Очирт Пүрэв

Пүрэвийн хурал /Түвд/

Их пүрэв сахиусны хурлын тухай. Дээрхийн гэгээнтэн 41-р Саж богд багшийн айлдвар.
1. Пүрэвийн бүтээлийн хурал анхны гарал үүсэл.
Ерөнхийдөө Сажын ёсонд тоолохын аргагүй гадагшаа, болон дотогшоо чиглэсэн нууц тарнийн увидас уламжлал байдаг. Тэр дотроос Пүрэв сахиусны бүтээлийн хурал нь хамгийн урт түүхтэй нь юм. Гүрү Ринбүчи Ловон Бадамжунайн үеэс эхлэн Сажын алтан ураг Хон овгийн хамгийн гол хурал байсан бөгөөд Сажын ёс анх үүссэн хийгээд дэлгэрсэн түүхтэй салшгүй холбоотой юм.
Анх Түвдэд зөвхөн бөө мөргөлийн ёс хүчээ авч бурхны шашин хараахан дэлгэрээгүй үед буюу манай эриний 775 оны үед Энэтхэг орноос Ловон Бадамжунай бээр Түвдэд заларснаар бөө мөргөлийн зан үйлээс болж хүчтэй догширсон лус савдгийг аргадах, номхруулахын тухайтад Пүрэв сахиусыг буулган бурхны шашныг Түвдэд дэлгэрүүлэхэд саад барцад болж буй бүхнийг “Очирт Пүрэв”-ийн бүтээл увидасын хүчээр бүгдийг амирлуулж цаст Түвдийн оронд бурхны шашин дэлгэрэх суурийг ариун дагшин, бат бөх болгожээ. Сажын алтан ургийн дээд өвөг Хон Нагэндра рагшид нь Бүхнийг айлдагч Ханчэн бодьсадвын нигуураас сахил хүртэж хуврага болсон долоон хүний нэг бөгөөд энэ долоон сонгогдсон хүнээс Түвдийн бурхны шашин, лам нарын сахил санваар бүгд шалтгаалж байсан юм. Тэдгээр долоон хүний гурав нь өндөр настай, гурав нь залуу, нэг нь дунд эргэм настай байжээ. Тэдгээрийн нэг залуу хуврага нь Хон язгуурт Нагэндра рагшид байжээ. Түвдэд анхний үсээ хусаж хуврага болсон долоон хүн нь сахил санваараа чандлан мөрдөж, дамцаг тангаргаа ёсчлон биелүүлсэнээр Түвдэд бурхны шашин дэлгэрэх сайхан эхлэл болсон бөгөөд Хон овогт Нагэндра рагшид нь сахил санваар ариун сахисан хуврага байсан төдийгүй сайн хөрвүүлэгч байжээ. Түүний дүү Базаррадна нь гэргийтэн байсан бөгөөд өөрийн ахтай хамт Ловон Бадамжунайгаас Пүрэв сахиусны авшиг сургаалыг хүртэж тэр үеэс эхлэн Сажын алтан ураг Хон овог нь Пүрэв болон Яндаг Хэрүга гэх хоёр голлох ядам сахиустай болжээ. Мөн Сажын алтан ураг Хон овогтны дээдэс язгууртны заларч буй газрыг Балчэн повран буюу Их алдар суут ордон /бас Пүрэв сахиусыг илтгэдэг/ гэдэг. Түүнчлэн Саж ёсны сүм хийд голдуу цагаан, цэнхэр, улаан өнгөтэй байдаг нь Пүрэв сахиусыг бэлгэддэг бөгөөд энэ гурван өнгө нь Пүрэв сахиусын гурван тэргүүнийг бэлгэддэг бөлгөө. Түүнээс хойш олон үеийн дараа Хон Гончиг жалбу (1034-1102) бээр шинээр Сажын ёсыг үүсгэх үед өнө эртний олон олон ном, бясалгал бүтээлүүд балран дарагдсан байсан болов ч Пүрэв болон Яндаг Хэрүгагийн ном, судар, уламжлал бүгд бүрэн бүтэн байсан юмаа. Хэдийгээр Сажын ёс нь тэр үед шинэ ёс байсан ч тэр үеэс Пүрэвийн бүтээлийн хурлыг яг анхны дэг ёсны дагуу үргэлжлүүлэн өдийг хүртэл уг хэвээр нь уламжлан бүтээж хурсаар байгаа билээ.
2. Их Пүрэвийн бүтээлийн зан үйл өнөө цагт уламжлагдан ирсэн нь буюу Дээрхийн гэгээн 41-р Саж богдын ач ивээлийг дурьдан санах нь:
Өөр өөр урсгалын олон дээдэс лам багш нар Пүрэвийн уламжлалыг магтсан байдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Пүрэвийн хурал нь Сажын алтан ураг Хон овогт язгууртны удмын онцгой дээд эрдэнэ бөгөөд сургалт нь багшаас шавьд уламжлагдана. Өнгөрсөнд ганцхан л удаа Хон овогтноос өөр нэг хүн уг дамжлагыг авсан ба тэрээр уг дамжлагыг буцаан Хон овогтонд дамжуулсан удаа бий. Үүнээс гадна, Пүрэвийн дамжлагыг Ловон Бадамжунай гэгээний нигуураас Сажын алтан ургийн өвөг дээдэс Хон нагэндра рагшид хүртсэнээр өнөөг хүртэл тасралтгүй дамжиж, уламжлагдаж байгаа өнө эртний түүхтэй увидас бүтээл юмаа. Мөн зуунаас зуунд Пүрэвийн бүтээлийн увидасыг дамжуулагч багш дээдэс нар бүгд энэхүү бүтээлийн зан үйл, номыг маш сайн эзэмшсэн байдаг бөгөөд тэд бараг бүгдээрээ гайхамшигт шидээр амьтны тусыг бүтээж байжээ.
Дээрхийн гэгээнтэн 41-р Саж тризин богд бээр Пүрэвийн бүтээлийн хурал яагаад ийн чухал байдгийг тайлбарлан өгүүлэхдээ “1959 онд Түвдэд асуудал гарч эхлэх тэр үед бараг бүх сүм хийдийн хурал, соёл, зан үйл эвдэрч олон олон эртний уламжлал, зан үйл, ном бүтээл тасарч алдагдаж эхэлсэн юм. Үүнээс гадна, 45 жилийн дараа одоо ч мөн олон олон хурал ном сэргээгүй, сэргээх боломжгүй байсан ч 1959 оны Пүрэвийн хурлыг бид тэр хэцүү цаг үед таслалгүй, алдалгүй хурж чадсан юмаа. Гэхдээ тухайн тэр хэцүү үед миний бие 41-р Саж тризин Наваан гунгаа, миний эгч Жавзүн гүшо, Хардо хувилгаан болон нэг өвгөн лам бид дөрөв уг хурлыг 1959 онд хурж чадсан билээ. Мэдээж бид дөрөв хурлыг бүрэн төгс хурж чадаагүй учир нь зөвхөн бид дөрөв л байсан. Мөн элсэн хот мандал байгаагүй. Хэдий тийм боловч хурлын бусад зан үйл бүрэн төгс болсон юмаа.
Хардо хувилгаан Түвдийн Хам нутгаас бидэн дээр ирж түүний нутгийн хийдэд хятадын коммунист намын шахалтаар Пүрэвийн хурлыг хурж чадахгүй байгаа, түүнчлэн өөрийн язгууртан гэр бүлийн хөрөнгийг ашиглан энэтхэгт энэ хурлыг сэргээхийг хүсэж байгаа бөгөөд бид яагаад энд хурж болохгүй гэж хэмээгээд тэр бээр 1959 оны Пүрэвийн бүтээлийн хуралд хамтдаа оролцсон юм. Тиймээс Пүрэвийн хурал нь өнө эртнээс авхуулаад өдийг хүртэл 1 жил ч тасралгүйгээр хурсан хурал юм аа.
Энэ бол эртнээс өдийг хүртэл нэг ч удаа тасралтгүй хурсан цорын ганц хурал юм аа” хэмээн Дээрхийн гэгээнтэн Саж богд бээр Пүрэвийн хурлыг хэчнээн чухал болохыг ийнхүү аминчлан учирладаг бөлгөө.
