Бурхан багш хуврагийн гараас атгаж буй нь

Ратана сутта буюу Эрдэнийн судар

(Судрын тайлбарыг хэлэхэд Вайшали хотод тахал гарсан бөгөөд Вайшалийн ард иргэд Ражаграхад суун асан Будда дээр авралыг ирэн очсон гэдэг. Ингэхэд Будда хуврагуудаа дагуулаад Вайшалид очин уг судрыг айлдсан бөгөөд тахал амирласан гэдэг.)
Ратана сутта буюу Эрдэнийн судар.
1. Энд хуран цугласан газрын болон тэнгэрсийн ямар ч төрөлхтөн (хүн бусууд) бай эдгээр үгсийг анхааран сонсоно уу:
2. Өө төрөлхтнүүд минь ойртон сонс. Та бүхэн өөрсдөд чинь өдөр шөнийн алинд ч буяны зориулга өргөж буй эдгээр хүн төрөлхтөнд асрангуй нигүүлсэнгүй сэтгэлийг цацраах болтугай. Иймд тэднийг (хүмүүсийг) хичээн сахитугай.
3. Энэ болон өөр ертөнцийн хаана ч ямар ч эрдэнэ байсан, тэнгэрийн орнуудад ямар ч эрдэнэ байсан, Түүнчлэн ирсэнтэй харьцуулшгүй билээ. Энэ нандин эрдэнэ бол Будда юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
4. Амирлангуй Шагжаан чадагч бээр ангижрал, амирлал, дээд нирвааныг олсон билээ. Юуг ч энэ дээд номтой (нирваан) харьцуулшгүй билээ. Энэ нандин эрдэнэ бол ном юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
5. Төгс гэгээрсэн Бурхан ариуслын мөрийг (8 зөв мөр) магтан, алдаагүйгээр амирлан оршихуйг авчрах зам хэмээсэн билээ. Юуг ч энэ амирлан оршихуйтай харьцуулшгүй билээ. Энэ нандин эрдэнэ бол ном юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
6. Ёс журамт нугуудын сайшаан магтдаг эдгээр найман хүн дөрвөн хослолыг үүсгэдэг билээ. Тэд бол Буддагийн шавь нар бөгөөд өргөлийн орон билээ. Тэдэнд өргөсөн өргөл машид их буяныг үүсгэдэг. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
7. Хувирашгүй сэтгэлээр Гаутама Буддагийн номлолд шамдагч, сэтгэлийн хороос машид ангижирсан бөгөөд хүрвэл зохистой хутагт хүрэн, үхэшгүйг олсон. Тэд чөлөөтэйгөөр нирвааныг амгаланд тааламжтай оршдог. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
8. Газрын гүнд ургасан үндэс дөрвөн зүгийн салхиар үл ганхах билээ. Мөн адил дөрвөн үнэнийг ухаарсан бодгаль тийм билээ. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
9. Гүн сэцэн мэргэн Буддагийн айлдсан дөрвөн үнэнийг ойлгосон нугууд хэдий хайхрамжгүй байсан ч найман төрөлд (хүсэлт ертөнцийн) эс төрөх билээ. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
10. Гүн ухаарлаар тэрээр сэтгэлийн гурван төлөв буюу би-гийн зэрэглээ, эргэлзээ, утга учиргүй ёс заншил, зан үйлийг таягдан хаясан билээ. Тэрээр уй гашуугийн дөрвөн төлвөөс чөлөөлөгдсөн учир их зургаан муу үйлийг эс үйлдэнэ. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
11. Биеэр, үгээр, бодлоор хийх ямар ч муу үйл байлаа ч, тэрээр нууж чадахгүй. Учир нь ингэж нуух нь мөрийг үзсэн нэгэнд боломжгүй гэдэг. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
12. Зуны сарын эхэн халуунд төглийн орой цэцэглэсэн байдгийн адилаар хамгийн сайн сайхны төлөө Буддагийн номлосон нирваанд хүргэх номлол тэр мэт билээ. Энэ нандин эрдэнэ бол Будда юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
13. Ханьцашгүй дээд нэгэн, нирвааныг мэдэгч, өгөгч, хутагтын замыг авчрагч тэрээр дээд номыг заасан билээ. Энэ нандин эрдэнэ бол Будда юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
14. Тэдний өнгөрсөн үйлийн үр барагдаж, шинэ үйлийн үр эс төрсөн ба тэдний сэтгэл дахин төрөхөөс ангижирсан бөгөөд тэдний дахин төрөх ухамсар арилсан ба тэд ахин төрөх ямар ч хүсэл шуналгүй билээ. Тэр мэргэд тосоо барсан зул мэт ангижиран одно. Энэ нандин эрдэнэ бол хуврагууд юм. Энэ үнэний хүчээр аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
15. Энд хуран цугларсан газрын болон тэнгэрсийн ямар ч төрөлхтөн бай, ойртон ирж тэнгэр, хүмүүний тахилын орон Будда, Түүнчлэн ирсэнд ёсолтугай. Аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
16. Энд хуран цугларсан газрын болон тэнгэрсийн ямар ч төрөлхтөн бай, ойртон ирж тэнгэр, хүмүүний тахилын орон номд ёсолтугай. Аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.
17. Энд хуран цугларсан газрын болон тэнгэрсийн ямар ч төрөлхтөн бай, ойртон ирж тэнгэр, хүмүүний тахилын орон хуврагуудад ёсолтугай. Аз жаргал, сайн сайхан цогцлох болтугай.