Зонхова Зонхов

Мэгзэм, түүний утга учир, үүсэл гарал, ач тус

Гандантэгчэнлин хийд Жүд дацангийн лам Г. Отгонмандах – Мэгзэм

Мэгзэм (төвдөөр)

Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв

Мэгзэм (монголоор)

Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдалын эрхэт Манзушри
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

Мэгзэмийн утга учир
Мэгзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурхны эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадлыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

Мэгзэмийн үүсэл гарал
Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мэгзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушри Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мэгзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушри бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.

Мэгзэмийн ач тус
Мэгзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой.
Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.
Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.
Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.
Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.
Даруйд нас урт, өвчин үгүй болно.
Буян ихэд арвижна.
Гадна дотны барцадаар үл чадагдана.
Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ.
Мэсийн хорлолоор үл чадагдана.
Нэгэн насандаа бурхны хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй.