Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Монгол орны тэнгэр, дэлхийн эздэд өргөх сан тахилын судар оршвой

Халхын тавдугаар богд Лувсанчүлтимжигмэддамбийжанцан дээдсийн зарлигласны дагуу Бичээч цорж Агваандорж Монгол хэлээр айлдан зохиосон ба тухайн үедээ орон даяар төдийлөн дэлгэрээгүй бөгөөд хожим Их хүрээнд гэнэтийн өвчин тахал гарах үед наймдугаар богд Агваанлувсанчойжинямданзанванчүг бээр миний урьд дүрийн Агваан нэрт эрдэмт цоржийн айлдсан нэгэн сан буй, одоо түүнийг гаргаж Халх даяар түгээж дэлгэрүүл хэмээн зарлиглаж улмаар Богд гэгээний зохиол үйлс, энэхүү сангийн адис жинлаваар халдварт өвчин амирласан гэдэг.

Их хүрээний бичээч цорж Агваандоржийн айлдсан Монгол орны тэнгэр, дэлхийн эздэд өргөх сан оршвой…

Аяа,

Огоот арилсан номын чанараас үл хөдлөх

Очирваанийн их амгалан, бэлгэ билгийн асар цэнгэлд

Орчлонгийн хирээр эс холилдсон

Орд харшийн эн цар гурван мянган ертөнц багтах

Төдий элдвээр бүтсэний гэгээн завсарт туссаны өнгийн солонгол болж сүлжин татсаны огторгуйн болоод харшийн гадуур эргэн тойрон оюу маргадын өнгө төгөлдөр ууланд галбарваадун мод, зандан, агар тэргүүтэн сайхан дуут шувууд яруу дууг дуурсгаж магнаг торгоны хээ мэт элдэв навчис ийш тийшээ найгаж хийсэлцсэн, элдэв араатан гөрөөд тоглож наадсан, ангир, галуу, нугас цэнгэхүй, лянхуа гүргэм тэргүүтэн зүйл бүрийн цэцэг навч ургасан зүлэгт биндэръяа, сувдын өнгө төгөлдөр мөрөн гол гулгаран урссан, түүнд шүтсэн тэнгэр лус, хүн эдлэг малаар дүүрсний дунд эдгээр нэг бүрт таван хүсэл төгссөн тахилын оронд язгуур, үндэсний лам, ядам бурхдын чуулган, баатар дагинас, номын сахиулсан нөхөр сэлтийг орон үүнд урин залмуй.

Халх дөрвөн аймгийн шүтээн болсон газар ус, дэлхийн эзэд нийт хийгээд ялангуяа ба бүрэн манай нутаглах:

