Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Лигийн Цагаан гол, Цагаан хайрхан, Тариат хайрхны сан

Лиг хийгээд Цагаан гол Дэлгэр баян цагаан уул тэргүүтний ариусгал тахил өргөх ёсон оршвой.
Лиг хийгээд Цагаан гол ба Дэлгэр баян цагаан уул тэргүүтний сан тахил өргөх ёсон энэ мэт хэрэгтэй хэмээн Шинхандэва гэлэн Лувсанчойнпил бээр дурдсаны урмаст төмөр бичин жилийн долоон сарын 2-ны сайн өдөрт Данма ламцо /Холбоолж/ Ламын гэгээний дөрөвдүгээр дүрийн хувилгаан Лувсанбалданданбацүлтим /1847-1861/ сайн цогт бээр найруулжээ. Энэхүү сударт бичигдсэн Их Баян уул бол одоогийн Баянлиг сумын төвөөс баруун урагш 45-50 км зайтай, далайн түвшнээс дээш 2088 м өндөрт, 44016’20” Х.Ө. 100029’00” З.У солбицолд байдаг тахилга шүтлэгт ариун дагшин газрууд болно. Тус сударт Их Богд хайрхан, Лиг болон Цагаан гол, Дэлгэрбаян уулын орны эзэд, булаг худаг, горхи ус, ой шугуй бүхэнд оршигч лус савдаг, лам ядам хийгээд Газрын охин тэнгэр, Цэрин чина сэлт сахиусанг урин залж, тахил зоог, эрдэнэ ба адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ тэргүүтэн мал сүрэг, араатан, гөрөөс, хуяг, мэс зэрэг жансигийг эдлэл, ариусгал эд, тараг, айраг, сүү зэрэг идээний дээжсээр таалал сэтгэлийг нь ханган тахилга үйлджээ. Ингэснээр орон зүг үүнээ зуд турхан эс болж, хур ус цагтаа бууж, хамаг тариан шим боловсорч, хүн мал өвчин үгүй амгалан байхыг даатгасан байна. Энэ нутаг бол Ламын гэгээний хийдийн найман дацангийн тариа тарьдаг гол тариалангийн нутаг байжээ. Иймээс буян хишгийн даллагын хэсэгтээ Энэтхэг, Түвд, Хятад, Орос, Монгол нутгийн арвай буудайн их хишгийг эдүгээ энэ орноо ирэгтүн хэмээн хурайлан далласан байна.
Судрын орчуулга
Ум сувасди
Аврал одуулан сэтгэл үүсгэж, цаглашгүй дөрвийг бясалгаснаар
Жанрайсэгийн омог лугаа сэлт 6 тарни, 6 мутарлагын адистидыг үйлд
Тэндээс:
Төрвөл үгүй номын лагшин боссон уужим төвөөс
Тэнцэшгүй лам ядам номын сахиусан тэргүүтэн
Замбу тивийн Васундари эх арван хоёр хийгээд
Цэринчина таван нөхөр сэлт ажрагтун.
Ялангуяа Цаст цагаан уул хийгээд
Лиг болоод Цагаан гол тэргүүтэн
Дэлгэр баян цагаан уул хийгээд
Түүнийг тойрсон бага орон нугууд
Түүнээ оршигч горхи усан хийгээд
Булаг, худаг, ой шугуй тэргүүтэн
Бүхэнд оршигч тэнгэр, лус нугууд
Баялаг орны эзэн шивдаг үүнээ ажрагтун.
Хоёр уст ойр эдлэлийн тахил, хүслийн таван эрдэм
Гурван цагаан, гурван амттан, идээ зоог, ундаа
Алт, мөнгө, эрдэнэ, эм хийгээд үр
Адуу, үхэр, ямаа, хонь, тэмээ хийгээд
Араатан, гөрөөд, хуяг мэс тэргүүтэн
Ариусгал эд талхадмал, сүү, тараг, айраг
Зади, бойгор, утлага, дали тэргүүтэнг
Завсрын гэгээ хийгээд газар орныг дүүргэн өргөе.
Арц, агар, хүж өвс хийгээд
Агь, гандигар, валү тэргүүтэн
Анхилам үнэртэн элдвийг асар шатаасны
Ариун утаан үүлсийн далайг адислаад
Башир хуурмаггүй лам, ядам, лха тэнгэр
Бурхан бодисад, баатар, дагинас хийгээд
Хүчин төгс сахиусан, найман аймаг лус
Хамаг орны тэнгэр шивдагийн чуулган сэлт
Дээд, доод зочин гийчнийг тахин ариусгая.
