Осоржамаа 3 тэргүүнтэй

Осоржамаан магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Осоржамаан магтаал.

Алины нэрийн төдийг тогтоогоод дурдмагц
Аюул бүхнээс сайтар авран үйлдээд
Хир үгүй их амгаланг чухлаар соёрхогч
Гэрэлт Нарны охин тэнгэр дор мөргөмүй.
Долоон гахай хөллөсөн эрдэнийн тэргэн ширээнээ
Дэвсгэр лянхуа, сарны дээр сайтар оршигч
Нэгэн нүүр хоёр мутарт, шижир алтан өнгөтэй
Ялж төгс нөгчсөн Нарны охинд мөргөмүй.
Баруунаар номхотгогдохуун нугуудад дээдийг
Бүхнээ хайрлаад зүүнээр гаслангүй мод барьсан
Ямагт баясгаланг эдлэгч, элдэв чимгээр чимсэн
Ялж төгс нөгчсөн Нарны охинд мөргөмүй.
Та бээр жаран гишүүнт эгшиглэнт зарлигаар
Тансаг дээд номын ёс бүхнийг дуурсгаад
Тарнийн ёсоор дээдийн шидийг хайрлагч
Тарни болсон зарлигтай эхэд мөргөмүй.
Байгуулаас арилсан, туурвил чухал амарлисан ч
Айлдал, энэрэл, чадлаар бүхнээ сайтар хичээн
Номхотгогдохууны сэтгэлд бүхнийг оруулагч
Асар таван бэлгэ билгийн таалалт эхэд мөргөмүй.
Би бээр таны лагшинг дурдан, тарнийг уриад
Нэгэн үзүүрт бишрэлээр өчирлөгийг талбиваас
Ер хамаг садаа тотгорыг амарлиулах хийгээд
Ертөнцийн шидийг ч хоцроолгүй хайрлан соёрх.
Би хийгээд миний энхрий садан бүхнийг
Мөр хийгээд түүнчлэн дээд мөр ба
Тэнгэр хийгээд хааны язгуураар
Аюул бүхнээс авран соёрх.
Түүнчлэн зааны аюул, хулгай дээрэм
Арслан барын аюул хийгээд гал, ус
Хорт могой ба зэрлэг гахайн аюул
Дайсны аюул бүхнээс аврагтун.
Би бээр ахуй үе бүхэн дороо
Ямар адилын ёсоор орших болвоос ч
Хамаг адын язгуур, хямралаас
Хаацайлж, огоот сахин соёрхогтун хэмээсэн,
Осоржамаан магтаал үүнийг Дагважанцан бээр найрууллаа.

Осоржамаан бүтээлийн арга.

Намо Гүрү.
Гурван цагийн Ялгуусан бүхний бэлгэ билгийн рид хувилгааны бүжиглэлээр наадагч
Хорлолт ад хийгээд хулгай дээрмийн хөнөөлөөс
Түргэнээ авран зохиогч Нарны охин тэнгэр дор бишрэнгүйгээр сөгдөж,
Түүний бүтээлийн аргыг өчүүхнээ тодруулан үйлдсүгэй.
Түүн дор үүнээ авшигийг олоод тангараг хийгээд санваар дор оршигч бүтээгч бээр зурмал
хөрөг хийгээд тахил балин бэлтгээд аврал одуулан, сэтгэл үүсгэ. (“Бурхан, ном хийгээд чуулганы дээд…” тэргүүтнээр 3 удаа)
Өөрөө эглээр оршсоны зүрхэнд шижир алтан өнгөт Мам үсэгнээс гэрэл сацран хилэнц түйтгэр, өвчин ад, эглийн атгагийн чуулган нугуудыг арилгалаа. Хоосны агаараас их бодь суварга цагаан өнгөт, гадуураа хоёр давхар хүрээтэй, суварганы хумханд алтан өнгөт зэрлэг гахайн дээр лянхуа хийгээд нарны дэвсгэр дээр өөрийн сэтгэл шар Мам үсэг огоот хувирснаас, өөрөө Хутагт Осоржамаа лагшингийн өнгө шар, нэгэн нүүр хоёр мутарт, баруунаар зүү хийгээд зүүнээр утас, гаслангүй модны мөчир сэлт барьсан. Цагаан торгон хувцастай, гурван мэлмийтэй, амаа ангайн соёогоо ярзайлгасан. Цаглашгүй эрдэнэсийн чимгээр чимсэн. Сатвагийн завилгаагаар оршсоны оройд Ум, хоолойд Аа, зүрхэнд Хум. Зүрхний Хум-аас гэрэл сацран бясалгасан лугаа адилын бэлгэ билэгтэн, Авшигийн тэнгэр сэлтийг заллаа. “Заа Хум Бам Хоо” хоёр үгүй боллоо.
Авшигийн тэнгэр бээр авшиг өглөө. Вирузанаар тэргүүний чимэгт боллоо. Тахил нугуудыг “Ам-рида…”-гаар ариул. “Сувава…”-гаар хоосонд судла. Хоосны агаараас Ум-аас эрдэнэсийн саванд тахилын эд нугууд тунгалаг, түрвэл үгүй боллоо.
“Ум Аргам Аа Хум”-аас “…Шабда Аа Хум” хүртэлхээр адистидла.
“Ум Марзи Сарва Будда Бодисаду Савари Ваара Аргам Брадица Хум Суу Хаа”. <,Аргам”-ын оронд
“…Шабда” хүртэлхээр тахь.
Магтаал нь:
Ялгуусан бүхний нууц юм, элдэв рид хувилгааны бүжиглэлээр наадагч
Ямарваа аюумшигт ад хийгээд хулгай дээрмийн аюулыг дарахын тулд
Дайсны омгийг булаагч хилэнтний лагшинд
Үзүүлэн зохиогч Нарны охин тэнгэрийг магтмуй.
Аймшигт рид хувилгаант алтан өнгөт гахайгаар
Ад тотгор, харын зүгийн хөнөөл бүхнийг дараад
Цаст уулын өнгө баригч арга билгийн хороогоор
Хулгай дээрмийн чухал хөнөөлөөс хоцроолгүй сахигчийг магтмуй.
Итгэл таныг дээд ядамд бариад тарнийн урилгыг
Илэрхий өгүүлсний хүчээр үл зохилдохыг амарлиулан
Ахуй үеийн нас, цог учралыг сайтар дэлгэрүүлж
Асар удал үгүй дээд бодийг бүтээхийн шидийг хайрлагтун.
Тэндээс урилга нь: “Ум Марзи Мам Суу Хаа”.
Урилгын зоригдол нь, өөрийн зүрхний Мам үсэгнээс бясалгасан лугаа адилын Осоржамаа баруун хамрын нүхээр гарч, лагшингийн шар гэрлээр ад тотгор, дайсны чуулгадыг ирүүлэн хорлогчдын нүдийг мутрын зүү утсаар оёлоо. Ад тотгор, дайсны чуулгадыг аймшигт хувилгаан зэрлэг гахайгаар хураалгаж, хоёр хүрээний хооронд хашлаа. Суварганы хумханд дээд талд өөрийн лам хийгээд гурван шүтээн, өөрийн эргэн тойронд эцэг эх, ураг садан, нөхдүүд хийгээд арслант ширээ, үе давхар нугуудын дотор хамаг амьтан хийгээд өөрийн эд агуурс аль буй нугууд хийгээд суварганы гадаад хүрээний дотор газар тариалан, байшин тэргүүтэн сахигдахуун аль буй нугуудаа тодруулсны хойно өөрийн зүрхний Мам үсэгнээс гаслангүй мод зүүн хамрын нүхээр гарлаа. Түүнээс сацарсан алт мэт гэрэл бээр сахигдахуун нугуудын дээд доод, зүг зовхис бүхнээ түгснээр сахисанд сана.
Хувийн эцэст зуун үсэгтээр илүү, дутууг нэмэрлэ.
Буян үүгээр түргэнээ би
Осоржамааг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай хэмээн өгүүл.
Тэр мэт урилга бясалгалыг тасралтгүй үйлдвээс хөнөөл бүхнээс сахигдмуй хэмээсэн үүнийг гурван эрдэнийг ламд бариад үл хуваагдах сүсгээр тахигч Харчин Эпү Чинвангаас дурдатгасны хариуд дээдсийн эшээр шар малгайтын шашны наран Ачит Номунханд өргөмжлөгдсөн Шагжаан гэлэн тарни баригч Лувсан-Ишдамбаравжаа бээр, Гандансам-данлинд найрууллаа.
“Хүслийг хангагч” хэмээгдэх төгсвэй.