Сэтгэшгүй шидийг өршөөгч

Сэтгэлчлэн чандманийн Жинст зэс улаан

Шашныг хөгжүүлэгч Шагшаагийн улаан хамар

Шавир туруу, Шивээт олон булаг цугласан

Олны унд болсон Орхон мөрөн

Олон амьтанд онц рашааны

Охь болсон Онгийн гол

Баян төрийг өршөөгч

Балар шугуй модоор хувцасласан Баянзүрх

Бясалгалын орд болсон ахуй ба сал модот Баян-Улаан

Хөх биндэръяа өнгөт

Хөхөө шувуу донгодсон Гэзэг нуур

Цэцэг навчаар хүрээлсэн

Цэнгэхийн хурыг буулгагч Чингэлт

Цаг үргэлж цагаан идээгээр тэтгэгч

Цагаан лавай уул

Агаалим хурыг асгаруулан өршөөгч Авдрантай

Ариун бусыг ариулан тэтгэгч Арц

Бороо хурыг буулгагч Бор бургас

Олон рашааны бэлчир Олон түрүү

Тэнгэрээс хурыг буулган тэтгэгч Тээл

Цувж бэлчээрлэх малаар дүүрсэн Цуврайн гол

Замбал бурханы орд болсон Замбалын мод

Завсарын зэтгэрийг даран зайлуулан тэтгэгч Цахиурт

Хотлох хонины хишгийг өгөгч Хорхойт нуур

Хүн амьтныг ундлуулагч Хөтөл нуур

Галуу шувуу гайхамшигт дууг дуурсган

Ган зудыг арилгагч Галуут нуур

Самар жимсээр дэлгэрсэн

Самандабадрын тахил адил Самарт

Барагдашгүй буян хишгийг

Бах ханатал тэтгэгч Баянборх

Энх амар, жаргалангийн орон болсон Эмгэд

Эрсэн хүслийг ивээн хангагч

Эрх баялаг Индэрт

Найман зүгтээ найгасан

Навч цэцгээр навсалсан Нэчинбабий \ Навсалсан-Хувцасласан \

Жавхлант цогийг дэлгэрүүлэгч Жаргалант

Ундрах буяны хишгийг

Улам улам дэлгэрүүлэх Улаан чулуу

Өргөн ширэг зүлэг нь дэлгэрсэн

Өнгө бүрийн цэцэгээр чимсэн

Үхэр малын хишгийг өгөгч

Өвтийн гол, Өргөнт

Олон бурхан, бодьсадва чуулах

Амгаланг арвижуулагч Овоо

Улс орон нь хориг, түшиг болсон Улаан он

Ирмүүн дайсныг үл ирүүлэгч Яргайт

Тэнцэшгүй элдэв эрдэм, буян чуулсан Тэмээчийн булаг

Адуу малыг анхааран тэтгэгч Агуй цохиот

Эмгэг өвчнийг энх амар болгогч

Эмт ба халуун ус

Хум үсгээр хурагсдын гэмийг арилган тэтгэгч Хунт

Хүн амьтныг тэтгэн хөгжүүлэгч Хөшөөн чулуу

Бэх батыг бэхлэгч Бэрх уул

Хотол амьтныг очир мэт бататгагч Голын мөндөр

Цог жавхланг бадруулагч Цогцаа

Их буян чуулсан Их уул

Долоон эрдэнэ мэт шинж төгөлдөр Дллоод

Хээр тэргүүн хэтэрхий эрдэнэ бүрдсэн

Хишиг буяныг өгөгч Гэгээн эрдэнэ

Их буяныг түгээгч Их булаг

Амь насыг арвитгагч рашаанаар оргиж урссан Бумбат

Урт нас ба үргэлжийн буяныг удирдагч Уртын гол

Өргөн ширэгээр бүсэлсэн

Өлзийт хошуу

Өлөн турханыг арилгагч

Дээдсийн ном, шажныг дэлгэрүүлэн

Шавь нарын чуулганыг хөгжүүлэгч

Дэлгэрэх булаг

Өнө тарган, өег цатгаланг өршөөгч Өлзийт өндөр

Өтгөн их буян хишгийг өгөгч Өгөөмөр

Адуу малуудыг арвижуулагч

Агуужим тэнүүхэн Арвайн тал

Адуу малыг асран тэтгэгч

Араатны ах, арслан мэт Авзага хайрхан

Ноёд ихсийн шажин төрийг тэтгэгч

Номин эрдэнийн өнгөт Ноён Улх

Хамаг буян хишгийг хур мэт буулгагч Хар ус

Эрдэнийн хумх, эрдэм бүхнийг

Ивээн тэтгэгч Эрээнбум

Хонь малын хишиг тогтсон Хотон