Тийн ялгамж маш олон их уул
Дээд Цагаан гол хийгээд Лиг болон
Дэлгэр баян ууланд огоот алдаршигч
Орны дээд үүнд орших тэнгэр лус ба
Орны эзэн тахихад зохистой бүхнийг ариусгая.
Ариусгал тахил сэлтийн хүчин чадлаар
Авралт бурхны шашин дэлгэрэх хийгээд
Төгс цогт ламын өлмийн лянхуа батдаж
Тариа хийгээд эд малын хишиг дэлгэрээд
Хамаг орон энд зуд турхан эс болж
Хур усан цагтаа буух хийгээд
Ногоо төмс боловсрон хотол даяар эдэлж
Ноттойяа хүмүүн малын өвчин хижиг хоцролгүй
Нэрийн төдий үгүй болж амирлах болохыг
Насан туршид сахин зохион соёрх.
Хөрөнгө цацагч тариалангийн орон газар үүнээ
Хутагт Энэтхэг орны арвай буудайн хишиг
Харь Түвд нутгийн арвай буудайн хишиг
Хар Хятад орны арвай буудайн хишиг
Шар Орос нутгийн арвай буудайн хишиг
Хор Монгол нутгийн арвай буудайн хишиг
Ирэгтүн ирэгтүн арвайн хишиг ирэгтүн
Энэ өдөр хишиг буян төгөлдөр болтугай.
Орон зүг үүнээ нутгийн тэнгэр лусын эм
Орны тэнгэр Шивдаг орны эзэн тэргүүтэн
Өнөд шар хар нийт олон бүхэн дор
Өлзий хутаг буяны бэлэг бадрах болтугай.
Хэмээгч үүнийг Лиг хийгээд Цагаан гол ба Дэлгэр баян цагаан уул тэргүүтний сан тахил өргөх ёсон энэ мэт хэрэгтэй хэмээн сүжиг хүчин хотол төгс чуулган лугаа төгс орны Шинхандэва гэлэн Лувсанчойнпил бээр дурдсаны урмаст төмөр бичин жилийн долоон сарын 2-ны сайн өдөрт Данма ламцо нуурын хөвөөнд Ханчин хувилгаан нэрийг баригч Лувсанбалданданбацүлтим сайн цогт бээр найруулвай. Бичээч нь Симбон гэлэн Ринчин бээр бичвэй.
Үүгээр ч шашин амьтанд тусыг үзүүлэх болтугай.

Тариатын сан.

Тариатын уул нь Баянговь сумаас баруун хойш 70 км зайтай, Тариатын нуруунд оршино. Далайн түвшнээс дээш 2465 м өндөр, 45.03/51// Х.Ө, 99.36/50//З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Намо гүрү. Энд Тариат хэмээн алдаршсан ууланд ариусгал тахилыг өргөхүйг хүсвээс, ариусгал эд тэргүүтэнг бэлтгээд, өвөр ямагт, аврал одуулах, сэтгэл үүсгэл зэргийг урьд нь талбиж, бурхны омог лугаа төгөлдрөөр:
Өвөр ямагт ядам бурханд тодорсны тааллын хөрөнгөөс
Гэгээн гэрэл цацарснаар ариусгал эд, тахил, дором ба
Тангарагийн эд, нүдний гайхал нугуудад туссанаар
Өнгө, үнэр, амтны эс арилсан гэм бүгдийг сэлбэрүүлж
Зочин бүхний зургаан мэдэрхүйн эдлэхүй оронд
Цувирал үгүй амгалан жаргалан рашааны их далай
Санаагаар багташгүй Үхэлгүйн мөр бүхнийг дүүрч
Самандбадрагийн тахилын үүлэн далай мэт болов.
Ум Аа Хум хэмээн 3 удаа өгүүл. Огторгуйн сангийн тарнийг 3 удаа, 6 тарнийн адистид, үнэн хүч сэлтийг үйлд. Тэндээс:
Хум. Буяны бэлэг өлзий хутаг уйлгалах дээдийн энэ оронд
Гэлүгбагийн шашныг баригч язгуур үндэсний лам хийгээд
Ялгуусан цогт очир Ямандаг тэргүүтэн
Ядам бурхдын чуулган нөхөд сэлт ажиран соёрх.
Гурван цагийн бурхан, бодисад, нянтой, ранжалын чуулган
Гурван орны баатар дагинасын чуулган нугууд ба
Гомбо, Чойжил, Лхам, Бэгз, Намсрай, Цамба тэргүүтэн
Тангарагтны далай шашны сахиусан ажиран соёрх оо.
Ялангуяа Тариат хэмээн алдаршин дуурссан
Буяны бэлэг цогоор баялаг энэхүү уулнаа
Батлан оршигсон ядам, дагинас, номын сахиусан сэлт
Хувилгаан нөхөр, зарлиг сонсоочны чуулган ажиран соёрх.
