Лусын эрхт хаан

Луваанжалбуугийн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Луваанжалбуугийн магтаал.

Лам лугаа үлэмжийн бурхан тэнгэр дор мөргөмүй.
Мэргэн арга нигүүлсэхүй нь гурван сансарт
Түгээмэл, гүлд нарны сүр жавхланг булаагч
Ялгуусны хөвгүүдийн чуулгадаар сайтар
Магтуулагч, дээд Лусын эрхэт хаанд мөргөмүй.
Үзтэл сарны дэргэдэх наран мандал мэт
Хорт дайсны чуулгадыг сүрээр дарагч
Далай тэнгис дэхь дээд Лусын эрхэтэд
Үлэмж бишрэхийн ёсоор алгаа хавсран сөгдмүй.
Индранилийн өнгө төгс, сүрийг бадруулагч
Завсрын үүлний өнгөт дээд хувцсыг өмссөн
Зүрхэндээ хуваагдашгүй номыг дуурсгагчийн чагжаат
Маш үзэсгэлэнтэй, орой зулайдаа лусын цогноймолт
Хөхөмдөг огторгуйн өнгөт зуун дэлбээт
Сарны хот мандал байгуулсны төвд үзэсгэлэнтэй.
Гүмүдаан өнгөт Түйтгэр Тийн-Арилгагч нь
Эрдэнэсийн ногоо, тааламжит хумх барьсан
Улаан өнгөт Мипам Майдар нь
Лусын цэцэгт мод, гүц барьсан
Бадрангуй алтан өнгөт Манзушри нь
Боть, илд нугуудыг барьсан
Цагаан Аръяабал нь лянхуа барьсан сэлт
Цаглашгүй нөхдийн дунд илт өндөр
Гачаалшгүй орноос цаглашгүй гэрэл
Сацруулагч, сайн ёст Лусын эрхэт дор
Бишрэнгүйгээр магтсан буян чуулганаар
Гурван цагийн эцэг эх амьтан нугууд
Тийн айлдагч Туулсан бурхныг түргэнээ олох болтугай.
Луваанжалбуугийн магтаал “Тийн Ялгуусны дуун эгшиг” хэмээгдэх үүнийг Рондон бээр Наландарын хийдэд зохиолоо.

Луваанжалбуугийн бүтээлийн арга.

Луваанжалбууг бүтээхийг хүсэгч бээр аврал одуулан, сэтгэл үүсгэ. “Сувава…”-гаар хоосонд судла. Хоосны агаараас Бам-аас лянхуа хийгээд А-гаас саран хот мандлын дээр өөрийн сэтгэл биндэръяан өнгөт Хум үсэг, түүнээс гэрэл сацран хутагтныг тахилаа. Амьтны тус үйлдээд янагш хураагдах огоот болсноос, өөрөө Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн Луваанжалбуу лагшингийн өнгө биндэръяа эрдэнийн өнгөт, нүүр хийгээд хоолой нь цагаан, бусад нь хөх, хоёр мутраар зүрхэндээ тангаргийн чагжаа үйлдсэн, өлмийг очирын завилгаагаар суусан. Лагшин дороо ал шарын дуаз өмссөн. Тэргүүний үснирт. Лус хийгээд хамаг амьтныг муу заяаны төрлөөс гэтэлгэгч. Долоон могойн толгойн түшлэгт, сүүлнүүдийг нь суудалд дэвссэн. Түүний өмнө Түйтгэр Тийн-Арилгагч бодисатва лагшингийн өнгө цагаан, баруун мутарт эрдэнэсийн ногоо, зүүнээр хумх барьсан. Баруунд Гэтэлгэгч Манзушри лагшингийн өнгө шар, баруун мутартаа илд хийгээд зүүнд боть барьсан. Хойно Аръяабал лагшингийн өнгө цагаан, хоёр мутартаа цагаан лянхуа барьсан. Зүүнд Майдар лагшингийн өнгө улаан шар, баруун мутартаа лусын модны цэцэг хийгээд зүүндээ гүц барьсан. Баруун талаар нь бодисатвагийн чуулгад, зүүнээр нь шравагаан чуулгад, өмнүүр нь хоёр түм нэгэн мянган лусын чуулгадууд эрхиний зүгт
алгаа хавсарснаар эрдэнэ барьсан. Эрхин, нөхөд бүгдийн оройд цагаан Ум, хоолойд улаан Аа, зүрхэнд хөх Хум. Зүрхний Хум-аас гэрэл сацран, өвөрчлөнгийн орноос бясалгасан лугаа адилын бэлгэ билэгтнийг залаад “Заа Хум Бам Хоо” хоёргүй болсонд сана.
Тэндээс тахих нь:
“Ум Нагаранза Савари Ваара Аргам Брадица Суу Хаа”. Түүнчлэн “Аргам”-ын оронд “…Шабда” хүртэлхээр тахиад, магтах нь:
Тунгалаг хөх нуурын төв дэх цагаан лянхуа
Маш уужмын төвийн саран дэвсгэр дээр
Хум үсэгнээс мэндэлсэн биндэръяан өнгөт
Миний ганцхүү аврал Лусын эрхэтэд сөгдмүй.
Нөхдийн эрхин Дөрвөн бодисатва хийгээд
Баруун, зүүнд бодисатва, шравага нар тойрсон
Өмнийн лусын чуулгад нь чандмань өргөгч
Нөхөд лугаа сэлтийг бишрэнгүйгээр магтмуй хэмээн магт.
Тэндээс урилга үйлдэхдээ өөрийн зүрхэнд саран хот мандлын дээр Хум үсгийг тойрон тарнийн эрихэс эргэлдэн буйд зориод:
“Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адис-тидэ Суу Хаа”. Үүнийг нэг бум уриваас шагшаабад цалгайрсныг арилгах дор голлож сайшаасан тул завсаргүй тавын нүгэл хилэнц ч арилах болмуй. Их бандид Навсаава зохиолоо.