Нарийн урьхан цэцэг

Найгаж дэлгэрсэн Нарийн хадат

Өсөх өвс ногоогоор

Үргэлжид дэлгэрсэн Үйзэн зодох

Цаг бусын зуд үл болох

Цагаан идээгээр цагц цэнгүүлэгч Цагаан билэг

Гадаадын харшийг халхлагч Гавцаагийн хяр

Буруу зүгийн дайсныг бусниулан дараад

Буян хишгийг хайрлагч Булган хадат уул

Шуурга цас үл орогч шугуй

Шагшуурга дэрсээр хувцасласан

Тэгнэлдэй Хөөвөрт нуур

Улс олны унд болсон

Ундрага ихт Улаан нуур

Ад тотгорыг арилгагч уул

Хонь малыг хослон тэтгэгч Хотгор

Үр төлийн малыг өсгөн дэлгэрүүлэгч Үнэгэд

Маргадын өнгөт зүлгээр бүсэлсэн

Мажир булга, Могой

Будаа мэт олон малаар дүүрсэн Булан худаг

Харш хүйтэнд хашаа нөмөр болсон

Хад цохиогоор хүрээлэгч Уушги

Бялхаж бялхах идээний буян хишгийг өгөгч Билгэх

Зуд турхан үл болох Зуддах

Цалин мөнгө мэт өнгөт

Цаг бүхнээ цатган тэтгэгч Цагаан ботго

Мөндөр мэт хонины хишгийг өгөгч Мөнх уул

Хамуу хорхой, хатайр тарчигаар цөлөлдсөн

Хамгийн тэжээл бүрдсэн Хаяа сайр, Гашуун

Дайсан нугуудыг даран үйлдээд

Даяарыг асран тэтгэгч Даяанч

Эргүү мунхагийг ивээн

Эрдэнэ хэлхсэн мэт Эрээн уул

Малын хишиг дэлгэрсэн

Маань раднаа мэт Мааньт

Одон мэт олон малаар дүүрсэн

Олон Гашуун ба Харгана сайр

Өтгөн их буяныг өгөгч Өнц ширээ

Будаа тариа мэт малыг өсгөгч

Булган дах өмссөн мэт бутаар бүчсэн Хонгор хайрханд

Их буян хурсан хурмастын цогийг өгөгч Хурмаст

Буян хишгийн сав болсон Боржигод

Түг түмний сэтгэлийг түвшитгөн хангагч Төгрөг

Аливаа малын хашаа болсон

Ад зэтгэрээр алдах сүйдэх гарзыг арилгагч Ахар захар

Хурмастын тэтгэмжээр эетэй

зөөлөн хурыг буулгагч Элгэн

биндэръяа мэт хүссэнийг гүйцэтгэгч Билгэх,

Бид Хөөвөр

Хортон дайсныг хог болгоч Хоромсого

Түмний тэжээл төмсөөр тэтгэгч Бувнай

Улс олны унд болсон Улаан худаг

Хур усыг асгаруулан оруулагч Хулгар жирэм, Хэлтгий

Цаг бусын цас зудыг арилгагч

Цагаан толгой, Цагаан хэдмэг

Өвчин тахалгүй, өнөн дэлгэрсэн Өрхтэй

Гай гарзыг гадагш хариулагч Хашаат

Горилсон сэтгэлийг хариулах Хотолын хоолой

Лусын хайраар лутад баяжуулагч Луугийн цагаан дэрс

Уртад дэлгэрэх буян хишгийн

Ундрах үүд болсон Улаан хацавч

Ар, өврийн ард олны

Адуу малыг арвитгагч Ар, Өвөр Уушги

Өргөн өтгөн буян нь өөдлүүлэн

Өнийг хадгалагч Өлзийт өөш

Шажин төрийг тэтгэгч Шаралдай хайрхан

Эрлийг хангагч элдэв эрдэнэ

Эм бүрдсэн Эрдэнийн дэвсэг

Бахтай баяр жаргалангийн орон Баяны ус

Нал эрдэнийн өнгөт тэмээгээр дүүрсэн Нагатай

Зээр мэт олон зээрд тэргүүтэн

Зүс бүрийн адуугаар дүүрсэн Зэгэстэй

Дурласан сэтгэлийг дутаалгүй гүйцэлдүүлэгч

Дулаан хар

Хортон араатныг холтгон тэтгэгч

Хонь малаар дүүрсэн Хоолт

Чоно хулгайгаар чөлөөдсөн

Чон чулуугаар бүчсэн Зост

Цээл ухаан, цэцэн билгийг

Царгүй мэдлээр цэнгүүлэгч Цэцэнийн Хөв

Оточ Маналын осүү цай, онц буян ерөөлөөр бүтсэн

Олиг өвчнийг арилгагч Хөөтийн рашаант Халуун ус