Эгч дүү есөн Сүлдэн тэнгэр, Заяагч таван тэнгэр
Эсрүн тэнгэр, хурмаст, галын бурхан, эрлэгийн эзэн тэргүүтэн
Ариун язгуурын цогт 75 махагал нөхөр сэлт
Ертөнцийн ёсыг баригч чуулган нугууд ажиран соёрх.
Асар ялангуяа Тариат хэмээх энэхүү уулнаа
Ашид оршигч тэнгэр, лус, ягчис, албин тэргүүтэн ба
Гэнэт үлэмж хэдүйчинээ хандагч
Ертөнцийн чуулган нугууд ажиран соёрх
Энэ л уулын зүгт ямагт ойр шадарласан
Элдэв шороо, чулуу, уул, хад, өвс, мод, худаг ба
Бүрд, цөөрөм, булаг тэргүүтэнд эрхшээлийг ологч
Тэнгэр, лус, шивдагууд тахилын зочинд ажирагтун
Өмнийн огторгуйд арслант ширээ, лянхуа, наран, саран
Өндөр ширээ, доор суудал, уналга тэргүүтэн
Өөр өөрийн хүсэлт суудалд оршин заларч
Өвөр ямагт бэлдсэн тахил зоогийг соёрхоо.
Тахил эрдэм, өлмий сэрүүцүүлэгч, цэцэг хүж
Гэгээн гэрэлт, үнэрт ус, идээ зоог, хөгжим
Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, хүслийн таван эрдэм ба
Хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил
Гурван цагаан, гурван улаан хольцсон балин хийгээд
Тараг, сүү, айраг, архи, цай сэлт ундааны чуулган
Хутга, сүх, дэгээ, цалам, бэрээ хийгээд
Гадас, гурван үзүүрт сэрээ, нум сум, илд жад
Галт сум, хөө хуяг, барсын саадаг, ирвэсэн хормос ба
Хүний арьс тэргүүтэн баатрын хэрэгсэл, зэвсэг сэлт
Хуягт бүргэд, тас, харцага тэргүүтэн хоёр төрөгчийн чуулган
Хар хул, ирвэс, шилүүс, тэргүүтэн араатны чуулган хийгээд
Аргаль, зээр, янгир ямаа тэргүүтэн гөрөөсдийн чуулган
Адуу үхэр, хонь, ямаа, тэмээ тэргүүтэн
Хүмүүн бээр адгуулан эдэлдэг ба эс эдлэн баригч
Сэтгэлд зохист уналгын өвөрмөц олон төрөлтөн
Тангараг зохилдох эд, элдэв жансиг сэлтийг
Газар хийгээд завсрын гэгээ, огторгуйд дүүргэн өргөе.
Зооглон таалж үл зохилдох гэмийн язгуурыг буцаан
Зохилдох нөхцлийг хоцрол үгүй сэтгэлчлэн бүтээ.
Зади, бойгар, агар, даль хийгээд
Цагаан улаан зандан, арц, агь ба
Ариун хүжис, хүж өвс, хадны хүж тэргүүтэн
Анхилам үнэрт элдэв утлага, ариусгал эдийг
Асар шатаасны утаан үүлс огторгуйг бүрхээд
Авралт лам, ядам, бурхан, бодисадва хийгээд
Нянтой, ранжал, ханд дагинас, шашны сахиусан далай
Тэнгэр, лус, шивдаг, нөхөр лугаа сэлтэд өргөе
Тийн ялангуяа Тариат хэмээх энэ уулын
Газрын хувь үүнээ агч ядам, номын сахиус хийгээд
Тэнгэр, лус, ягчис, албин, тэргүүтэн үргэлжид оршин
Гэнэт, үлэмж, хэдүйчинээ хандагч хийгээд
Дээдийн эл уулнаа ямагт шадарласан
Шороо, чулуу, өвс, мод, худаг, хүрхрээ ба
Булаг, цөөрөм, бүрд тэргүүтнийг эрхшээгч
Бүхэн дор ариусгал тахилыг бишрэл сэтгэлээр өргөмүй.
Гурван үүдний гэмт чуулган нийт хийгээд ялангуяа
Гурван санваарыг цалхайруулсан бөгөөд тангараг доройтсон
Тахил зоогийг доройтуулж тангаргын эдийг бузарласан
Бурхан шүтээн лугаа харшилсаныг хоцролгүй наминчилмуй.
