Сүм дэх номын хүрднүүд

Лхоготой гүнрэг

Гүнрэг гэдэг нь “Ялж төгс нөгчсөн муу заяаг судлагч бүхнийг ухаарагч Машид гэрэлтүүлэн зохиогчийн зан үйл” хэмээх нэрийг товчилсон үг юм. Энэхүү ном нь их хөлгөний Тарнийн аймгийн ай савд багтдаг. Хурах жаяг дэг, зорилгоосоо хамааран Гүнрэг буюу гүнрэгийн чого хэмээх хурал нь Вантай гүнрэг, Амьдын гүнрэг, Нөгчсөний буюу Лхоготой гүнрэг гэж ангилагддаг. Лхоготой гүнрэг гэдэг нь төрөл төрөгсөд ах дүүс нь таалал төгссөн бодгальд зориулан уншуулдаг хурал бөгөөд үүнд “Лхого” гэдэг бүлгийг заавал уншдаг учиртай.
Насны эцэст буян нүглийн дэнсийг хэмжүүлэх цаг ирэх үед энэхүү Гүнрэг хэмээх номыг айлдуулан бясалгуулснаар талийгчийн буян нь нэн ихээр арвижиж, нүгэл хилэнц арилаад, тэнгэр хүмүүний сайн заяа, тэнгэр бурхдын оронд төрөх боломж бүрддэг гэдэг. Тиймээс Гүнрэг хэмээх энэ ном нийтэд маш ихээр түгэн дэлгэрчээ.
Амьдын гүнрэг гэдэг нь аливаа хүн амьд байгаа дээрээ нүглээ наминчилж, насаа уртасгая, дараа төрлөө ч сайжруулая гэсэн зорилгоор уншуулах үед Лхого хэмээх бүлгийг уншдаггүй.
Вантай гүнрэг гэдэг нь уншигч лам хуврага нар бурхнаас энэ номын увдисыг хүлээн авч буй утгатай ёслол нэмэгдэнэ. Ван гэдэг нь Эрх мэдэл гэсэн утга бүхий түвд үг бөгөөд Самгарди буюу Санскрит хэлээр Авшиг гэдэг. Үгчлэн орчуулбал Илтээр эрх хүртээх гэсэн үг болно. Дандрын дөрвөн аймгийн доторх “Иогачара тантра” буюу Бясалгалын тарнийн аймгаас хамааралтай энэ ном нь алив нэгэн бодгалийг там, бирд, адгуус зэрэг муу заяаны төрөлд төрүүлэхгүй, тэнгэр хүний сайн заяат төрөлд шууд татах хүчин чадалтай тул наснаас нөгчсөн нэгэнд уншуулдаг хурал юм.
“Лхого” гэдэг нь “Өмнө үүд” гэсэн түвд үг юм. Наснаас нөгчсөн бодгалын буюу өөрөөр хэлбэл нас барагчийн сүнсийг тайтгаруулан, амьд ахуйдаа эдэлж хэвшиж дадсан бүхий л зүйлийг нь “Лхого” хэмээх тусгай зай, тарни уншлагын дагуу хүртээн мэдрүүлж, сэтгэлийг нь бүрэн дүүргээд, энэ амьдралд хоргодон, шунаж харамсах сэтгэлийг нь арилгаж, дээд бурхны орон ертөнц үрүү явуулж буй гэж үздэг.
Гүнрэг бурхныг шүтэж, хуралд даган баяссаны ачаар бурхан болоочын амьд байх үеэс, нас нөгчсөн, нас нөгчөөд зуурдын төрөлд оршсон, нас нөгчөөд хаа оршин буй тэр хүртэл, бие авах, орчлонгоос оюун санаагаар гэтлэх, зуурдаас гэтлэхэд саад болж буй зэтгэрийг арилгадаг учиртай.

Гүнрэг