Жанрайсэг Манзушир болон Очирваанийн хамт

Маанийн ерөөл

Ачит багшаа биширч
Авралт бурхандаа мөргөюү
Ариун номоо дээдэлж
Асралт хуврагтаа сүсэглэюү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Цагаан Сүүгээр тэжээсэн
Ээжийн ачийг яндашгүй
Гэгээн номоор тэжээсэн
Багшийн ачийг хэмжишгүй
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон үүл шиг
Урваж оддог бие шүү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Ашиг алдрын зэрэглээг
Хөөж яахин гүйцэх вэ
Аминч хүслийн цангааг
Тайлж яахин барах вэ
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санаарай
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорой
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Энэ ертөнцийг мэхлэвч
Эрлэгийг мэхлэж чадах уу?
Эцэст жаргалыг хүсэвч
Тамыг алгасч дөнгөх үү?
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Үхэх төрөхийн орчилд
Үнэн чанарыг олоосой
Жаргах зовохын ээлжинд
Буян, нүглийг ялгаасай
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Арван хар нүглээ
Гэмшин байж наминчилъюу
Арван цагаан буянаа
Баясан байж хөгжөөюү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Өнчин доройг асарвал
Үрийн буянаа нэмнэ шүү
Өтгөс буурайг тэтгэвэл
Насны буянаа нэмнэ шүү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Үгээгүй ядууг тэтгэвэл
Эдийн буянаа нэмнэ шүү
Үлэмж мэргэдийг хүндэлвэл
Эрдмийн буянаа нэмнэ шүү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Өглөгийн үрээр баяжина л
Хомхой сэтгэлээ даралтай
Үнэнч журмаар дэвжинэ л
Хуурмаг явдлаа орхилтой
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Өглөг өглөгийн дээд нь
Номын өглөг юм шүү
Өмөг өмгийн дээд нь
Багшийн өмөг юм шүү
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Өөрийн төлөө явсаар
Өөдлөх нь үгүй зүдэрдэг ээ
Өрөөлийн төлөө явсаар
Уруудах нь үгүй дэвждэг ээ
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Энэрэл хайрын хураар
Хилэнгийн түймрийг дараарай
Эрдэм билгийн гэрлээр
Мунхагийн харанхуйг арилгаарай
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Адгуу догшин сэтгэлийн
Жолоог залахад бэрх шүү
Арга билгийн ухаанаар
Аяыг нь тааруулж номхотгоорой
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Үнэн мэт үзэгдэвч
Үнэмлэхүй үнэнийг эрээрэй
Би гэж хөөрөлхөвч
Билиг барамидийг судлаарай
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Ухаарч шинжвэл хоосон
Усанд туссан сар аа !
Нотлож шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүд ээ !
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Ачит багшийн номдоо
Алдрал үгүй шамдалтай
Ариун бодийн мөртөө
Алгасрал үгүй хичээлтэй
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Эцэг богд ламаа
Эгшиг шүлгээр тахьюу
Эх болсон амьтдаа
Энэ сургаалаар ачилъюу
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Агшин зуур ч хагацалгүй
Арьяабал минь тэтгээрэй
Аюул бүхнээс гэтэлгэн
Адистид юугаан хайрлаарай
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум

Шинэхэн тараг шиг буян нь
Бодийн хөрөнгө болтугай
Шижир алт шиг сургаал нь
Сэтгэлийн ариусал болтугай
Ум мани бадмэ хум
Ум мани бадмэ хум