Дайчин вангийн Дандар Агримба

Магад гарахуйн магтаал шуналыг таслагч алтан хяргуур

Хэн нэгэн сэтгэлдээ бясалган дадуулснаар

Хэрхэвч орчлонгийн шунал хүлээсийг таслан

Хэтэрхий нирвааны үүдийг огоот нээх

Хэрэгтэй магад гарах сэтгэлд мөргөмөй

Аливаа дээд доод хөлгөөр зорчигч нарын

Анхлан орох гарц олмын дээд

Аялан зорчих ганц зам магад гарахуйд

Анхааран нирвааныг хүсэгчид шамдваас зохино

Энэ насны орчлонгийн шунал хүслийн

Эрхэнд орогч нар мөргөл тахил хийгээд

Өглөг тэргүүтэн буян юу үйлдэвч

Өөдгүй орчлонд улам хүсэн үйлддэг

Үзэгдэл шуналын үйлийг гилбилгээн бүжиг мэт

Үзтэл гэнэт хувирах жам ёсонд

Үнэн сэтгэлээс ээ няцах оюун төрвөөс

Үтэр энэ хойтын сайн чуулганыг байгуулмой

Учир иймд нирвааныг хүсэгч ухаантан бээр

Увидасыг аль гүн гэсэн бүхнийг

Учиргүй даган дууриах болгоноо орхиод

Урьдаар магад гарахыг эрэх нь чухал

Буцалтгүй магад гарах сэтгэлээр эзлэгдвээс

Буян юу үйлдсэн нирвааны уг болон

Хэзээд өөрийн эрхгүй одох тул

Хэрэг тусгүй болохын үе хаанаас байхав

Магад гарах шуналыг няцаахыг эс санаваас

Мөнөөх орчлонгийн баялагт шунах бөгөөд

Хэн нэгэн алинд шунан дурлана

Харин түүнээ олохыг хичээх нь жам мөн .

Тийм учир аж зуулга арилжаа гээд

Тэртээх авшиг өгөх, номлол сонслыг хүртэлхийг

Башир хуурмаг, тачааж, уригнах элдэв арга

Бузар хилэнцтэй хутган үйлдэж амгаланг бүтээдэг

Хилэнц нүглээс зовлон гардаг нь

Хэзээний жам болохоор муу заяанд унана

Хойд төрөлдөө үйлээ дамжин эдлэх тул

Хорвоогийн эргүүлгэнд тасралтгүй эргэдэг.

Хүсэл шуналыг буцаагч магад гарахыг бясалгаваас

Хүсэшгүй зовлонг амгаланд бодохыг сайтар арилгаж

Орчлонгийн амгаланд сэтгэл няцах бөгөөд

Онхи алинд ч тачаахгүй амгалан гардаг

Аль олдсон төдийгөөр ханан мэдсэнээр

Аливаа юмсыг өчүүхэн ч тоолгүй

Ертөнц хийгээд номын үйл бүхэн

Ер сэтгэлд санасанчлан бүтэх болно

Орчлонд шунал буцсаныг өгүүлэхийн хэрэг юун

Одоо энэ насны шуналыг тэвчснээр ч

Тус эрдэм үлэмж илүү ирэхийг

Түвдийн мэргэн Занбажарай айлдсан.

Магад гарахын сануулгыг эс дурдваас

Муу орчлонгийн баялагт шунах

Мунхаг сэтгэлийн нисваанис улам дэвэрч

Муухай гэм бүхэн арвижих болдог .

Уйдах сэтгэлд эрхийг олсон мэргэдэд

Уршигт орчлонд оюуныг буцаасан тул

Улам цаашлан гэм нисваанис хорогдсоор

Удалгүй хамаг гэмүүд аяндаа барагдмой.

Элдэв жаргал зовлон хоол хувцасны тухайд бус

Эгэл бусдын элэглэх, үл элэглэхийг

Эс тоон дээрдэн доордон хувирах тэргүүтэн

Эдгээрт горилох бүхнийг ёзоороос нь буцаана.