Энэ мэт эдгээр нэр алдар гарсан ба гараагүй уул, хяр хөвч, уужим тал, агуй асга, асгаран урсах мөрөн гол, адаг эхээс урссан булаг түрүү, нуур бүрд цөөрөм, нарийн шанд, намаг зүлэг, хавцал ганга, хавцгай харгуй зам, хад хөшөө, харгана бүйлс тэргүүтэн модны ой цэцэрлэг, худаг ус, тойром төхөм, дов сондуул, тохой булан, өл хөтөл даваа, өтөг бууц тэргүүтнээ агч цаглашгүй буяны цог жавхлан далай мэт ган сангаар цэнгэлэгсэн их рид хувилгаан аугаа хүчтэй энэ орны хүн малыг ивээн асрагч тэнгэр, лус найман аймаг, дэлхийн эзэд, хатад, агь нар, түшмэд бараадагчид цөмийг урин залмуй.

Баясгалангийн гэгээн байдлаар энд залран ажаамуу.

Өмнийн эрдэнийн орд харш, өргөө тал мэт уужмын дотор эрдэнийн суудал, торго магнаг, араатны арьсан олбог дэвсгэр, дээр амгалан сайхнаар тавлан суумуй. Бодитой бэлтгэсэн ба сэтгэлээр хувилгасан тарни, мутар, самади бээр рашаан болгон адисласан сүү, цай, айраг архи, тараг уураг, аарц өрөм, амтат жимс, мах татаж бэлдсэн, гурил тос тэргүүтэн элдэв идээний дээж зоог хуримыг өргөмүй. Торго магнагийн хувцад, элдэв олбог дэвсгэр, араатан гөрөөдын арьс, хадаг, торго магнаг, бөс хив тэргүүтэн эдлэлийг өргөмүй. Хуяг дуулга, буу жад, сэлэм тэргүүтэн мэсэс ба эрдэнэ, торгон чимэг, зэвсэг, байшин өргөө, элдэв эм үр, эрдэнийн санг өргөмүй. Агар, зандан, агь, ганга, арц тэргүүтэн элдэв сайн үнэртнийг багшруулан шатаасан утаан үүлээр аврал гурван эрдэнийг ариулан тахимуй.

Хамаг газар орон, дэлхийн дээд юугаан ариулмуй. Хамаг бузар, түйтгэр цөм арилах болтугай. Цөвүүн цагийн бид мунхаг сэтгэл, эндүү балмадын эрхээр хиншүү хярвас гаргасан, бузар буртаг тавьсан, шавьж хорхой, араатан гөрөөсийг хорлосон, газар усыг хөндсөн, мод огтолсон, чулуу ховхолсон, улай гаргасан, хэрэлдэн шуугилдсан, онго газарт буудал зассан, орноо тэнгэр дэлхийн эздийг эс хайхарсан, ач тусыг мартаж цаг цагт эс тахисан, цог жавхланг бадруулах ба газрын шим арвитгахын аргыг эс хичээсэн тэргүүтэн дэлхийн эздийн таалалд харшсан бүхнээ дуудан наминчилмуй.

Сайн журмыг гээх, муу овлолыг өрвөтгөх, амьтныг шоглон хорлох, дарлах, басах, хулгайлах, алдуулах, хуурах баширдах, хараах хагацалдуулах, өших, ховдоглох, үнэн ялдмыг сахихгүй, зөрүү гажууг хичээх тэргүүтэн дэлхийн эздийн таалалд харшилсан бүхнээ дуудан наминчилмуй.

Тэр мэт олон муу явдлыг өгүүлж гүйцэшгүй тул товчилбоос орны эздийн таалалд харшилсан ба сүр буяныг гутаасан мөн өөрийн заяа буяныг больдсон, орон дахинаа сайныг хомсдоон мууг элбэгшүүлэх зэрэг муу явдлаар явснаа цөмийг дуудан наминчилмуй.

Уучлан өршөө, хүлцмүү. Ивээгчид мину зээ. Мануу ийм олон муу явдал ба зарим тойдын, цалхай тэргүүлэгчдийн, зоримог ардын эндүүгийн цальдсаар дэлхий, газрын хишиг буурсан, цагийн байр урвасан, орон дэлхийн эздийн аугаа хүчин, сүр сүлдэнд гэм болсон цөм энэ ариуллаар ариудан сэлгэрэх болтугай.

Ертөнц даяар гүрний эзэн Эсрүн хурмаст нар ч Бурхан багшийн өмнө сүслэн сөгдсөн тул мөн дэлхийн эзэд таны авралын орон мөнийг тольдон бурхны шашныг хүндлэн сахиж богд дээдэс, лам нарын өлмийг бататгаж олон хуврагуудыг тэтгэн хөгжүүлмүй.

Манзушир богд эзэн болон хаад ноёдын өлмий бататган сүр жавхлан цогийг дэгжээн түгээмэл төрийг төвшитгөн энхжүүлмүй. Өглөгийн эзэд ба ману хүмүүн, малын эдлэлд хорлогч дайсан, хулгай дээрэм, хорхой шавьж, чоно араатны хөнөөлийг устгамуу.

Гай гамшиг, хэрүүл шуугиан, хэл ам, өвчин тахал бүгдийг зайлуулмуу.

Ширүүн хур, цас шуурга, хавсарга, ган зудын аюулгүй, өн өег, эвтэй тайвнаар амаржуулмуу.

Этгээдийн шоглол, бусдын муу санаа, гал түймэр, ус үер, цахилгаан аянга, луу унжих, газар долгисох тэргүүтэн лугаа бүү учруулмуу.

Он цаг тэгш, гэм үгүй, олз ашиг учрах, тариа өвс, бороо шимтэй эсэн энхээр жаргуулмуу.

Нас урт, цог жавхлан, хийморь дэлгэрэн хөвүүн шавь нараа олон ил далд, ихэс асран, сайн нөхөр лугаа учран аливаа санасныг дараа дараагаар гүйцэлдүүлмүү.

Орон нутагт өлзий хишиг тогтон олон ард шударга сэтгэлээр зохилдон, тэнүүн сэтгэлээр найралдан, баялаг элбэгээр цэнгэлдүүлмүү.

Тал дүүрэн адуу тэмээ, хот дүүрэн хонь үхрийн хишгийг өршөөмүү.

Барагдахгүй амны хишиг, буурахгүй заяа буяны хишгийг өршөөмүй.

Сууринд хүн, мал цөм амар мэнд, аяны явдалд дуулга мэт, явдал шулуухан, зорьсон хэрэг цөмийг гүйцэлдүүлмүү.

Бид өглөгийн эзэд, хүн мал, эдлэл цөмийг дэлхийн эзэд хайрханд даатгамуй.

Орилох дайсныг сөнөөн, хорлогч тотгодыг дармуу.

Үл чадахыг элбэн мэдэхгүйг сануулмуу.

Төөрөлдөхүйд газарчлан, ганцаардахуйд нөхөрлөмүү.

Дарлагдахуйд хөөрхийдэн, дийлдэхүйд хамгаалалцмуу.

Үнэн шударгыг хичээхүйд

Этгээд буруугаар зоримоглохыг

Өмнөөс угтаж хойноос даган сахимуу.

Гулзайсныг залж, тасарсныг залгаж

Унасаныг босгож мартсаныг сэнхрүүлмүй.

Алдсаныг олгож, айхуйд сахимуу

Өдөрт харуулдан, шөнө манан ивээмүү.

Эрхлэн хөнгөрөх гоморхох минь бус

Өөрийн чадал мөхөс

Эдүгээ энэ цагийн ард зөрүү гажуу хамаг хомс гагцхүү

Эгээрлийн газар ивээлт хайрхаддаа итгэн гуйн залбирах бөлгөө.

Тэнгэрийн нүдээр харж

Тэнгэрийн чихээр сонсож

Гэгээн толиор тольдож

Дүрвэхгүй рид хувилгаанаараа илт тэтгэмүү.

Ману үйлдэх үйл олон

Явдал авир бүдүүн

Далдыг мэдэхгүйн эрхээр

Газар ус, мод чулуу хөндөх, онгон газар хонох, үдлэх, бууц засах тэргүүтэн юуг ч үйлдэвч ундууцах, дамарлах, адгацах, тохуурхах, өшөөрхөх тэргүүтэн үгүй харин явдал хэрэгт минь дэмжмүү.