Нарны охин тэнгэр дор өдөр тутам үйлсээ даатган залбирах нь.

Өглөө наран ургамагц, нарны хот мандлыг Гэрэлт охин тэнгэр заларсан дор санаад өрөөсөн гараар магнайдаа мөргөхийн байдал үйлдэж:
Алины нэрийн төдийг тогтоогоод дурдмагц
Аюул бүхнээс сайтар авран үйлдээд
Хир үгүй их амгаланг чухлаар соёрхогч
Гэрэлт Нарны охин тэнгэр дор мөргөмүй.
Ургалаа, ургалаа. Цог ургалаа. Жаргалын наран ургалаа. Нарны охин тэнгэр ургалаа хэмээн өгүүлээд “Ум Марзи Мам Суу Хаа”-г долоо.
Ерийн хийгээд тусгай зоригдол аль буйг ч сэтгэлдээ санаад:
Миний хамаг ажил үйлс хийгээд
Ялангуяа сэтгэлдээ санасан хэрэг
Эдгээрийг тотгор үгүй, түвэг багатайгаар
Бүтээхүйг Нарны охин тэнгэр адистидла хэмээн хатуу хүчтэй сэтгэлээр өчирлөг талби.
Айдас сэжиг буй бөгөөс:
Дайсан тотгор, хулгай дээрэм, араатан бар хийгээд
Догшин хор, ирт мэс, гал ус, гуу жалга тэргүүтэн
Хорлохын сэтгэлтэн буюу сэтгэлгүйгээс ч гарсан
Хөнөөлт аюул бүхнээс авран соёрхогтун хэмээн өгүүл.
Алин урьд өглөгийн далайн буяныг хурааснаас
Нас, эд, эрх хүчний цогийг олоод
Бүтээгчийн дээрээс эрдэнэсээр хур оруулагч
Цогт Эд гаргагч охин тэнгэр дор мөргөмүй.
“Аяа Виви Вуди Вудда Гамарагима Сама Вади
Сарва Висиди Гүрүнирэ Гару”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.
Ялгуусаны хөвгүүний ерөөл Ганга мөрний тоосны тоотой нугууд нь
Дээдийн номыг барихын ерөөл дотор хурах дор
Зарлигласны тулд буяны ёзоор хэдий чинээ хураасан
Бүгдээ ч Чадагчийн шашныг дэлгэрүүлэхийн тулд ерөөмүй.
Буян үүгээр түргэнээ би
Норжинлхамыг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Олон тэнгэрсийг гартуулан ялагч
Олон тэнгэрийн хүүхдийн үүдийг нээгч
Йогазарийн тааллаар нялхсыг дэгжүүлэгч эх
Бүжинлхам дор мөргөн магтмуй.
“Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Жо Рүлү Нагмо
Машани Завала Лхамо Яа Дүр Дий Ягрүма За За”
Дагина охин тэнгэрийг би бүтээснээр
Даруй охин тэнгэр та бээр адистидлаж
Дайсан тотгорыг үгүй болгон соёрх.
Үхэр, адуун сүрэг, үр тариа хийгээд
Үнэт эдлэл, идээ ундаа, ураг саднаар
Үл үгээгүйрэн арвин дэлгэр болтугай.
Өвчин зовлон, зуд турхан үгүй
Өнөд хамаг амьтан амгалан болтугай.
Хоромхноо охин тэнгэрийн адистидаар
Хотол олон бид нөхөд сэлт нугууд дор
Хоёр зүйл төгс эдлэл төгсөх болтугай.
Би бээр ч эдүгээ урт наслаад
Бурхны шашныг барихуй дор
Бүхий чадал рид хувилгаан төгсөх болтугай.
Дахь буруу үзэлт дайсан тотгорын
Долоон үр үндсэн ёзоороос тасрах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf