Лхам бурхдын хамт

Номгүй мунхагуудын голгүй гүжирдсэний гэм хоригийг дуудан шүүмжилсэн бичиг

Шашин амьтныг тэжээгч эм болсон, энэ сайн номлол минь
Саар шулмын өмөг Та бүгдэд уурлан хилэгнэхийн шалтгаан болон үзэгдвээс
Номнон зохиосон миний мэтийн алдал гэмийнх яавч бус
Нойрмог мунхаг Та нарын атгаг сэтгэлийн мууг шүү!
Урьдын сайн номлол огторгуйн хүү сан адил их боловч
Ухаангүй тэнэгүүдийн тоолгүй орхисон нь түүнээс ч их
“Угаас чиний зохиол гуйлгачины онгорхой уут адил бөгөөд
Утгыг хэрэглэх юу ч үгүй” хэмээн өгүүлэлцэвч
Дээр огторгуйн хүү сангаас буусан хурын ус
Дэлхий газрын халуун элсний хээлэнд шингэж элс дулааныг өгөх нь бий
Эрт сайн цагаас бүхнийг айлдагч ялгуусдын номхотгож эс дийлсэн
Эдүгээ муу цагийн Та нарыг номхотгохыг хүсэх нь инээдмийн орон
Эрчтэй чанга хуйваар тогтоож чадаагүй эмнэг морийг
Эрчгүй нарийхан шидэмсээр торгоохыг хүссэний адил
Гэвч үйл ерөөлийн барилдлага буй аваас үл болох юм нэгээхэн ч үгүй
Гэгээн үнэн номын барилдлага бэлгээр бүтдэг юм
Хатаж цангасан хүн урдах балчигийнхаа усыг яаран уухаас бус
Хад уулын үзүүр оройн усыг тэмцэн эгээрдэггүйн үлгэр нэгийн адил
Үнэн дээд ном үүнийг өчүүхэн дордсын амнаас гарсан хэмээн орхих нь
Өтөл тэнэгүүдийн үйл заяаны хэмжээ хэрийх тэрээ !
Өлсгөлөн гуйланчидалт, мөнгө, торго магнагаас илүү
Өлөн зэлмүүн, хоол унд, ёрог бүс үлэмж хэрэгтэй
Өтөл доордост үзэсгэлэнт чимгийн яруу найргаас илүү
Үнэн үгтэй жирийн хялбар зохиол нэн тустай
Эдүгээ цагт ухааны орон бүхнийг судалсан их мэргэнээс
Элдвийн чалчаа балчаа номлолоор бусдын толгойг эргүүлсэн хуурмаг бүтээлчийг үнэтэйд үзнэ
Эхэн шүтээн, зам, үр гурвыг номлон буулгасан их номчоос
Энд тэндгүй хэсэн тэнэсэн бөө удганыг эрхэмд шүтнэ
Эрхэм сайн шинжлэл төгс, мэргэдийн сайн номлолоос
Эд мал ярьсан тэнэгийн чалчаа үгийг үнэтэйд тооцно
Эгнэгт ариун шастир сургаалыг зохиогчид нэгэн хоёр төдий атал
Эш мухаргүй түүнийг муушаан гүжирдэгч Та нар мэт нь нэн олон
Алс захдуу газар сайн номлолыг зохиогч хаяа нэгэн гаравч
Алмай мунхагууд түүнийг дагаан хэрээний төдийд санана
Ганц хөлт гурван удаагийн орны хоёр хөлт чилэн
Гаж бурууд хочлогдовч эрдэмтэн мэргэд магтан сайшаахын цэцгийг цацна
Олон бүгдийн оройн чимэг болсон алтан суварганд
Олиггүй зүдэг хэрээ сангасаа нааж, хуруугаа хавирах
Тэнгэр, хүмүүний тахилын орон болсон дээдэс мэргэдэд
Тэнэг өтлүүд уурлан хорсоод доромж гөрийн үгийг хэлнэ
Адаг миний гараар бичин үйлдсэний ёсон эдгээрийг
Агуу шинжлэл төгөлдөр дээдсийн зарлиг лугаа таарах таарахгүй
Алин ямар мэт байхын ёсыг ухаанаар нарийвлан шинжилж
Ашид тарах үгүй аваас ёсчилон хориглох хэрэгтэй атал
Зохиосон ёсон сайн муугийн алины нь ч магадлал үгүйгээр
Зоргоор өөнтөгтүүлж муушаах өчүүхэн заримын хэлснийг дагаж
Зохис үгүй буруугийн жишээнд миний зохиолыг өгүүлбэл
Зориутган хэлэхийн хэрэггүй “туулайн шалын” үлгэр адил болмуй
Илжиг луусын яваагүй хавцалзам тооноос олон
Эрэмдэг хагасын мэдээгүй ухааны орон түүнээс ч олон
Ангир галууны цэнгэсэн нуур цөөрөм маш олон
Адаг миний судалсан судар ном мөн ч олон
Үзэхийн эн өчүүхэн тэнэг та нар
Өчүүхэн худгийн яст мэлхийн намтрыг барьсан мөн
Гүрэн улсын энэ их далайд Гүнбара матар гэдэг айлдагч амьтан бий шүү
Гүйцэд гэсгээлийн аманд нь орох идэгдэх болон за.

 

Жэдорын Хамба.