Баянхонгор сумын Номгон хайрхан

Номгон сан хэмээгдэгч оршвой

Баянхонгор сумын зүүн талд буй Номгон хайрхан нь хэвтэж буй охин барын дүртэй хүчир догшин хайрхан юм. Далайн түвшнээс дээш 2044 м өндөрт, 46.11’50” Х.Ө. 100.56’35” З.У солбицолд оршино. Монголчууд эрт үеэс догшин сүрлэг хайрхнаа “Номхон” хэмээн аргадан хүндэтгэж нэрийддэг байсан нь хожмоо авиа зүйн өөрчлөлтөнд орж “Номгон” гэгдэх болсон гэж судлаачид үздэг байна. Сүлдэн тэнгэрийн тахилгат Номгон хайрхныг Чингис хааны алтан ургийн ноёд, тайж нар үе дамжин төрийн ёслол, харын тахилгаар тахиж ирсэн бөгөөд хожмоо Буддын шашны тахилгын зан үйлд шилжиж ариусгал сангийн судартай болсон нь “Сэвжид тайжийн дурдан хүссэнээр ёнзон Банди номун хан найруулан бичвэй” гэсэн эл судрын төгсгөлийн үгээс харагдаж байна. Номгон хайрханд урьд цагт Ламын гэгээний хийдээс чулуун арслан залан байрлуулж байсан гэдэг. Эл хайрхны баруун хажуугаар Түйн гол урсдаг бөгөөд эрэгт нь чандмань хэлбэрт гурван булаг гарсан байх бөгөөд ховор ургамлын тоонд орж буй цагаан бургас, төрөл бүрийн эмийн ургамлууд ургадаг. Мөн хад чулуун дээр нь эртний хүмүүсийн зурсан сүг зураг хадгалагдан үлдсэн байна. Номгон хайрханг 1994 онд Баянхонгор сумын сүлдэнд охин барын дүрээр бэлэгдэн оруулсан байна.
Судрын орчуулга
Хум. Өвөрчлөн асар ариун номын лагшны үлшгүй харшаас
Ханьцашгүй Очирдарын эрхэт тааллын элч
Номгон хэмээн алдаршин өнө эгүүрд оршигч
Нутгийн эзэн эдийн тэнгэрийн чуулган үүнээ ажирагтун.
Товтой бэлтгэж сэтгэлээр хувилгасан гадаад дотоод тахилын үүлс
Тангаргын ариун эд, нүдэнд үзэгдэх зоогийн чуулган
Дотоод тахил, шунхан сэржим рашааныг адислаад
Дэлхийн эзэн нөхөр сэлт дор өргөмүй.
Сангийн эд, эмт хүжсийг бэлгэ билгийн гал дунд
Сайтар шатаасны утаан үүлс тэнгэрийн мөр дүүрсэн үүгээр
Саар үнэр халдан доройтсоныг хоцроолгүй амирлуулж
Сац хүчирлэн догширсон таалал сэтгэлийг хангах болтугай.
Цагаан зүгийн ялгуусны шашныг тэтгэгч сүлдэн тэнгэрийн эрхэм
Цогт эл орны эзэн шивдаг, эдийн тэнгэр тэргүүтэн
Олон нөхөд, чуулганы далай газар ба завсрын гэгээ бүхнээ
Огоот дүүрсэн нугууд дор би магтаал үйлдмой.
Ба бүрний өвчин адыг хоцроолгүй амирлуулж
Буян хишиг, нас хийгээд цог учралыг дэлгэрүүлэн
Сансар гурван орон, хүмүүн эд, есөн хүслийг эрхэнд хурааж
Саар хорлогч дайсан тотгорыг гэтэлгэх үйлсийг зохиогтун.
Хэмээсэн үүнийг Сэвжид тайжийн дурдан хүссэнээр Ёнзон банди номунхан найруулан бичвэй.