр
Та Кунтузанпог сэтгэлдээ ургуулах хэрэгтэй”
Кунтузанпогийн залбирал (Түвдээр. ཀུན་བཟང་སྨོན་ལམ་, Kunzang Mönlam; Wyl. kun bzang smon lam) бол Гомбо Зандалын хосгүй дээд Цогчиний ерөөл залбирал юм. Залбирлыг ялангуяа нар сарны хиртэлт, газар хөдлөлт, өвөл зуны туйлуудаар уншихад адистид ерөөл хүчтэй байдаг.
Кунту Занпогийн ерөөл уншлага
Сүр хүчит ерөөл залбирал.
Хо! Сансар нирвааны үзэгдэл бүхэн
Ухамрсарлахуй, үл ухамсарлахуйн илбэ шидээр
Нэг үндэс, хоёр мөр, хоёр боловсролтой болой
Самандабадрын ерөөл залбирлын хүчээр
Магад амьтан бүхэн төгс гэгээрлийг олох болтугай
Дармадатугийн уудам ордон, чинагуух саруул агаарт
Бүхний үндэс өөрийн мөн чанараас бүтээгүй юм.
Аяндаа ургах, өргөн уудам, төсөөлөхөд ч бэрх
Сансар, нирваан гэх нэрсээс ч чинад
Үүнийг л анзаарч ухаарвал, сэрж гэгээрэхүй тэр мэт болой
Гэвч мунхаг амьтад сансарт тэнүүчилнэ
Гурван орны хамаг амьтад
Өгүүлшгүй ариун, язгуур мөн чанараа ухаарах болтугай
Самандабадра миний бие язгуур мөн чанараа танина
Шалтгаан хийгээд үрээс ангид
Өөрийн язгуур үндсэндээ өөрийгөө ургуулагч
Таамаглах хийгээд үгүйсгэхээс ангид
Үзлийн хирэнд үл буртаглагдан
Мунхгийн харанхуйд үл төөрөлдөн
Язгуур үнэн мөн чанартаа налайх үест
Аяндаа ургах үзэгдэлд алдаа мадаг гэж үгүй
Гурван ертөнц нурж, галав юүлж байсан ч
Айх айдас, хорогдох шунал үгүй
Таван мэдрэхүйн таашаалд үл сохорно
Аяндаа ургах билэг билгүүн
Үзлээс ангид
Таван хор, хатуу тогтсон дүрснээс ч
Ангид болой.
Үл хиртсэн тунгалаг сэтгэл
Таван билэг билгүүний мөн чанар болой
Таван билгүүн боловсорч гүйцэхийн цагт
Таван язгуурын бурхад сэтгэлд ургана
Үргэлжид дэлгэрэхийн билэг билгүүнээр
Дөчин хоёр амирлангуй бурхан тодорно
Таван билэг билгүүн улам бадрахын цагтаа
Жаран цус уугч Хэрүка үзэгдэнэ.
Язгуур мөн чанарт мунхгийн хир халдаагүй юм
Анхдагч язгуурын бурхан миний бие
Ерөөл залбирлаа өргөхөд
Гурван орны хамаг амьтад
Аяндаа ургах ухамсарлахуйн гэрлийг таньж авах болтугай
Ингэвэл өгүүлшгүй билгүүн гүйцэх нь тэр болой.
Миний хувилгаан дүр тасралтгүй төрсөөр
Түм бум, хязгааргүй олон дүрүүд
Амьтанд юу хэрэгтэй байна
Алив тэр юугаар нь
Амьтны тусыг бүтээнэ
Миний энэ нигүүлсэнгүй ерөөлөөр
Сансрын гурван орны амьтан бүхэн
Зургаан зүйлийн амьтны
Энэлэн бүхнээсээ ангижрах болтугай
Тэргүүлшгүй цагаас эхлэн, ухамсарлах
Сэрэхүй үл арилсан боловч
Мунхарсан хөөрхий амьтад
Төөрч будилан, үл ухамсарлана
Үл ухамсарлахуй л, мунхрахуйн үндэс
Энэлж төөрсөн хөөрхий амьтад
Гэнэт цочих сандрахуйн үүднээс
Санаа зовохуй, сэтгэл түгшихүй ургана
Чингэвээс би болон бусад гэх
Дайсагнал хорсол үүдэх болой
Балчигт авъяас тодрохуй тутамд
Сансарт үйлийн үр аяндаа боловсорно
Ухамсарлахуй, сэрэхүй үгүй болбоос
Сэтгэлийн гаслан, таван хор боловсорсоор
Таван хорын үр тасралтгүй үргэлжлэх болой
Самандабадра миний ерөөл залбирлын хүчээр
Хамаг амьтан ухамсар сэрэхүйг таньж мэдэх болтугай
Сатаарал, алгасралд алдуурсан
Үл ухамсарлах сэтгэл нь
Би бусад гэх
Хоёрч үзлийг төрүүлнэ
Алгасарч, сэрээгүй сэтгэл
Амьтны мунхарлын үндэс суурь юм
Одоо уншиж буй ерөөл залбирлын хүчээр минь
Сансарт тарчлах хамаг амьтдын
Гуниг зовлон, мунхгийн харанхуй арилах болтугай
Хоёрт барих үзэл ариусах болтугай
Язгуур мөн чанараа таних болтугай
Хоёрт барих үзэл эргэлзээ төрүүлнэ
Хоол хүнс, эд хөрөнгө, хувцас өмсгөл
Гэр орон, анд нөхөд
Таван мэдрэхүйн таашаалд атгаглах
Үл мэдэг шунаг сэтгэл ургана
Зуршилт үйлдлүүд яваандаа хүч орох бөгөөд
Алив дурыг булаагч, хүсэхүйн гачланг авчрана
Энэ бол орчлонгийн хуурмаг
Хоёрч үзэлд барин шунаглах нь эцэс төгсгөлгүй
Шунан тачаахуйн үр боловсроход
Тачаангуйн зовлонг эдлэх
Бирдийн төрөлд төрнө.
Өлсөх цангахуйн зовлон юутай гачлантай!
Алив миний өргөх ерөөл буяны хүчээр
Тачаангуйн мунхагт өртсөн, амьтан бүхэн
Хүсэхүйн гачланг хүчээр дарахгүй
Хүсэл тачаалынхаа араас хөөцөлдөхгүй
Өөрийн сэтгэлээ байгаагаар нь амирлуулж
Язгуурын мөн чанарыг таних болтугай
Тус тусад онох билэг билгүүнийг онох болтугай
Гадны дүрс үзэгдэх ахуйд
Нарийн зовинол, айдас үүсэхүй
Дүргүйцэл зэвүүцэл
Зуршил авъяасын хүч ихэссээр
Дайсагнал тэмцэл, гэмтэл бэртэл, алах талахын үүд нээгдэнэ
Харгис түрэмгийн үр боловсрохуйд
Тамын тогоонд түлэгдэн буцлахын зовлон юутай аюумшигтай!
Самандабадра миний залбирлын хүчээр
Зургаан зүйлийн амьтан бүхэн
Сэтгэлд уур түрэмгий ургах бүрт
Автах ч хэрэггүй, үгүйсгэх ч хэрэггүй
Өөрийн язгуур мөн чанарыг онож
Тайван амирлагтун
Толь мэт тунгалаг билэг билгүүнийг олж авагтун
Сэтгэлд ихэмсэг бардам омог ургахад
Өрсөлдөөн жигшлийн бодол төрнө
Өр зүрхэнд хүчтэй омог ургахад
Хэрүүл тэмцэл, үл зохилдохуйн зовлон гарна
Бардмын үр боловсорч гүйцсэнээр
Тэнгэр төрлийг олж, үхэх хийгээд доош унахын зовлонг эдэлнэ
Самандабадра миний залбирлын хүчээр
Ихэмсэг омог төрсөн амьтан бүхэн
Сэтгэлээ энэ мэт амраан
Өөрийн сэтгэлийн язгуур мөн чанарыг ухааран
Тэгш чанарыг таних болтугай
Хоёрч үзлийн балчигт авъяас тодрон тодорсоор
Өөрийгөө магтах, бусдын муушаахын зовлонг авчрана
Өрсөлдөөн, тэмцэл, хэрүүл маргаан дэвэрч
Асурид төрөх, алалдаан тэмцлийн үр ургана
Алах, хөнөөснийхөө үр дүнд тамд тарчилна
Одоо миний өргөх залбирал ерөөл юугаар
Орондоо орох зайгүй хөлөө жийлцэж тэмцэлдэхүй
Сэтгэлд ургах болбол
Бодлоо дайсанд барилгүй, сэтгэлээ амирлуулан
Өөрийнх нь язгуур мөн чанарт налайхтун
Саад тотгоргүй үйлийн билэг билгүүнийг оногтун
Ухамсар хайхрамжгүй алгасрал
Нойрмоглох, уйдах, мартагнахад эзлэгдэж
Мэдрэлгүй, залхуу мунхаг байвал
Чадал хүчин үгүй амьтны төрлийг олно
Самандабадра миний залбирлын хүчээр
Илт онохуйн тунгалаг гэрэл ургаж
Мунхаг уйтгарт автаж яваа амьтад
Бодол үгүйн билэг билгүүнийг онох болтугай
Гурван орны амьтан бүхэн
Язгуур мөн чанараараа надтай ижил боловч
Тэдний сэтгэлийн суурь нь ухамсарлахуй үгүй мунхаг юм
Тэд утга учиргүйн араас хөөсөн учраас
Зургаан үйлийн үр зүүд зэрэглээ лүгээ будлиулна
Гэсэн ч анхдагч язгуурын бурхан миний бие
Зургаан зүйл амьтдыг хувилгаан дүрээрээ замчилна
Самандабадрын энэхүү залбирал ерөөлөөр
Хамаг амьтныг нэгийг ч хоцроолгүйгээр
Дармадату, чинагуух үнэний агаарт
Төгс гэгээрүүлэх болтугай
А Хо
Үүнээс хойш цэвэр ариун, төөрөгдөлгүй сэтгэлт
Сүр хүчит егүзэрва
Итгэл сүсгийг бадруулан уншвал
Амьтан юу сонссон бүхэн
Гурван төрөлдөө гэгээрэх болхо
Раху нар сарыг залгих үед
Газар дэлхий долгилж хөдлөх болгонд
Жилийн туйл, шинэ онтой ойр
Өөрийгөө Самандабадра болгон үүтгээд
Ерөөл залбирлыг чангаар унш
Тэгвэл амьтан бүхэн сонсоно
Тэгвэл гурван орны амьтан бүхэн
Егүзэрва таны ерөөлийн хүчээр
Аажим аажмаар зовлонгоос ангижирч
Эцэс сүүлдээ бурхан болох болой
Самандабадрын бүхнийг нэвтлэгч билэг билгүүнийг төгсгөн гүйцээхүйн тантра номны 19-р бүлгээс оруулав.
Адам Перси 2019 онд орчуулав.
~GBoW Admins
Эх сурвалж: Great Beings of the World
Өөр орчуулга: https://www.buddhism.mn/info/5/593