Эртнээс ивээн өршөөсөн ачийг ачлах ба өргөх зоог бэлэг эдгээрийг хүлээн авч хуримлан цэнгэж гуйн залбирсныг минь мөн ёсоор болгон зохиомуу.

Хамгийг айлдагч бурхны зарлигт:

Хилэнц юуг ч бүү үйлд

Буяныг хотол төгөлдөрөөр эдлэгтүн

Өөрийн сэтгэлээ номхотго

Энэ нь бурхны шажин бөлгөө.

Хуран үйлдсэн юун бүгдийг од бүргэлзэх, сүүдэр, усны хөөс, зүүд, цахилгаан, үүл адил үзэгтүн.

Мэснээс үл айх хүн үгүй шиг

Үхлийн эзнээс бүгдээр эмээмой

Өөрийн биеэр үлгэрлэн

Бусдад хорлол бүү үйлдэгтүн.

Эрх хүчин буй цагт

Буруугаар үл айлдах бурхны зарлигийг хүлээн авч

Бусад амьтныг буруушаан хорлолгүй

Бузар нисваанисаа тэвчиж

Эдгээр бүгд сургаал юуг номын өглөг болгон өргөсүгэй.

Сансар нирвааны сайн өлзий цог заль, учрал ерөөл, нас буян, сайн алдар нэр, эд идээ, хувцас эдлэл, малын хишиг ирүүлтүгэй, иртүгэй.

Хурай, хурай, хурай.

Хэзээ ч юугаар мөхөсдөхгүй их хишгийг өршөө.

Хурай, хурай, хурай.

Огторгуйн сант баян эзэд мину зээ.

Аяа, гурван эрдэнийн адистид ба бид нутгийн ард дахинаа буян өлзий, үнэн номын чанар сайн билгийн хүчээр дэлхийн эзэд дор харш үгүй цагаан зүгийг тэтгэх сүр жавхлан нь бадрах болтугай. Орны эздийн аль таалсан бүгд миний энэ тахилаас гарч тааллыг тань гүйцэлдүүлэх болтугай.

Уул хайрханууд, нар ба доор хоргодсон бид нар эх хөвгүүн адил амармаг сайхнаар оршиж түүний хүчээр орон дахин даяар амар жаргах ану болтугай.

Эдүгээ дэлхийн эздийг тахихуйдаа алдаа гэм болсон аваас ману алдас уналыг уучлан хүлцмүү.

Ману өргөснийг авч өчсөнийг тунгаан тус тусын ордондоо дэлгэрээд жич залахуй бүр залран ирсээр насад харгалзан өршөөмүү.

Орны эзэд мину зээ.

Олон зочдын оройд Базарсад бурхан оршсон биеийн хувь бүхнээс бэлгэ билгийн гэрэл рашааны урсгал тэнгэр, лус, газрын эздийн тэргүүнээс бууж тэдний бие сэтгэлийн хир лүгээ бидний бохир явдлаар буруу үйлдсэнийг буруушаасан ба өшөө өс, онтохуун сэтгэл цөм амирлаад асрах нигүүлсэхүй сэтгэл аяндаа ургав хэмээн санаж:

Ум базар сад-ан аа хум хэмээх тарнийг 108-н удаа унш.

Аяа, ачит багш, ядам бурхдын өлзий хутаг орштугай

Аврал гурван эрдэнийн өлзий хутаг орштугай

Эх, баатар дагинасын өлзий хутаг орштугай

Хүчит номын сахиулсан нарын өлзий хутаг орштугай.

Тэнгэрийн орноо эздийн өлзий орштугай

Аль санасан хэрэг үйлс цөм бүтэхүйн өлзий хутаг орштугай… хэмээхүй үүнийг Их хүрээний цорж Агваандорж зохиосон үүгээр шажин амьтнаа туслах болтугай.

Байгаль эхээ хайрлан хамгаалж, тахин шүтэж зохилдсоноор хүмүүн олон амгалан жаргалантай болтугай.