16 Найдан болон 4 Махаранз

Найдан чого

Намрын дунд сарын битүүн буюу билгийн тооллын 30-ны өдөр, даваа гараг.
Энэ өдөр 11.00-15.00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд “16 Батад агч буюу Найдан чого” хурна.
Энэхүү номыг уншуулснаар айл гэрт буян хишиг тогтож, амгалан жаргалантай болох хийгээд энэ нас болон дараагийн төрөл тутамдаа Бурхны шашин лугаа хагацал үгүй хамт төрөх, эрдэм бүгдийн суурь болсон билэг чанар төгс дээдийн номын /лам/ багш лугаа учрах ерөөл барилдлага жигдрэх бөлгөө.

Ачит номын их багш Бакула ринбүүчи 16 Найдангийн нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Бакула ринбүүчи нь хойд зүгийн даасан Найдан бөгөөд 1990 онд онц бөгөөд бүрэн эрхэт Энэтхэгийн элчин сайдаар Монгол орноо морилон ирж, төрийн өндөр албыг хариуцлагатайгаар хашихын зэрэгцээ доройтон буурсан Бурхны шашныг цаглашгүй ихээр тэтгэж, сэргээн мандуулсан Монгол түмний зарлигийн ач төгөлдөр багш билээ.

Билгийн тооллын 8, 15, 25, 30 зэрэг сарын дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцийг тэвчиж, 1 өдрийн сожин сахил хүртэх, махан хоолыг цээрлэх, маани тарни хөгжөөх, өглөг тэргүүтэнд шамдах, өтгөс буурлыг тэтгэх, эв эеийг хичээх зэргээр гэгээрлийн хутгийн зохилдох шалтгаан болсон буян номд шамдсаар иржээ.

Та ч бас буян хийвэл бузгай их арвиждаг энэ дүйчэн өдрийг бүү алдаарай.