Луваанжалбуу бурхныг бясалгасны тус эрдэм.

Шанба Гаржидын ёсны лам нарын намтар доторх Их нигүүлсэгч Жирганбагийн намтраас ийн өгүүлсэн буй. Лам тэр бээр нэгэн шөнө суварга тойрон эргэл үйлдэж байх цагт огторгуйд нэгэн их гэрэл гарч үзэгдсэнд, сайтар харваас гартаа нум сум барьсан, толгой бие нь нүдээр дүүрсэн, амнаас нь аянга цахилсан, лагшин нь хар утаан өнгөт, есөн толгойт аймшигт Раахула арш гэгч
найман аймаг тэнгэр чөтгөрөөр хүрээлүүлэн огторгуйг бүрхэн байхыг үзэж, маш их айгаад:
“Аяа, гурван эрдэнэ минь! Хамаг амьтныг аршийн аюулаас авран соёрх” хэмээн залбирсан ба тэр үед Раахулын зүүн талд нэгэн цагаан өнгөт охин тэнгэр үзэгдэж, ийн өгүүлрүүн:
“- Ай хүү минь, өөрийн сэтгэлийг шинжил
Айснаас өөрийн сэтгэл шулмас болмуй
Биеийн энхрийлэн барихуйг тэвчигтүн
Үзэгдэл хоосон илбийн дүрс хөрөгнөөс юунд айнам?
Бас чиний залбирсны хариуг сайтар үзүүлье, сонсогтун:

Цагаан занданг шатаасан бэхээр Түүнчлэн ирсэн Луваанжалбуу тэргүүтэн дөрвөн Түүнчлэн ирсний нэрийг бичиж биедээ зүүвээс гариг аршийн аюулаас гэтлэх болмуй” хэмээгээд үл үзэгдэн одвай. Дөрвөн Түүнчлэн ирсэн нь Бурхан багш Шагжтүв, Доржнямбуу, Ринчэн-Одпро, Луваанжалбуу дөрөв болой.
Луваанжалбуугийн урилга бясалгалыг үргэлж үйлдвээс төрөл тутам дор лус савдаг, мангас тэргүүтэн найман аймгийн хорлол өчүүхэн ч үл гарахыг зарлигласан бөгөөд ялангуяа шагшаабад цалгайрсныг арилгагчийн дээдэд сайшаасан тул тус эрдэм нь гачаалшгүй болой.

Луваанжалбуугийн үүднээс бумба (хумх) бүтээх нь.

Хумхыг агшинд үлшгүй орд харшид үүсгэ. Дотор нь Ялж төгс нөгчсөн Луваанжалбуу бурхныг бүтээлийн арга мэтээр үүсгээд тахил, магтаал үйлд. Балин бэлдэж өргө. Хумхан дахь бурхны зүрхнээс бэлгэ билгийн гал бадраад бурхан гэрэлд хайлснаас хумхтай рашаан болсонд сана.

Лус савдаг тэргүүтэнд номын өглөг өгөх нь.

Одон, бүрэлзэхүй, зул хийгээд
Илбэ, шүүдэр, цөврүүн ба
Зүүд, гилбэлгээн хийгээд үүлэн мэтээр
Хуран үүдсэн номуудыг тэр мэт үзэгтүн.
Хамаг ном нугууд шалтгаанаас гарсан
Шалтгаан түүнийг Түүнчлэн ирсэн зарлигласан
Шалтгаанаар түрдэгдэх аль мөнийг
Их шармани бээр ийн хэмээн зарлигласан:
“Хилэнц юуныг ч үл үйлдээд
Буяныг хотол чуулган үйлдэгтүн
Өөрийн сэтгэлийг огоот номхотго
Энэ нь бурхны шашин мөн.
Өөрийн бие дээр үлгэрлэж
Бусдад хорлол бүү үйлд
Тусалсны үр амгалан хийгээд
Хорлосны үр зовлон гармуй.
Халууны хөрөнгө нугуудаас нь
Халуун үр төрөх болмуй
Амттаны хөрөнгө сацсанаас нь
Амтлаг үрс ч төрөх болмуй” хэмээсэн үүгээр лус савдаг лугаа элдэв хорлолтон нугууд дор дээдийн номын өглөгийг өгөөрэй.
Бүхнээ тэгш нигүүлсэгч Ялж төгс нөгчсөн
Нэрийн төдийг нь сонсвоос муу заяаны зовлон арилагч
Гурван хорын өвчнийг арилгагч Манла бурхан
Биндэръяа-Эрдэнийн гэрэлт дор мөргөмүй.
Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн Дайныг дарсан
Үнэхээр туулсан Манла бурхан Биндэръяа гэрэлтийн хаан дор мөргөмүй. Тахимуй. Аврал одуулмуй.
“Ум Бэханзэ Бэханзэ Маха Бэханза Самудгадэ Суу Хаа”
Буян үүгээр түргэнээ би
Отчийн хааныг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf