Лхам бурхдын хамт

Лхамын шавга

Бурхан багш “Аугаа их цэнгэлийн судар”-аас:
“Буян төгөлдөр хүмүүний санаа бүгд нь ч бүтнэ” хэмээн айлдсанчлан буяныг сайтар хураах хэрэгтэйг сургасан байдаг. Буян хураах арга нь ч машид олон бөгөөд тэдгээр бүгдийн дундаас буян хураах “Долоон гишүүнт” арга нь хамгийн эрхэм арга хэмээн судар номд олонтой дурдсан байдаг билээ.

Долоон гишүүнт аргаас “Мөргөл”, “Тахил”, ном айлдахыг сануулах “Сануулан айлтгах”, гаслангаас нөхцөлгүй өнөд орших “Соёрхол өчих”, бусдын буянд “Даган баясах”, хураасан буянаа хамаг амьтнаа зориулах “Зориулга ерөөл” энэ зургаа нь буян хураах арга бөгөөд сүүлийн хоёр нь буян хураахын дээр хураасан буяныг барагдашгүй арвижуулах юм.

Мөн шууд болон дамаар бусдад хорлосон үйл буюу хилэнц нүглээ наманчлах “Наманчлага” нь хилэнцийг дарах арга болдог.

Тиймээс буяныг хураах, барагдашгүй арвижуулах, хилэнцийг дарах энэ гурван зүйл нь Долоон гишүүнтэд бүрдсэн учир буян хураах эрхэм сайн арга хэмээдэг.
Энэхүү буян хураах аргыг Лхам сахиусны залбиралтай барилдуулан үйлдэх аваас өвчин эмгэг түгэн буй өнөө цагт нэн тустайн дээр санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх саад амарлихад хэрэг ихтэйн дээр Брагри Дамцигдорж ламын хувилгаан дүрүүдийн төрөл тутамд шүтэж ирсэн сахиус учир доор Лхам сахиусны үүднээс Долоон гишүүнтыг үйлдэх уншлагыг орууллаа.

Долоон гишүүнтийн утгыг тухай бүрийн үетэй нь холбон бодож Лхам сахиуст залбиран чадлын хэрээр олон удаа уншихыг уриалж байна.

Лхамын шавга.

1. Үлэхүй бэрх цогт охин тэнгэр та

Мэргэн аргат хувилгаанаар огторгуйн хязгаарыг гүйцээгч.
Бодь сэтгэлтний хувилгаан та ямагт дор
Бие, хэл, сэтгэл гурваар бишрэн мөргөмүй.

2. Миний тахилаар та үл дутах ч гэлээ

Цог төгөлдөр дээд бүтээлийг олохын тулд
Таван мэдрэхүй тахилын хурыг огторгуйд буулгая

Тахилын чуулган үүгээр та баясах болтугай.

3. Цогт та буян, нүглийн гэрч учир

Бие, хэл, сэтгэлийн гэмт чуулгандаа би

Хүчтэй гэмшин машид наманчилмуй таны дэргэд

Таалал нигүүлслийн хүчээр түйтгэрийг даран зохио.

4. Бүхнээс ялгарах таны үлэмж их эрдэм нь

Амьтанд туслан өөрийн хэргийг хотол төгсгөх

Эвсэж баясахуй, атаа үгүй дуршилд тан

Даган баясахуйг таны сэтгэлд өргөн барьмуй.
5. Үнэн ариун эрдэм төгөлдөр дээд лагшин нь

Хар бөгөөд аюумших хэрэгсэлт, энэрэлт эх
Арван зүг, гурван цагт амьтны тусад
Маяа жалын номын ёсыг үзүүлэн соёрх.

6. Тэрчлэн үнэн ариун төгөлдөр дээд лагшин нь

Амьтны тусад хийгээд шашныг сахихын тулд

Огторгуй барагдаж эс дуусах тэр хүртэл
Гаслангаас нөхцөлгүй үргэлж мөнхөд оршин соёрх.

7. Тэр мэт мөргөл, тахил, наманчлага хийгээд
Даган баясал, сануулга, соёрхол айлтгахуй

Буян үүгээр муу заяа бүгд хоосроод

Бүгдийг би бодид хүргэхийн тулд зориулмуй.

Гурван лагшин аяндаа бүтэж, таалал нигүүлслийн эцэст хүрсэн ч
Гурван орчлонгийн хортонг номхотгох гэж хилэнт лагшингаар

Гурван цагийн ялгуусан бүгдийн шашны их сахигч дор
Гурван үүдээр ихэд бишрэн сөгдөн мөргөмүй.
Жо рагмо жо, рагмо жо жо, рагмо түнжо хала рагчэнмо, рагмо авяад авяа, түнжо рүлү рүлү, хум жо хум.

Үлэмж ариун санаагаар ёс түүнд шамдахад

Эсүрэн, Хурмаст, Дөрвөн хаан хийгээд
Цогт охин тэнгэр тэргүүтэй сахиусууд ч
Алгасрал үгүй үргэлжид нөхөр үйлдэх болтугай.
Лхамын шавгын тус эрдэм.
Нэг бага шиг ноён хүрээнд ирээд нутагтаа очилгүй тэндээ хатан аваад суурьшжээ. Нутагт үлдсэн хатан нь ноёныхоо араас ирж явсан бөгөөд одоогийн Хэрлэн баян улаан уулын зүүн талаар хүрээ ордог зам байсан. Тэр замын Модотын даваа хэмээх газар байтал сүйх тэрэгний цонхоор нэг муур шиг амьтан орж ирээд ноцох шиг болжээ. Тэгээд үүнээс болж ухаан самуурсан тул хүрээн дэх багш уруу нь хүн ирж хатны энэ байдлыг хэлжээ.
Багш нь наад хатнаа нааш нь хүрээ үрүү оруулах хэрэггүй буцаагаад цааш аваад яв гэжээ. Тэгээд хөөрхий хатан нутагтаа буцаж гэнэ.
Тэгэхдээ тэр хатны ухаан нь хааяа самуурч мууддаг болохоос бүрэн ухаан мэдрэлээ алдаагүй байжээ. Тэгээд багшаасаа яавал эдгэх вэ ? гэж асуухад Лхамын шаваг хэмээх номыг өдөр бүр уншиж бай гэжээ. Ингээд тэр хатан Лхамын шаваг уншдаг болжээ.
Нэг жилийн дараа цагаан сарын шинийн битүүний шөнө мөнөөх хатан зүүдэлжээ. Өглөө гэрийнхээ үүдэнд хатан зүүн урагшаа саравчлан харж зогсож байтал Хөвийн ухаа дээгүүр тоос татаад байсаар нэг хул морь унасан эмэгтэй хүн давхиж ирээд хатныг дайраад баруун хойшоо давхиж гэнээ. Тэгж дайрахдаа тэр мориных нь өрөөсөн хөл зүүн дал дээр нь гишгээд гарлаа гэж зүүдэлжээ. Тэгээд сэрсэн чинь зүүн далных нь тэнд хөндүүр болсон байсан бөгөөд хэд хоног тэр газар нь хавдаж байгаад хагараад мөнөөх хатны солио өвчин нь бүрэн эдгэрчээ.