8 Манал

Манал

Гандантэгчэнлин хийдийн цогчэн хурлын лам Б. Сүх-Эрдэнэ – Хураангуй Манал. 2020.05.01.

Манал бурхныг шүтвээс өвчин зовлонгүй, эрүүл энх байлгах болой.

Оточ Маналын судар.

Би ийнхүү сонссон билээ. Тэр нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан багш олон төрөлтнийг гаслангийн далайгаас гэтэлгэхийн тухайд газар сайгүй морилон явсаар Вайшали хэмээх оронд ирээд эгшиглэнт найлзуур бүхий ойд суув. Түүний дэргэд олон мянган хувраг шавь, бодьсадва нар болоод хүн хийгээд хүн бус төрөлтөн хуран чуулж ариун номыг сонсов. Тэр үед Манзушри бодьсадва Бурхан багшийн адислалаар суудлаасаа босож гүн бишрэлээр мөргөл үйлдэн, алга хавсран залбираад:
– Ялж төгс нөгчсөн багш минь ээ, туулсан бурхдын урьд авсан тангараг сахил, ерөөл үйлсийн гайхамшигт жишээг бидэнд айлдана уу. Тэр тухай сонссон бүхний үйлийн буртаг, нисванисын гэм ариусч, гэгээрлийн замд орох нь лавтай. Хамаг төрөлтөнд тус болж, баяр баясгалангийн гэгээг хайрлан соёрх гэхэд Бурхан багш Манзушри бодьсадвад ийн айлдав:
– Зөөлөн эгшигт минь, энэ ертөнцийн орноос зүүн зүгт Ганга мөрний хумхийн тоотон бурхдын орны тэртээд Ариун биндэрьяа хэмээх ертөнц оршдог. Тэр орны эзэн бурхныг Төгс туулсан Биндэрьяа эрдэнийн гэрэлт Отчийн хаан гэдэг. Тэрээр хамаг ертөнцийг нэвт тольдогч хязгааргүй эрдэм билиг, рид хувилгаан төгөлдөр тэнгэр хийгээд хүмүүн төрөлтний багш билээ.
Биндэрьяа гэрэлт бурхан тэрээр гэгээн хутгийг олохын урьд бодь мөрөөр замнах үедээ хамаг амьтныг хязгааргүй их хайрлан нигүүлсэх сэтгэлээр арван хоёр гайхамшигт ам тангараг авчээ. Тэдгээрийн утгыг хураан хэлбэл:
“Хэзээ би вээр бодь хутгийг олж, төгс гэгээрэх тэр цагт бие эрхтэн тахир дутуу, сохор дүлий, зүс царай муу, билиг оюун хомсоос болж зовж шаналж яваа төрөлтөн бүхэн миний нэрийг сонссон төдийгөөр бие эрхтэн бүрэн бүтэн болж, гоо сайхан, билиг ухаан төгөлдөр болтугай.
Хэзээ би вээр бодь хутгийг олох тэр цагт асарч сувилах амраг садангүй, ачилж анагаах эмч оточгүй, эм тан авах эд мөнгөгүй өвдөж зовж яваа бүхэн миний нэрийг дуулсан төдийгөөр өмөг түшигтэй учирч, элбэг хангалуун, энх эсэн жаргах болтугай.
Хэзээ би вээр бодь хутгийг олох тэр цагт бие, сэтгэлийн түмэн зүйлийн өвчин зовлонд нэрвэгдсэн төрөлтөн бүхэн миний нэрийг сонссон төдийгөөр өвчин эвэршээл бүхэн нь үлдэгдэлгүй илаарших болтугай.
Хэзээ би вээр бодь хутгийг олсон тэр цагт муу заяанд унасан хийгээд унах аюулд орсон бүхэн миний нэрийг сонссон төдийгөөр үйл түйтгэрээс салж, үнэний мөрөөр ариусан цэнгэх болтугай.”
Биндэрьяа гэрэлт бурхныг төгс гэгээрэлд хүрэх үед урьдын ам тангараг, шүтэн барилдлагын хүчээр түмэн зүйлийн өвчин зовлонд шаналж буй төрөлтөн бүхэн нүдний нь өмнө илт тодорчээ. Халуун, хүйтэн, хурмал, тархмал элдэв өвчин, махбодын хямрал, сэтгэлийн зовиур, хараал жатга, ад зэтгэрийн хорлол, хилэнцэт үйлийн үрээр үүдсэн түмэн өвчнөөр зарим нь эхийн хэвлийд, зарим нь дөнгөж төрөөд, зарим нь идэр ахуйдаа, зарим нь өтөл насандаа өвдөж шаналж, үхэж үрэгдэж буйг болгоов. Амь биеийн чагтага аймшигт өвдөлтөөр арайхийн мултравч муу үйлийн эрхээр муу заяаны ангалд хийсэн одохыг хараад өрөвдөн хайлж, “Хамаг төрөлтний өвчин зовлонг арилгахуй” нэрт самадид тэгш оршив. Бясалгалд орсон даруйд биеийн шар үсний нүх бүрээс нь цаглашгүй гэрэл цацарч эхэлжээ. Тэрхүү гэрлийн цацрал дундаас нэгэн гайхамшигт тарнийн эгшиглэн дуурьсаж гэнэ.
Намо бага вадэ бэханзэ гүрү бэндүрьяа брава разаяа. Дата гада яа архадэ самъяаг сам будда яа. Дадъяата. Ум бэханзэ бэханзэ Маха бэханзэ раза самуд гадэ суухаа.
Энэхүү тарнийн эрчис долгион хязгааргүй ертөнцөд түгж, олон төрөлтний өвчин зовлонг анагаан илааршуулж, амар амгалангийн цогийг соёрхох болжээ. Отчийн хаан бурхны энэ тарнийг бодь сэтгэлээр хоол, унд, эм тан уруу шившин уншаад өгвөл аливаа өвчтөний өвчин шаналгаа амарлих болно. Биндэръяа эрдэнийн гэрэлт бурхныг зүрхэндээ санан, энэ тарнийг урин уншваас тэр хүний санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ. Тийнхүү бясалгагч хүний насан хутаг, буян заяа дэгжиж, хэзээ нөгчсөн үедээ Биндэрьяа эрдэнийн гэрэлт оронд мэндэлнэ. Тэрээр эргэж буцалтгүй бодь мөрөөр дэвшиж, төгс гэгээрэлд хүрнэ.
Аливаа өглөгийн дээд нь номын өглөг болой.
Амт шимийн дээд нь үнэний амт шим болой.
Амар жаргалын дээд нь гэгээрлийн жаргалан бөлгөө.
Атгаг шуналаас ангижрах нь ашдын амарлил бөлгөө.
Ялж төгс нөгчсөн багшийг тийнхүү айлдахад Зөөлөн эгшигт бодьсадва тэргүүтэн хотол олноор даган баясч, гүн утгын зарлиг дор бишрэн сүсэглэвэй.
Түвд хэлнээс орчуулсан П.Бадрал

 

 

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Найман Маналын магтаал.

Алтан өнгөт, авралыг өгөгчийн чагжаатай
Найман ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Бусдаар үл чадагдах орны цог болсон
Сайн-Алдар Огоот дуурсгагч цог дор мөргөмүй.
Алдрын цэцэг дэлгэрээд асар арилсан дор
Лагшин найргийн үр бүрдсэн үзэсгэлэнт лагшинтай
Алин бээр үзэн сонсоод дурдахуйн цог болсон
Сайн-Алдар Огоот дуурсгагч цог дор мөргөмүй.
Лагшингийн өнгө шар, дээдийг өгөгчийн чагжаатай
Найман ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Эрдэнэ төгссөн орны цог болсон
Эрдэнэ сараны өлмий дор мөргөмүй.
Эрдэнэ, саран хийгээд лянхуагаар сайтар чимээд
Мэдэгдэхүүн бүхэн дор мэргэний айлдал дэлгэрсэн
Далай мэт гүнзгий тааллыг эрхшээгч
Дуун-Эгшигийн хааны өлмий дор мөргөмүй.
Замбуун алтан мэт, номыг үзүүлэгчийн чагжаатай
Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Хүжсээр огоот дүүрсэн орны цог болсон
Сайн-Алтан Хиргүй үзэгдэл дор мөргөмүй.
Замбу мөрний алт мэт гялалзсан өнгөт
Мянган нарнаас ч үлэмж сүр жавхланг бадруулагч
Хир үгүй алтан суварга мэт лагшинтай
Сайн-Алтан Хиргүй үзэгдэл дор мөргөмүй.
Лагшингийн өнгө улаан цайвар, тэгш агуулсан чагжаатай
Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Гаслангүйн орны цог болсон
Гаслан-Үгүй Дээд цог дор мөргөмүй.
Гаслангаас нөгчсөн, амарлингуй, дээд амгаланг эрхшээгч
Амьтны гурван хорын зовлонг амирлуулаад
Зургаан зүйл амьтны итгэл хийгээд цог болсон
Гаслан-Үгүй Дээд цог дор мөргөмүй.
Лагшингийн өнгө цагаан улаан, ном үзүүлэгчийн чагжаатай
Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Номын дуаз орны дээд болсон
Номын-Алдар Далайн эгшиг дор мөргөмүй.
Номын их дуугаар чандын эсэргүүцлийг дарагч
Далай мэт гүнзгий зарлигийг эрхшээгээд
Амьтны зовлонг хоцроолгүй амирлуулан зохиогч
Номын-Алдар Далайн эгшиг дор мөргөмүй.
Шүрийн өнгөт, дээдийг өгөгчийн чагжаатай
Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Эрдэнэ далайн орны цог болсон
Илэрхий-Айлдагч хаан түүн дор мөргөмүй.
Гүнзгий номын оюун үлэхүйеэ бэрхийн тааллаар
Асар арилсан номын төв дор цэнгэн зохиогоод
Хоцроолгүй мэдэгдэхүүнийг илт болгоогч
Илэрхий-Айлдагч хаан түүн дор мөргөмүй.
Лагшингийн өнгө хөх, дээдийг өгөгчийн чагжаатай
Арван хоёр ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант
Биндэръяан гэрэлт орны цог болсон
Отчийн хаан түүн дор мөргөмүй.
Бүхнээ тэгш нигүүлсэгч Ялж төгс нөгчсөн
Нэрийн төдийг нь сонсвоос муу заяаны зовлон арилагч
Гурван хорын өвчнийг арилгагч Манла бурхан
Биндэръяа-Эрдэнийн гэрэлт дор мөргөмүй.
Алтан өнгөт, газар дарагчийн чагжаатай
Тансаг нигүүлсэхүйт их хичээнгүйн хүчээр
Үл алзагч ертөнцийн орны цог болсон
Дээд удирдагч Шагжаан охь дор мөргөмүй.
Мэргэн арга нигүүлсэхүйгээр Шагжаан язгуурт мэндлээд
Бусдаар үл чадагдан, шулмасын өмгийг дарагч
Алтан Сүмбэр уул мэт жавхлант лагшинтай
Шагжаан хаан түүн дор мөргөмүй.
Гэмээр эс хиртсэн лагшингийн өнгө цагаан
Туулсан бурхнаар тэргүүндээ чимэгт
Нигүүлсэхүй мэлмийгээр амьтнаа болгоогч
Нүдээр-Үзэгч дор өчирлөгийг талбимуй.
“Ум Мани Бадмэ Хум”
Буян үүгээр түргэнээ би
Эрхэт Нүдээр-Үзэгчийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амирлаад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf