Баянговь сумын Манхан толгой

Манахангийн сан хийгээд Нутгийн эзний зоог өргөх ёсон оршвой

Ламын гэгээний хошуу нутгийн гол тахилгат Их Богд хайрхны баруун урд хэсэгт одоогийн Баянговь сумын нутагт “Өврийн багш” хэмээн алдаршсан Жамбалзундуй хувилгааны байгуулж асан хийдийн туурь байдаг билээ. Түүний хойд хэсэгт Манхан хэмээх жижиг толгой байх бөгөөд энэхүү толгойг тахихдаа “Манахангийн сан хийгээд шивдаг дорма оршвой” хэмээх эл судрыг Жамбалзундуй хувилгааны босгосон овоон дээрээс уншдаг, энэ үеэр бөх барилдуулж, морь уралдуулж тахидаг байжээ. Тус сударт үндэс язгуурын лам хийгээд бурхад, хурмаст тэнгэр, газар лусын эздийг урин залж, тахил зоогийг өргөн Эсрүн тэнгэр, догшин лусын найман аймаг, наран, саран, гүйгч одод, Сүмбэр уул, дөрвөн тив тэргүүтэн газар дэлхийн чуулган, сүн далай тэргүүтэн усан мөрөн бүхнийг ариусган сагнаж хүсэл хэргээ даатгажээ. Мөн нэг сонирхолтой тал нь гур гөрөөс янгир ямаа, зэрлэг гахай, аргаль, тахь, хулан, халиу, тарвага сэлт үй олон гөрөөсдийн хишиг буян хийгээд барс, ирвэс, өтөг шилүүс, үнэг, чоно тэргүүтэн араатан амьтад, хачир тас, хон хэрээ, харцага зэрэг жигүүртэн шувуудын хишиг буяныг хурайлан дуудаж, олз омгийг арвин ихээр олохоор даатгал өргөж буйгаас анчин хүнд зориулагдсан ангийн сан болох нь харагдаж байна. Эцэст нь нутгийн эзэнд дором зоогийг өргөн аргадаж, энэ бүхий тахилыг тэнгэр лус, бүднэр ба ягчис бирд тэргүүтэн дорд ертөнцийнхөн баясан зооглож, ундууцан хилэгнэл үгүй, харшлах барцад саад бүхнийг арилган, санасан хэргийг бүтээж, хүмүүн, малын элдэв өвчин, гарз, гарлага, араатны аюул хөнөөл эс гарахын өлзий хутгийг оршоон зохиохыг соёрхон хүсчээ. Эл судрыг Жавзандамба зохион найруулвай хэмээсэн байна.
Судрын орчуулга
Намо гүрү яа. Лам дор мөргөмой.
Аврал одуулах сэтгэл үүсгэж, цаглашгүй дөрвийг бясалга.
Амрида-гаар ариусга. Сувава-гаар судал.
Хоосон чанарт боллоо. Хоосны агаараас сангийн эд хотол төгс чуулган огторгуйн хязгаар лугаа сацуу дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүйн хүслийн эрдэм төгс огторгуй, газар, ус, лус лугаа дүүрэн хангах болов.
Ум Аа Хум. 3 удаа өгүүл.
Үндэс язгуурын бурхад егүзэр хийгээд
Өндөр дээд хөх огторгуйд орших
Хурмаст тэргүүтэн тэнгэрийн чуулган ба
Хамаг доод лус, газрын эзэд дор
Хэтэрхийеэ тансаг дээжсийг өргөх ану.
Цагаан идээ гурван амттаны дээжээр тахия
Цаглаш үгүй их хишгийг хайрлан соёрх.
Тэнгэрийн эрхэт хүчир их Манахан
Тэнгэрийн чуулганы цагаан зүгийг тэтгэгчин ба
Хүчин төгс найман аймаг тэргүүтэн
Хөвчин дэлхийн олон гөрөөдийн эзэн хийгээд
Сац өөрийн нутгийн эзэн нугууд дор
Соёрхол талбимуй, дурдах болой, үл алгасрагтун.
Талхадмал идээний элдэв дээжис хийгээд
Тараг, сүү, умдааны дээдээр тахия
Гурван цагаан гурван амттаны дээжсээр тахиж
Гайхамшигт элдэв анхилаг утлагаар ариусгая.
Тахих болой, тахих болой хүчтэнг тахия
Таалан болгоож, миний хүссэнийг ханган зохио.
Хэмжээлшгүй цагаан буяныг над дор хайрла
Хүссэн гөрөөст бүхнийг над дор хайрла
Хамаг их олзыг ихээр олох болтугай.
Ирэхүйд өмнөөс угтлагаар өршөөн соёрх
Явахуйд араас дагасаар хайрлан соёрх .
Эх мэт асран нигүүлсэх хийгээд
Эцэг мэт даган тэтгэж зохио.
