Майдар

Лхасын ерөөл

Бурхны шашин дэлгэрсэн улс орнуудад Цагаан сарын Шинийн 1-нд шашны их ерөөл буюу “Лхасын ерөөл” хурдаг. Бурхан багшийн рид хувилгаанаар тэрсүүдийг ялж үйлдсэний дараахан түүний дурсгалд зориулж, Кушинигарын Ни-Од гэдэг газар суварга сүндэрлүүлсэн байна. Үүнээс хойш энэ суварганы дэргэд хаад, энгийн иргэд Цагаан сарын Шинийн 1-15 өдрүүдэд цугларч, дэлгэр тахил өргөдөг ёслол бий болжээ. Цагаан сарыг тэмдэглэдэг болсон учир үүнтэй холбоотой юм. Ингэснээр жил бүр хаад, ард олон цугларч, ээлж ээлжээр тахилгын ёслолыг үйлдэн, нэг багшийн шавь гэдгээрээ эв найрамдлыг эрхэмлэдэг болжээ.
Энэ уламжлалыг Богд Зонхов 1409 онд дахин сэргээн, дэлгэрүүлсэн юм. Лхаст 100 бурхныг сэргээж, анхлан Чойнпрол жүнба хурснаар Лхасын ерөөл болгон мөнхөлсөн ёсыг эхлүүлсэн байна. Лхасын ерөөл гэдэг нь тэнгэрийн орны их шүтээний хурал гэсэн утгатай юм. Энэ хурлын үеэр гэвшийн дамжаа барьсан хувраг нугуудыг лхаарамба болгож, дамжаа бариулдаг байсан ба лхаарамба гэдэг цол нь энэ ерөөлийн үеэр авдаг цол байсан тул Лхасын гэдэг утгаар “лха рамба” гэдэг нэртэй болсон байна .
Бурхан багш 15 өдөр рид хувилгаан үзүүлэх үед нутаг нутгийн хаад ээлж дараалан өглөгийн эзэн болж байснаас улбаалж, Богд Зонхов Лхасын ерөөлийг сэргээн эхлүүлэхэд тухайн үеийн Түвдийн эзэн хаан Мивандагважанцан өглөгийн эзэн болсон байна. Ингээд Лхасын ерөөл хурлыг жаяглан тогтоож, Лхаст ойр орших Балданбрайван болон Сэра дацангийн бүх лам хувраг ирж суудаг байв. Тухайн үед хол оршиж байсан Гандан хийдийн лам нар ирж амждаггүй байсан авч, хожим хуралд суухаар хүрэлцэн ирж, нийлж хурдаг болсон байна.
Шинийн 1-15 өдрүүдэд бурхдын үйлс зохионгуйг магтсан магтаалууд, V Далай ламын үеэс хурдаг болсон багш дээдсүүдийн гонзог ерөөл (дээдсийн хойдын буяны ерөөл)-ийг хурдаг юм. Одоо Өмнөд Энэтхэгт Шинийн 15 хүртэл их ерөөл хурж, 16-нд сор залан Майдар эргэдэг.
Богд Зонхов анх Шинийн 1-нээс хурлыг эхлүүлэн хурдаг байсан бол хожим хол газраас алхаж ирдэг лам нартаа зориулан хугацааг шинээр тооцож Шинийн 4-25 хүртэл хурдаг болгосон юм. Хурал өглөөнөөс орой хүртэл хурдаг бөгөөд тэр хооронд гонзог, намтар гэж хэсэгчлэн хувааж, завсарт нь лхаарамбын цол хамгаалж буй гэлэн нарын дамжааг зохион байгуулдаг.
Богд Зонхов анхлан Лхасын ерөөл хурлыг зохион байгуулж хэдхэн хоносны дараа нь зүүд, бясалгалд нь хавь ойрын газар орон бүгдэд мод, ургамал цэцэглэн дэлгэрч үзэгдсэн бөгөөд үүнийг тосоор хийж, тахил болгон өргөх ёстой гэсэн шинж тэмдэг гарснаас улбаалан балин тахил хийх уламжлал гарсан юм. Орон хийд болгон өөрсдийн хамгийн ур чадвартай балинч, тахилч нарыг гарган өрсөлдүүлэн гайхамшигтай уран хийц, чимэглэлтэй балин хийж өргөдөг. Энэ бурхны үзүүлсэн рид хувилгаан нь илбийн үзүүлбэр бус, бодит гэдгийг дурсан сануулж, дэлгэр тахил бүхий хурал нь Лхасын ерөөл юм. Ерөөл талбисны дараа өмнө нь 24-нд, одоо 16-нд сор залдаг болсон нь муу муухай бүгдийг галдан хөөж, сайн сайхан бүгдийг урин дуудаж, ирж буй шинэ ондоо гай барцад, гамшиг тахалгүй, олон нийтээрээ эв найрамдалтай байхыг бэлгэддэг юм.
Түвдэд Лхасын ерөөл хурсан орон хийдүүд сор залсны маргааш буюу 17-нд Майдар эргэх ёслолыг үйлддэг. Монголд энэ зан үйл хаврын сүүл, зуны эхэн сард болдог. Майдар бол ирээдүйд залрах 5 дах бурхан юм. Ирээдүйд Майдар Бурхан заларч Шагжаамүүний бурхан багшийн адил ном номлох үед дэргэд нь учирсан шавь нар нь түүнийг үзсэн төдийгөөр гэгээрлийн хутаг олж, нисвааниа барж, өвчин зовлон шаналал, хорвоогийн муу муухай бүхнээс хагацах болно гэдэг. Энэ нь урьд талбисан сайн ерөөлийн хүчээр гэж үздэг юм. Иймд энэ ерөөлийг одооноос талбиж байвал Майдар бурхны рашааныг хүртэхийн уг болгож нийтээрээ Майдар бурхан эргэх ёслолд оролцдог.
Шинийн 1-15 өдрүүдэд хийсэн таны буян, ерөөл асар их хүчтэй болж бүтэх нь дамжиггүй, цаг хугацааны хувьд гайхамшигтай адис жинлавтай юм. Иймд буянд сайтар хичээж, ерөөл талбиж, энэ нас, энэ жилийн засал ном гэдэг горилоор бус, алсыг харж, ашдын ерөөлийг сайтар талбиж, буян ном хийх хэрэгтэй.
Бурхан багш өөрийгөө дөвийлгөхийн тухайтад рид хувилгаан үзүүлээгүй юм. Тэрсүүдүүдийн чанх буруу үзлийг дарж номхтгосон нь бидний хувьд сэтгэлийн муу муухайгаа үлдэн хөөж, ерөөл буянаа талбих ёстойг үзүүлсэн юм. Богд Зонховын ачаар энэ ёс Монгол, Түвдэд дэлгэрэн, ашдын амгалангийн үндэс болж, нийт олон түмнийг буян ерөөлд хамруулах зан үйл болж тогтсон юм.