Олон адгуус мал егүүтгэгдсэний тухайд зориулсан ерөөл оршвой судар

Олон адгуус мал егүүтгэгдсэний тухайд зориулсан ерөөл оршвой

Барчидыг буцаах цагт ерөөлийг тэр мэт үйлдэх бөгөөс
Энэхүү буянаар бид болоод бусад амьтан бүхний
Бодийн хутгийг бүтээх барчидыг арилгаснаар
Амь биеийн харшлах шалтгаан магад байв ч үл гарах бөгөөд
Өвчин үгүй, урт наст, сүжгийн хүч төгссөөр
Нэгэн насанд, нэгэн биенд ямагт бурхны хутгийг дамжиггүй олох болтугай.
Оюун ухаантан хийгээд хувь төгөлдөр хэн ч
Түргэн үл оршигч үхлийн эзний эрхэнд болвоос
Бодийн хутгийг бүтээх зав чөлөө боломжгүй ээ
Хувь доорд бидэн лүгээ адилыг өгүүлэх юун
Тиймээс бодийн хутгийг бүтээхийн цаг бүхэнд
Насанд барчид хэзээ ч үл гарах бөгөөд
Насан нь наран саран мэт адил язгууртай
Өвчний байдлаас болж өчүүхэн төдий ч
Дээдийн номын үйлийг доройтуулан үйлдвээс
Өвчин нь ихээр нэмэгдэхийг өгүүлэх юун
Тиймээс энэ нас хийгээд төрөл тутамд
Өвчний зүйл нэгэн агшинд ч үл гарах бөгөөд
Бие сэтгэл нь их амгалантайгаар амьдрах болтугай.
Тэр мэт харшлах шалтгаан нугуудыг ч машид тэвчвээс
Зохилдох шалтгаан бүхэн нь сэлгэлчлэн бүтэх бөгөөд
Амар амгалангийн газар мөр бүхэнд ямагт одвоос
Ухамсарт чандмань эрдэнийг олох бөгөөд
Орчлонгийн далай оёороосоо хатах болтугай.
Энэ мэт үйлдсэн ариун цагаан буяны хүчээр
Намайг ачлалаар асран тэтгэсэн эцэг эх хийгээд
Сэтгэл үүсгэхийг сануулсан лам багш болон
Тангараг нэгт очирт ахан дүүс хийгээд
Уг үрийг барилдлагат буй хүмүүн нугууд
Залуугаар нь амийг нь бүрэлгэсэн ба
Сүү, таргийг нь уусан хийгээд
Мах шөлийг нь идэж уусан адгуус бүхэн
Бурхны хутгийг түргэн олох болтугай

Ум ма ни бад мэ хум.

/хэмээн үүнийг Шагжаан гэлэн Лувсанбалдан-Иш бээр … олон адгуус амьтан төрөл егүүтгэгдсэний тухайд зохиовой./

Манай Далай Чойнхор вангийн хошууны “Арын хүрээ” буюу Жүндүүдаржайлин хийдэд жил бүрийн өвлийн эхэн сарын 15-ны дүйчин өдөр тусгайлан нэгэн хурал ном уншдаг ёс уламжлалтай байжээ. Энэ нь ямар хурал байв гэхлээр нийт дэлхий даяар болоод ялангуяа өөрийн орон нутагт ард олны хоол хүнсний хэрэгцээнд амь насыг нь егүүтгэсэн олон адгуус малын хойдход нь зориулж Юм жайбрин дүйсүм, Гэлүгвийн ерөөл, Шамбалын ерөөл Лхагвын молом зэрэг ерөөл номыг жил бүр уншдаг заншилтай байжээ. Одоо удахгүй зулын 25 болно. Энэ өдрөөс өмнө хуучин цагийн хүмүүс идэш уушны малаа бүгдийг төхөөрч дууссан байх бөгөөд тэдгээр төхөөрсөн малынхаа өөх тосыг хайлуулан шаргааж зулын 25 энэ өдөр гэрэлт зулыг өргөж, эдгээр мал адгуус нь сайн төрлийг түргэн олох болтугай хэмээн үйлдсэн нүгэл хилэнцээ наминчилдаг ёс уламжлалтай ард түмэн байжээ.