Элдэвлэж алгасрал үгүй нөхөрлөн зохиогтун.
Эрхэт тэнгэр нугуудын их хүчит Манахан
Цагаан зүгийг тэтгэгч ба Эсрүа тэнгэр
Цог хүчин төгс хилэнт найман аймаг
Догшин лус, газрын эзэн, замын тэнгэр ба
Дөрвөн замын уулзвар салаанд оршигчид хийгээд
Уул хад, ой шугуй, чулуу, ус төгөлдөр
Усны нүдэн булаг, худагт оршигч нугууд
Элдэв идээний дээжийг зооглон таалснаар
Эрхэмлэн миний хүссэнийг бүтээн зохио
Юу санасныг хоцроолгүй ханган зохио
Олзны ихээр огоот ханган зохио
Есөн хүслийг ихээр ханган зохио
Олзны ихийг энд урин ирүүлэгтүн.
Ашид миний сэтгэлийг хоосролгүй хангагтун.
Амьтан бүхний зовлон зүдгүүр хийгээд
Аливаа өлссөн бүхнийг ханган зохио
Ангаж умдаассан бүхнийг тэтгэн зохио.
Хүсэж горилсон бүхний эгээрлийг ханган
Хамаг бүхэн хурсаар өлзий хутаг дэлгэртүгэй.
Аяа. Эсрүн хурмаст тэргүүтэн
Ариун тэнгэрийн чуулган бүхнийг санная.
Догшин их Гаабо, Жогба тэргүүтэн
Доор лусын чуулган бүхнийг сагная.
Гэгээн наран, гиймэл саран тэргүүтэн
Гүйгч оддын чуулган бүхнийг сагная.
Сүмбэр уул дөрвөн тив тэргүүтэн
Газар дэлхийн чуулган бүхнийг сагная.
Сүн далай тэргүүтэн гадаад их усан сан
Гол мөрний чуулган бүхнийг сагная.
Аяа. Данагошагийн аймаг улсаас
Авралын орон Бадамжунай тэргүүтэн
Сэлбэрүүлэгч цэцэглэгийн үхээрийн орноос
Сайн цогт Бадамсамбава хийгээд Бадамвхадра тэргүүтэн
Сэтгэл аглаг нууц тарничин бүхнийг сагная.
Хятадын чуулган нугуудын орон байгууламжаас
Газрыг тэтгэгч хаан нөхөр сэлтийг сагная
Гэтэлгэгч богд Манзушир нөхөр сэлтийг сагная.
Алимад гөрөөсдийн эзэн Манахан дор
Ариусгал тахил агуу их үүнийг өргөмүй.
Амтлан зооглосноор өглөгийн эзэн олны
Аливаа есөн хүслийн горилыг ханган зохио
Алтарч үзэгдэх хүчир их Манахан
Ариусгал тахил агуу их үүнийг өргөснийг
Амтлан зооглосноор өглөгийн эзэн олны
Аливаа есөн хүслийн горилыг ханган зохио.
Асрал мөнгөн эмт хүчир их Манахан
Ариусгал тахил агуу их үүнийг өргөснийг
Амтлан зооглосноор өглөгийн эзэн олны
Аливаа есөн хүслийн горилыг ханган зохио.
Ариун үндэсний эзэн хүчир их Манахан
Хум. Тахилын орон ялгуусан бүхэн хийгээд
Тэнгэр хийгээд нөхөр лугаа сэлтээр
Эгүүнээ өглөгийн эзэн залран соёрх.
Эрхэт ялгуусан лусын хаан нөхөр сэлт дор
Эгүүнээ өглөгийн эзэн өөдлөн залрах дор
Энэхүү тахилыг Ха хи соёрх
Нутаг орон, суурин, шороо, ус төгөлдөр
Нөхөр лугаа сэлт өглөгийн эзэн дор
Энэхүү тахилыг Ха хи соёрх
Элдэв зүсний зүг бүрэн төгссөн
Орон зүг бүрийд идээшлэх олон гөрөөс ба
Олз хишгийг дуудан үүнээ ирүүл.
Асар тэнгэр бүхнээ тулцсан даваа тэргүүтэн
Алт мөнгө биет Манханг магтая.
Хамаг гөрөөсдийн олз хишгийг дуудъя
Хамаг лусын хаан нөхөр сэлтээс
Хамаг гөрөөсдийн олз хишгийг дуудъя
Хамаг нутаг орон суурин болоод
Онцолж би тэргүүтэн нөхөр лугаа сэлтээр
Олон их гөрөөсдийн олз хишгийг дуудъя
Уул, ус, хад, мод, чулуу төгссөн
Хөх усан мөрөн бүхэн хоржигнон урссан
Хөндий тал, жалга сархиаг, уулс төгөлдөр хосолсон
Харьяат нутаг орон дор аврал одуулмой.
Хаяарах гөрөөсийн олз хишиг үүнээ иртүгэй
Өгүүлшгүй орны хишиг тасралт үгүй иртүгэй.
Өчүүхэн гадна орших хамаг гөрөөд хийгээд
Алт мөнгөн биет Манханг магтая
Аливаа гөрөөс бүхний хишгийг дуудан ирүүлмүй
Өндөр язгуурын уул, найлзуур модон ба
Бурмын модны эзэн, хаан, нөхөр лугаа сэлт
Өнөр олон гөрөөсдийн эзэн таныг магтаж
Буга гөрөөд сүрэг олны хишгийг дуудъя
Гур гөрөөс, янгир ямаа, зэрлэг гахайн хишгийг дуудъя
Аргаль, угалз уулын илжиг, оронгын хишгийг дуудъя.
Асар олон гөрөөсдийн эзэн хийгээд
Алт мөнгөн биет Манханг магтаж
Тарвага, халиу сэлтийн хишиг буяныг дуудъя
Тахь, хулан хийгээд сарлаг гөрөөсний хишгийг дуудъя
Хамаг олон гөрөөсийг над дор хайрлаж
Ханган давхарлан бүтээж, хойшид гэрийг үргэлж дүүргэ.
Шар өтөг, барс, ирвэсийн хишгийг хурайлан дуудъя
Шилүүс хийгээд чонын хишгийг хурайлан дуудъя
Үнэг хийгээд араатан амьтдын хишгийг хурайлан дуудъя
Хон хэрээ, хачир тас, харцагын хишиг үүнээ ирэгтүн
Үй олон гөрөөсдийн олз хишиг ирэгтүн
Алт мөнгөн биет Манханг магтмуй
Аливаа гөрөөсдийн олз хишгийг ирүүлэн соёрх
Олон тэнгэр хийгээд нөхөр чуулган сэлт
Омогт лусын хаан орон сууринд ариунаар оршиж
Аливаа гөрөөсдийн эзэн нөхөр сэлтээр төгөлдөр болоод
Амны идээ хоногийн өглөгийг хүртээн соёрх.
Алимад гөрөөчин бээр олзын хишгийг хурайлан дуудах дор
Ашид дөрвөн хөлт гөрөөсдийн хишиг буяныг оршоон тогтоо
Асар ихийг олох олзны хишгийг оршоон тогтоо.
Хэмээх үүнийг Жавзандамба зохион номловой. Тэндээс Шивдагдорма өргөх хэрэгтэйг номлосон болой.
Хум. Машид гайхамшиг зохиомжит эрдэнийн уужим саванд
Ханьцашгүй зуун амтын шим хуран уйлгалсан сүүн зоогийг
Цувирал үгүй бэлгэ билгийн рашаанд адистидлаад
Цогт ялгуусан их Юлхорсрүн, Пагжэйбу хийгээд
Жанмисан, Намтойсрай тэргүүтэн дөрвөн махаранз
Газрын охин тэнгэр тэргүүтэн гурван мянган шивдаг
Ялангуяа би бээр энэ өдөр заларсан
Газрын хувь үүнээ оршигч тэнгэр лус, бүднэр ба
Ягчис хортон, бирд тэргүүтэн дорд ертөнц бүхэнд
Өргөн тахисан үүнийг зооглосноор ба бүрнээр
Үйл үйлдвэр сайн муу алин юуг үйлдэвч
Онцолж ялангуяа ном төгс миний үйл дор
Ундууцан атаархаж үл болохыг үйлдэгч
Санасан хэрэг бүхнийг сэтгэлчлэн бүтээх дор садаглах
Санаа учрал муут хилэнцийн нөхөр тэргүүтэн
Саар харшлах нөхцөл, барцдын зүгийг буцаан зохио.
Ном, эд, яс үндэс гурвын үүднээс бидэн лүгээ
Насад барилдлага талбисан өглөгийн эзэн тэдгээрийн
Элдэв өвчин ад, гай барцад, дайсан тотгорын язгуур
Эд малын гарлага, араатны хорлол тэргүүтэн
Эс зохилдох муу нөхцлийг үгүй болгон соёрх.
Эгнэгт нас хийгээд буян хишгийн цог учрал тэргүүтэн
Эрхэм зохилдох нөхцөл сэтгэлчлэн бүтэхийн үйлсийг зохио.
Тийнхүү санасан миний санааны хүч хийгээд
Түүнчлэн ажирсаны сайхи өглөгийн хүчин ба
Ханьцашгүй номын чанарын хүчин нугуудын
Хүч хийгээд алин арилсан санаа бүхэн
Тэдгээр хамаг алин зохист язгуур дор
Түдэл үгүй эдүгээ түргэнээр гарах болтугай.
Өлзий хутаг сайн буян дэлгэрэх болтугай
Сарва манга лам. Буян болтугай.