Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Лусын ариусгал цогнойгчийн сэтгэлийг сэргээгч хэмээх оршвой

Дашдоо гүний хошууны Ганданцэжайлин хийдийн номч лам Дандончойнзад лам уг бүтээлийг туурвижээ. Энэ нь ус булаг, уул хад, ой цэцэрлэгт оршигч хаан, албат, бярман, зандалчин дөрвөн язгуур тэргүүтэн лус нөхөд сэлтийг урин залаад элдэв үнэртэн, лусын эм тэргүүтнийг өргөж, газар ухаж сэндийлсэн, улайны үйл, үхээрийн үйл зэргээр лусыг бузартуулсан гэм алдлыг ариусгах, лусаар үүсгэгдэх элдэв өвчин, гай гарзыг үл гаргах тэргүүтнийг агуулсан ном юм.
Судрын орчуулга
Намо гүрү арьяа Логэшвараяа.
Үүнд лусад ариусгал өргөхийг хүсвээс анханд: Арц, агь, саарал балү нугуудад улаан, цагаан зандан, агар, задь, цагаан гүгүл, гүргүм тэргүүтэн лусын эм, сайн үнэртэн аль учирсныг хольсон ариусгалын эдийг мах, цус, хүдрийн заар, сонгино сармис тэргүүтнээр үл халдаасан ариун бөгөөд онцгой ариун саванд бэлтгэ. Аврал одуулах сэтгэл үүсгэхийг урьд нь одуул.
Мөнхүү өөрөө нэгэн агшнаар хутагт Логишура нэгэн нүүр, хоёр мутартын лагшин болвой. Ариусгалын эд нүгүүд Ум амрида-гаар ариусга. Сувава-гаар хоосныг судал.
Хоосны агаараас Ум хийгээд өөр өөрийн нэрийн үсгийн анхны дуслаар чимсэн огоот болсноос лус хийгээд газрын эзэн нүгүүдэд алин хүссэн төгс эдлэл хотол чуулган гарах ариусгалын эд анхилам үнэртийн утаа завсрыг дүүргэн басгаснаар бие, хэл амгалангаар цэнгэхийн баяслыг үүсгэх хүч лүгээ төгөлдөр болтугай.
Ум аа хум. Гурвантаа өгүүл. Ум сарва бид бүүра бүүра сүра сүра аа варда яа аа варда яа хо базар спар на хам хэмээн огторгуйн сангийн тарни, самади хийгээд мутра лугаа сэлтийг гурвантаа өгүүлэх бөгөөд: Миний санааны хэмээх тэргүүтний үнэн хүчийг өгүүл.
Өөрийн зүрхний хөрөнгөөс
Улаан гэрэл цацарснаар
Уулын хаан, цэнгэлийн далай, гадаад далай
Үл бүлээцэх далай хийгээд дөрвөн мөрөн
Тэргүүтэнд оршигч сэлт Варуна
Таяай тэргүүтэн их найман лус
Замбутивийн лусын эзэн Үл бүлээцэгч
Баясгалант, Ойр баясгалант тэргүүтэн
Шашинд сүсэглэх бөгөөд ертөнц даяарыг
Тэтгэх лусын хамаг язгуур хийгээд
Ялангуяа бидний орон гүрэн үүнд
Итгэлээр оршин нутаглах газар тэргүүтэн
Ойр тойрны явдлын орон лугаа барилдсан
Нуур, цөөрөм, булаг хийгээд
Бүрд, урсгал ус, худаг ба
Халуун рашааны таван язгуур, уул, хад, тал
Ургамал мод, ой цэцэрлэг тэргүүтэнд
Оршин хоргодож өөртөө барьсан
Лус хүчирүүд, ноён, албат, бярман, зандалчин
Дөрвөн язгуурт нэрийдсэн хэдүй чинээ бүхэнд
Ариусгал, тахил өргөхийн тул урин залахад
Журам ёсоор үүнд залрагтун.
Өмнөө самидийн бийрээр
Нуур, бүрд, урсгал ус, намаг
Цэцэрлэг тэргүүтнээр гадна үзэсгэлэнтэй
Орд харш тааламжтай уужимд
Зурсны дотор өөр өөрийн нөхөд
Баясан тойроод баясгалантай оршимуй.
Цогнойгчийн чандмана эрдэнийн гэрлээр
Газрын доорх харанхуйг сайтар арилгах бөгөөд
Шашин хийгээд ертөнцийг сахигчийн
Хүч төгс лус бүхний эзнийг магтмуй.
Самади, тарни, мутарлагаар адистидласан
Эм хийгээд өвс мод элдвийн
Анхилам утаан их үүлс бээр
Тэнгэрийн мөрд огоот түгсэн үүгээр
Усны эзэн Варуна
Лусын хаан Таяай, Норжайбү
Жогву хийгээд Довжижү
Бадма, Бадмачинбү хийгээд
Дүнжон, Ригданмадойва
Гаву, Нерга тэргүүтэн
Бурхны шашинд сүжиглэн үйлдэх
Нийт их лус нүгүүдийг ариулмуй.
Нэн ялангуяа орон гүрэн үүнийг тэтгэх бөгөөд
Ертөнцийг арвижуулах, хомстгохыг үйлдэгч
Найман лусын язгуур, хүчир лус хийгээд
Найман хагас язгуурт нэрийдсэнийг хоцролгүй ариулмуй
Лус хүчир, их найман лусын язгуур хийгээд
Дөрвөн язгуурт нэрийдсэнийг хоцроолгүй ариулмуй.
Алин, бидний дулдуйдах сэлт
Амь, бие, эрх баялаг, хийморь нугууд
Арвидах, буурах эрхэнд болгосон
Андгайт Лус, газрын эздийг хоцроолгүй ариулмуй.
Хэв хэзээд Бид үйл явдалд мэргэн бус тул
Хиншүү хярвас гаргах, хүчир шороо, чулуу, усыг
Ховхлох, малтах, таслах, хямраах, балгадын үйл хийгээд
Ургамал тарианы газар, буурь буудал, суурьшсаны гэм хийгээд
Улай хийгээд хүүрийн бузар, ариун бусын бузраар
Улайдгасан, дарсан, халдаасан, хээлэн зурсан тэргүүтний
Учир шалтгаанаар лус хийгээд газрын эздийг бузартуулсан
Хорлол юу гарсныг хоцроолгүй ариулмуй.
Хирээс хагацсан бэлгэ билгийн мөн чанарын
Ханхийсэн анхилам үнэрт ариусгалын утаа үүнийг
Хамрын эрхтэнээ халдаан үнэртсэнээр
Хирээр бузартсан бүхнийг угаас нь
Хиргүйн агаарт одуулан ариулмуй.
Ахин бас бус бэлэг билгийн мөн чанарын
Ариун үнэрт ариусгалын утааны усан баригчаас
Адигад лус хийгээд газрын эзэн баригч эхэд
Алин хүссэн хувцас чимэглэл, рашаан, идээ
Үнэлшгүй эрдэнэ, эм хийгээд элдвийг
Үзэхүйн баясал болгон зөөлөн хурыг сайтар буулгаад
Аливаа энэлгээг хагацаан, бие, сэтгэлд таалалтай
Амгалан жаргалангийн үр жимс ирэх болтугай.
Тэр мэт ариусгал тахил өргөснөөр
Тэртээхи урьдын гэм бүхэн арилах бөгөөд
Түүнчлэн хойшид биднийг дулдуйдах сэлтийн
Толбо, гүвдрүү, шамбрам, хулгана яр
Тулай, уяман, бам, усан хаван хийгээд
Сохор, дүлий доголон, хавирга агшрах, тахир дутуу
Сахуу, гурамсан хар, ороох тэргүүтэн
Орогногч лусаар үүсэх өвчин бүхнийг амирлуулан зохио.
Орон үүнд малын өвчин, гарлага хийгээд
Гамшигт цаг бусын хур бороо, зуд хийгээд
Газар хөдлөх, аянгын аюумшиг тэргүүтэн
Гадна, дотны хөнөөлийг хоцроолгүй ариулмуй.
Хур ус тэгшрэх бөгөөд, ургамлын шимийг арвижуулан
Хүмүүн мал баян сайн, амгалан жаргалантай бөгөөд
Ба бүриний асар цагаан номын явдлын
Баттай сайн нөхрийг орогнуулан зохио!
Бас тахилын орон, тахин үйлдэгч бид бүхэн
Байнга, чинагш асрахуйн сэтгэл төгсөх бөгөөд
Өнө удал үгүй бодьсадвын сэтгэлийг судлаад
Өндөр дээр үгүй бодийг түргэн олох болтугай.
Энд ирсэн гийчид өөр өөрийн тус тусын оронд ажрагтун
Эгнэгт бидний нас цог учрал сайтар дэлгэрээд
Элдэв санасан хэрэг сэтгэлчлэн бүтэн
Энх амгалан, баясгалангийн хотол чуулганыг
Эдлэхийн сайн хувь илт болох болтугай.
Есөн хүслийн учрал зуны нуур мэт арвидан
Ерөөсөө гэмгүй язгуурын алгуур одогчийн урсгал үл тасран
Өдөр шөнийг Богд ламын шашны номоор нөгчөөн
Үүрд хотол чуулганы цог дор цэнгэхийн өлзий хутаг орших болтугай.
Чоймзад лам бээр найруулсан болой.