Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдийн хамт

Нюржин солдэв – Эргэн залрахын ерөөл

Шажин амьтны тус буяныг цаглашгүй зохиож
Шагшаабадын төгс зохионгуйг өнөд мандуулагч
Заяа буяны ундаргыг оргилуулан гийгүүлэгч
Заяын гэгээнтэн дор наминчлан наминчлан залбирмуу

Цэцэн билэгт Монголын ариун орныг онож
Цэцэрлэг мандалын нутагт лагшин гийгүүлэн заларсан
Төрөл тутамдаа учрахын алтан хүрдийг эргүүлэгч
Төрсөн биеэн хувилгагч дээд их та мину

Дүрс мөнх бусыг юунд хурдан үзүүлэв
Дүлий мунхаг биднээ түргэнээ заларч айлдаач
Мөнхдөх тасархайтахын хязгаараас юунд хурдан хагацав
Мөчид мунхаг биднээ түргэнээ заларч хайрлаач

Авралт их бурхад, ядам сахиусанд залбиръя
Ар халхын гэгээнтний төрөл бүхэнд залбиръя
Үзүүлэгч мөнх бусад буяныг хичээн залбиръя
Үтэр залрахын ерөөлийг өргөн өргөн залбиръя

Халхын заяа буяныг увдис шидээр тэтгэгч
Ханьцашгүй дээд шашныг тэтгэгч зул мину
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч алтан сургаалиа айлдаач
Муу уналын гэмээс түргэнээ заларч авраач

Чухаг дээд гуравт аврал одуулж залбиръя
Чухам магадын номоор даллага одуулж залбиръя
Шагжамүнийн өлмийд итгэл одуулж залбиръя
Шавь олны итгэлээр заллага одуулж залбиръя

Ашид номыг гийгүүлэгч дээдийн их та мину
Ар халхын нутагтаа түргэнээ заларч айлдаач
Зовлонд энэлсэн олноо үтэр жаргалд урвуулахаар
Зорьсон хэргээн бүтээгээд түргэнээ заларч хайрлаач

УМ МАА НИЙ БАД МЭ ХУМ
УМ МАА НИЙ БАД МЭ ХУМ
УМ МАА НИЙ БАД МЭ ХУМ
Хэмээгсэн үүнийг Халхын их Заяын гэгээнтний номын агаар сэлгэсэнд сэтгэл гашуудан, гашуудсан хэдий ч үхэл мөнх бусыг санан санан буяныг хичээгээд аяа, биднээ түргэн залраасай хэмээн аврал итгэлийг одуулан талбисан нь Яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч бичгийн их доорд хүн Пэрэнлэйн Нямлхагва болой.
УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ ДЭМБЭРЭЛТЭЙ ӨДӨР ДЭВТЭРЛЭН ДУУСГАВ.