Түүнчлэн V Далай ламын үеэс эхлэн Сажын тэргүүн ширээт лам жил бүр Лхасад уригдан ирж Далай лам болон Түвдийн засгийн газарт зориулан барцад саадыг арилгах үүднээс Пүрэвийн бүтээл хурдаг байсан. Үүнээс уламжлагдан Далай лам болон Сажын ширээт лам нарын хооронд тасралтгүй онцгой нандин харилцаа тогтсон. Өнөө үед ч мөн Саж тризин ринбүчэ Энэтхэг дахь Түвдийн засгийн газрын урилгаар Дээрхийн гэгээнтэн Далай ламд зориулан ариун дээд Пүрэвийн хурлыг хурдаг бөгөөд Дерадун дахь Саж ёсны төв хийдэд Түвдийн засгийн газар, Дээрхийн гэгээнтэн Далай багшийн бие төлөөлөгч нар ирж хуралд оролцдог уламжлалтай билээ.
Пүрэвийн хурлын зан үйлийн тайлбар.
Сажийн сүм хийдүүдэд их олон зан үйл, хурал, уламжлал соёл байдаг. Түүний дээр Пүрэвийн хурал нь хамгийн нарийн дэг жаягтай хийгээд хамгийн урт хугацаанд үргэлжилдэг. Пүрэвийн хурал нь Түвд тооллын 7-р сарын 1-ээс 8-р сарын 1-ийг хүртэл бүхэл бүтэн нэг сар үргэлжилдэг. Хүмүүс ихэвчлэн Пүрэвийн хурлыг дүнба буюу 7 гэдэг. Учир нь Пүрэвийн хурлыг 7-р сарыг эхнээс нь дуустал хурдаг учраас ингэж нэрийддэг. Пүрэвийн хурлыг яагаад 7-р сард хийдэг болсон нь Агчан Гунгаа Ренчин (1517-1584)-тэй салшгүй холбоотой бөгөөд тэр үед Сажийн сүм хийдүүд хүнд хэцүү үеийг даван туулж байлаа. Сажийн урсгал үгүй болоход бараг дөхөж байсан энэ үед, Сажийн ширээт лам Агчан Гунгаа Ренчин бээр сүм хийдүүдийг болон сургуулиудыг дахин сэргээн босгож сургалтын системийг дахин бий болгосон байна. Тиймээс Агчан Гунгаа Ренчингийн энэ их эцэж цуцашгүй их хөдөлмөр болон шашны төлөөх энэ их ачийг хариулахын тухайтад Пүрэвийн хурлыг 7-р сард хийдэг болсон. Пүрэвийн хурал нь маш нарийн дэг жаягтай цамын бүжгээр эхэлдэг. Ингэснээр газар дэлхий орон газрыг адислах ёслолыг үйлддэг. Үүний дараагаар элсэн хот мандлыг бүтээдэг. Очирт Ловон хийгээд хуврага нар элсэн хот мандлыг өдөр бүрийн хуралд нэгтгэн түүнээс өөртөө авшиг хүртдэг. Мандалд Далан таван пүрвийг Пүрэвийн хурлын хот мандалын тогтсон хэсэгт залах бөгөөд энэ нь хурлын гол зан үйл болдог. Дерадун дахь Саж ёсны төв хийдэд Дээрхийн гэгээнтэн 41-р Саж тризин Ринбүчигийн өөрийнх нь зааварчилан хийсэн Пүрэвийн хот мандлын загвар байдаг ба түүний дагуу Балба, Бутан, Түвдийн бусад сүм хийдүүд энэ загварын дагуу хот мандалыг бүтээдэг. 7-р сарын сүүлийн өдөр догшин сахиустай цам бүжиглэдэг. Хамгийн сүүлд 8-р сарын нэгэнд хот мандлыг хурааж маш нарийн дэг жаягтай зан үйлийг үйлддэг. Энэхүү зан үйлийн үед Пүрэв сахиус догшин дүртэй заларч гадна болон дотоодын бүх барцад саадыг дарах бөгөөд уг хуралд оролцсоноор өөрийн бүх барцад саад арилдаг гэж үздэг. Тиймээс сахиус заларч мандлаа хураан адислах үед сүсэгтэн олон ихээр цугларч хот мандлаас адис хүртдэг байна.

Сажа бандидын номын хүрдэн хийд –  “Пүрэвийн хурал”. 1-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 2-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 3-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 4-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 5-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал” 6-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 7-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 8-р хэсэг. 2019 он.

Сажа бандидын номын хүрдэн хийд – “Пүрэвийн хурал”. 9-р хэсэг. 2019 он.