Өглөг өгөх, мөргөл, тахил тарнийг урих ба

Өлзийт ном номлон, хэлэлцэн үүнийг үйлдвээс

Өргөл хүндлэл, нэр алдар ирэх гэх зэрэг

Өөдгүй муу бодол бүхэн аяндаа буцна.

Орчлонгийн шуналын эрхэнд урваваас

Орчлонг гэмтэй гэж эс үзэх тул

Одоо зүрхнээсээ дээдийн номыг үйлдэхийг

Олох үе түүнд хэзээ ч байхгүй.

Нирвааныг хүсэх, оюуныг ч төрүүлж чадахгүй

Нэрвэгдсэн зовлонт амьтанд ч нигүүлсэл өчүүхэн

Нэгэнт ингэвэл бодь сэтгэл үгийн төдий одно

Нийт эрдэм бүхэн нэрийн төдий болно.

Тэнгэрийн орны баялаг хотол чуулганыг

Тэсэшгүй тамын гал лугаа адил гэж

Харж үзэж гансарсан мэргэдэд

Хамаг эрдэм бүхэн гарын үзүүрт ирнэ.

Аливаа эрдэм бүхний суурь болдог

Авралыг одуулах итгэл лавтай төрөх нь ч

Муу заяаны орон, тэнгэр хүмүний гэмэнд

Магад уйссан сэтгэл баттайн хойноос дагана

Баттай магад гарах сэтгэлээр эзлэгдвээс

Баялаг тэнгэрийн зуун амтат идээ

Буман лан алтны үнэтэй хувцсыг эдлэвч

Бусад хийгээд өөрийг буян хураах арга болгодог

Элдэв хүслийг улам арвижуулан үйлдэгч

Энэ ертөнцийн эд баялаг бүхний

Эвдрэх мөнх бусын гэм эрүүг санахад

Эрхгүй магад гарахыг арвижуулахын уг

Магад гарахын сэтгэлийг шалтгаанд үйлдвээс

Машид гурван санваарын сургаал төрнө

Сайтар түүнийг ёсчлон сахиваас

Саарч алмайтахгүйн самади бясалгал гарна.

Түүнд дулдуйдан гурван хөлгийн эрдэм төрнө

Тийм учир уйтгарын их багаар

Үзэгдэл шуналын будуүн нарийнийг доройтуулж

Үзтэл дотоод их бага эрдмууд төрнө

Орчлонгийн амгаланд шунасан оюунаар

Oёоргүй орчлонд дахин дахин төрнө

Одоо түүнд шуналыг буцаан эс үйлдвээс

Очих нирвааны түүдэг холдон өнхөрнө.

Тэгэхлээр магад гарахуйн эрхэнд болсон мэргэдэд

Тоолшгүй галавт сонсохуйяа бэрх

Ханьцашгүй амгаланг өгөгч нирвааны балгад

Харин хөлийн дэргэд байх болдог.

Орчлонгийн хотол чуулганыг зэгс мэт

Онож үзэх гансрах сэтгэл хүчтэй аваас

Аливаа хүсэл юунд ч эс шунах тул

Ажил юу үйлдэвч нирвааны угт оддог

Сайхь орчлонгийн баялагт шунагч нар

Сансарын үзүүр хүртэл дээш одовч

Сая хүч нь барагдан дахин унах нь

Сайтар магад гарах сэтгэл үгүйгээс уршигджээ.

Эвдрэх учраас мөнх бусын авиртай тул

Элдэв зовлонгийн эрхэнд учир энэ мэтийг

Эргэцүүлэн сайтар санаваас сэтгэл уйдах

Энэ нь бурхны шашны үлэмж ялгаа юм.

Туулагсан Бурхан бээр магад гарахыг шүтэхийг

Тус амгалан бүхний суурьт болгоогоод

Тууштай хаан төрийг тэвчин

Тэрхүү магад гарахыг шавь нартаа үзүүлсэн.

Энэ орчлонгоос гагц магад гарах сэтгэлээр ч

Элдэв нисваанис бүгдийг номхотгоно гэж

Олон бурхад нэгэн дуугаар зарлигласан

Онолт мэргэн шидтэн нар олонтаа сайшаасан

Ер буян ном тоолшгүй олон боловч

Ертөнцийн юунд ч уйтгарыг амссанаар

Тонилохуйн хөрөнгийг тавьж чадах

Тоймтой магад гарах мэт их хүчин чухаг

Өөрийн дураар орчлонд хаан үйлддэг

Өөдгүй цувиралт бие хэлний үйлэнд ч

Сайтар магад гарах аргаар эзлэгдвэл

Сайн нирвааны хувь зохицуу буян болно

Их хөлгөнд магад гарахаар татагдан

Их нигүүлслийн сэтгэлийг төрүүлдэг

Итгэлт Бурхан хэмээхүйн их дуу ч

Ингэж магад гарах сэтгэлийг дагасан мөн.

Хүсэлт орчлонгоос магад гарах, болион мэдэл нь

Хатуужил бэрхшээлийг шүтэгч бүгдийн туйл

Хамаг эрдэм бүгдийг удирдан хөтлөж

Хөлөг гурван мөрийн суурийг босгодог.

Түүнд тэвчил онолын эрдэм бүгд

Түүнээс гарах учир шалтгаан бүрдсэн учраас

Ахих газар хийгээд мөрийн эрдэм бүгд

Алин түүний сэтгэлд төвөггүй цуглардаг.

Ханан мэдэл магад гарахуйн чимгээр хээлвээс

Хуучин муу элэнхий хувцасны дотор байвч

Хүсэлт тэнгэрийн охины үзэсгэлэнгээр

Хувь зууд ч үлгэрлэн жишиж үл чадна

Тэр адилын авир төрхөт чимэг төгс бөгөөс

Төвөггүй бүгдээр үзэж харсан төдийгөөр

Үлэмж дээд сүжгээр дахин мөргөн

Үзтэл амьтан бүхний оройн чимэг болдог

Олз хийгээд ергал хүндлэлээр сэтгэлийг залхаан

Одоо юу адил ямар мэт тэвчих мэт

Онож тэр адил тэр мэт түүнд сөгдөх нь

Онцгой магад гарах сэтгэлийн хүч

Нийт орчлонгийн зовлон хийгээд

Нэн ялангуяа муу заяаны зовлонд

Буцаж тэсэшгүй магад гарах тэр

Буяны найруулгын анхны сануулга мөн

Энэ хойдын үзэгдэл шуналын эрхэнд орж

Элдэв хилэнцийн үйлэнд орогч нар

Түүнээс бодтой авран зохиодог

Тэрхүү магад гарах сэтгэлд итгэмой.

Орчлонгийн зовлонгийн далайгаас

Олон амьтныг бодтой татаж

Орох нирвааны амгаланд учруулагч

Онцгой магад гарах сэтгэлээр авран соёрхо!

Зүрхнээсээ нирвааныг чухалчлагч нар

Зүрхэн шим үгүй энэ орчлонд

Авах шимэнд шуналыг тэвчих мөрийг

Анхаарах зүрхэн гэж магад гарахыг шүтэн үйлд

Үүнд сайн шамдалын гэрэл гэгээнээр

Үзэгдэлд шуналаар нүдэн балайтагч нар

Үзэгдэл шуналын хөлхийг сайтар арилгаж

Үзэгдэлгүй номонд орох болтугай .

Орчлонд тэнсэн амьтан бүхэн

Орчлонгоос магад гарах уйтгараар

Орчлонгийн уйтгарт хоригийг гүйцэх мэдээд

Орчлонгийн хязгаараас тонилох болтугай .

 

Дайчин вангийн Дандар Агримба /1835-1916/

Түвд хэлнээс оруулсан Ш Сонинбаяр