Асар ялангуяа эс мэдэхийн эрхээр орон зүг үүнд
Цогцлоон босгосон овоо, булаг тэргүүтнийг догшруулсан
Ариун бусын баас, шээс, нус, шүлс, умайн цус тэргүүтэн
Цагаан, улаан азар бузар, хиншүү, хярвас тавьсан ба
Хар хул, ирвэс, шилүүс гурав ба цагаан үнэг, тарвага, чоно
Хойлог, ятуу, янгир, аргаль угалз хийгээд
Хулан зээр тэргүүтэн амьтанг зэрлэгээр хөнөөж
Ус булингартуулж, шороо ухан, чулуу ховхолж, хад хагачин
Ургамал мод, эмийн шимт өвс цэцэг тасалсан сэлт
Угаас ариун бусын үйл хэдүй үйлдсэн бүхнийг
Тус тусад наминчилмуй, тэнгэр лус та нөхөд бээр
Төгс их энэрлээр хүлцэн соёрхож зохио.
Ялгуусны шашин нийт ба хоёрдугаар ялгуусны
Судар, тарни хослон барилдсан шашин арван зүгт дэлгэрч
Шашныг баригч их төрөлхтөн бүгдийн өлмий батдан
Сац тийн цагаан буяны гүн үйлс арван зүгт дэлгэрч
Хуврагийн аймаг сэтгэл зохилдон, шагшаабад ариун болоод
Гурван аймаг сав ба дөрвөн үндэсний номлол сонсох ба
Гурван суртгаалын анхааран авлага тэргүүтэн
Номлол бүтээлийн үйлс дээрээс дээшид арвидан
Ноттой сүжиг төгс өглөгийн эзэд нийт ба ялангуяа
Орны дээд энэ уулнаа оршсон чуулганы
Хүмүүн малын халуун өвчин, гарз гарлага тэргүүтэн
Харшлах гадаад, дотоод нөхцөл нэрийн төдий ч үгүй болоод
Хийморь сүлд, нас буян, цог учралын зохилдох нөхцөл
Яруу алдар, язгуур үндсийг арвитган дэлгэрүүлж
Ялгуусны орон нийт ба ялангуяа орон зүг үүнээ
Хямрал тэмцэл, өвчин хижиг, хяруу мөндөр, ган гачиг
Хулгай дээрэм, зуд турхан, араатан чонын хорлол үгүй болж
Хавар цагийн хүйтэн хавсарга тэргүүтний аюул үгүй
Хур цас өөрөө бууж, чийг дулааны баялаг арвин
Эсэргэнэ цаг цаашлахын өмнө сайн зуны шинж бүрдээд
Зун цагийн аянга буух, усны аюул тэргүүтэн үгүй
Зөнгөөр бороо хур буун цэцэг, жимс, мод дэлгэрч
Намар цагийн тарианд хорлох мөндрийн аюул үгүй
Арвай буудайн үр шим сайтар боловсроод
Хахир өвлийн их хүйтэн, үлэмжийн аюул үгүй
Цас хур өчүүхэн бууж, чийг дулаан өвс ногоог тэтгэн
Цаг бүхэнд хүн малгүй амар хийгээд жаргалтай
Дээд номын явдал сэлт буяны бэлгийг дэлгэрүүлж зохио.
Товчилбоос ном лугаа зохилдох санасан хэрэг бүтээд
Хойш эцэст дээр үгүй бодийн нөхрийг зохиож
Хотлыг айлдагч Агваанлувсанжамцын өлмий батжин
Ханчинчойжалын лагшин эрих ээлжлэн залраад
Ялгуусан Чойрж манзушрибирьяа тэргүүтэн
Язгуур үндэсний лам бээр ямарчлан зарлиг болсон мэт
Ам авсан тангараг цаазыг үл алгасран эрхшээж
Аль даатгасан үйлсийг хоцрол үгүй бүтээн зохио.
Базарсад, содсол уншаад, Ум та бээр амьтан…..тэргүүтнээр ертөнцөөс хэтийдсэн зочид залран соёрхоо. Ум базар мү ертөнцтөн нугууд өөр өөрийн оронд залрах боллоо. Хүртэл сана.
Өдөр амгалан сайн шөнөд амгалан сайн
Өдөр бүхэн амгалан сайн болоод
Өдөр шөнөд ашид амгалан сайн
Чухаг дээд гурвын өлзий хутаг оршиг.
Хэмээх тэргүүтнээр өлзий хутгийг өгүүл. Хэмээн зүг үгүй Нюлхамба нэгэн бээр энэ уулын сархиагт нэгэн удаа морилох цагт энэхүү уулнаа ариусгал тахил энэ мэт буй бөгөөс сайн буюу хэмээхүйн атгаг өөрт төрснийг бичиглэвэй. Манга лам.